| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2018/03322/И |
| Дугаар | 2800 |
| Огноо | 2018-12-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2800
2018 оны 12 сарын 12 өдөр Дугаар 183/ШШ2018/02800 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э-д холбогдох,
гэрлэлт цуцлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид 1997 онд танилцаж, 1998 оны 6 сарын 07-нд хүү Э, 2001 оны 01 сарын 30-нд охин Х нар төрсөн. Бид хамт амьдрахад Э архи ууж, зодож дарамт үзүүлдэг байсан учраас би 2006 онд өөрийн аав, ээж дээрээ очсон байх үед бидний дундын эзэмшлийн Элентра маркийн автомашинаа авч яваад ямар ч хэл сураггүй одоог хүртэл алга болсон. Би 2009 онд Ховд аймгийн сум дундын шүүхэд нөхөр Эийг эрэн сурвалжлуулах зорилгоор хандаж байсан ч үр дүнд хүрээгүй. Энэ хугацаанд Базаррагчаатай гэр бүл болж, амьдарч миний 2 хүүхдийг эцгийн ёсоор хандаж, юугаар ч дутаалгүй өдийг хүртэл амьдарч байна. Э нь 2006 оноос хойш 1 ч удаа холбоо бариайгүй, эргэж тойроогүй, үр хүүхдэдээ туслалцаа үзүүлж байгаагүй. Одоо миний том хүү оюутан, охин 11 ангид сурдаг. Охиноо асрамждаа авна, эд хөрөнгийн маргаангүй тул гэрлэлт цуцалж өгнө үү гэв.
Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие А.Отай 1997 онд танилцаж, 1998 оны 6 сарын 07-нд хүү Э, 2001 оны 01 сарын 30-нд охин Х нар төрсөн. 2006 онд гэр бүлийн маргааны улмаас салсан. Эхнэр 2009 онд Базаррагчаатай гэр бүл болсныг би сонссон. Одоо тэр 2 гэр бүл болсон учир гэрлэлт цуцалж өгнө үү, эд хөрөнгийн маргаангүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хүсэлт болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.О нь Р.Эид холбогдуулан гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, хариуцагч нь зөвшөөрч маргахгүй байна.
Гэрлэгчид нь 1997 онд танилцаж, 1998 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гэр бүл болж, 2001 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлж, хууль ёсны гэр бүл болсон бөгөөд тэдгээрийн дундаас 1998 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүү Э.Э, 2001 оны 01 сарын 30-ны өдөр охин Э.Х нар төрсөн болох нь гэрлэгчдийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэжээ.
Гэрлэгчдэд эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг хийсэн боловч амжилтгүй болсон, шүүхээс эвлэрүүлэх хугацаа олгосон боловч эвлэрээгүй, хэн аль нь гэрлэлтийг хэвээр үргэлжлүүлэх хүсэл сонирхолгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Р.Э, А.О нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг тэжээн тэтгэх тухайгаа тохиролцож болно гэж заасан ба хариуцагч асрамжийн талаар маргаагүй тул охин Э.Хг эхийнх нь асрамжид үлдээв.
Гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 100.1, 100.3-т зааснаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Э, О нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2001 оны 01 сарын 30-ны өдөр төрсөн охин Э.Хг эхийнх нь асрамжид үлдээсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ