Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2770

 

                                                  

           

                                  

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 10 өдөр                   Дугаар 183/ШШ2018/02770                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г-д холбогдох,

хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.О, түүний өмгөөлөгч Ш.Сарангуа, хариуцагч Г.Г, нарийн бичгийн дарга Л.Адъяасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.Гтэй 2015 онд танилцан дотносож, бидний дундаас 2016 оны 7 сарын 08-ны өдөр хүү Б төрсөн бөгөөд одоо 2 нас 3 сартай. Г.Гтэй хамт амьдрах хугацаанд муудалцаж, сайдалцах олон зүйл гарч байсан боловч 2018 оны 6 сард намайг хамт ажилладаг найз нөхөдтэйгээ салхинд гарч явах болсноос маргалдан, хүүгий маань авч явснаас хойш одоо хүртэл хүүтэй минь уулзуулахгүй байна. 2 настай нялх хүүг маань надтай уулзуулахгүй, 70 гарсан настай хөгшин эцэгтэйгээ орхиж, хэрхэн харж асарч байгаа нь мэдэгдэхгүй байгаа ба хөхнөөсөө ч гараагүй хүүг маанъ уулзуулахгүй байгаад гомдолтой байна. Г.Г бид 2 гэрлэлтээ хууль ёсоор батлуулаагүй, хүү маань бидний дундаас төрсөн ч хөхүүл хүүхдийг эхээс нь салгаж, амьдын хагацал үзүүлэн, ээжийг нь мартуулж хэн гэдгийг нь мэдүүлэхгүйгээр өсгөж хүмүүжүүлнэ гэж ярьж яваа түүнд цаашид хүүгээ даатгаж чадахгүй. Г.Г нь хүйтэн хөндий сэтгэл гаргаж, үргэлж уурлаж уцаарлан, хамт олон найз нөхөдтэйгээ уулзаж учрахыг ч зөвшөөрдөггүй, хамт ажилладаг хүмүүсийн дунд нэр хүндийг минь ч боддоггүй авир араншин гаргаж байдаг. Миний хувьд 2 хүүхэдтэй, бэлэвсэрч үлдсэн тул Г.Гийг хань минь болж чадна гэж итгэн, хүүхдий нь төрүүлж, сайн сайхан тохь тухтай амьдруулахыг хүсч байсан ч намайг ойлгохыг хүсэхгүй байгаа ба хүнд өвчтэй том охиныг минь харж асарч эцэг шиг халамжилж хайрлаж чадна гэж найдсан. Хамт амьдрах хугацаандаа хүүгийнхээ эхийг зодож доромжилж байсан хүн нялх хүүг маань хүйтэн халаалтгүй байшинд харж асрах хүнгүй байлгаж байгааг би зөвшөөрөхгүй. Би хүүгий маань эцэг , мөн 3 хүүхдийн эх эцэг байж чадна гэж надтай хамт амьдарсан сайн сайхан үеэ бодож, эв найраар хэлэлцэж ярилцан бүгдийг шийдэхийг хүсч байсан боловч ингэж чадахгүй юм байна гэдгийг нь хэлж ярьж, хийж байгаа зүйлээс нь ойлгож мэдсэн. Нялх хүүг маань хэрүүл маргааны дунд эхийнх нь царайг харуулахгүй, намайг сэтгэл санаагаар тарчлаан зовоож байх тул хүүхдийн эрхийн хууль, хүүхэд хамгааллын тухай хуульд зааснаар хүүг маань эцгээс нь авч өгнө гэж итгэж байна. Иймд Г.Г нь миний хүүгийн эцэг мөн тул эцэг тогтоолгох шаардлагагүй, хүүг миний асрамжинд өгч, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч болон өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Өмнөх шүүх хурлаас гараад бид цаашдаа хамтран амьдарч болох талаар ярилцсан. Шүүгчийн захирамжийн дагуу би хүүхдээ өөр дээрээ авсан, хүүхдүүдээ бодоод хамт амьдарч болно, гэхдээ би шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжинэ гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Бидний хүү Г.Б нь төрсөн цагаасаа эмээ, өвөө бид нарын асрамжид одоог хүртэл өсөн торниж байгаа, хөхнөөс гаргасан зүйлгүй. О нь өөрийн төрүүлсэн 2 хүүхэдтэйгээ амьдардаг, би хүүгээ өөрөө өсгөж хүмүүжүүлж хүн болгоно, бусдын асрамжид хүүгээ өгөх бодолгүй байна гэжээ.

 

Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид ярилцаад цаашид хамтын амьдралаа үргэлжлүүлэхээр болсон, би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Өнчин үлдсэн 2 хүүдэд аав нь болж амьдарна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Д.О, Г.Гд холбогдуулан хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нь зөвшөөрч маргахгүй байна.

       

Зохигч нь 2015 оноос хамтран амьдарч, тэдгээрийн дундаас 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүү Б төрсөн болох нь зохигчийн тайлбар, төрсний гэрчилгээгээр нотлогдож байна.

 

 Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж заасан хариуцагч нь хүүхдийн эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрч байгаа, хүү Г.Б төрснөөр тэдгээрийн хооронд гэр бүлийн харилцаа үүсчээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлт бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж, 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж, 14 дүгээр зүйлийн 14.5-д хүүхдийн асрамжийн асуудлыг шүүх шийдвэрлэх тул хүү бага насны, хариуцагч асрамжийн хувьд маргаагүй тул эхийнх нь асрамжид үлдээхээр шийдвэрлэв.

 

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн  тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай  зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй хүүхдүүдийг өсгөн хүмүүжүүлэх, сурах боловсроход нь цаашдаа гарах зардлыг хариуцагчаас нэхэмжлэх эрх нь нээлттэй юм.

 

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2-т 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоох заалтыг үндэслэн охин хүү Г.Бийг эцэг Г.Гөөр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Г.Гийг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг Д.Од даалгав.

  

Хүүхдийн тэтгэлэг тогтоосонтой холбоотойгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас 50,350 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж,  70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Ийнхүү хүүхдийн асрамж болон тэтгэлгийн асуудлыг шийдвэрлэсэн нь зохигчийн цаашид хамтран амьдрахад саад болохгүйг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Г.Бийг эх Д.Оийн асрамжид үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хүү Г.Бийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Гөөр тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Г.Гийг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг Д.Од даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас 50,350 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж,  70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ