Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2682

 

                                                  

           

                                  

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 30 өдөр                   Дугаар 183/ШШ2018/02682                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н-д холбогдох,

хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.О, хариуцагч Н.Н, нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Н.Нтай 2016 онд танилцаж, хэсэг хугацаанд амьдарч байсан. Н.Нын 2 найз бидний амьдралд оролцож, харанхуй шөнөөр охин бид 2-ыг доромжилж уйлуулаад өөрийн гэсэн хамаг эд хогшил, хувцас хунараа шөнө дөлөөр учир битүүлгээр уурлаад юу ч хэлэхгүйгээр ачаад явсан. Би хилээн их хүлээсэн, хэд дахин охиноо тэвэрч очоод уучлалт гуйсан боловч хэзээ ч хайрлаж чадахгүй, заавал сална гэж өөрөө хүссэн. Би охиноо бодож 1 нас 3 сар гаруй болтол горьдлого тээн хүлээсэн ч ганц ч удаа утсаар ярихгүй, таг чиг болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2017 оны 9 сарын 20-ны өдөр охин Н.М төрсөн. Тэр үеэс хойш охинтойгоо өөрийн аав, ээж дээрээ өсч торниж байна. Н.Нын амнаас, өөрийн биеэр, утсаар ярьж байгаа нь хэзээ ч хамтран амьдрахгүй гэдгийг ойлгосон учраас охинд хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Отэй 2016 онд цэргийн алба хааж байхдаа танилцсан. 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр бидний охин Н.М төрсөн гэж сонсоод түүний аав, ээжтэй нь хамт амьдарсан. Миний бие энэ байдлыг өөрийн эцэг, эхэд хэлж, бэр гуйж хамт Нисэхэд байр түрээсэлж амьдарсан. О найз нартайгаа ууж ирээд халамцуу байсан болохоор бидний хооронд үл ойлголцох маргаан болж, намайг гэрээсээ хөөсөн. Түүний ааш, зан болон гаргаж байгаа авир нь таалагдахгүй, цаашид бидний харьцаа зан байдал таарахгүй, хамт амьдарч чадахгүй гэж бодоод очоогүй гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Д.О нь Н.Над холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нь хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

    

Зохигч нь 2016 оноос хамтран амьдарч, тэдгээрийн дундаас 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр охин Н.М төрсөн болох нь зохигчийн тайлбар, төрсний гэрчилгээгээр нотлогдож байна.

 

 Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж заасан хариуцагч нь хүүхдийн эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрч байгаа, охин Н.М төрснөөр тэдгээрийн хооронд гэр бүлийн харилцаа үүсчээ.

  

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлт бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж, 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн  тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай  зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй хүүхдүүдийг өсгөн хүмүүжүүлэх, сурах боловсроход нь цаашдаа гарах зардлыг хариуцагчаас нэхэмжлэх эрх нь нээлттэй юм.

 

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2-т 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоох заалтыг үндэслэн охин Н.Мийг эцэг Н.Наар тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Н.Ныг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг Д.От даалгав.

  

Хүүхдийн тэтгэлэг тогтоосонтой холбоотойгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас 50,350 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж,  70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин Н.Мийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Наар тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Н.Ныг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг Д.От даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас 50,350 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж,  70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

            

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ