| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 171/2022/0281/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/321 |
| Огноо | 2022-09-26 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Г.Анх-Ирээдүй |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2022/ШЦТ/321
2022 09 26 2022/ШЦТ/321
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав,
Улсын яллагч Г.Анх-Ирээдүй,
Шүүгдэгч З.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Бад холбогдох эрүүгийн 222500000*** дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, З.Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч З.Б нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Авто сэлбэгийн дэлгүүр”-ийн 3 болон 2 давхрын дундын шатан дээр 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 75 настай иргэн Д.Гтой маргалдаж түүнийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч З.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн үдээс хойш над руу Л дарга залгаж, “хаана байна, чи завтай байна уу, тоглоё” гэж дуудсан. Тэгээд би удалгүй 16 цаг өнгөрч байхад...оффисын өрөөнд очсон юм... Намайг очоод удаагүй байхад Д.Г хурандаа танихгүй нэг эрэгтэй хүний хамт халамцуу ирсэн. Д.Г хурандаатай хамт ирсэн хүн нь нэг шил архи гаргаж ирээд түүнийг нь хувааж уусан. Тэр архинаас 3 хундага ууж архиа уухаа больж, хөзөр тоглохоор болсон... Ингээд хөзөр тоглонгоо нөгөө архиа ууж дуусгасан бөгөөд ахин гарч 0,75 литрийн архи 1 шилийг авсан... Тус архи дууссаны дараа Л дарга ахин 0,75 литрийн 1 шил архи гаргаж өгсөн бөгөөд түүнийг нь мөн тоглонгоо хувааж ууж дуусгасан. Тэгээд би согтоод тасарсан бөгөөд юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд би гэртээ өглөө нь сэрсэн бөгөөд Завхан аймаг руу явсан. Тэгтэл над руу Д.Г хурандаагийн охин байна гэж ярьсан бөгөөд та аавыг хүргэж өгсөн үү, аавын хамар ам нь тэгширсэн байна, аав яачихав аа гэж асуухаар нь би өөрөө ч юу болсон талаар мэдэхгүй байна гэж хэлсэн. Үүнээс хойш Д.Г хурандаатай утсаар ярихад чи бид хоёр маргалдсан. Тэндээс гарахад би чиний шилэн хүзүү рүү хурдан хаалгаа онгойлгооч гээд цохисон. Тэгээд чиний хоолойноос чинь барьсан гэж хэлсэн. Тэгээд би юу болсон талаар мэдэхгүй байна гэж байсан. Миний хувьд согтолтын улмаас юу болсон талаар үнэхээр мэдэхгүй байна. Тухайн үед Л, Б.Д, Д.Г нар согтолтын хувьд арай гайгүй байсан байх. Миний хувьд архи нэг их уугаад байдаггүй, нэг уухаараа хурдан тасарчихдаг юм. Би Д.Г хурандаатай найзууд бөгөөд бид хоёрын дунд өс хонзон өр авлагын асуудал байхгүй. Тухайн үед бид дөрөв байсан. Намайг тасрахаас өмнө ямар нэг хэрүүл маргаан болоогүй. Одоо намайг Д.Г хурандаа түүнийг унагаад өшиглөсөн гэж хэлж байгаа бөгөөд би түүний хэлснийг хүлээн зөвшөөрч байна... эмчилгээнд нь 2,800,000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52х/,
- Хохирогч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “...Тус өдөр гэртээ Баярбатын хамт 1 шил архи уугаад Лгийн ажлын өрөөнд таксидаж очсон. Замдаа Баярбат дэлгүүрээс нэг шил архи авч орсон. Тэгтэл Лгийн өрөөнд Б.Д тэр хоёр байсан. Архи задлаад удаагүй байхад Баярбат явж бид гурав үлдсэн. Нэг мэдсэн чинь З.Б ирчихсэн байсан бөгөөд би согтуу байсан учир ухаан санаа орж гараад байгаа. Нэг давхрын шатан дээр З.Б бид хоёр муудалцаж, тэр миний хоолойг багалзуурдаж байсан. Би мөн зөрүүлэн багалзуурдсан. Тэгээд би юу болсон талаар мэдэхгүй байгаа бөгөөд гэртээ сэрсэн. Би ухаан алдахаасаа өмнө өөрөө шат руу унасан зүйл болоогүй... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-21х/,
- Гэрч З.Б-т мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 14 цагийн үед Д.Г даргын гэрт ганцаараа очсон. Тэгэхдээ би 0,5 литрийн 1 шил архитай очсон бөгөөд Д.Г дарын гэрт бид 2 тус архийг хувааж уусан. Тэгтэл Д.Г дарга ахин хагас шил архи гаргаж өгсөн бөгөөд түүнийг би ганцаараа уусан юм. Сүүлд гаргаж ирсэн архи нь гурван хуруу хэмжээтэй бага архи байсан. Энэ хугацаанд Д.Г дарга руу Л, Б.Д нар нь ээлжилж залгаад дуудаад байсан. Ингээд Д.Г дарга бид хоёр тэдний гэрээс гарч Лгийн ажлын өрөөнд багцаагаар 16 цагийн үед очсон. Би орохдоо 0,75 литрийн нэг шил архи авч орсон бөгөөд тэд Б.Д, Л, Тоодон банз нар нь гурвуулаа сууж байсан. Лгийн ажлын өрөө нь 5 дугаар микрийн сэлбэгийн дэлгүүрээр ороод 3 давхарт нэг өрөө байдаг юм. Би авч ирсэн архиа нэг тойруулаад тэндээс явсан. Учир нь тэд нар хөзөр тоглох гэж байсан бөгөөд би тоглодоггүй учир явсан. Маргааш нь би Д.Г даргатай утсаар ярихад “нүүр ам гэж авах юм алга, юу болсон талаар мэдэхгүй байна, ямар ч байсан гэртээ ирчихсэн байна” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23х/,
- Гэрч П.А мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 07 дугаар сарын 18-ны өглөө 10 цаг өнгөрч байхад над руу ээж Пүрэвсүрэн залгаж “аавын чинь утас холбогдохгүй байна, очоод үзчихээрэй” гэж хэлсэн юм. Тэгээд би тус өдрийн 12 цаг өнгөрч байхад хойд аав Д.Г-ын гэрт очсон. Тэгтэл аавын гэрийн хаалганы гадаа шалан дээр цус болчихсон байсан бөгөөд хаалганы бариулыг татахад хаалга түгжээгүй онгорхой байсан. Тэгээд дотогш ортол гэрийн шалан дээгүүр цус болчихсон байсан бөгөөд аав ганцаараа том өрөөний орон дээр хэвтэж байсан. Мөн аавын нүүр нь битүү хавдчихсан байсан бөгөөд би түүнээс юу болсон талаар асуухад “харин мэдэхгүй, санахгүй байна” гэж хэлсэн. Би ааваас хүнд зодуулсан юм уу, хэн таныг гэрт хүргэж өгсөн юм бэ гэтэл “өчигдөр би Д, Л, Тоодон хочит З.Б нар дээр очиж тоглосон. Тэгэхдээ би Баярбатаар хүргүүлсэн” гэж ярьж байсан. Тэгээд би аавын гар утсыг олж асаатал сүүлд хийсэн дуудлага нь 2022 оны 07 дугаар сарын 17-ны 15 цаг 46 минутын үед Б.Д гэж хадгалсан дугаараас аав руу залгасан байсан. Тэгэхээр нь би аавын дугаараас Б.Д гэж хадгалсан дугаар руу залгатал “өчигдөр бид нар ууж, тоглосон юм. Би, Л, танай аав, З.Б бид 4 байсан, тэгээд З.Б түрүүлээд гарсан, араас нь аав чинь явлаа гээд гарсан. Удалгүй Л бид 2 араас нь гарахад аав чинь 2 давхрын шатан дээр доошоо хараад уначихсан байсан. Тэгээд бид 2 буцаж өргөж оруулж ирээд цусыг нь цэвэрлээд З.Бг дуудаж, З.Бгаар аавыг чинь хүргүүлсэн шүү” гэж хэлсэн. Би түүнээс зодоон цохион болсон юм уу, аавын нүүр аймар болчихсон байна гэтэл ямар ч тийм зүйл болоогүй ээ гэж хэлсэн. Ингээд тус өдрийн 18 цагийн үед түргэн дуудаж аавыг түргэнээр эмнэлэг рүү авч явсан юм. Тэгээд аавын зургийг авахуулж, эмчид үзүүлсэн бөгөөд хамар нь хугарсан байна гэж хэлсэн. Харин хэвтүүлээгүй юм. Мөн аав маань З.Б гэгчтэй утсаар яриад “чи намайг хүргэж өгсөн үү, мөн чи намайг цохичихсон юм уу” гэтэл тэр хүн нь инээгээд би юу гэж таныг цохих вэ дээ, би таныг хүргэж өгөөгүй байх аа, би өөрөө яаж харьснаа мэдэхгүй, согтуу байсан юм аа” гэж хэлж байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25х/,
- Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 16 цагийн үед найз Л бид 2 уулзаж салхинд алхсан юм. Тэгээд Лгийн ажлын оффисын өрөөнд очсон юм. Тус өрөө нь 5-р микрийн хамгийн баруун талын сэлбэгийн дэлгүүрийн 4 давхарт байдаг юм. Хааяа бид нар тус өрөөнд хөзөр тоглодог юм. Тэгээд байж байтал Л рүү Д.Г хурандаа залгаад “та 2 хаана байна, Баярбат ирчихсэн байна, архитай, тарваганы махтай” гэж ярьсан. Ингээд сууж байтал Д.Г хурандаа, Баярбат нар согтуу 1 шил архи, нэг ундаатай ирсэн. Араас нь удалгүй З.Б ганцаараа ирсэн юм. Ингээд бид нар тэр архийг нь тойруулаад хувааж уусан. Тус архи дууссаны дараа З.Б гарч 0,5 литрийн 1 шил архийг авчирч мөн л хувааж уусан. Ингэхдээ хөзөр тоглонгоо хувааж уусан юм. Тэгээд архи дуусаж, явцгаах болж З.Б, Д.Г хурандаа нар түрүүлээд өрөөнөөс гарч явсан бөгөөд Л бид 2 өрөөгөө цэвэрлэж үлдсэн юм. Харин Баярбат нь ирчихээд удаагүй явчихсан байсан юм. Тэгээд Л нь алчуур норгох гээд өрөөнөөс гарч явчихаад буцаж орж ирэхдээ хөөе Б.Даа гэж дуудсан. Тэгээд хартал Д.Г хурандаа нь 2 давхрын шатан дээр байсан бөгөөд Л нь түүнийг өргөхөд цус гарчихсан байсан. Ингээд түүний нүүрийг угаачхаад бид 3 доошоо буусан юм. Тэгтэл байшингийн 1 давхрын хаалганы дотор талд З.Б зогсож байсан. Л тэгтэл хурандаа шат руу уначихсан байна, чи түшээд авахгүй яасан юм бэ гэтэл дуугарахгүй байсан. Ингээд Л түлхүүрээрээ хаалгаа онгойлгож бид 4 гадагш гарч Л бид 2 гэр лүүгээ алхсан. Харин З.Быг “хурандааг хүргэж өгөөрэй” гэж хэлтэл тэрээр за гээд үлдсэн юм. Маргааш өглөө нь Д.Г хурандаа руу залгахад холбогдохгүй байсан бөгөөд удалгүй түүний дугаараас охин нь гээд нэг хүн ярьж байсан юм. Тэгээд би Д.Г хурандаатай ярьтал цаадах чинь намайг цохичихсон шүү дээ, би хаалгаа онгойлго гээд чи муу хогийн хулгайч гээд хүзүү рүү нь цохисон, тэгээд заамдсан шиг санагдаж байна, тэгтэл тэрээр намайг унагаагаад 2 удаа дэвсчихсэн юм аа” гэж ярьсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28х/,
- Гэрч П.Л мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 15 цаг өнгөрч байхад би найз Б.Дтай уулзаж хэсэг салхинд алхсан юм. Тэгээд бид 2 манай хүүгийн ажлын 4 давхарт байдаг, миний оффисын өрөөнд очсон юм... урд өдөр нь Д.Г хурандаа хөзөр тоглоё гээд яриад байсан бөгөөд Б.Д нь Д.Г хурандаа руу залгаад тоглох юм уу гэтэл “ах нь согтуу байна, амжихгүй юм шиг байна” гэж хэлсэн. Мөн Б.Д бид хоёрын хэн нь ч бил ээ дээ найз З.Б руу залгаж “тоглох юм уу гэтэл тэрээр очноо” гэж хэлсэн юм. Тэгээд байж байтал Д.Г хурандаа нь жолооч Баярбатынхаа хамт жаахан халамцуу орж ирсэн. Тэр 2 ирэхдээ 0,75 литрийн 1 шил архи, нэг том ундаатай ирсэн юм. Удалгүй араас нь З.Б нь ганцаараа орж ирсэн. Ингээд архиа задлаад тойруулсан бөгөөд нэг нэг хундага уусны дараа Д.Г хурандаа нь Баярбатад хандан “чи одоо яв, бид нар жаахан тоглолоо” гэж хэлсэн. Тэгээд хөзөр тоглонгоо нөгөө архиа тойруулж ууж байсан юм. Тус архи дууссаны дараа барагцаагаар 21 цагийн үед З.Б гарч 0,75 литрийн нэг шил архи авчирсан бөгөөд мөн л хөзөр тоглонгоо хувааж уусан. Ингээд архи ч дууссан бөгөөд барагцаагаар шөнийн 00 цаг 30 минутын үед бид нар гарцгаасан юм. Тэгэхдээ Д.Г, З.Б нар нь түрүүлээд өрөөнөөс хамт гарсан бөгөөд Б.Д бид 2 өрөөгөө цэвэрлээд үлдсэн. Тэгээд би алчуур норгох гээд өрөөнөөсөө гарч нойлын өрөө рүү явж байтал доор хүн янзаглах шиг болсон бөгөөд хартал Д.Г хурандаа нь 2 болон 3 давхрын дунд дахь шатан дээр уначихсан хэвтэж байсан. Тэгэхээр нь би Б.Дыг дуудчихаад доошоо буутал Д.Г хурандаа хажуу тийшээ харчихсан хэвтэж байсан бөгөөд түүний хамраас цус гарчихсан байсан. Ингээд Б.Д бид 2 сугадаж босгоод “яачихсан юм бэ” гэтэл “өө гайгүй” гэж байсан. Тэгээд бид 2 түүнийг сугадаж дээш гаргаад нүүрийг нь угаасан. Би 2 давхрын шатан дээр тунасан цусыг нь шалны алчуураар ачсан юм. Ингээд Б.Д, Д.Г хурандаа бид 3 гарах гээд доошоо буутал 1 давхрын гарах хаалганы хажууд З.Б ганцаараа зогсож байсан юм. Би түүнээс “хурандааг түшээд авахгүй яасан юм бэ, шат руу уначихсан байна шүү дээ” гэтэл тэрээр дуугарахгүй байсан юм. Тухайн үед хаалга маань цоожтой байсан бөгөөд би түлхүүрээрээ онгойлгож гарсан. Тэгтэл Б.Д нь З.Бад хандан “чи Д.Г хурандааг хүргэж өгнө шүү” гэтэл тэрээр заа гээд аваад цааш явсан юм. Ингээд Б.Д бид 2 цуг алхаад гэр гэр лүүгээ явсан юм. Маргааш нь би Д.Г хурандаа руу залгахад “ахыгаа уучлаарай, гайгүй ээ” гэж хэлсэн. Тэгээд би Завхан аймаг руу явсан бөгөөд замд явж байтал Д.Г хурандаагийн охин гэх хүн над руу залгаад “З.Б гэх хүн зодсон байна аа” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би юу болсон талаар Б.Дд залгаж хэлэхэд тэрээр би Д.Г хурандаатай яръя гэж хэлсэн. Удалгүй Б.Д буцаж над руу залгаад “З.Б бүүр дэвссэн гэж байна шүү дээ” гэж хэлсэн юм. Би тухайн үед бодохдоо Д.Г хурандааг шат руу уначихсан байна л гэж ойлгосон юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31х/,
- Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 129 дугаартай “...1. Д.Г-ын баруун талын хацар ясны хугарал, баруун талын хоншоор ясны урд болон доод хананы хугарал, баруун нүдний ухархайн дотор, доод, гадна хананы хугарал, тархи доргилт, хамрын яс болон хамрын таславчийн хугарал, хамрыг таславчийн муруйлт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, хүзүү, цээж, баруун мөр, шуу, сарвуу, зүүн гарын бугалга, бугуйнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шинэ гэмтлүүд ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байхаар байна. 4. Баруун талын хацар ясны хугарал, баруун талын хоншоор ясны урд болон доод хананы хугарал, баруун нүдний ухархайн дотор, доод, гадна хананы хугарал, тархи доргилт, хамрын яс болон хамрын таславчийн хугарал, хамрыг таславчийн муруйлт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, хүзүү, цээж, баруун мөр, шуу, сарвуу, зүүн гарын бугалга, бугуйнд цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 38-40х/,
- Шинжээч эмч Ч.Буянзаяа мөрдөн шалгах ажиллагаанд: “... Д.Г-ын биед үүссэн баруун талын хацар ясны хугарал, баруун талын хоншоор ясны урд болон доод хананы хугарал, баруун нүдний ухархайн дотор, доод, гадна хананы хугарал, тархи доргилт, хамрын яс болон хамрын таславчийн хугарал, хамрын талавчийн муруйлт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, хүзүү, цээж, баруун мөр, шуу, сарвуу, зүүн гарын бугалга, бугуйнд цус хуралт зэрэг гэмтлүүд нь нэг удаа шатнаас унах үед үүсэх боломжгүй байна. Гэмтлүүд нь мохоо зүйлийн буюу хүний гар, хөлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46х/,
- З.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56, 58х/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч З.Быг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч З.Б нь 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Д.Гтой маргалдаж түүний биед баруун талын хацар ясны хугарал, баруун талын хоншоор ясны урд болон доод хананы хугарал, баруун нүдний ухархайн дотор, доод, гадна хананы хугарал, тархи доргилт, хамрын яс болон хамрын таславчийн хугарал, хамрыг таславчийн муруйлт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, хүзүү, цээж, баруун мөр, шуу, сарвуу, зүүн гарын бугалга, бугуйнд цус хуралт бүхий гэмтлүүдийг үүсгэсэн үйл баримт болсон байна.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч З.Б нь хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч Д.Г-ын “...Тус өдөр гэртээ Баярбатын хамт 1 шил архи уугаад Лгийн ажлын өрөөнд таксидаж очсон. Замдаа Баярбат дэлгүүрээс нэг шил архи авч орсон. Тэгтэл Лгийн өрөөнд Б.Д тэр хоёр байсан. Архи задлаад удаагүй байхад Баярбат явж бид гурав үлдсэн. Нэг мэдсэн чинь З.Б ирчихсэн байсан бөгөөд би согтуу байсан учир ухаан санаа орж гараад байгаа. Нэг давхрын шатан дээр З.Б бид хоёр муудалцаж, тэр миний хоолойг багалзуурдаж байсан. Би мөн зөрүүлэн багалзуурдсан. Тэгээд би юу болсон талаар мэдэхгүй байгаа бөгөөд гэртээ сэрсэн. Би ухаан алдахаасаа өмнө өөрөө шат руу унасан зүйл болоогүй...” гэсэн мэдүүлэг,
гэрч З.Б-ын “...2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 14 цагийн үед Д.Г даргын гэрт ганцаараа очсон. Тэгэхдээ би 0,5 литрийн 1 шил архитай очсон бөгөөд Д.Г даргын гэрт бид 2 тус архийг хувааж уусан. Тэгтэл Д.Г дарга дахин хагас шил архи гаргаж өгсөн бөгөөд түүнийг би ганцаараа уусан юм... Д.Г дарга бид хоёр тэдний гэрээс гарч Лгийн ажлын өрөөнд багцаагаар 16 цагийн үед очсон. Би орохдоо 0,75 литрийн нэг шил архи авч орсон бөгөөд тэд Б.Д, Л, Тоодон банз нар нь гурвуулаа сууж байсан... Би авч ирсэн архиа нэг тойруулаад тэндээс явсан. Учир нь тэд нар хөзөр тоглох гэж байсан бөгөөд би тоглодоггүй учир явсан. Маргааш нь би Д.Г даргатай утсаар ярихад “нүүр ам гэж авах юм алга, юу болсон талаар мэдэхгүй байна, ямар ч байсан гэртээ ирчихсэн байна” гэж хэлсэн...” гэсэн,
гэрч П.Аминзаяагийн “...2022 оны 07 дугаар сарын 18-ны өглөө 10 цаг өнгөрч байхад над руу ээж Пүрэвсүрэн залгаж “аавын чинь утас холбогдохгүй байна, очоод үзчихээрэй” гэж хэлсэн юм... аавын гэрийн хаалганы гадаа шалан дээр цус болчихсон байсан бөгөөд хаалганы бариулыг татахад хаалга түгжээгүй онгорхой байсан. Тэгээд дотогш ортол гэрийн шалан дээгүүр цус болчихсон байсан бөгөөд аав ганцаараа том өрөөний орон дээр хэвтэж байсан. Мөн аавын нүүр нь битүү хавдчихсан байсан бөгөөд би түүнээс юу болсон талаар асуухад “харин мэдэхгүй, санахгүй байна” гэж хэлсэн...” гэсэн,
гэрч Б.Дын “...сууж байтал Д.Г хурандаа, Баярбат нар согтуу 1 шил архи, нэг ундаатай ирсэн. Араас нь удалгүй З.Б ганцаараа ирсэн юм. Ингээд бид нар тэр архийг нь тойруулаад хувааж уусан...Тэгээд архи дуусаж, явцгаах болж З.Б, Д.Г хурандаа нар түрүүлээд өрөөнөөс гарч явсан бөгөөд Л бид 2 өрөөгөө цэвэрлэж үлдсэн юм. Харин Баярбат нь ирчихээд удаагүй явчихсан байсан юм. Тэгээд Л нь алчуур норгох гээд өрөөнөөс гарч явчихаад буцаж орж ирэхдээ хөөе Б.Даа гэж дуудсан. Тэгээд хартал Д.Г хурандаа нь 2 давхрын шатан дээр байсан бөгөөд Л нь түүнийг өргөхөд цус гарчихсан байсан. Ингээд түүний нүүрийг угаачхаад бид 3 доошоо буусан юм. Тэгтэл байшингийн 1 давхрын хаалганы дотор талд З.Б зогсож байсан. Л тэгтэл хурандаа шат руу уначихсан байна, чи түшээд авахгүй яасан юм бэ гэтэл дуугарахгүй байсан. Ингээд Л түлхүүрээрээ хаалгаа онгойлгож бид 4 гадагш гарч Л бид 2 гэр лүүгээ алхсан. Харин З.Быг “хурандааг хүргэж өгөөрэй” гэж хэлтэл тэрээр за гээд үлдсэн юм. Маргааш өглөө нь Д.Г хурандаа руу залгахад холбогдохгүй байсан бөгөөд удалгүй түүний дугаараас охин нь гээд нэг хүн ярьж байсан юм. Тэгээд би Д.Г хурандаатай ярьтал цаадах чинь намайг цохичихсон шүү дээ, би хаалгаа онгойлго гээд чи муу хогийн хулгайч гээд хүзүү рүү нь цохисон, тэгээд заамдсан шиг санагдаж байна, тэгтэл тэрээр намайг унагаагаад 2 удаа дэвсчихсэн юм аа” гэж ярьсан юм...” гэсэн,
гэрч П.Лгийн “...Д.Г хурандаа нь жолооч Баярбатынхаа хамт жаахан халамцуу орж ирсэн. Тэр 2 ирэхдээ 0,75 литрийн 1 шил архи, нэг том ундаатай ирсэн юм. Удалгүй араас нь З.Б нь ганцаараа орж ирсэн. Ингээд архиа задлаад тойруулсан бөгөөд нэг нэг хундага уусны дараа Д.Г хурандаа нь Баярбатад хандан “чи одоо яв, бид нар жаахан тоглолоо” гэж хэлсэн. Тэгээд хөзөр тоглонгоо нөгөө архиа тойруулж ууж байсан юм. Тус архи дууссаны дараа барагцаагаар 21 цагийн үед З.Б гарч 0,75 литрийн нэг шил архи авчирсан бөгөөд мөн л хөзөр тоглонгоо хувааж уусан. Ингээд архи ч дууссан бөгөөд барагцаагаар шөнийн 00 цаг 30 минутын үед бид нар гарцгаасан юм. Тэгэхдээ Д.Г, З.Б нар нь түрүүлээд өрөөнөөс хамт гарсан бөгөөд Б.Д бид 2 өрөөгөө цэвэрлээд үлдсэн. Тэгээд би алчуур норгох гээд өрөөнөөсөө гарч нойлын өрөө рүү явж байтал доор хүн янзаглах шиг болсон бөгөөд хартал Д.Г хурандаа нь 2 болон 3 давхрын дунд дахь шатан дээр уначихсан хэвтэж байсан. Тэгэхээр нь би Б.Дыг дуудчихаад доошоо буутал Д.Г хурандаа хажуу тийшээ харчихсан хэвтэж байсан бөгөөд түүний хамраас цус гарчихсан байсан. Ингээд Б.Д бид 2 сугадаж босгоод “яачихсан юм бэ” гэтэл “өө гайгүй” гэж байсан. Тэгээд бид 2 түүнийг сугадаж дээш гаргаад нүүрийг нь угаасан. Би 2 давхрын шатан дээр тунасан цусыг нь шалны алчуураар арчсан юм. Ингээд Б.Д, Д.Г хурандаа бид 3 гарах гээд доошоо буутал 1 давхрын гарах хаалганы хажууд З.Б ганцаараа зогсож байсан юм. Би түүнээс “хурандааг түшээд авахгүй яасан юм бэ, шат руу уначихсан байна шүү дээ” гэтэл тэрээр дуугарахгүй байсан юм. Тухайн үед хаалга маань цоожтой байсан бөгөөд би түлхүүрээрээ онгойлгож гарсан. Тэгтэл Б.Д нь З.Бад хандан “чи Д.Г хурандааг хүргэж өгнө шүү” гэтэл тэрээр заа гээд аваад цааш явсан юм... Д.Г хурандаагийн охин гэх хүн над руу залгаад “З.Б гэх хүн зодсон байна аа” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би юу болсон талаар Б.Дд залгаж хэлэхэд тэрээр би Д.Г хурандаатай яръя гэж хэлсэн. Удалгүй Б.Д буцаж над руу залгаад “З.Б бүүр дэвссэн гэж байна шүү дээ” гэж хэлсэн юм. Би тухайн үед бодохдоо Д.Г хурандааг шат руу уначихсан байна л гэж ойлгосон юм...” гэсэн мэдүүлгүүд,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 129 дугаартай дүгнэлт,
Шинжээч эмч Ч.Буянзаяагийн “... Д.Г-ын биед үүссэн баруун талын хацар ясны хугарал, баруун талын хоншоор ясны урд болон доод хананы хугарал, баруун нүдний ухархайн дотор, доод, гадна хананы хугарал, тархи доргилт, хамрын яс болон хамрын таславчийн хугарал, хамрын талавчийн муруйлт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, хүзүү, цээж, баруун мөр, шуу, сарвуу, зүүн гарын бугалга, бугуйнд цус хуралт зэрэг гэмтлүүд нь нэг удаа шатнаас унах үед үүсэх боломжгүй байна. Гэмтлүүд нь мохоо зүйлийн буюу хүний гар, хөлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...” гэсэн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч З.Бын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч З.Бын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохиролын талаар:
Хавтаст хэрэгт хохирлын талаар нотлох баримт авагдаагүй, шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зардалд 2,800,000 төгрөг өгсөн гэж мэдүүлдэг ба хохирогч Д.Г нь нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч З.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Улсын яллагчаас “... Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч З.Быг 1 жилийн хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай...” гэсэн болно.
Шүүгдэгч “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна... бага хугацаагаар улсын яллагчийн өгсөн ялыг оногдуулна уу...” гэв.
Шүүгдэгч З.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч З.Бын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 7 сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь түүний гэм бурууд тохирсон гэж үзэв.
Шүүгдэгч З.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т заасан хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Загдын З.Быг 7 сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч З.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ