Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2771

 

  

                                                           

                               

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 10 өдөр                   Дугаар 183/ШШ2018/02771                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                   

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д-д холбогдох,

гэрлэлт цуцлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч З.Б, хариуцагч Т.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.        

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2008 онд танилцаж, 2009 оны 6 сарын 26-нд охин Э, 2016 оны 8 сарын 19-нд охин Х нар төрсөн. Бид хамт амьдрахдаа байнга салж, нийлээд, цугтаа байх үедээ таарамжгүй байдаг, олон удаа хамт амьдрах гэж оролдсон боловч болсонгүй. Бидэнд дундын эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдүүдийг эхийнх асрамжид үлдээнэ, гэрлэлт цуцалж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие З.Бтаой 2008 онд танилцаж, анхны охин Эг, 2016 онд 2 дахь охин Хг төрүүлсэн. амьдрах гэж оролдсон ч байнга маргалдаж, үл ойлголцсоны улмаас хамт амьдрах ямар ч боломжгүйгээ мэдсэн. Нэхэмжлэлд бичсэн болгон үнэн. Иймд гэрлэлт цуцлуулна, 2 охиноо өөрөө авна, эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хүсэлт болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З.Б нь Т.Дд холбогдуулан гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, хариуцагч нь хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

 

Гэрлэгчид нь 2008 онд танилцаж, 2008 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлж, хууль ёсны гэр бүл болсон бөгөөд тэдгээрийн дундаас 2009 оны 6 дугаар сарын 26-ны өдөр охин Б.Э, 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр охин Б.Х нар төрсөн болох нь гэрлэгчдийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэжээ.

 

Гэрлэгчдэд эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг хийсэн боловч амжилтгүй болсон, шүүхээс эвлэрүүлэх хугацаа олгосон боловч эвлэрээгүй, хэн аль нь гэрлэлтийг хэвээр үргэлжлүүлэх хүсэл сонирхолгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар З.Б, Т.Д нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв. 

 

Гэр бүлийн тухай хуулийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн  тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай  зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж заажээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг тэжээн тэтгэх тухайгаа тохиролцож болно гэж заасан ба нэхэмжлэгч асрамжийн талаар маргаагүй тул охин Б.Э, Б.Х нарыг эхийнх нь асрамжид үлдээв.

 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх нь хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх, хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг хөгжүүлэх, хөгжиж, төлөвшихэд дэмжин туслах, наад захын хэрэгцээт зүйлээр хангах үүрэг хүлээх юм.

 

Дээрх хуулийн заалтуудаар эцэг, эх хүүхдийн асуудлаар тэгш үүрэг хүлээх бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар” гэж, 40.1.2-т “11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтооно” гэж зааснаар охин Б.Э, Б.Х нарт тэтгэлэг тогтоож, эцгээр нь тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдлаа.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар З.Быг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байхыг Т.Дд даалгав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хүүхдийн тэтгэлэг тогтоосонтой холбоотойгоор хариуцагчаас 50,350 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Б, Д нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 6 дугаар сарын 26-ны өдөр охин Б.Э, 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр охин Б.Х нарыг эхийнх нь асрамжид үлдээсүгэй. 

 

3.  Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Б.Э, Б.Х нарт тэтгэлэг тогтоож, эцгээр нь тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар З.Быг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байхыг Т.Дд даалгасугай.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 50,350 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ