Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2652

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 28 өдөр                   Дугаар 183/ШШ2018/02652                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Б” ХХК-д холбогдох,

Бараа нийлүүлэх гэрээний үүрэгт 255,255.93 ам доллар буюу 646,805,764 /зургаан зуун дөчин зургаан сая найман зуун таван мянга долоон зуун жаран дөрөв/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дарьсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ДВ ойл трейдинг ГмбХ нь ХБНГУ-д бүртгэлтэй, газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг компани бөгөөд энэ үйл ажиллагааныхаа хүрээнд МУ-ын хуулийн этгээд болох “Б” ХХК-тай 2013 оны 12 сарын 01-ний өдөр 011213 тоот газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан ба гэрээний дагуу ДВ ойл трейдинг ГмбХ нь “Б” ХХК-д газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, “Б” ХХК нь газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авч үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Талууд газрын тосны бүтээгдэхүүний нэр төрөл, нийлүүлэх тоо хэмжээ, чанарын шаардлага, төлбөр төлөгдөх нөхцлийг 2014 оны 5 сарын 30-ны өдрийн 3 тоот Нэмэлт зөвшилцөл болон түүний Хавсралтад дэлгэрэнгүй тусгасан. Худалдагч “ДВ ойл трейдинг” компани нь 2000 тн БНД 90/130 маркийн замын битумыг 1 тонн тутмыг 870 ам доллараар нийлүүлэх, худалдан авагч “Б“ ХХК нь нийт 1,740,000 ам долларын төлбөрийг бараа ачигдсан өдрөөс хойш 120 хоногийн дараа 100% төлж барагдуулах нөхцөлтэй байсан. Мөн 2014 оны 12 сарын 01-нд худалдагч, худалдан авагч болон худалдан авагч “Ялгуусан” ХХК-иудын хооронд “Гурвалсан гэрээ байгуулагдан, “Ялгуусан” ХХК нь “ДВ ойл трейдинг” компаниас нийлүүлсэн замын битумын төлбөр 995,465.66 ам долларыг “Б” ХХК-д төлөх байсныг “ДВ ойл трейдинг” компанид шилжүүлэхээр болсныг, “Ялгуусан” ХХК нь 995,465.66 ам долларыг “ДВ ойл трейдинг” компанид шилжүүлсний дараа “Б” ХХК-иас “ДВ ойл трейдинг” компанид төлөх төлбөр нь хүү алданги тооцохгүйгээр 282,170.62 ам доллар болохыг тохиролцож талууд тооцоо нийлсэн актуудыг үйлдсэн. Тухайлбал: 01/2014 тоот Тооцоо нийлсэн актаар “Б” ХХК нь “ДВ ойл трейдинг” компанид 2014 оны 01 сарын 01-ний өдрөөс 2014 оны 11 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрт 1,277,636.28 ам долларын өртэй болохыг, 02/2014 тоот Тооцоо нийлсэн актаар “Ялгуусан” ХХК нь “Б” ХХК-д нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрт 995,465.55 ам долларын өртэй болохыг, 2014 оны 12 сарын 03-ны өдрийн Тооцоо нийлсэн актын протоколоор “Б” ХХК нь “ДВ ойл трейдинг” ХХК-д 1,277,636.28 ам долларын өртэй болохыг, “Б” ХХК нь “Ялгуусан” ХХК-иас авах 995,465.66 ам долларын авлагыг “Ялгуусан” ХХК шууд “ДВ ойл Трейдинг” компанид төлөхийг тус тус зөвшөөрч, баталгаажуулсан. Ийнхүү “Ялгуусан” ХХК нь “Богат” Ойл” ХХК-ийн “ДВ ойл трейдинг” төлөх төлбөрөөс 995,465.66 ам долларыг шилжүүлж авснаар “Б” ХХК-ийн “ДВ ойл трейдинг” компанид төлөх өр төлбөрийн үлдэгдэл 280,170.62 ам доллар болсон. Энэ төлбөрөөс “Б ” ХХК нь 2015.02.06-нд 20,000, 2015.03.09-нд 10,000, 2015.03.23-нд 10,000, 2015.04.13-нд 10,000, 2015.04.27-ны өдөр 32,000, 2015.05.06-нд 10,000, 2015.05.07-нд 2 ширхэг эксковатор хадгалсны төлбөр 10,000, 2015.05.26-нд 10,000 буюу нийт 112,000 ам доллар төлж 170,170.62 ам долларын үлдэгдэлтэй болсон боловч 2015 оноос хойш төлж барагдуулаагүй бөгөөд 2016 оны 6 сарын 30-ны өдөр төлбөрийг 2016 оныг дуустал хойшлуулж өгөхийг хүссэн 23/2016 тоот албан бичиг, 2016 оны 11 сарын 15-ны өдөр төлбөрийг 2017 он хүртэл хойшлуулж өгөхийг хүссэн 062/2016 тоот албан бичгүүдийг “ДВ ойл трейдинг” компанид ирүүлж байсан. “ДВ ойл трейдинг” компани нь “Б” ХХК-д төлбөрөө төлөхийг, төлбөрөө төлөхгүй удааширч байгаа нь санхүүгийн хувьд ихээхэн хэмжээний хохирол учруулж байгааг, ийнхүү удаашрах тусам талуудын хооронд байгуулагдсан 011213 тоот газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний 10.1-т “ Худалдан авагч энэхүү гэрээний Хавсралтад заасан хугацаанд хүлээн авсан Барааныхаа төлбөрийг төлөөгүй тохиолдолд Худалдагчид төлөгдөөгүй үнийн дүнгийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.2% алданги төлөх” гэж зааснаар алданги тооцогдож байгааг удаа дараа сануулж албан тоотуудыг илгээж байсан. Тодруулбал 2015 оны 01 сарын 31, 2015 оны 6 сарын 08, 2015 оны 11 сарын 02, 2015 оны 12 сарын 07, 2016 оны 4 сарын 25, 2016 оны 5 сарын 31, 2016 оны 7 сарын 15, 2016 оны 12 сарын 31-ний өдрүүдэд “Б” ХХК болон захирал Ганбатад хандан албан тоот илгээж байсан. 2017 оны 8 сарын 02-ны өдөр “ДВ ойл трейдинг” компани нь 01/2017 тоот “Шаардах эрх шилжүүлэх” гэрээгээр замын битумын үлдэгдэл төлбөр 170,170.62 ам долларын үндсэн төлбөрийг 011213 тоот газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний 10.1-д заасан алданги /Иргэний хуулийн 232.4-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь/ болох 85,085.31 ам долларын хамт, нийт 255,255.93 ам.долларыг “Б” ХХК-иас шаардах эрхээ “С” ХХК-д шилжүүлсэн юм. Түүнчлэн 2017 оны 9 сарын 26-ны өдөр “Б” ХХК болон “ДВ ойл трейдинг ГмбХ” компаниуд нь тэдний хооронд 2013 оны 12 сарын 01-ны өдөр байгуулагдсан 011213 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-нд дараах нэмэлт өөрчлөлт оруулсан. Үндсэн өр төлбөрийн үлдэгдлийг 170,170.62 ам доллар болохыг, “Б” ХХК нь үндсэн төлбөрийн үлдэгдлийг 2017 оны 10 сарын 23-ны өдөр бүрэн төлж барагдуулахыг, энэ хугацаанд төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд алдангийн хувь хэмжээг үүрэг гүйцэтгэгчид ашигтай байдлаар өөрчлөх боломжийг харилцан тохиролцохыг, 011213 тоот гэрээний 13.1 дэх заалтыг “Энэхүү гэрээнээс үүдэн гарах аливаа маргаан, санал зөрөлдөөнийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу харъяалах шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан ч “Б” ХХК нь төлбөр төлөөгүй тул 011213 тоот гэрээ болон нэмэлт өөрчлөлт оруулах тухай 01/2017 тоот гэрээний дагуу БНД 90/130 маркийн замын битумын үлдэгдэл төлбөр 170,170.62 ам доллар, алданги 85,085.31 ам доллар буюу нийт 255,255.93 ам долларыг 2018 оны 9 сарын 25-ны өдрийн Монгол Банкны хаалтын ханш 2,533.95 төгрөгөөр тооцож нийт 646,805,764 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус нэхэмжлэлд дурдсан манай компаниас дээрх үлдэгдэл 255,255.93 ам доллар гаргуулах шаардлагын Бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу хийгдсэн тооцоо, тооцоолол тодорхойгүй, ойлгомжгүй, санхүүгийн баримтууд байхгүй, нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

С” ХХК нь “Б” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 646,805,764 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ тооцоо нийлсэн баримтын дагуу хугацаандаа төлбөрөө төлөөгүй тул алданги тооцох үндэслэлтэй гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь гэрээний дагуу хийгдсэн тооцоо, тооцоолол тодорхойгүй, ойлгомжгүй, санхүүгийн баримтгүй, хууль зүйн үндэслэлгүй гэж маргав. 

 

Герман улсын “ДВ ойл трейдинг” компани нь “Б” ХХК-д газрын тосны бүтээгдэхүүнийг нийлүүлэн борлуулахаар 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 011213 тоот гэрээ байгуулсан байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээнд талууд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ.

 

Гэрээний дагуу “ДВ ойл трейдинг” компани нь “Б” ХХК-д газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, “Б” ХХК нь газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авч үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Худалдагч “ДВ ойл трейдинг” компани нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн, худалдан авагч “Б” ХХК нь хөрөнгөө хүлээн авсан, худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

 

Талууд газрын тосны бүтээгдэхүүний нэр төрөл, нийлүүлэх тоо хэмжээ, чанарын шаардлага, төлбөр төлөгдөх нөхцлийг 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 3 тоот Нэмэлт зөвшилцөл болон түүний Хавсралтаар тодорхойлж, худалдагч нь 2000 тонн БНД 90/130 маркийн замын битумыг 1 тонн тутмыг 870 ам доллараар нийлүүлэх, худалдан авагч “Б“ ХХК нь нийт 1,740,000 ам долларын төлбөрийг бараа ачигдсан өдрөөс хойш 120 хоногийн дараа төлөх үүргийг хүлээжээ.

 

“ДВ ойл трейдинг” компани болон “Б” ХХК, “Ялгуусан” ХХК нар нь Гурвалсан гэрээг 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулж, “ДВ ойл трейдинг” компаниас нийлүүлсэн замын битумын төлбөрийг “Ялгуусан” ХХК-иас “Б” ХХК-д төлөх байсныг “Ялгуусан” ХХК-иас “ДВ ойл трейдинг” компанид шилжүүлэхээр тохиролцон, “Ялгуусан” ХХК нь 995,465.66 ам долларыг “ДВ ойл трейдинг” компанид шилжүүлэх, үүний дараа “Б” ХХК-иас “ДВ ойл трейдинг” компанид төлөх төлбөр нь хүү алданги тооцохгүйгээр 282,170.62 ам доллар байхаар тохиролцсон байна.

 

Хариуцагч нь дээрх гэрээний дагуу төлөх төлбөрөөс 2015.02.06-ны өдрөөс 2015.05.26-ны өдрийн хооронд нийт 112,000 ам доллар төлсөн байх бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр талууд 011213 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-нд нэмэлт өөрчлөлт оруулан, тооцоо нийлсэн актаар төлбөрийн үлдэгдэл 170,170.62 ам доллар болохыг харилцан зөвшөөрч, “Б” ХХК нь үндсэн төлбөрийн үлдэгдлийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр энэхүү үлдэгдэл төлбөрийг төлөхөөр хугацааг тохиролцжээ.

 

“ДВ ойл трейдинг” компани нь 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 01/2017 тоот гэрээгээр “Б” ХХК-иас 011213 тоот гэрээгээр нийлүүлсэн замын битумын үлдэгдэл төлбөр 170,170.62 ам доллар, гэрээний 10.1-д заасан алданги 85,085.31 ам доллар, нийт 255,255.93 ам долларыг шаардах эрхээ “С” ХХК-д шилжүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно гэж заасанд дээрх гэрээ нь нийцжээ.

 

Иймд нэхэмжлэгч “С” ХХК нь “Б” ХХК-иас “ДВ ойл трейдинг” компанитай байгуулсан 011213 тоот гэрээний үүргийг шаардах эрхтэй ба хариуцагч нь дээрх гэрээний дагуу 2000 тонн битумыг хүлээн авсан эсэх талаар маргаагүй, тооцоо нийлсэн актаар 170,170.62 ам доллар төлөх үлдэгдэлтэйг харилцан зөвшөөрсөн, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төлөх үүргээ биелүүлээгүй буруутай байна.

 

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ гэжээ.

 

“ДВ ойл трейдинг” компани, “Б” ХХК нарын хооронд байгуулагдсан 011213 тоот гэрээний 10.1 дэх заалтаар төлбөрийг төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.2% алданги төлөхөөр тохиролцжсон нь Иргэний хуулийн  232 дугаар зүйлийн 232.6-д заасанд нийцжээ.

 

Хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 170,170.62 ам долларын 0,2 хувийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд хононгийн 34,03 ам доллар болох бөгөөд нийт 339 хоногоор тооцоход 115,375.26 ам долларын алданги тооцогдохоор байгаа боловч нэхэмжлэгчээс алдангид  85,085.31 ам долларыг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй заалтад нийцсэн байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэхэд Иргэний хуулийн 243.1, 232.6, 232.4-т зааснаар хариуцагч “Б” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд /170,170.62+85,85.31/ 255,255.93 ам долларыг гаргуулан, нэхэмжлэгч “С” ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчээс 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Монгол Банкнаас зарласан долларын төгрөгт харьцах ханшийг 2,533.95 төгрөг гэж тодорхойлсноор 255,255.93 ам долларыг 646,805,764 төгрөг гэж тооцлоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 3,391,980 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 3,391,980 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь  зүйтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирж мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т заасныг баримтлан “Б” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 255,255.93 ам доллар буюу 646,805,764 /зургаан зуун дөчин зургаан сая найман зуун таван мянга долоон зуун жаран дөрөв/ төгрөг гаргуулан “С” ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 3,391,980 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 3,391,180 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ