Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/301

 

 

 

 

 

 

 

 

 

2022         09         05                                        2022/ШЦТ/301

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав,

улсын яллагч Г.Эрдэнэзул,

шүүгдэгч Ш.А нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот  танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Ад холбогдох эрүүгийн 22250045**** дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ш.А

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.А нь 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг Их хаадын цуваа байрны **-*** тоотод эхнэр Н.Мг нүүрэн тус газарт нь гараараа цохиж, үс гарнаас нь татаж орноос унагах зэргээр эрүүний баруун хэсэг, хоёр гарын бугалга, баруун гарын шуу, зүүн хөлийн өвдгөнд цус хуралт бүхий гэмтэл учруулан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Ш.А шүүх хуралдаанд: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,

 

- Шүүгдэгч Ш.А мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумаас гэр бүлийн хамт Орхон аймагт ирсэн... 2022 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад бид нар унтах гэж байсан. Том хүү Тулга хоол идмээр байна гэхээр нь эхнэр Н.М бор өнгийн сүүнд хийж иддэг зүйл авч ирж өгсөн. Хүүг унтсаны дараа идэж байгаад үлдээсэн идэх зүйлийг эхнэр Н.М хураах гэж байгаад газар унагаачихсан. Би аятайхан тавьчихгүй яасан юм бэ гэхэд... гөлгөө чамд ямар хамаатай юм бэ, би өөрөө цэвэрлэдэг юм гэж хэлсэн. Би хэрүүл хийгээд яах вэ гээд хэвтэж байхад эхнэр Н.М... чамаас би сална, эцэг нь чамаас илүү тэжээдэг юм гэж хэлснээс болж бид хоёр хоорондоо маргалдаж, улмаар Н.Мгийн эрүүний баруун тал руу гараараа цохисон, орноос татаж буулгасан... Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Эхнэр Н.Мгийн биед учирсан гэмтлийг би учруулсан. Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 28х/,

 

- Хохирогч Н.М мөрдөн шалгах ажиллагаанд: ... Хүүхдүүд унтсаны дараа Тулгын идэж байгаад үлдээсэн попкорныг цэвэрлэх гэж байгаад газар асгахад нөхөр Ш.А над руу уурлаж, бид хоёр маргалдсан. Би орно дээрээ унтах гээд хэвтэж байхад нөхөр Ш.А миний эрүүний баруун талын хэсэг рүү гараараа 2 удаа алгадсан. 1 удаа гараа атгаж байгаад цохисон. Намайг босохын завдалгүй үс, 2 гарнаас татаж, зулгааж орноос унагасан. Би тэр үед том хүүгээ тэврэхэд нөхөр Ш.А хийж байсан үйлдлээ зогсоосон. Орноос чирүүлээд унахдаа зүүн хөлийн өвдөг хэсэг шалан дээр цохигдож хөхөрчихсөн...Би цагдаагийн 7035102 дугаарын утсанд дуудлага өгсөн... Тухайн үед Ш.А архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 14х/,

 

- Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд: ...2022 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 00 цагийн үед гэртээ байхад миний утас руу охин Н.М залгаад... уйлаад Ш.А намайг зодоод байна, та хүрээд ирээч гэж хэлсэн. Бм Н.Мд хандаж... ээж нь машин байхгүй шдээ, цагдаад дуудлага өгсөн үү гэж хэлэхэд утсаа салгасан. Би машин дуудаж шөнийн 02 цагийн үед охин Н.Мгийн гэрт очих үед цагдаа нар ирээд Ш.Аг аваад явсан байсан. Ш.А нь архи уугаагүй эрүүл байсан ба жаахан зүйлээс болж охин Н.Мтай маргалдаж зодсон байсан. Н.Мгийн баруун талын хацар, хоёр гарын бугалга, зүүн хөлийн өвдөг нь хөхөрчихсөн байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 16х/,

 

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 601 дугаартай дүгнэлтэд: “...1. Н.Мгийн биед эрүүний баруун хэсэг, хоёр гарын бугалга, баруун гарын шуу, зүүн хөлийн өвдгөнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.

3. Эрүүний баруун хэсэг, хоёр гарын бугалга, баруун гарын шуу, зүүн хөлийн өвдгөнд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 21-22х/,

 

- Шүүгдэгч Ш.Ан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 37, 39/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх нотлох баримтуудаар 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг Их хаадын цуваа байрны **-*** тоотод эхнэр Н.Мг нүүрэн тус газарт нь гараараа цохиж, үс гарнаас нь татаж орноос унагах зэргээр эрүүний баруун хэсэг, хоёр гарын бугалга, баруун гарын шуу, зүүн хөлийн өвдгөнд цус хуралт бүхий гэмтэл учруулан зодсон үйл баримт болсон байна.

 

Прокуророос шүүгдэгч Ш.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ш.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Мгийн мэдүүлэг, гэрч Б.Н-гийн мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 601 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ш.Агийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгч Ш.Аг прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Ш.Агийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Ш.Агийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

   Хавтаст хэрэгт хохирлын талаар нотлох баримт авагдаагүй байх бөгөөд хохирогч Н.М нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ш.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

 Шүүгдэгч Ш.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

   Улсын яллагчаас “...450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэсэн болно.

 

   Шүүх шүүгдэгч Ш.Агийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

  Шүүгдэгч Ш.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Ш.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Аг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

        

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Ш.А нь 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ш.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.НАРМАНДАХ