Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
Хэргийн индекс | 183/2017/01728/И |
Дугаар | 183/ШШ2018/02859 |
Огноо | 2018-12-19 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 183/ШШ2018/02859
2018 оны 12 сарын 19 өдөр | Дугаар 183/ШШ2018/02859 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, ****** тоот регистрийн дугаартай, Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.М,
Хариуцагч: Ц.Д нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 50.541.190 төгрөг гаргуулж, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах,
Ц.Д-ын сөрөг нэхэмжлэлтэй Х ХХК-д холбогдох орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлж, суллаж өгөхийг Х ХХК-д даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тэмүүлэн, хариуцагч Ц.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Баяр-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х ХХК-ийн Тусгай активын хэлтсийн захирал М.Батмөнхийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тэмүүлэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Д нь 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр манай банктай зээлийн гэрээ байгуулж, 250.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 28.8 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авч, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Д.М гэрээнд гарын үсэг зурсан. Зээлдэгч нар нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар 2014 оны 8 дугаар сарын 29, 2014 оны 11 дүгээр сарийн 03-ны өдрүүдийн баталгаат ипотекийн гэрээгээр өөрсдийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол хотхон, ****** тоот 72.57 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол хотхон ****** тоот 72.57 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн дүүргийн 2 дугаар хороо, ******** дүгээр байрны * тоот 72.57 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол хотхон * дүгээр байрны * тоот, 70.57 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол хотхон * дүгээр байрны * тоот, 40.05 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг тус тус барьцаалсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нар үндсэн зээлээс 213.050.090 төгрөг, зээлийн хүүд 63.440.826,32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 847.423.93 төгрөг нийт 277.338.340.25 төгрөгийг төлсөн байна. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дууссан хэдий ч зээлдэгч Ц.Д, Д.М нар 1480010848 тоот зээлийн гэрээний хавсралт эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй, гэрээний 3.2.1-т заасан үүргээ биелүүлээгүй байна. Банкны зүгээс зээлдэгч нарыг гэрээний үүргээ биелүүлж, зээлийн төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөхийг удаа дараа утсаар мэдэгдэж, шаардах хуудас хүлээлгэн өгч байсан. Одоо төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 36.949.909,18 төгрөг, зээлийн хүү 11.321.938 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.856.716 төгрөг нийт 50.128 563.18 төгрөг, зээлийн гэрээний 3.2, 3.2.9 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал нотариатын үйлчилгээний хөлс 28.500 төгрөгийн хамт нийт 50.541.190,18 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаанаас үлдсэн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол хотхон, ****************** 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Хариуцагч Ц.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр баталгаат ипотекийн гэрээ байгуулж, улмаар 2014 оны 11 дүгээр сарын 03-нд дахин зээл авахад зээлдэгч Ц.Д энэ зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд баталгаат ипотекийн гэрээгээр барьцаалуулсан үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрч байна гэж мэдэгдэл гаргасан. Гэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөр тайлбар өгч байна. Иргэний хуулийн 167.1-т зааснаар баталгаат ипотекийн гэрээ байгуулсан тохиолдолд дахин барьцааны гэрээ байгуулах шаардлагагүй. Тэгээд ч Ц.Д тус банкнаас олон удаа зээл авч байсан тул түүнтэй баталгаат ипотекийн гэрээ байгуулж, хэрэв тэр үед өөрөө зөвшөөрөөгүй, мэдэгдэл гаргаж өгөөгүй бол хоёр тал барьцааны гэрээ байгуулж болох байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Ц.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чинбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Д нь Х ХХК-иас олон удаа зээл авч төлж байсан ба үүний нэг нь 2014 оны 8 дугаар сарын 29-нд 100.000.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 250.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 28.8 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан нь үнэн. 2014 оны 8 дугаар сарын 29-нд 100.000.000 төгрөг зээлж авахдаа баталгаат ипотекийн гэрээ байгуулж 5 хөрөнгө барьцаалсан байдаг. Хамтран үүрэг гүйцэтгэгчээр Д.М гэрээнд гарын үсэг зурсан боловч мөнгийг огт авч хэрэглээгүй. 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 250.000.000 төгрөг зээлж аваад өмнөх 100.000.000 төгрөгийн зээлийг хаасан, мөн зээлийн төлбөрт хангалттай мөнгө төлсөн. Тухайн үед банкны зарим нэг удирдлагуудтай уулзахад Ц.Даас хүү, нэмэгдүүлсэн хүү авахггүй гэж амаар тохирсон байсан. Гэтэл сүүлдээ тохиролцоогоо өөрчилсөн, ийм байдалд орох байснаа мэдсэн бол тэр үед бичгээр авах байсан байна. Ц.Д үндсэн зээлийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Тэрээр ихэнх зээлийн төлбөрийг төлсөн тул 4 орон сууцыг барьцаанаас чөлөөлсөн ба ганц Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол хотхон, ********** тоот, 2 өрөө орон сууц барьцаанд үлдсэн. Баталгаат ипотекийн гэрээг 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан боловч дахин 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зээл авахдаа өмнөх барьцааны гэрээг дуусгавар болгож, шинээр барьцааны гэрээ байгуулах байсан. Иймд хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Д.М шүүхэд гаргасан тайлбартаа: Хны нэхэмжлэлийнхээ эхний шаардлагад 46.512.690 төгрөг нэхэмжилсэн байна. Миний бие Хнаас ямар нэгэн зээл аваагүй. Өөрөөр хэлбэл зээлийн болон барьцааны гэрээ байгуулж байгаагүй. Гэтэл зээл болон барьцааны гэрээнд хамтран зээлдэгч хэмээн миний нэрийг оруулсан байна. Иймд нэгдүгээрт зээлийн барьцааны гэрээнд зурагдсан гарын үсэг Д.М миний гарын үсэгтэй тохирч байгаа эсэхийг Шүүхийн шинжилгээний үндэсний төвд хүргүүлж, шинжээчийн дүгнэлт гаргуулах, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа гаргуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дээрх хүсэлтээсээ татгалзав гэжээ.
Хариуцагч Ц.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чинбат сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Д, Д.М нар 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Х ХХК-иас 100.000.000 төгрөгийг зээлж, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол хотхон, ********** тоот , 2 өрөө орон сууцыг барьцаанд тавьсан. Дээрх зээлийг төлж, гэрээний үүрэг дуусгавар болсон боловч тус банк орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлөхгүй байгаа юм. Иймд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол хотхон, *************тоот 72.57 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлж, суллахыг Х ХХК-д даалгаж өгнө үү гэв.
Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тэмүүлэн сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нар Х ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 1480010848 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 100.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлж, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар 1480010152-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээ байгуулан хариуцагч Ц.Дын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь заалтыг үндэслэн 1480010152-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээг улсын бүртгэлд баталгаат ипотекээр бүртгүүлсэн ба мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-т заасны дагуу баталгаат ипотекийн бүртгэл үүссэн. Ц.Д, Д.М нар 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 1480010848 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 250.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай зээлж, үүргээ хугацаандаа гүйцэтгээгуй тохиолдолд 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1480010152-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээнд заагдсан үл хөдлөх хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрөн батлах мэдэгдэл үйлдэж, өмчлөгч Ц.Д гарын үсэг зурсан байдаг. Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-т заасан ипотекийн гэрээний дагуу барьцааны ерөнхий зохицуулалттай адилхан барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсноор ипотекийн барьцааны эрх дуусгавар болдог ч талуудын хооронд байгуулсан 1480010152-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээний хувьд Иргэний хуулийн 167 дугаар зүйлд заасан баталгаат ипотекийн тусгай зохицуулалт үйлчилдэг билээ. Учир нь Иргэний хуулийн 167 дугаар зүйлд заасан баталгаат ипотекийн гол онцлог нь зөвхөн нэг удаа бүртгүүлэн өмнөх болон дараагийн гэрээний барьцаалагч, барьцаалуулагч нь нэг этгээд байх тохиолдолд энэ талаар Улсын бүртгэлд дахин бүртгүүлэх шаардлагагүй, үүрэг гүйцэтгүүлэгч зөвхөн өөрийн шаардлагыг нотлох замаар эрхээ хангуулахаар тохиролцсон байдаг. Талуудын хооронд байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1480010848 дугаартай 250.000.000 төгрөгийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй тул нэхэмжпэгч талаас Иргэний хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-т заасныг үндэслэн 1480010152-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй гэж үзэж нэхэмжпэл гаргасан. Иймд хариуцагч Ц.Дын гаргасан орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлж, суллаж өгөхийг Х ХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Х ХХК нь Д.М, Ц.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 50.541.190 төгрөг гаргуулж, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, Ц.Д Х ХХК-д холбогдуулан орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлж, суллаж өгөхийг Х ХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Д.М, Ц.Д нар нь Х ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 250.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, 365 хоногт 28.8 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлж, Ц.Д Д.М нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол хотхон, ******** тоот 2 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол хотхон ********** тоот, 2 өрөө орон сууц, мөн дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол хотхон *********** тоот, 2 өрөө орон сууц, мөн дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол хотхон, ********* тоот 2 өрөө орон сууц, мөн дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол хотхон, ************* тоот, нэг өрөө орон сууцыг тус тус барьцаанд тавьсан болох нь талуудын хооронд байгуулсан 1480010848 тоот зээл болон барьцааны гэрээ, зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, нэмэлт нөхцөл болон баталгаат ипотекийн гэрээ, банкны дансны хуулга зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байна.
Зээлдэгч нар үндсэн зээлээс 213.050.090 төгрөг, зээлийн хүү 63.440.826,32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 847.423.93 төгрөг нийт 277.338.340.25 төгрөгийг төлж өөр төлөлт хийгээгүй, гэрээний 3.2.1-т заасан үүргээ бүрэн биелүүлээгүй гэж нэхэмжлэгч Х ХХК Ц.Д, Д.М нараас үндсэн зээлд 36.949.909 төгрөг, хүүнд 8.284.960 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1.249.321 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 28.500 төгрөгийн хамт 46.512.690 төгрөг нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа хүү 3.036.978 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 607.395 төгрөг буюу 3.644.373 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 50.541.190 төгрөг нэхэмжилж, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, дээрх шаардлагаа дэмжиж байна.
Харин хариуцагч Д.М Ц.Дыг Хнаас зээл авахад зээлийн гэрээнд хамтран зээлдэгч гэж гарын үсэг зурснаас өөрөөр оролцоогүй, мөнгийг аваагүй, хэрэглээгүй, бидний хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул зээлийн гэрээний дагуу мөнгө нэхэмжлэх шаардах эрхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Ц.Д тус банкнаас олон удаа зээл авч байсан, 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 100.000.000 төгрөгийн зээл авахад өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол хотхон 54 дүгээр байрны 8 тоот хоёр өрөө орон сууцыг барьцаанд тавьсан бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 250.000.000 төгрөгийг зээлж аваад 100.000.000 төгрөгийн зээлийг төлсөн, хэрэв тэр үед миний дээрх орон сууцыг барьцаанд тавих байсан бол дахин барьцааны гэрээ байгуулж улсын бүртгэлд бүртгүүлэх байсан, тийм гэрээ байгуулаагүй тул хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Мөн банкны удирдлагуудтай уулзахад хүү, нэмэгдүүлсэн хүү авахгүй гэж амаар тохирсон тул үндсэн зээлийг төлж, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж, дээрх орон сууцыг 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээгээр барьцаанд тавиагүй тул орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлж, суллаж өгөхийг Х ХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа болно.
Зохигчид хүсэл зоригоо илэрхийлж, гэрээнд гарын үсгээ зурсан байх ба тэдний хооронд Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.3.1-т... хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн энэ гэрээний дагуу хүлээсэн үүргийг хамтран гүйцэтгэхийг зөвшөөрч гэрээнд Д.М гарын үсгээ зурсан байх бөгөөд уг гарын үсэг минийх биш гэж маргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүсэлтээсээ татгалзсан, тэр талаар дахин маргаагүй, харин мөнгийг авч хэрэглээгүй тул хариуцагч биш гэж маргадаг боловч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т... үүрэг гүйцэтгүүлэгч нь аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардаж болохоор зохицуулсан тул нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтийг Ц.Д, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.М нараас шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т.. Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх, 452 дугаар зүйлийн 452.2-т… Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч тал төлөөгүй хугацааны хүүнд нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн, хүчин төгөлдөр гэрээ бөгөөд Х ХХК зээлдэгчийн дансны хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол зэрэг баримтуудыг үндэслэн үндсэн зээл 36.949.909 төгрөг, зээлийн хүү 11.321.938 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.856.716 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 28.500 төгрөгийг нэмж, нийт 50.541.190 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагч нараас гаргуулж, Х ХХК-д олгох нь зүйтэй гэж үзнэ.
Х ХХК, Ц.Д нарын хооронд 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр баталгаат ипотекийн гэрээ байгуулагдаж, зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, баталгаат ипотекийн гэрээний хавсралтаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол хотхон, *********тоот 2 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол хотхон *********** тоот, 2 өрөө орон сууц, мөн дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол хотхон *********** тоот, 2 өрөө орон сууц, мөн дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол хотхон, ************ тоот, 2 өрөө орон сууц, мөн дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол хотхон, ***********тоот, нэг өрөө орон сууцыг тус тус барьцаалжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ц.Д тус банкнаас олон удаа зээл авч байсан тул түүнтэй баталгаат ипотекийн гэрээ байгуулж, үл хөдпөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавьсан, улмаар 2014 оны 11 дүгээр сарын 03-нд 250.000.000 төгрөгийн зээл авахад тэрээр Хны шаардлагыг 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1480010152-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээгээр барьцаалуулсан үл хөдлөх эд хөрөнгөөр хангана гэдгээ хүлээн зөвшөөрч мэдэгдэл гаргаж түүнийг нь үндэслэн зээлийн гэрээгээ байгуулсан, Иргэний хуулийн 167 дугаар зүйлд заасан баталгаат ипотекийн гол онцлог нь зөвхөн нэг удаа бүртгүүлэн өмнөх болон дараагийн гэрээний барьцаалагч, барьцаалуулагч нь нэг этгээд байх тохиолдолд энэ тапаар Улсын бүртгэлд дахин бүртгүүлэх шаардлагагүй, үүрэг гүйцэтгүүлэгч зөвхөн өөрийн шаардлагыг нотлох замаар эрхээ хангуулахаар тохиролцсон байдаг. Талуудын хооронд байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1480010848 дугаартай 250.000.000 төгрөгийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй тул нэхэмжпэгч талаас Иргэний хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-т заасныг үндэслэн 1480010152-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй гэж, хариуцагч Ц.Дыын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр баталгаат ипотекийн гэрээ байгуулж, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан нь үнэн, гэхдээ дээрх гэрээний үүрэг биелэгдсэнээр баталгаат ипотекийн гэрээ дуусгавар болно, 2014 оны 11 дүгээр сарын 03-нд зээл авахад дахин барьцааны гэрээ байгуулах байсан гэж тус тус маргаж байна.
Иргэний хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-т...” Үүрэг гүйцэтгүүлэгч ипотекийн эрхийн бүртгэлийг нотолгоо болгохгүйгээр зөвхөн өөрийн шаардлагыг нотлох замаар ипотекийн эрхээ хангуулахаар хэлэлцэн тохиролцож болох бөгөөд уг ипотекийг улсын бүртгэлд баталгаат ипотек гэж бүртгэнэ...” гэж заасан байх ба хэрэгт цугларсан бичгийн баримтаас дүгнэж үзэхэд зохигчид 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр баталгаат ипотекийн гэрээ байгуулж, зээлдэгч үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалсан, Ц.Д нь 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1480010848 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Хны шаардлагыг 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1480010152-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээгээр барьцаалуулсан үл хөдлөх эд хөрөнгөөр хангана гэдгээ хүлээн зөвшөөрч 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр барьцаалуулагчийн батлах мэдэгдлийг гаргасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбар үндэслэлтэй байна.
Хариуцагч нар үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 8 дугаар сарын 29, 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1480010152-01 дугаар баталгаат ипотекийн гэрээний зүйл болох Ц.Дын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2204033883 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол хотхон, ********** тоот, 72.57 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 50.541.190 төгрөгийг гаргуулж, Х ХХК-д олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Х ХХК, Д.М, Ц.Д нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээ, 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр баталгаат ипотекийн гэрээ байгуулагдсан, зээлдэгч Ц.Д 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1480010848 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Хны шаардлагыг 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1480010152-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээгээр барьцаалуулсан үл хөдлөх эд хөрөнгөөр хангана гэдгээ хүлээн зөвшөөрч, 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр барьцаалуулагчийн батлах мэдэгдлийг гаргасан бөгөөд зээлийн гэрээний үүргийн биелэлт бүрэн хангагдаагүйгээс нэхэмжлэгч тал Д.М, Ц.Д нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардаж, шүүх дээрх гэрээнүүдийг хуульд нийцүүлэн хийсэн гэж дүгнэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд Ц.Д нь өөрийн өмчлөлийн хоёр өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөх, суллах шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдгийн хураамжид төлсөн 533.974 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Д Д.М нараас 533.974 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Ц.Д, Д.М нараас 50.541.190 /тавин сая таван зуун дөчин нэгэн мянга нэг зуун ерэн/ төгрөгийг гаргуулж, Х ХХК-д олгосугай.
2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Улсын бүртгэлийн Ү-2204033883 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол хотхон, *********** тоот, 72.57 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 50.541.453 төгрөг гаргуулж, Х ХХК-д олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар Х ХХК-д холбогдох Улсын бүртгэлийн Ү-2204033883 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол хотхон, ***********тоот, 72.57 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлж, суллаж өгөхийг Х ХХК-д даалгах тухай Ц.Дын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 533.974 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч нараас 533.974 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН