| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2018/03069/И |
| Дугаар | 2683 |
| Огноо | 2018-11-30 |
| Маргааны төрөл | Зуучлал, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 2683
|
|
|
|
2018 оны 11 сарын 30 өдөр Дугаар 183/ШШ2018/02683 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э-д холбогдох,
гэрээний үүрэгт 1,000,000 /нэг сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.О, хариуцагч С.Э, нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.Э нь Солонгос улс явуулах нэрийн дор надаас ХААН банкны дансаараа 2018 оны 4 сарын 13-нд 6,000,000, 4 сарын 17-нд 500,000, нийт 6,500,000 төгрөг авсан. 2018 оны 4 сард фермерийн хөгжлийн сан дээр нөхрийн хамт очоод Солонгос улсруу явах визэд зуучлуулсан. Сан гэр бүлээрээ оролцох боломжгүй, Эгийн гаргаж байсан чиглэл Баристагаар сургана гэсэн. Сангийнх нь журмаар бид 2 явж болохгүй учраас би С.Эг сонгосон. Э надад Баристагийн сургалт 6 сарын хугацаатай виз гарна, хотод 1 сар сургалтдаа суугаад Солонгос явна гэсэн. 2018 оны 4 сарын 03-ны өдөр нөхөрийнхөө нэр дээр 8.000.000 төгрөгийн цалингийн зээл авч, мөнгө шилжүүлсэн. Түүнээс хойш С.Э зуучилсан учраас 500.000 төгрөг авна гээд 2018 оны 4 сарын 17-ны өдөр дахиж хийлгэсэн. Нөхөртэйгээ хамт би Юнител ХХК-д ажиллаж байсан. 2018 оны 4 сарын 24-ний өдөр сургалт болно гэсэн. Бид 2 ажлаа хүлээлгэж өгөөд сургалтдаа суух гээд очиход 2, 3 удаа хойшлоод байсан. Нэг өдөр ажил дээр нь ороход Маяа захиралтай 2-улаа сууж байхаар нь Баристагийн сургалтад суух гэж байгаа, С.Э 6 сарын хугацаатай виз гарна гэсэн гэхэд Маяа захирал виз 6 сарын хугацаатай гарахгүй, яагаад буруу тайлбарлаад байгаа юм бэ гэсэн. Би нэг сар сургалтдаа суугаад очоод 5 сарын хугацаатай учраас надад боломжтой гэж үзсэн. 3 сарыг болихоор шийдсэн. Тэр үед Маяа захирал нь болихоор шийдсэн бол бүх баримт бичгийг чинь буцааж өгнө, мөнгийг нь данс руу чинь хийнэ гээд 5 сарын 10-нд Маяа захирлаас 5.500.000 төгрөг данс руу орсон. Би захирал руу нь залгаад С.Э эгчийн данс руу 6.500.000 төгрөг хийсэн үлдсэнийг яах вэ гэхэд өөрөөс ав гэсэн. Гэвч үлдэгдэл 1,0 сая төгрөг өгөөгүй тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.О 4 сард над дээр ирсэн. Сургалт ажлынхаа хажуугаар явж болно гэж хэлсэн. Би ажлаасаа гар гэж тайлбар хэлээгүй. Фермер хөгжлийн сан надад хамаагүй. Би Азийн хөдөлмөр зуучлалын холбоогоор дамжуулж бүртгэсэн, буцаагаад тушаахдаа Азийн хөдөлмөр зуучлалын холбооноос орсон. 5,500,000 төгрөгийг анх зуучилж өгсөн Амартүвшин өгсөн. Би тодорхой хэмжээний ажил олж өгсөн гэх үндсэн дээрээс тохиролцоод 500.000 төгрөгийг авсан. Тухайн үед Солонгосын элчин солигдоод энэ ажил удааширсан. Амартүвшинд Б.Оийг олж ирсэн учраас 500.000 төгрөгийг өгсөн. Амартүвшин өөртэй нь уулзаж ярьсан гэсэн. Би 500.000 төгрөгийг хариуцна гэж хэлсэн. Өөрөө мэдэж байгаа гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч С.Эд холбогдуулан зуучлалын гэрээний үүрэгт 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ Солонгос руу сургалтад явах виз гараагүй тул үлдэгдэл төлбөрөө гаргуулна гэж, хариуцагч нь 500,000 төгрөгийг зөвшөөрч, бусдад шилжүүлсэн үндэслэлээр шаардлагаас 500,000 төгрөгийг төлөхгүй гэж маргав.
Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1-д хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцлийн үндсэн дээр эрх зүйн харилцаа үүснэ гэж, 187 дугаар зүйлийн 187.1-д үүрэг нь хэлцлийн үндсэн дээр үүссэн эрх зүйн харилцаанаас үүсэхээр зохицуулсан байна.
С.Э нь нэхэмжлэгчийг Баристагийн сургалтад явуулах үндэслэлээр Солонгос улсын виз гаргахаар хариуцагчтай амаар тохиролцсон байгааг талууд маргахгүй байх бөгөөд талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний нөхцөл, хэргийн үйл баримтаар зуучлалын гэрээний эрх зүйн харилцаа үүсчээ.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй зарчимд нийцсэн, хүсэл зоригоо илэрхийлснээр хэлцэл хүчин төгөлдөр болжээ.
Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх үүргийг, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулжээ.
Хэргийн үйл баримт болон зохигчийн тайлбараар зуучлуулагч буюу Б.О нь шагнал, хөлсийг төлсөн, зуучлагч буюу С.Э нь хүлээн авсан талаар маргаагүй, харин Солонгос улсын виз гаргаж өгөхөд зуучлах үүргээ биелүүлээгүй буруутай буюу 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн сургалтад виз гараагүйн улмаас хамрагдаж чадаагүй байна.
Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1-д ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоохгүйгээр талууд гэрээнээс татгалзаж болохоор заажээ.
Хариуцагч нь виз гараагүй шалтгаанаа Солонгос улсын элчин сайд солигдсон гэж тайлбарласан тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, хариуцагч нь хүлээн зөвшөөрч 5,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн байх тул нэхэмжлэгч нь үлдэгдэл хөлсөө буцаан шаардах эрхтэй байна.
Хэдийгээр хариуцагч нь бусдад шилжүүлсэн үндэслэлээр 500,000 төгрөг төлөхөөс татгалзаж байгаа боловч талуудын байгуулсан зуучлалын гэрээний харилцаанд оролцоогүй, түүнчлэн нэхэмжлэлийг татгалзах үндэслэлд хамаарахгүй тул зуучлалын гэрээний үүрэгт 1,000,000 төгрөгийг С.Эгаас гаргуулж, Б.От олгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 28,950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 28,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасныг баримтлан Эгаас зуучлалын гэрээний үүрэгт 1,000,000 /нэг сая/ төгрөг гаргуулан, От олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 28,950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 28,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ