Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/324

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0310/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч Н.М-О  /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт С овогт Н-н М-О д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2218000000340 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10  дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, С овогт Н-н М-О  /РД: ............. /, ........  оны ....  дугаар сарын .... -ны өдөр .......... аймгийн ........ суманд төрсөн, эрэгтэй, ...... настай, .......  боловсролтой, ............. сургуулийн .......  дугаар бүлгийн ........ , ам бүл .... , .............  нарын хамт .....  аймгийн ....... сумын ...... дүгээр багийн ....  дугаар хорооллын ........  байрны ..  тоотод оршин суух хаягтай.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Н.М-О ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.М-О  нь 2022 оны 08 дугаар сарын 10-ны орой 23 цагийн үед .. ........  аймгийн ........ сумын .......  дугаар багийн ...... дугаар байрны ....  дугаар орцны гадна У.Ө тай маргалдан улмаар түлхэж унаган эрүүл мэндэд нь дагз ба суурь ясны хугарал, хоёр талын духны дэлбэнд цус хуралт няцрал, дээд уруулын дотор салстад язралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М-О ын мэдүүлсэн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөн хохирогчид 500,000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2218000000340 дугаартай хэргээс:

 

Хохирогч У.Ө ын хэрэг бүртгэлтэд 2022 оны 08 дугаар сарын 12, 09 дүгээр сарын 22-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...2022 оны 08 дугаар сарын 10-ны орой 23 цаг өнгөрч байхад манай найз М-О , Г , У  нар миний ажиллаж байгаа Скай буудал дээр ирээд би урдаас нь гараад 12 дугаар сургуулийн урд талд гарахад .........-ны хажууд нэг эмэгтэй ганцаараа сууж байсан. Энэ үед би найз Г , М-О , У  нарын хамтаар тэр эмэгтэйн хажууд очоод юм ярихад тухайн эмэгтэй ганцаараа баймаар байна гэдгээ хэлсэн. Харин би тэр үед маазраад юм ярьж байгаад ............... үүдэнд бид нар хамт очсон. Ингээд байж байхад М-О  надад хандаж чи хэзээ ийм болсон юм бэ гээд надтай маргалдаад бид хоёр нэг нэгийгээ цохилгүй маргалдаж зууралдаад Г  салгасан. Харин У  хажуугийн сандал дээр сууж байсан. Ингээд бид хоёр дахин маргалдаад байж байхад М-О  намайг түлхсэн. Тэгээд би юу болсон талаар мэдэхгүй байна. Өглөө буудлын өрөөнд ухаан орж сэрсэн. Тэр гурав намайг цохиж зодсон асуудал байхгүй. Эмнэлэгт үзүүлэхэд гавлын яс цуурсан гэж хэлсэн. Би энэ асуудлын дараа 11-ний өглөө толгой өвдөөд байхаар нь нэг байранд хамт байдаг Х  ахаар хоёр өдөр толгойгоо бариулаад өвчин намдаах эм уугаад унтаад байсан. Одоо миний толгойн ар дагз хэсгээр маш их өвдөж байгаа бөгөөд гэмтлийн тасагт эмчлүүлж байна. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. М-О  надад хохирлын мөнгө гэж 500,000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11, 13 дахь тал/,

 

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4, 5-6 дахь тал/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7, 8 дахь тал/,

 

Гэрч Б.У ын хэрэг бүртгэлтэд 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...буудлын хажуугийн ...........-ны ........... дээр 1 танихгүй эмэгтэй ганцаараа сууж байсан. Тэгэхэд Ө  хажууд нь очиж суухад Г , М-О  бид гурав явцгаая. Эмэгтэй хүүхэд ганцаараа сууж байхад наанаа үлдээ гэхэд нөгөө охин бас дургүйцээд бид нарт хандаж та нар намайг орхиод явчих гэдгээ хэлсэн. Энэний дараа бид нар тухайн охины сууж байсан орцны хажуу талын .........-ны урд сандал дээр суусан. Ингэхэд Ө  бид нарт хандаад та нар яасан сүртэй юм гэтэл М-О  Ө т хандаж наана чинь эмэгтэй хүн ганцаараа суугаад байна. Бүгдээрээ арай өөр газар очиж суусан нь дээр гээд уурлаад Ө , М-О  нар хоорондоо маргалдаад арай нэгнийгээ цохичихгүй барьцалдаад заамдалцаад нэгнийхээ хувцаснаас зуураад байж байсан. Энэ үед Г  дундуур нь салгах гэж ороод салгасан. Тэгэхэд М-О  Ө  нар дахиад хоорондоо маргалдаж байгаад М-О  Ө ыг цааш бай гээд түлхэж унагаасан. Яг энэ үед Г  хажууд нь байсан. Би М-О , Ө  нараас 2-3 алхмын зайтай сууж байсан. Ө ыг түлхсэнээс өөрөөр цохиж зодсон асуудал байхгүй. Ө ыг М-О  түлхэж унагаасны дараа Ө  тэр үедээ ухаан алдаад уначихсан. Энэ үед  М-О  уйлаад Ө ыг тэврээд өвөр дээрээ тавьсан. Харин бид нар эмнэлэг дуудсан. Ө  М-О ын өвдөг дээр байж байхад ам уруул хэсэг  нь цус болсон байсан. Хаанаас нь цус гарсныг мэдэхгүй. М-О  Ө ыг тэврээд өвөр дээрээ тавиад уруулынх нь дээрд хэсэгт дараад байсан. Ингээд байж байхад тэр хавьд явж байсан хоёр залуу ирээд удалгүй Ө  ухаан орсон. Ингээд тэр хоёр залуу цагдаад ханд эсхүл бид нар цагдаа дуудаж өгнө гээд дуудлага өгсөн. М-О , Г  бид гурав 1 шил оргилуун дарс хувааж уусан. Өөр ямар нэгэн зүйл хэрэглээгүй. Эрүүл байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

 

Гэрч Х.Г гийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...М-О , Ө тай хэрэлдээд тэндээс явъя гээд уурлаад сандлаас татаж босгоод дараагийн орцны үүүдэнд очиход Ө  М-О д хандаж чи хэзээ ийм болсон юм бэ, нэг охиноос доогуур тавьлаа гээд хэрэлдээд Ө  уурлаад хоорондоо заамдалцаад нэгийгээ цохихгүй зууралдаад авсан. Тэгэхэд нь би дундуур нь орж салгасан. Тэгэхэд Ө  М-О д хандаж чи найз Л-аас айдаг биз дээ. Ер нь яах гэж энд ирсэн юм. Чамайг хэн дуудсан юм гэсэн. Тэгээд М-О  руу Ө  гүйж очоод мангасдаад цааш нь гараараа түрсэн. Тэгэхэд М-О  чи яагаад намайг ингээд байгаа юм гэж хэлээд цээж рүү нь хоёр гараараа түлхэхэд Ө  газар дагзаараа саваад ухаан алдаад унасан. Тэгэхэд би сандраад хажуугаар явж байсан приус-30 машинтай ахаас гар утсыг нь гуйгаад эмнэлэг руу залгаад түргэн дуудсан. Тэгээд эргээд харахад М-О  Ө ыг өргөөд сандал дээр гаргах гэж байсан. Тэгээд М-О  өвөр дээрээ Ө ын цээжин хэсгийг тавиад хамрны доод хэсэгт нь дараад ухаан оруулах гээд байсан. Тэгээд нэг их удаагүй цаанаас хоёр танихгүй хүн ирээд Ө ыг хараад та нар энэ хүүхдийг яачихсан юм бэ гээд нэг нь өөрийгөө цагдаа гэж танилцуулсан. Гэхдээ нэрээ хэлээгүй. Тэгээд Ө ын бас хамарны доор даж байгаад удахгүй Ө  сэрсэн. Эмнэлгийн машин ирээд Ө ыг үзээд гайгүй болсон бол явлаа бид нар давхар дуудлагатай байна зүгээр бол явчих уу гэхэд тэр өөрийгөө цагдаа гэсэн ах явж болно гээд явчихсан. Мөн түргэн ирээд явсны дараа 2 эргүүлийн цагдаа ирээд бид  нарт үзлэг хийгээд юу болсон талаар асуусан. Тэр хоёр нэгнийгээ цохиж зодсон асуудал байхгүй. Зүгээр мангасдаад заамдалцаад түлхэлцээд байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 819 дугаартай “...У.Ө ын биед дагз ба суурь ясны хугарал, хоёр талын духны дэлбэнд цус хуралт няцрал, дээд уруулын дотор салстад язралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүгэгдсэн хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтлүүдээс дагз ба суурь ясны хугарал гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар хүнд зэргийн гэмтэл, хоёр талын духны дэлбэнд цус хуралт няцрал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэл, дээд уруулын язралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

 

Н.М-О ын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2022 оны 08 дугаар сарын сүүлээр У.Ө ын данс руу 500,000 төгрөг шилжүүлсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Н.М-О ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Н.М-О ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Н.М-О ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Н.М-О ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-О д 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 36 сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 277,778 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Хохирогч Н.М-О  нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул энэ  тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг дурдаж, хохирогч нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй  гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.М-О  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр савыг шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Соён овогт Нэргүйн М-О ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-О ыг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-О д оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялыг 36 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 277,778 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.М-О  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.М-О  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч У.Ө  нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах гэм хорын зардлыг нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР