Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2531

 

 

 Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/02751 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э ХХК-ийн хариуцагч Г.Эт холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 279 115 900 төгрөг гаргуулах, Э ХХК-иас 439 266 750 төгрөг гаргуулахыг хүссэн Г.Э, Ж.М нарын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг, зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Э ХХК нь Г.Этэй 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд баригдсан “WM” үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилгын цонх, хаалга, шилэн фасадны ажлыг хийж гүйцэтгэхээр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. Гэрээгээр 325 000 000 төгрөгийн ажил гүйцэтгэхээр тохирч, 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ажлаа дуусгаж цонх суулгасан акт үйлдэж, ажил хүлээлцсэн. Ажлын хөлс 300 000 000 төгрөгийг 2015 оны 8 дугаар сард өгсөн. 1 дүгээр гэрээнээс 300 000 000 төгрөгийг төлж 25 689 000 төгрөгийг төлөөгүй. Дараа нь 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 2 дахь гэрээ байгуулж барилгын цахилгаан, галын дохиолол, интернет, домофон, хяналтын камер суурилуулах ажлыг 130 000 000 төгрөгөөр тохирсон. Цахилгааны ажлыг 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр дуусгаж, туршилт хийж актаар хүлээлцсэн. 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр галын дохиолол, камерын  ажлыг шалган хүлээлгэж өгсөн. Ингээд барилгыг 2016  оны 6 дугаар сарын 13-ны өдөр улсын комисс хүлээн авсан. 2 дахь гэрээний хөлс 130 000 000 төгрөгийн төлбөрт тус барилгын 2-р давхарт 60 м.кв бүхий оффисын зориулалттай талбайг Э ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохирсон боловч бусдад худалдсан  байсан. Ингээд өмнөх гэрээний төлөөгүй хөлс 25 689 000 төгрөг, алданги 12 849 000 төгрөг, нийт 38 547 000 төгрөг, 2 дахь гэрээний төлбөр 130 000 000 төгрөг, алданги 65 000 000 төгрөг нийт 195 000 000 төгрөг нийт 233 547 000 төгрөгийг нэхэмжилсэн. Э ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч юм. Г.Энь нийт 455 689 000 төгрөгийн ажил үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татвар болох 45 568 900 төгрөгийг манайд төлөх ёстой. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 1 дэх гэрээний дагуу ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэж өгсөн. 2 дах гэрээний дагуу ажлыг 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэгчээс нэхэмжилсэн 439 266 750 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. Иймд Г.Эээс 279 115 900 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Э ХХК нь гүйцэтгэсэн ажлаа Барилгын тухай хуульд зааснаар актаар хүлээлгэж өгөхийг шаардсан ч өгөөгүй. 1 дүгээр гэрээний ажлыг дутуу, 2 дугаар гэрээний ажлыг бас дутуу хаяад явсан. Бид өөрсдөө мөнгө гаргаж улсын комисст хүлээлгэн өгсөн. Шинжээчийн дүгнэлтээр 1 дүгээр гэрээнээс 49 272 700  төгрөг, 2 дугаар гэрээнээс 49 022 300 төгрөгийн ажлыг гүйцэтгээгүй гэдгийг тогтоосон. Барилгын интернет, камер, домофон зэргийг суулгуулсан материал нь чанартай эсэх нь эргэлзээтэй. Бидэнд ажлаа танилцуулаагүй, стандартын дагуу тайлагнаагүй. Э ХХК нь ажил гүйцэтгэхдээ хууль зөрчсөн учраас бид хүлээн авах боломжгүй. 1 дүгээр гэрээнээс 162 844 500 төгрөгийн ажил гүйцэтгээгүй, гэрээний 4.4-т заасны дагуу алданги 81 422 250 төгрөг, нийт 244 266 750 төгрөгийг, 2 дугаар гэрээнээс хийгээгүй ажлын хөлс 130 000 000 төгрөг, алданги 65 000 000 төгрөг, нийт 195 000 000 төгрөгийн хохирол учирсан. Иймд Э ХХК-иас нийт 439 266 750 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг, 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэг, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Эээс 200 343 600 төгрөг гаргуулж Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг 78 772 300 төгрөгийн нэхэмжлэл, Э ХХК-иас 439 266 750 төгрөг гаргуулахыг хүссэн Г.Эийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Э ХХК нь 2013 онд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч болж албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдэн гэрчилгээ авсан. Гэтэл шүүхээс татвар төлөгч нь татварын тайландаа тусгаж тайлагнасан нь баримтаар нотлогдоогүй гэх үндэслэлээр Г.Эийг 45 568 900 төгрөгийн НӨАТ-аас чөлөөлсөн нь НӨАТ-ын тухай хууль, ААНОАТ-ын тухай хууль, Татварын Ерөнхий хуулиудыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь 2 тоот гэрээнээс нэг ч төгрөг орж ирээгүй байхад бид татварын тайлан гаргах үндэслэлгүй юм. 1 тоот гэрээгээр 21 м.кв хаалга хийхээс бүрэн хийгдсэн. 268.53 м.кв цонх, 769.68 м.кв шилэн фасад байсан боловч Г.Эзурагт өөрчлөлт оруулснаас цонхны хэмжээ хасагдаж 204.07 м.кв болсон. Харин шилэн фасадны хэмжээ нэмэгдэж 869.44 м.кв хийгдсэн. Нийт шилэн фасадны хэмжээ 495.66+373.78=869.44 м.кв дээр 23.4 м.кв тамбар хийгдсэн байсныг шинжээчийн дүгнэлтээр илтэд нэг талыг барьж хасагдсан цонхны хэмжээг хасаад нэмэгдсэн фасадны хэмжээг нэмээгүй бүрэн бус дүгнэлт гаргасан байсан тул хэргийн газрын үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн аваагүй. Шинжээч обьектыг бүрэн гүйцэт үзээгүй эсвэл хариуцагчийн үгээр 13 хяналтын камер хийгдсэн байсныг 7 гэж илт худал дүгнэлт гаргасан байсан. Бид нийт 279 115 900 төгрөг нэхэмжилснээс шүүх 200 343 600 төгрөгийг хангаж 78 772 300 төгрөг хангахгүй орхисныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хийгээгүй  ажлыг  хийсэн  болгож үндэслэлгүйгээр  хөрөнгөжих  явдлыг  шүүх дэмжиж шийдвэр гаргасан. Улсын комиссоос ирж үзэхдээ ийм, ийм зүйл дутуу байна гээд бичээд бидэнд өгсөн. Тэр бичгийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолыг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд 2015 оны 06 дугаар сард зодоон болсноос хойш Э ХХК-ийнхантай уулзалдаагүй. Зодоон болсноос хойш 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдөр улсын комисс ирж үзэн дутуу ажил хийгдсэн тухай бичиг өгсөн. Хэрэгт шинжээчийн дүгнэлт гарсан байдаг ба тэр шинжээчийн дүгнэлтэд хийгээгүй ажлын жагсаалтыг гаргасан. Тус дүгнэлтэд заагдсан зөрчил нь бүгд шүүхээс үнэлээд байгаа заслын ажил буюу 1.30 сая төгрөгийн гэрээнд заагдсан ажлууд юм. Өөрөөр хэлбэл улсын комиссын дүгнэлтэд дурдсан ажлууд, шинжээчийн дүгнэлтэд дурдсан ажлууд хийгдээгүй юм. Шүүх хуралдаанд хариуцагч болон сөрөг нэхэмжлэгч Ж.Мыг шүүх хуралдаанаас гаргаад гэрч гээд гэрчийн мэдүүлэг авсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг гэрч болгосон. Хариуцагч Г. Эрдэнэцэцэг нь шинээр гэрч болсон Ж.Мын эхнэр нь юм. Шүүх хамтран сөрөг нэхэмжлэл гаргасан гэр бүлийн 2 хүний нэгийг нь гэрчээр асуухдаа "эхнэрийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй" гэж асуугаагүй хуралджээ. Иймд иргэний эрхийг зөрчиж хийгээгүй ажлыг хийсэн гэж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хуулиа дээдэлдэг өөр шүүгчээр хэргээ шийдүүлмээр байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Г.Э, Ж.М нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 279 115 900 төгрөг гаргуулах /хх.1/, 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 455 689 000 төгрөгийг бараа, ажил үйлчилгээний НӨАТ болох 45 568 900 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг /хх.140-141/, хариуцагч эс зөвшөөрч марган /хх.95/, бодит хохирол болон алдангид 439 266 750 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хх.92-93/

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн тул давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагч Ж.Мт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь Г.Эээс шаардаж байгаа талаар шүүхэд хүсэлт гаргасныг шүүх зохих ёсоор шийдвэрлээгүй /хх.189/атлаа хариуцагч Ж.Мыг уг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулахаар шүүх хуралдааны танхимаас гаргажээ. Үүний улмаас  иргэн Ж.М тодорхой бус эрх зүйн байдалтайгаар шүүх хуралдаанд оролцжээ. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нар хариуцагчид холбогдуулсан нэхэмжлэлээсээ татгалзсан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар шүүх батлах учиртай.

 

Нэхэмжлэгч Г.Эийн хувьд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байхад түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бд хэргийн 146-195 дугаар талд авагдсан нотлох баримтыг танилцуулаагүй байх боловч эдгээр баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж шийдвэр гаргажээ. Хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан эрх зөрчигдсөн байх тул мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэх үндэслэлтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/02751 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 551 820 төгрөг, хариуцагчийн 1 159 668 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.НАРМАНДАХ

                                                           

                                  ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ