Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2016/0019/З |
Дугаар | 187 |
Огноо | 2017-05-22 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 187
Б.Эрдэнэбатын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагважав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чинбат, С.Ялалт, гуравдагч этгээд “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баялагмаа, Э.Жаргал нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 18 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2017/0179 дүгээр магадлалтай, Б.Эрдэнэбатын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 19 дүгээр зүйлийн 19.2, 24 дүгээр зүйлийн 24.4, 24.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Эрдэнэбатын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу хаягт байрлах “Хөх тэнгэр” хотхоны 44а байрны 7 тоот 148.4 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 44а байрны зоорийн давхарт байрлах 171, 172 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр Баатаржавын Эрдэнэбатыг улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргахыг хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгажээ.
Гуравдагч этгээд “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, “Капитрон банк” ХХК-ийн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2017/0179 дүгээр магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Эрдэнэбатын “Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу хаягт байрлах “Хөх тэнгэр” хотхоны 44А байрны 7 тоот 148.44 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 44А байрны зоорийн давхарт байрлах 171, 172 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр Баатаржавын Эрдэнэбатыг улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргахыг хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2017/0179 дүгээр магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан миний бие дараах гомдлыг хяналтын журмаар гаргаж байна.
Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухай.
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь заалтад “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, 3 дахь заалтад “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно”, мөн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж иргэний үндсэн эрхийг хуульчлан баталгаажуулсан.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 13 дугаар дүгнэлтийн үндэслэх хэсэгт “өмчлөх эрх нь өмчлөгчийн язгуур эрх бөгөөд өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй ззэмшиж, ашиглаж, захиран зарцуулах ба аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж үзээд “...Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн “...гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр...”, 27.2 дахь хэсгийн “Барьцаалбар олгосон бол барьцааны зүйлийг уг барьцаалбараар тодорхойлсон нөхцөлийн дагуу бусдын өмчлөлд шилжүүлж болно”, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн “...барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр...”, 30.3 дахь хэсгийн “Барьцааны зүйлийг барьцаагаар хангагдах үүрэг гүйцэтгэх хугацаанаас хэтрүүлж болон өөр зориулалтаар бусдад ашиглуулахдаа барьцаалуулагч нь барьцаалагчийн зөвшөөрлийг авна”, 30.4 дэх хэсгийн “Барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр энэ хуулийн 30.1-д заасан хугацаанаас хэтрүүлж гуравдагч этгээдэд эрх олгосон хэлцэл хүчин төгөлдөр бус байна”, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн “Хүчинтэй байгаа өмнөх гэрээгээр хориглоогүй бол...”, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн “...газар барьцаалах гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтын “...үл хөдлөх хөрөнгө ... өмчлөх ... эрхтэй” гэснийг зөрчсөн байна” гэж дүгнээд дээрх хуулийн заалтуудыг 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр дүгнэлтээр дээрх “...13 дугаар дүгнэлтийг үндэслэлтэй байна” гэж, мөн дээр хуулийн зарим заалт “Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалтаар барьцаалагч талд давуу байдал олгосноор иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын тэгш байдлын зарчим, Үндсэн хуулиар тогтоосон өмчлөгчийн язгуур эрхэд халдсан гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн болно. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 8406 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэсэнээр Б.Эрдэнэбат нийслэлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу хаягт байрлах “Хөх тэнгэр” хотхоны 44а байрны 7 тоот 148.4 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц болон мөн байрны зоорийн давхарт байрлах 171, 172 тоот автомашины зогсоолын хууль ёсны өмчлөгч болсон бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байгаа болно. Иргэн Б.Эрдэнэбат 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг өмчлөлд бүртгүүлэх мэдүүлгийг гаргасан.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд Үл хөдлөх эд херөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн “...Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна” /2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ гэснийг “Барьцаалуулагч нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийг баримтлан барьцааны зүйлийг гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр бусдын өмчлөлд шилжүүлэх эрхтэй” гэж хуулийг буруу тайлбарлан хэргийн үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.
Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Шинээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг тэрээр шинээр бий болсныг нотлох баримт бичгийг үндэслэн бүртгэнэ”, 16.2-т “Баригдаж дуусаагүй барилга байгууламж өмчлөх эрхийг газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, иргэний өмчийн газар дээр баригдаж байгаа бол газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тухайн газрыг өмчлөгч иргэний зөвшөөрлийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэж болно” гэж шинээр бий болсон хөрөнгө, баригдаж дуусаагүй барилга байгууламж өмчлөх гэсэн хууль зүйн өөр ойлголтыг эхний өмчлөгч мэтээр хуулийг буруу тайлбарласан байна.
Нэхэмжлэгчийн зүгээс шинээр бий болсон 2010 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 01/01/2 дугаар акт”, МФКС ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 15/127 тоот шууд эрх ашиг нь хөндөгдөх этгээдийн зөвшөөрөл зэрэг шинээр орон сууц өмчлөхөд шаардлагатай материал бүрдүүлэн мэдүүлэг гаргасан.
Мөн нэхэмжлэгч нь анхны шинэ орон сууцны үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн учраас Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэсэн заалтыг шүүх буруу хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарласан байна. Нөгөө талаас улсын бүртгэлийн татгалзах гол үндэслэл нь барьцааны болон шилжилт хөдөлгөөн хийхийг түдгэлзүүлсэн тэмдэглэлтэй гэсэн шалтгаанаар бүртгэхээс татгалзсан байгааг шүүх анхааралдаа авахыг хүсье.
Давж заалдах шатны шүүх Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д “мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол” гэж маргааны үйл баримтад хамааралгүй заалтыг баримтлан дүгнэлт хийсэн байна. Улсын бүртгэл үнэн бодитой байх зарчимд тулгуурладаг бөгөөд гуравдагч этгээдийн барьцааны тэмдэглэл нэхэмжлэгчийн захиалсан орон сууцны цаг хугацаанаас хойш байгаа болно.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн үндэслэлтэй, зөв дүгнэлт хийсэн бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 18 дугаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэж байгаа тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2017/0179 дүгээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул өөрчлөлт оруулав.
Нэхэмжлэгч Б.Эрдэнэбатаас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу хаягт байрлах “Хөх тэнгэр” хотхоны 44А байрны 7 тоот 148.44 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 44А байрны зоорийн давхарт байрлах 171, 172 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргахыг хариуцагч Улсын бүртгэл, статистистикийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг давж заалдах шатны шүүхээс бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Б.Эрдэнэбат нь 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Мфикс капитал” ХХК-тай дээрх орон сууц болон автомашины зогсоолыг захиалгаар худалдан авахаар 195 дугаар “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах худалдан авах гэрээ”-г байгуулсан бөгөөд тэрээр уг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн, талууд энэ талаар маргаагүй байна.
Гэвч нэхэмжлэгчийн байгуулсан гэрээ болон дээрх шүүгчийн захирамжаас өмнө “Мфикс капитал” ХХК нь 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр “Капитрон банк” ХХК-тай Т07/141 тоот Зээлийн гэрээ, “Зээлийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулсан байх бөгөөд барьцаа хөрөнгөд Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Америк сургуулийн урд талд зээлээр санхүүжүүлэн барих 5 блок, 120 айлын орон сууцны барилга, газар, дэд бүтэц, 205 автомашины гараж болон бусад хөрөнгийг барьцаалжээ.
Гэрээний талууд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр дээрх 2007 оны Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээг шинэчлэн байгуулахдаа барьцаа хөрөнгөд 44А, Б, В, Г байрны автомашины зогсоолыг барьцаалсан байх бөгөөд түүнд нэхэмжлэгчийн “Хөх тэнгэр” хотхоны 44А байрны зоорийн давхарт байрлах 171, 172 тоот автомашины зогсоолууд орсон байна.
Харин нэхэмжлэгчээс өмчлөгчөөр бүртгэхийг шаардаж буй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу хаягт байрлах “Хөх тэнгэр” хотхоны 44А байрны 7 тоот 148.4 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг “Мфикс капитал” ХХК нь 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдөр “Улаанбаатар хотын банк” ХХК-тай байгуулсан ЗБГ0003/100519 дугаартай “Зээлийн барьцааны гэрээ”-ний барьцаа хөрөнгөд тавьсан байна.
Дээрхээс дүгнэвэл, автомашины зогсоолын хувьд “Мфикс капитал” ХХК нь /дуусаагүй барилгын/ өмчлөгч байх үедээ буюу нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахаас өмнө Капитрон банкны барьцаанд тавьсан бол, харин орон сууцны хувьд тэрээр нэхэмжлэгчид худалдсаныхаа дараа “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн барьцаанд тавьжээ.
Иймээс автомашины зогсоолуудын хувьд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8.“улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох”-ыг хориглох; Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэсний дагуу хариуцагчийн татгалзал хууль ёсны гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул “хуулийн эдгээр зүйл, заалтыг буруу хэрэглэсэн” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.
Харин давж заалдах шатны шүүхээс “...“Мфикс капитал” ХХК-ийн “Капитрон банк” ХХК-тай 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Т07/141 тоот “Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болсон Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ний барьцаа хөрөнгөд, мөн 2010 онд орон сууцууд, автомашины зогсоолууд тус бүрт үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдож “Мфикс капитал” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэнтэй холбогдуулж 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр дахин байгуулсан Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”, “Мфикс капитал” ХХК-ийн 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдөр “Улаанбаатар хотын банк” ХХК-тай байгуулсан ЗБГ0003/100519 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-нд тус тус хамаарч барьцааны хөрөнгийн жагсаалтад бүртгэгдсэн болох нь ... тогтоогдож байна” хэмээн “Мфикс капитал” ХХК-ийн “Улаанбаатар хотын банк” ХХК-тай байгуулсан барьцааны гэрээг 2007 онд “Капитрон банк” ХХК-тай байгуулсан Зээлийн болон барьцааны гэрээтэй хамаатуулан, түүний үргэлжлэл мэтээр дүгнэсэн нь буруу байна.
Иймээс нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу хаягт байрлах “Хөх тэнгэр” хотхоны 44А байрны 7 тоот 148.44 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны хувьд “анхны өмчлөгч”-өөр бүртгүүлэх эрхтэй гэж дүгнэж болохоор байна. Учир нь энэхүү орон сууцыг “Мфикс капитал” ХХК нь нэхэмжлэгчтэй 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах худалдан авах гэрээ”-г байгуулсны дараа буюу 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Ү-2206013614 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авч, 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдөр “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн барьцаанд тавьсан байна.
Энэ тохиолдолд нэхэмжлэгчийг “улсын бүртгэлийн байгууллагад хандахдаа Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан буюу шинээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхээр хандсан нь ойлгомжгүй байгаагаас гадна тийнхүү хандсаны дагуу бүртгэлийг хийхээс татгалзсан хариуцагч байгууллагын татгалзал ... хуульд нийцсэн” гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг зөвшөөрөх боломжгүй юм.
Иймд, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй тул, мөн зүйлийн 14.2-т “Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно” гэсний дагуу хариуцагчийн татгалзал хууль бус байна. Түүнчлэн мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д “...эрхийн улсын бүртгэлийг буруу хийсэн нь тогтоогдвол ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулж болно” гэсний дагуу хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн орон сууц бүртгүүлэх тухай хүсэлт, мэдүүлэг, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болохыг нотлох гэрээ болон бусад баримтыг үндэслэн бүртгэл хийх боломжтой байжээ.
Иймээс “улсын бүртгэл үнэн бодитой байх зарчимд тулгуурладаг бөгөөд гуравдагч этгээдийн барьцааны тэмдэглэл нэхэмжлэгчийн захиалсан орон сууцны цаг хугацаанаас хойш байгаа болно” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.
Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, магадлалд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Мөн нэхэмжлэгчийн эрхийг хангах үүднээс “Мфикс капитал” ХХК-ийн нэр дээрх Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу хаягт байрлах “Хөх тэнгэр” хотхоны 44А байрны 7 тоот 148.44 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны Ү-2206013614 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгох шаардлагатайг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2017/0179 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 18 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 19 дүгээр зүйлийн 19.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Эрдэнэбатын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, “Мфикс капитал” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу хаягт байрлах “Хөх тэнгэр” хотхоны 44А байрны 7 тоот 148.44 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны Ү-2206013614 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгож, уг орон сууцны өмчлөгчөөр Баатаржавын Эрдэнэбатыг улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргахыг хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ