Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар  2022/ШЦТ/317

 

 

 

 

 

 

 

 

 

2022         09            20                                    2022/ШЦТ/317

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Б,

Улсын яллагч Л.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О,

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эд холбогдох эрүүгийн 222500360***6 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Э

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь  2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймаг Жаргалант сум Улаантолгой баг Тариаланчдын Х тоот айлын хашаанаас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт цэвэр жин 8,2688 грамм өвс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-23 дугаар байрны №3 тоот өрөөнд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай цэвэр жин 8,2688 грамм өвс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

       Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд:...2022 оны 05 сард уурхайд ажиллаж байгаад хотоос хувь хүний унаанд сууж ирсэн бөгөөд замдаа өдрийн 12 цагийн үед Орхон аймаг Жаргалант сум буюу Улаантолгой дээр бууж үлдсэн юм... нэг том өвөлжөөний дээврийн өвснөөс мансууруулах төрлийн өвсийг таньж тэр өвсийг түүж авсан... 3-23 дугаар байрны нийтийн байрандаа ирсэн. Би барагцаагаар 17 цагийн үед ирсэн бөгөөд Өнөбат байхгүй байсан. Тэгээд би гэрт ирээд өвсөө хар өнгийн триконд хийж сэгсэрсэн бөгөөд өвсөө нунтагласан юм. Нунтагласан өвсөө тунгалаг цаасан дээр тавьж байгаад доороос нь асаагуураар шатааж утаа гаргасан. Тэр утааг сорсон... Маргааш нь 16 цагийн үед ундааны хуванцар савыг тамхиар 2 удаа цоолж, мөнгө хуйлж ундааны савны цоолсон нүх рүү хийсэн. Тэгээд мөнгөлөг цаасаар тогоо хийж хуйлсан мөнгөн дээрээ тавьсан. Ингээд тогоон дотроо нунтаг өвсөө  хийж, дээрээс нь асаагуураар шатааж, савныхаа амаар сорсон. Тэгээд сорж дуусаад ундааны сав болон мөнгөлөг тогоогоо нуучихаад хэвтсэн. Ингээд байж байтал О.Э ганцаараа ирсэн. О.Э ирээд удаагүй байтал гаднаас 2 цагдаа орж ирээд энд юу үнэртээд байна гэж хэлсэн. Тухайн хоёр цагдааг хаалга тогших үед би түүж нунтагласан өвсөө цонхоор шидсэн. Цагдаа нар орж ирээд миний цонхоор шидсэн өвсийг олсон мөн нуусан ундааны хайрцаг, тогоо, хуйлж ороосон мөнгийг олсон. Мөн цагдаа нар миний өчигдөр орой цонхоор шидэж нуусан саарал дөрвөлжин хайрцагтай нунтаг өвс, мөнгөн дэвсгэрт, тунгалаг цаас, шилэн триконы хэсэг зэргийг олсон... Би тухайн өвсөө 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр барагцаагаар 12 цагийн үед Орхон амйаг Жаргалант сумын төв, засмал замаас урагш байсан хашаан дотроо тоосгон байшинтай айлын өвөлжөөнөөс түүсэн юм. Тухайлбал тус өвөлжөөтэй залгаа арын хашаанд нь хураасан өвс газарт байхаар нь би тэр өвснүүд дотроос түүсэн... Гэм буруугаа хүлээж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэсэн мэдүүлэг,

 

- Гэрч О. Э мөрдөн шалгах ажиллагаанд: ...би ажлаасаа тараад 18 цагийн үед Б.Эийн хэлж өгсөн 3-23 дугаар байрны 1 давхрын нийтийн байранд очсон, очиход Б.Э нь ганцаараа нэг өрөөнд хэвтэж байсан. Ингээд бид хоёр ойр зуурын юм яриад байж байтал удалгүй хаалга тогшоод хоёр цагдаа орж ирсэн. Цагдаа нар орж ирээд энд Баярмаа гэдэг хүн байдаг уу гэхэд Б.Э нь манай хажуу талын хаалга гэж хэлж өгсөн. Анх хаалга тогшиход Б.Э нь газарт дэвссэн гудасны хажуугаас гялгар цагаан ууттай юм авч, онгорхой байсан цонхоор шидсэн юм. Цагдаа нар юу үнэртээд байгаа юм бэ, гээд өрөө рүү орж ирсэн. Тэгснээ нэг цагдаа нь та нар өвс хэрэглэсэн үү гэж асуухаар нь Б.Э бид хоёр үгүй гэж хэлсэн. Тэгээд тэр цагдаа нь утсаар хүнтэй яриад байсан бөгөөд Энхжин гэх цагдаа ирсэн. Энэ үед анх ирсэн 2 цагдаагийн намхан цагдаа нь гал тогооны жижиг цагаан түмбочко дотроос хөх өнгийн хуванцар дотор байсан жижиг усны хоосон сав, нэг ороосон мөнгөлөг цаасыг гаргаж ирсэн юм. Тэр ундааны савыг хоёр цоолсон байсан. Ингээд байж байтал ахин цагдаа нар ирсэн бөгөөд гадаа цонхны доороос юм олоод байх шиг байсан. Б.Эийн байсан өрөөний цонхны тавцан дээрээс хуйлсан мөнгөн дэвсгэрт олж байсан. Тэгээд гадаа гарсныхаа дараа жижиг жин буюу хэл дээр нөгөө Б.Эийн гадагшаа шидсэн гялгар ууттай өвсийг жинлэж үзэхэд 9 гр гэж байсан юм. Ингээд бид нар цагдаа руу явсан. гэсэн мэдүүлэг /хх-ийн 28х/,

 

- Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд: ...2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ахлах ахлагч Д.Даваажаргалын хамт 24 цагаар хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгтэл 3-23-35 тоотод аав, ээж 2 зодолдоод байна гэсэн дуудлага ирсэн бөгөөд очиж шийдвэрлэсэн. Тэгээд би 3-23-141 тоот буюу тус нийтийн байрны 3 тоотод амьдардаг Өнөбаттай уулзаж түүний регистрийн дугаарыг авч бүртгэлд оруулах зорилгоор тэдний гэрт очсон. Ингээд хаалгыг нь тогшиход онгойлгосон бөгөөд дотор нь Өнөбат байхгүй, харин танихгүй хоёр залуу байсан. Тэгээд гэр рүү нь ортол гэрээс нь ихүүн үнэр үнэртээд, нэг шивээстэй залуугийн нүд нь бүлцийсэн байсан юм. Би тэд нараас өвс хэрэглэсэн юм уу гэж асуухад, үгүй тамхи татсан гэж хэлсэн. Тэгтэл Даваажаргал тус өрөөний цонхыг нээж хараад цонхон доор гялгар ууттай нунтаг зүйл байна гэж хэлсэн. Тэгээд би утсаараа жижүүрт мэдэгдэж, бүрэлдэхүүн дуудсан. Ингээд бүрэлдэхүүн ирсэн ба гадаа гарч гялгар ууттай нунтаг өвсийг харсан, мөн газарт дөрвөлжин хайрцаг байсан бөгөөд тус хайрцаг дотор 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, жижиг ууттай нунтаг зүйл, чихрийн цаасанд ороосон цагаан тунгалаг цаас байсан, хар өнгийн триконы хэсэг байсан. Өрөөнд үзлэг хийхэд жижиг шүүгээний доор усны цоолсон хуванцар сав, хэлбэрт оруулсан тунгалаг цаас байсан. Мөн цонхны дотор талын тавцан дээрх хулдаасны доор 50 болон 500 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг хуйлж тавьсан байсан. Ингээд гадаа байсан гялгар ууттай нунтагласан өвсийг жинлэж үзэхэд 9 гр болж байсан. Харин жижиг хайрцаг дотор байсан жижиг ууттай нунтаг зүйлийг жинлэж үзэхэд жинлэгдэхгүй буюу жин дарахгүй байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30х/,

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 6-11х/,

 

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 22-25х/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 3213 дугаартай ...1. Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж тус бүр нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Од О.ЭУБ98071518 2022.05.22 гэж хаягласан шээснээс мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. Б.Э ГК98091310 2022.05.22 гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн.  

3. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцид багтдаг болно. гэсэн дүгнэлт /хх-ийн 48-50х/,

 

- Хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хх-ийн 16-17, 20-21х/,

 

- Хүний биеэс биологийн дээж авч, мансуурах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-ийн 14-15, 18-19х/,

    

-  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 3214 дугаартай 1.Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Өнгөгүй гялгар ууттай ургалам мэт зүйл, зиплок түгжээ бүхий гялгар ууттай ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9-тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрсэн. Дельта-9-тетрагидроканнабинол НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн хоёрдугаар жагсаалтад хамаарна.

3. Өнгөгүй гялгар ууттай ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 11,1 гр, цэвэр жин нь 8,1 гр, дээж авсны дараах цэвэр жин нь 7,9 гр байна. Зиплок түгжээ бүхий гялгар ууттай ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 0,3699 гр, цэвэр жин нь 0,1688 гр дээж авсны дараах цэвэр жин нь 0,1077 гр байна. гэсэн дүгнэлт /хх-ийн 55-57х/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 960 дугаартай ... 1. Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл шинжилгээнд тэнцэж байна.

2. шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцид багтдаг болно.

3. Ургамал мэт зүйлийн ууттай жин нь 16,9 грамм, цэвэр жин нь 5,9 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 5,6 грамм болов. гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 241-244х/,

 

  • Шүүх сэтгэц эмгэг судлалын 725 дугаартай дүгнэлт /хх-ийн 66-68х/,

 

- Б.Эийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, / хх-ийн 94х/,

 

- Б.Эийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 81х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг судалсан болно.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Эийг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Дээрх нотлох баримтуудаар 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Орхон амйаг Жаргалант суманд байх айлын өвөлжөөнөөс Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг түүж, улмаар Орхон аймгийн Уурхайчин баг 3-23 дугаар байранд байх нийтийн байранд  хэрэглэсэн байхад нь цагдаад баригдсан үйл баримт болсон байна.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь хориглосон Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан болох нь шүүгдэгч Б.Эийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

гэрч О.Энхбаярын ...Б.Эийн хэлж өгсөн 3-23 дугаар байрны 1 давхрын нийтийн байранд очсон... Ингээд бид хоёр ойр зуурын юм яриад байж байтал удалгүй хаалга тогшоод хоёр цагдаа орж ирсэн. Цагдаа нар орж ирээд энд Баярмаа гэдэг хүн байдаг уу гэхэд Б.Э нь манай хажуу талын хаалга гэж хэлж өгсөн. Анх хаалаг тогшиход Б.Э нь газарт дэвссэн гудасны хажуугаас гялгар цагаан ууттай юм авч, онгорхой байсан цонхоор шидсэн юм. Цагдаа нар юу үнэртээд байгаа юм бэ, гээд өрөө рүү орж ирсэн. Тэгснээ нэг цагдаа нь та нар өвс хэрэглэсэн үү гэж асуухаар нь Б.Э бид хоёр үгүй гэж хэлсэн...  2 цагдаагийн намхан цагдаа нь гал тогооны жижиг цагаан түмбочко дотроос хөх өнгийн хуванцар дотор байсан жижиг усны хоосон сав, нэг ороосон мөнгөлөг цаасыг гаргаж ирсэн юм. Тэр ундааны савыг хоёр цоолсон байсан. Ингээд байж байтал ахин цагдаа нар ирсэн бөгөөд гадаа цонхны доороос юм олоод байх шиг байсан. Б.Эийн байсан өрөөний цонхны тавцан дээрээс хуйлсан мөнгөн дэвсгэрт олж байсан. Тэгээд гадаа гарсныхаа дараа жижиг жин буюу хэл дээр нөгөө Б.Эийн гадагшаа шидсэн гялгар ууттай өвсийг жинлэж үзэхэд 9 гр гэж байсан юм. Ингээд бид нар цагдаа руу явсан. гэсэн,  

гэрч Б.Т-ын ...2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ахлах ахлагч Д.Д-ын хамт 24 цагаар хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан... гэрээс нь ихүүн үнэр үнэртээд, нэг шивээстэй залуугийн нүд нь бүлцийсэн байсан юм. Би тэд нараас өвс хэрэглэсэн юм уу гэж асуухад, үгүй тамтхи татсан гэж хэлсэн. Тэгтэл Даваажаргал тус өрөөний цонхыг нээж хараад цонхон доор гялгар ууттай нунтаг зүйл байна гэж хэлсэн. Тэгээд би утсаараа жижүүрт мэдэгдэж, бүрэлдэхүүн дуудсан. Ингээд бүрэлдэхүүн ирсэн ба гадаа гарч гялгар ууттай нунтаг өвсийг харсан, мөн газарт дөрвөлжин хайрцаг байсан бөгөөд тус хайрцаг дотор 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, жижиг ууттай нунтаг зүйл, чихрийн цаасанд ороосон цагаан тунгалаг цаас байсан, хар өнгийн триконы хэсэг байсан. Өрөөнд үзлэг хийхэд жижиг шүүгээний доор усны цоолсон хуванцар сав, хэлбэрт оруулсан тунгалаг цаас байсан. Мөн цонхны дотор талын тавцан дээрх хулдаасны доор 50 болон 500 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг хуйлж тавьсан байсан. Ингээд гадаа байсан гялгар ууттай нунтагласан өвсийг жинлэж үзэхэд 9 гр болж байсан. Харин жижиг хайрцаг дотор байсан жижиг ууттай нунтаг зүйлийг жинлэж үзэхэд жинлэгдэхгүй буюу жин дарахгүй байсан юм...” гэсэн мэдүүлгүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 3213 дугаартай дүгнэлт, хэв загвар, дээж авсан тэмдэглэл, хүний биеэс биологийн дээж авч, мансуурах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 3214 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 960 дугаартай дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын 725 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагааг, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамрааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон Улсын гэрээ, конвенцид заасан.

 

       “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд хүчтэй нөлөөлөл үзүүлдэг Мансууруулах эмийн тухай 1961 оны НҮБ-ын конвенц, Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай 1971 оны НҮБ-ын конвенцийн жагсаалтанд заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтанд байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгодог.

 

            Иймээс сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур санаатайгаар байгальд ургадаг мансууруулах бодис бүхий ургамлыг түүсэн, орон байрнаас эхлэн тусгай зориулалтын байр, агуулах сав, өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт байлгахыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн шинж нь  Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

 

          Шүүгдэгч Б.Эийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль тогтоомжийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

            Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлзээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

          Иймд шүүгдэгч Б.Эийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчилэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

           Хохирлын талаар:

           Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

           Уг гэмт хэрэг нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан үеэс төгсдөг, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг бөгөөд хэлбэрийн шинжтэй гэмт хэрэгт бодит хохирол үл шаардах тул шүүгдэгч Б.Эийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүгдэгч Б.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Улсын яллагч: “...Шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэж,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

     Шүүгдэгч Б.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Шүүгдэгч Б.Эийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал, урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь түүний гэм бурууд тохирсон гэж үзэв.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Б.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн bon agua  гэсэн бичигтэй хуванцар сав, мөнгөлөг өнгийн хэлбэрт оруулсан тунгалаг цаас, саарал өнгийн дөрвөлжин хайрцаг, зиплок түгжээ бүхий гялгар ууттай 0,1077 гр ургамал мэт зүйл, чук гек гэсэн бичигтэй чихрийн цаасанд ороосон тунгалаг цаас, шилэн тирконы 2 ширхэг хэсэг, цагаан өнгийн гялгар ууттай 7,9 гр ургамал мэт зүйл зэргийг уг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг, хуйлж ороосон 500 төгрөг, 50 төгрөг, 20 төгрөгний дэвсгэрт тус бүр 1 ширхэгийг шүүгдэгчид буцаан олгохыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгахаар шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Б.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Эийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн bon agua  гэсэн бичигтэй хуванцар сав, мөнгөлөг өнгийн хэлбэрт оруулсан тунгалаг цаас, саарал өнгийн дөрвөлжин хайрцаг, зиплок түгжээ бүхий гялгар ууттай 0,1077 гр ургамал мэт зүйл, чук гек гэсэн бичигтэй чихрийн цаасанд ороосон тунгалаг цаас, шилэн тирконы 2 ширхэг хэсэг, цагаан өнгийн гялгар ууттай 7,9 гр ургамал мэт зүйл зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг, хуйлж ороосон 500 төгрөг, 50 төгрөг, 20 төгрөгний дэвсгэрт тус бүр 1 ширхэгийг шүүгдэгчид буцаан олгохыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

  6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 

7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.НАРМАНДАХ