Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2023/0876/З |
Дугаар | 221/МА2024/0495 |
Огноо | 2024-07-30 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2024/0495
2024 оны 07 сарын 30 өдөр | Дугаар 221/МА2024/0495 | Улаанбаатар хот
|
М ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2024/0492 дугаар шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бгийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч М ХХК
Хариуцагч БОАЖС
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж, Э.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай
Хэргийн индекс: 128/2023/0876/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2024/0492 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг баримтлан БОАЖСын 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/*** дүгээр тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж,
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2024/0492 дугаар шийдвэрийн 2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар хариуцагч энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалгаж дүгнэсний үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлж,
3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2024/0492 дугаар шийдвэрийн 3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол БОАЖСын 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/*** дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцож тус тус шийдвэрлэжээ.
4. Хариуцагч БОАЖСын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: ...Хариуцагч БОАЖСын 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/*** дүгээр тушаалаар "М" ХХК-д олгосон газар нь усан сангийн хамгаалалтын бүстэй давхцалтай болох нь тус яамны харьяа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 892 дугаар албан бичгээр тогтоогдсон тул нэхэмжлэгч "М" ХХК-ийн 524 м.кв газрын ашиглах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгож шийдвэрлэсэн. Мөн хүчин төгөлдөр хууль тогтоомжид нийцүүлэн цаашид гарах эрсдэлээс сэргийлэх, хамгаалах зорилгоор хууль зүйн үндэслэлтэй тушаал гаргасан. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д "Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно.",Мөн Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т "Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтооно." гэж тус тус заасан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаартай тогтоолоор "Улаанбаатар хотын усны эс үүсвэрийн хамгаалалтын бүсийг тогтоосон. Хариуцагчийн зүгээс хүчин төгөлдөр тогтоол шийдвэрийг үндэслэн түүнийг хэрэгжүүлэх, нийцүүлэх байдлаар тушаал, шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гаргах үүрэгтэй байгууллага юм. Тиймээс Газрын тухай хууль, Усны тухай хууль болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хүчин төгөлдөр тогтоолыг үндэслэн маргаан бүхий актыг хууль зүйн үндэслэлтэй гаргасан байхад анхан шатны шүүхээс хариуцагч БОАЖСын А/*** дүгээр тогтоолыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн нь хүчин төгөлдөр тогтоол, холбогдох хууль тогтоомжийг дутуу, буруу дүгнэсэн гэж үзэж байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06- дугаар сарын 05-ны өдрийн 0492 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үүгэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэснэээс шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, хариуцагч БОАЖСын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч М ХХК-иас БОАЖСад холбогдуулан БОАЖСын 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/*** тоот Газар ашиглах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
3. Анхан шатны шүүхийн ... маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй, хариуцагч нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрх нь дээрх 8 дахь хэсэгт дурдсан хуулийн зохицуулалтууд хэрэгжиж эхлэхээс өмнө цаг хугацаанд үүссэн байгаад дүгнэлт хийлгүйгээр газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж дүгнэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу БОАЖСын 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/*** дүгээр тушаалыг хариуцагчаас шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх-ээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
4. Хариуцагч БОАЖСын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бгийн ... хариуцагч БОАЖСын 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/*** дүгээр тушаалаар М ХХК-д олгосон газар нь усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай болох нь тус яамны харьяа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 892 дугаар албан бичгээр тогтоогдсон тул нэхэмжлэгч компанийн 524 м.кв газрын ашиглах эрхийг хэсэгчлэн хүчингүй болгож шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.
5. Хэрэгт авагдсан баримтуудаар хэргийн нөхцөл байдал тодорхой болсон байхад анхан шатны шүүх цаашид хэргийн нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай гэж үзэн, маргаан бүхий актыг түдгэлзүүлж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх; гэж заасныг буруу хэрэглэжээ.
5.1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүс-ийг тогтоосон бөгөөд тус хамгаалалтын бүс нь нэхэмжлэгч М ХХК-д олгосон 524 м.кв газартай давхцсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
5.2. Мөн үл хөдлөх хөрөнгө гэх уурын зуухны барилгатай усны эх үүсвэрийн онцгой хамгаалалтын бүс 0,66 м.кв-аар давхцсан нь тогтоогдсон байхад эдгээр нөхцөл байдлыг хариуцагч БОАЖС нь цаашид тодруулах шаардлагагүй, дахин акт гаргах үндэслэлгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Жавхлан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... давхцсан хэсэгт нөхөх олговор олгоогүй, өөр газар заалгах зэргээр дахин шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзснийг дэмжиж байгаа гэх боловч энэ нь хариуцагчийн үйл ажиллагаанд хамааралгүй, усны онцгой хамгаалалтын бүсийг хариуцагч тогтоогоогүй тул нөхөх олговор олгох, өөр газрыг ашиглуулах зэрэг шийдвэр гаргах чиг үүрэггүй байна.
5.3. Нэхэмжлэгч М ХХК анх 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/328 тоот тушаалаар 11.3 га талбай газрыг ашиглаж байсан боловч БОАЖС усны онцгой хамгаалалтын бүстэй давхцсан 524 м.кв хэсгийн ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1-д заасныг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
6. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2024/0492 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн нэг дэх заалтыг 1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1-д заасныг баримтлан М ХХК-ийн гаргасан БОАЖСын 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/*** тоот тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж, 4 дэх хэсгийн ... үлдээж, нэхэмжлэгчээс шинжээчийн зардалд урьдчилан төлсөн 649444 төгрөгийг болон улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус хариуцагч БОАЖСаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай гэснийг үлдээсүгэй гэж, 4 гэсэн дугаарыг 2 гэж, шийдвэрийн 2,3 дахь заалтыг бүхэлд нь хасаж тус тус өөрчлөн, үлдэх хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бгийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч төрийн байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ