Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2784

 

  

                                                           

                               

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 11 өдөр                   Дугаар 183/ШШ2018/02784                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                   

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Цын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хд холбогдох,

гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Даваасүрэн, хариуцагч Д.Х, нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.        

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2004 онд танилцаж, 2006 оны 7 сарын 27-нд гэрлэлтээ батлуулсан. 2005.04.01-нд том охин Х.Ц, 2012.12.26-нд бага охин Х.Ү нар төрсөн. Д.Х нь байнга архи ууж, агсам тавьж зоддог, олон хоног, сараар архи уугаад тэнээд явчихдаг. Ингэж явахаар нь аав, ээж, ах, дүүс нь чамаас л боллоо гээд элдвээр доромжилж, зоддог, намайг ална гэж заналхийлдэг байсан. Д.Х нь олон хоногоор тэнэж явахдаа айл, саахалтын мал хулгайлж, өр ширэнд орж, цагдаагийн байгууллагад шалгагдаж өөрийн гэх хэдэн малаа хулгайн хэргийнхээ өр төлбөрт өгч дууссан. Орон гэр, үр хүүхдүүддээ ямар ч хайр, халамж, тусламж дэмжлэг үзүүлдэггүй. Бид 2015 оноос тусдаа амьдарч байна. Д.Х гэр орноо ачаад явсан. Түүнээс хойш хэд хэдэн удаа ирж агсам тавьж, зодон гэрийн эд зүйл, хаалга эвдсэн, ална гэж байнга ална гэж айлган сүрдүүлдэг. Өнөөдрийг хүртэл 2 хүүхдэдээ хичээл, сургууль, хоол, унд хувцас авахад нь зориулж нэг ч төгрөг өгч байгаагүй. 2017 оны 5 сард 21 дүгээр хороонд байх 74 сургуульд сурч дотуур байранд амьдардаг, охин Цг ээжид чинь хүргэж өгнө гэж худал хэлэн авч явсан. Одоо ч энэ байдал дахин дахин давтагдаж байгаа. Энэ хүн архи ууж согтохоороо ухаан санаагаа алдаж, өтгөн, шингэнтэйгээ холилдддог. Иймээс дахин хүүхдүүдийг минь худал хэлж авч яваад ямар нэгэн асуудалд оруулж болзошгүй тул яаралтай бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг миний асрамжид үлдээж, тэтгэлэг тогтоож өгнө үү. Бидэнд дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид 2004 онд танилцаж, 2006 оны 7 сарын 27-нд гэрлэлтээ батлуулсан. 2005.04.01-нд том охин Х.Ц, 2012.12.26-нд бага охин Х.Ү нар мэндэлж, сайхан амьдарч байсан. Мал сүрэг, гэрийн эд хогшил гэр орон гээд бүх зүйлтэй өвөө, эмээгийн хажууд тусдаа айл болон амьдарч байсан. Гэтэл эхнэр УБ хот руу ах, дүүгээ бараадаж мал маллаж баян болно гээд ярилцаж эгч Ажигсүрэн нь хүрээд ир, энд болно гээд гэр орноо аваад нүүж ирсэн. Ирсний дараа ах дүүс нь болон Ц өөрөө элдвээр доромжлоод эргүү, тэнэгээр дуудаад муухай ааш гаргаж, ах дүүдээ надаас салахаар ирсэн, салгаад өгөөч гээд гуйгаад байсан гэсэн нь төлөвлөгөөтэй ирсэн байна лээ. Энд ирж баяжих байтугай амьдрал маань тэр чигээрээ балраад ядарсан намайг арай хэтэрхий дорд үзэж, хүүхдүүдтэй уулзуулахгүй хөөж зодож цохидог болсон. Би ерөөсөө хүн зодох нь битгий хэл үг хэл ярианы холбоос муутай хүн. Би Цыг дагаж ах дүүс дээр нь ирээд хэн ч биш юм шиг доромжлуулаад хонь маллаж бүх ажлыг нь хийж байгаад нохойд орж, хонио хүртэл төлүүлснийг тэндхийн айл саахалтын хүмүүс мэднэ. Би үхэр, хонь, ямааг буцалтгүй тусламжаар хөөцөлдөж, 500,000 төгрөгөөр авсан, гэрээ тэр чигээр нь эхнэр, хүүхдүүддээ үлдээсэн. Миний өвөөгийн барьж өгсөн гэрийг өвөлжөөн дээрээ орхиод зусланд гарсан байсан нь шувууны үүр болоод ялзраад дууссан байхад нь би очиж авсан, өөр юу ч аваагүй, худлаа гүтгэж байна. Би одоо ээжтэйгээ амьдарч байгаа, салахгүй, 2 хүүхэдтэйгээ амьдарна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хүсэлт болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Ц.Ц нь Д.Хд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл гаргаж, хариуцагч нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Гэрлэгчид нь 2004 онд танилцаж, 2006 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлж, хууль ёсны гэр бүл болсон бөгөөд тэдгээрийн дундаас 2005 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр охин Х.Ц, 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр охин Х.Ү нар төрсөн болох нь гэрлэгчдийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэжээ.

 

Гэрлэгчдэд эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг хийсэн боловч амжилтгүй болсон, шүүхээс эвлэрүүлэх хугацаа олгосон боловч эвлэрээгүй, хэн аль нь гэрлэлтийг хэвээр үргэлжлүүлэх хүсэл сонирхолгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Д.Х, Ц.Ц нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв. 

 

Гэр бүлийн тухай хуулийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн  тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай  зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж заажээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг тэжээн тэтгэх тухайгаа тохиролцож болно гэж заасан ба хариуцагч асрамжийн талаар маргаагүй тул охин Х.Ц, Х.Ү нарыг эхийнх нь асрамжид үлдээв.

 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх нь хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх, хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг хөгжүүлэх, хөгжиж, төлөвшихэд дэмжин туслах, наад захын хэрэгцээт зүйлээр хангах үүрэг хүлээх юм.

 

Дээрх хуулийн заалтуудаар эцэг, эх хүүхдийн асуудлаар тэгш үүрэг хүлээх бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар” гэж, 40.1.2-т “11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтооно” гэж зааснаар охин Х.Ц, Х.Ү нарт тэтгэлэг тогтоож, эцгээр нь тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй.

 

Гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдлаа.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Д.Хыг хэвийн бус буюу согтуу байдлаар ирснээс бусад тохиолдолд эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байхыг Ц.Цд даалгав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хүүхдийн тэтгэлэг тогтоосонтой холбоотойгоор хариуцагчаас 50,350 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Х, Ц нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д 2005 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Х.Ц, 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Х.Ү нарыг эхийнх нь асрамжид үлдээсүгэй. 

 

 3.  Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Х.Ц, Х.Ү нарт тэтгэлэг тогтоож, эцгээр нь тэжээн тэтгүүлсүгэй.

 

 4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Д.Хыг хэвийн бус буюу согтуу байдлаар ирснээс бусад тохиолдолд эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байхыг Ц.Цд даалгасугай.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 50,350 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ