Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар   2022/ШЦТ/298

 

2022         09            05                                    2022/ШЦТ/298

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав,

Улсын яллагч Г.Эрдэнэзул,

Шүүгдэгч С.Т нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот  танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Тд холбогдох эрүүгийн 2225004450*** угаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С.Т

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Т нь 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Вокзалын хойд задгайн **-*** тоотод өөрийн гэртээ хамтран амьдрагч Д.Г-ын толгойн тус газар нь төмөр хоолны хутгуураар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч С.Т шүүх хуралдаанд: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,

 

         - Шүүгдэгч С.Т мөрдөн шалгах ажиллагаанд: ... Тухайн өдөр найз Туул ирээд Ганзам бид гурав 2 шил 0,5 литрийн архийг хувааж уусан. Тухайн үед нэлээд согтуу байсан. Би найз Туултай юм ярих гээд байж байтал Д.Г хажуунаас хүнтэй хэдэн үг солиулахгүй Туулыг хоёулаа гадуур явж архи ууя гээд татаж чангаагаад зүгээр байлгахгүй болохоор нь би хажууд байсан хоолны шүүгээнээс төмөр хоолны хутгуур аваад цаашаа явж унт гээд толгой руу нь 2-3 удаа цохиод автал толгойноос нь цус гаргаад унасан. Тэгтэл гаднаас Тулгаа гэх манай гэрээр орж гардаг залуу орж иртэл Д.ГС.Т намайг заазуурдчихлаа гэж хэлтэл намайг цохиод авсан. Тэгээд шууд Тулгаа гэрээс гараад зугтахаар нь би цагдаад дуудлага өгчихөөд араас нь барьж авах гээд хөөсөн. Тэр хойгуур нь цагдаа ирээд явчихсан байсан... Би нөхрийнхөө толгойг заазуураар зүсээгүй, хоолны төмөр хутгуур байсан юм... гэсэн мэдүүлэг /хх-ийн 39х/,

 

- Хохирогч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд: ... С.Т болон найз эмэгтэй Туул бид гурав 2 шил 0,75 литрийн Хараа нэртэй архи уусан юм... Тухайн үед би Туултай юм яриад сууж байсан чинь эхнэр гэнэт ширээн дээр байсан заазуурыг аваад миний толгойн дагз хэсэг рүү заазуурын иртэй хэсгээр нь 2 удаа цохиод, хамрын гол хэсэгт нэг удаа зүссэн. Тухайн үед намайг газарт унахад миний дээрээс маань хоолойнд заазуур тулгахаар нь заазуурыг нь булааж аваад хөргөгчний ардуур хийчихсэн юм...тухайн үед нэлээн согтуу байсан юм. С.Т миний толгой руу цохихоор нь хартал иштэй төмөр зүйл байсан. Толгойноос цус гараад ирэхээр нь би иртэй зүйл, заазуураар зүсчихлээ гэж бодсон юм. Дараа нь эрүүл дээрээ хоолны төмөр хутгуур гаргаж ирээд энүүгээр цохио биздээ гэж харуулах үед би тухай хутгуурыг хартал тухайн үед миний харсан зүйл хоолны төмөр хутгуур байсан юм. С.Т нь миний толгой хэсэгт хоолны төмөр хутгуураар цохиж гэмтэл учруулсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 10, 52х/,

 

Гэрч Л.Смөрдөн шалгах ажиллагаанд: ...2022 оны 07 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө гэртээ амарч байсан чинь танихгүй дугаараас нэг эрэгтэй хүн утсаар яриад танай хүү Ганзамыг хүн заазуураар зүсээд, эмнэлэг ирээд аваад явчихлаа гэхээр нь эмнэлэг дээр очсон... Сая хүү Д.Ганзамтай уулзаж юу болсон талаар асуухад С.Т намайг хүнтэй хардаад заазуураар зүссэн гэж хэлсэн... Миний хүү Д.Ганзамын нүүр, толгой зэрэг 3-4 хэсэг газар 20 орчим оёдол тавьсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 6х/,

 

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 562 дугаартай дүгнэлтэд: “1. Д.Г-ын биед хамрын нуруу, дух, хуйханд шарх, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Үүссэн шархнууд нь мэс заслын оёдолтой тул ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болохыг нарийн тогтоох боломжгүй байна. Нүүрэнд үүссэн зулгаралтууд нь үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжгүй.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд бүгд үүссэн байхаар байна.

4. Хамрын нуруу, дух, хуйханд шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Нүүрэнд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

5. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 12-13х/,

 

- Шүүгдэгч С.Тгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 17, 29, 30/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх нотлох баримтуудаар С.Т нь Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Вокзалын хойд задгайн 1-5 тоотод гэртээ Д.Г, Т нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар Д.Г-ын биед хамрын нуруу, дух, хуйханд шарх, нүүрэнд зулгаралт гэмтэл үүсгэсэн үйл баримт болсон байна.

 

Прокуророос шүүгдэгч С.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Ганзамын мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 562 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч С.Тгийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгч С.Тг прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч С.Тгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч С.Тгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

   Хавтаст хэрэгт хохирлын талаар нотлох баримт авагдаагүй бөгөөд хохирогч Д.Гнь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч С.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

 Шүүгдэгч С.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Улсын яллагчаас “...500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэсэн болно.

 

Шүүгдэгч С.Т “...ялыг хүлээн зөвшөөрч байна. Харин надад хугацаа олгоно уу” гэв.

 

Шүүх шүүгдэгч С.Тд үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч С.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

                                                                                                                   

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тд оногдуулсан 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч С.Т нь 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч С.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.НАРМАНДАХ