Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2016/0615

 

Баян-Өлгийн аймгийн Өлгий сумын Засаг даргын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 24 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Баян-Өлгийн аймгийн Өлгий сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Баян-Өлгийн аймгийн Өлгий сумын Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагадаа: “Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 0027880 тоот шийтгэврийг хүчингүй болгуулах” гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: “Усны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6, 33 дугаар зүйлийн 33.1.3, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8, 10.9.12-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Өлгий сумын Засаг дарга Ө.Хабайгаас аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Х.Жантөред холбогдуулан гаргасан “Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 0027880 дугаартай захиргааны зөрчилд ногдуулсан шийтгэвэр”-ийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 сарын 01-ний өдрийн 110/ШШ2016/0024 тоот дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч, дараахь үндэслэлээр гомдол гаргаж байна.

Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч үндэслэлгүйгээр Ө.Хабайг торгосон гэж үзэж байна. 12 дугаар сараас хойш гүүрний доод тал нүүрс худалдан борлуулдаг машинууд зогссон байсан. Үүнийг Х.Керей, ЕСерикжан, Х.Бахыт нар гүүр өнгөрч явж байхад харсан байх ёстой. Мөн Засаг даргын ажлын албаны 7 хоног болгоны шуурхай хуралдаанаар энэ асуудлыг ярьж байсан байна. Тийм байхад Х.Керей огт үзээгүй, сонсоогүй гэж байгаа нь үндэслэлгүй юм. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлд багийн Засаг даргын бүрэн эрхийг тодорхой зааж өгсөн. Тэгэхлээр энэ хүмүүс өөрсдөө чиг үүргээ мэдээд тэнд ажиллаж байсан. Үүнээс гадна энд Мэргэжлийн хяналтын газар ч ажиллаж байсан байгаа юм.

Эрх, үүргийнхээ дагүу өөрсдөө очиж жолооч нарт шаардлага тавьсан, уулзсан, үзлэг шалгалтаа хийсэн гэж хариуцагч ярьж байна. Тухайн газарт эрх бүхий байгууллага, орон нутгийн засаг захиргаанаас хэн ч очиж ажиллаагүй гэдэг асуудал байхгүй. Тодорхой хэмжээгээр хүмүүс очиж шаардлага тавьж ажиллаж байсан байгаа. Энэ нь тогтоогдож байгаа.

Гэвч энэ нь өвлийн цаг үе байсан бөгөөд худалдагч, худалдан авагч нарын нөхцөл байдал, байршил тогтоох асуудлаас болж удааширсан байна. Үүнээс болж хугацааг сунгуулья гэсэн байгаа. Нэг тонн нүүрс худалдаж авахад дахиад нэг тонн нүүрсний мөнгөөр гэр орондоо нүүрсийг зөөж авчирдаг учраас худалдан авагч нарын нөхцөл байдал хэцүү байсан. Худалдан авагчдын нөхцөл байдлыг харж үзэж байхад хууль тогтоомж зөрчигдөх гээд нөхцөл байдал хэцүү байсан. Ямар ч байсан далан татагдаж, жолооч нарт удаа дараа шаардлага хүргэгдсэн.

Далан татагдсан дараа жолооч нар тэнд зогсохоо больж энэ зөрчил зогссон байгаа. Зөрчил таслан зогсоогдсон тэнд үлдсэн ямар нэгэн хог шороо байхгүй байгаа. Үүнээс болж эрүүл мэндээр хохирол амссан хүн байхгүй. Энэ талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй байгаа. Ямар ч зөрчлийн талаар Өлгий сумын Засаг дарга бүх байдлаар арга хэмжээ авч таслан зогсох. Тийм байхад торгууль тавьсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Засаг дарга нь төрийн төлөөлөгч юм. Энэ хүн бол ажлын албатай. Ажлын албаар дамжуулан ажил үүргээ гүйцэтгүүлэх үүрэгтэй. Түүн биечлэн очиж тэр хүмүүсийг хөөж гаргах, арга хэмжээ авах гэсэн үүрэг байдаггүй. Харин хүрээнд ажлын албанд ажилладаг албан хаагч нарт үүрэг даалгавар өгөх эрхтэй. Үүний дагуу байцаагч нарт үүрэг даалгавар өгсөн. Даалгаврын дагуу тухайн хүмүүс газар дээр нь очиж байсан юм байна. Далан татах үед Х.Керей очиж ажилласан байгаа. Х.Керей огт очоогүй байж байгаад ганцхан далан татах өдөр тэр газарт очиж ажилласан гэж худал хэлж болохгүй.

Ажил үүргээ гүйцэтгэж байхад нь үндэслэлгүй шийтгэвэр оногдуулжээ гэж үзэж байна. Эрүүл мэндээрээ болон өөр ямар нэгэн байдлаар хохирсон тухай өргөдөл гомдол ирж байгаагүй.

Хавтаст хэрэгт Мэргэжлийн хяналтын газраас хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1-д заасан Ховд голын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн тэжээгдлийн муж байгаа гэж тайлбарт бичсэн байна. Тийм муж байдаггүй юм байна. Энэ талаар К.Баймурат, Х.Насихат нар мэдүүлсэн байгаа. Усны тухай хуулийн дагуу ус бохирдож болзошгүй гэж урьдчилан сэргийлж Засаг даргыг торгосон юм уу, Засаг даргын эрхэд халдаж, торгууль оногдуулсан нь хууль тогтоомж зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна.

Засаг дарга хууль тогтоомж зөрчсөн гэдэг нь хангалттай нотлогдохгүй байгаа учраас Захиргааы хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 сарын 01-ний өдрийн 110/ШШ2016/0024 тоот дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн байна.

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар Усны тухай хуулиар тодорхой үүрэг хүлээсэн этгээд болох Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргыг мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-г зөрчсөн хэмээн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 0027880 дугаар шийтгэвэрээр 2880000 төгрөгийн торгууль ногдуулжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 04-07-037/17 дугаартай удирдамжийн дагуу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6, 9 дүгээр багуудын нутаг дэвсгэрт орших Ховд голын эрэг дагуу шалгалт хийж, зохиох арга хэмжээ авах үүрэг бүхий этгээд болох сумын Засаг даргаас тодорхой зохицуулалт хийгдээгүйгээс “зөвшөөрөлгүй нүүрс борлуулах үйл ажиллагаа явуулж, хөрсийг нүүрсний хог хаягдлаар бохирдуулж байна” хэмээн Өлгий сумын Засаг даргад Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д олгогдсон эрхийн дагуу шаардлагатай арга хэмжээ авахуулахаар албан шаардлага хүргүүлсэн байна.

Уг албан шаардлагын биелэлтийг 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хангах байсныг нэхэмжлэгчийн хүсэлтээр 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан бөгөөд энэ хугацаанд шаардлагыг биелүүлээгүй тул улсын байцаагч нар 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 0027880 дугаар шийтгэвэрийг гаргажээ.

Усны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-т “усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, тэжээгдлийн мужийг тэмдэгжүүлж, бүсийн дэглэмийг мөрдүүлэх” гэж зааснаар Өлгий сумын Засаг дарга тухайн бүс нутагт дээрх үүргийн хэрэгжүүлж, арга хэмжээ авах үүрэгтэй байтал түүнийг хэрэгжүүлээгүй төдийгүй, албан шаардлагын биелүүлээгүй нь шийтгэвэр гаргах үндэслэл болсон байх тул мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарын шийтгэвэр нь хуульд нийцсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “... эрүүл мэндээрээ болон өөр ямар нэгэн зүйлээрээ хохирсон хүн байхгүй байгаа” гэсэн нь гомдлыг хангах хууль зүйн үндэслэл болохгүй бөгөөд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчилд шийтгэвэр ногдуулахад заавал бодитой хохирол учирсан байхыг шаардахгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 24 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

                                    ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

                                    ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

                                    ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ