| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2018/03130/И |
| Дугаар | 2634 |
| Огноо | 2018-11-27 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 2634
2018 оны 11 сарын 27 өдөр Дугаар 183/ШШ2018/02634 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: З-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б-д холбогдох,
хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Наранцогт, хариуцагч Ц.Б, нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ц.Бтай 2010 онд танилцаж, АНУ-д очиж суралцахдаа 2011 онд хүү А.Д, 2013 онд охин Х.А төрүүлсэн. 2015 онд Ц.Б нь Монголд очсоноосоо хойш 2 хүүхэдтэйгээ ямар ч холбоогүй байсан. Хүү Д төрөлхийн бөөрний гармоны дутагдалтай, эмнэлгийн хяналтанд байдаг. Иймд 2 хүүхдэд тэтгэлэг тогтоож өгнө үүгэв.
Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүүхдүүд мөн, хүүхдийн тэтгэлгийг хуульд зааснаар төлнө гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Н.З нь Ц.Бд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нь хүлээн зөвшөөрч маргахгүй байна.
Зохигч нь 2010 оноос хамтран амьдарч, тэдгээрийн дундаас 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүү А.Д, 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдөр охин А.Х нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, төрсний гэрчилгээгээр нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж заасан хариуцагч нь 2 хүүхдийн эцэг мөн болохыг хүлээн зөвшөөрч байгаа, Н.З, Ц.Б нар нь 2015 оноос тусдаа амьдарчээ.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлт бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж, 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй хүүхдүүдийг өсгөн хүмүүжүүлэх, сурах боловсроход нь цаашдаа гарах зардлыг хариуцагчаас нэхэмжлэх эрх нь нээлттэй юм.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2-т 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоох заалтыг үндэслэн хүү А.Д, охин А.Х нарыг эцэг Ц.Бгаар тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Ц.Бг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг Н.Зд даалгав.
Хүүхдийн тэтгэлэг тогтоосонтой холбоотойгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас 50,350 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хүү А Д, охин А Хнарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Бгаар тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Ц.Бг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг Н.Зд даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас 50,350 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ