Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/320

 

 

 

 

 

 

 

 

 

2022          09              21                                2022/ШЦТ/320

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав,

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал,

Хохирогч Я.Х,

Гэрч Х.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О,

Шүүгдэгч Т.Д нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Дт холбогдох эрүүгийн 2125000000*** дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т.Д.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Д нь 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Зэст багийн *-*-*** тоотод оршин суух иргэн Х.Агийн гэрийн бүргэд хаалгыг хөшиж эвдэн, зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгон гэмтээж 719,000 төгрөгийн хохирол учруулсан,  2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хашаан дотор Я.Хын эзэмшлийн **-***улсын дугаартай Соната-6 маркийн машины салхины шил, машин дотор байсан Карача брендийн 24 ширхэгтэй аяга тавагны ком, толь зэргийг хагалж, устган 340,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Т.Д мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: ...2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр би ажлыхаа газрын багшийг үзүүлчхээд Медипас эмнэлгээс гарах гээд явж байтал лефтний хажууд миний салсан нөхөр Х.Э явж байсан ба над руу аймар хараад байж байсан. Тэгээд би ажлынхаа хүнийг машинд нь суулгаад явах гээд байж байтал Х.Э нь эмнэлгээс хар хурдаараа гарч ирээд өөрийнхөө соната-6 маркийн саарал өнгөтэй машин дотор суусан ба тэр үед би ажлыхаа газрын хүнд би нэг хүнтэй уулзчихаад ирье гээд Х.Эы машины арын хаалгыг онгойлгоод суух гээд нэг хөлөө оруулчхаад байж байтал Х.Э нь машинаа асаагаад хөдлөөд явсан тэр үед би баруун хөлөө оруулаагүй байсан учир хөөе чи хүн аллаа шүү дээ гэж орилсон чинь машинаа зогсоосон. Ойролцоогоор 3 метр орчим газар би машинд нь чирэгдсэн. Тэгээд миний баруун талын хөл их хөндүүр болоод би машиныг нь зогсохоор нь хөлөө арай хийж оруулаад суутал Х.Э нь чи муу яанхан, янхандаад нэг залуутай явж байна уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи янхан ш дээ, тусдаа гарах гээд юмаа бэлдэж явдаг юм уу, үр хүүхэдтэйгээ уулзаж болдоггүй юм уу, Баттүшиг чамайг санаад аймар царай алдаад байна гээд гуйсан чинь тэр зулбасганууд чинь надад ямар ч хамаагүй, одоо бүх юм дууссан гэж хэлсэн. Тэгэхээр нь би машин дотор сул тавьсан байсан 3 ширхэг хөх алаг өнгөтэй жижиг тавагны 1 ширхэгийг нь барьж байгаад машины арын суудлын шалан дээр шидээд хагалсан бас нууц амрагых нь зургийг урсан. Тэгээд би Х.Эд хандаж чи миний үр хүүхдийг ингэж доромжлохгүй, бүхэл бүтэн үр хүүхдээ гэж хэлтэл Х.Э нь наад тавгаа битгий хагал гэж хэлээд машиныхаа арын суудал дээр байсан битүү скочирдсон хайрцагтай зүйлийг багаж руугаа хийсэн. Тухайн үед Медипас эмнэлэгийн яаралтай тусламжын ирдэг газар зогссон байгаад Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн халдвартын тасгийн зогсоол дээр очиж зогссон юм тэгээд Х.Э нь өөрөө машинаасаа буугаад тойроод явчихаар нь би машин дотор байсан 2 ширхэг жижиг тавгыг машинаас гаргаж шидээд хагалсан, мөн пяварь араамтай зуйван толь байхаар нь бас авч шидэж хагалсан. Би машинаас нь буухдаа машин дотор байсан саврыг барьж буусан тэр үед Х.Э утсаар яриад зогсож байсан ба Х.Э нь над дээр ирсэн тэгэхээр нь чи үр хүүхэдтэйгээ уулзсангүй, ийм олон жил намайг хуурч явсан гээд хэл амаар доромжилсон тэгсэн чинь Х.Э надад хандаж чи онцгой байдлын албанд ажилладаг ногоон нүдтэй залуутай суусан гэсэн, Эрдэнэтийн бааранд орой болгон сууж байдаг янхан болсон гэж хэлсэн тэгээд намайг боож аваад, тархи толгойгоор юм мөргүүлээд байсан. Тэр үед Х.Э нь өөрийнхөө машины цонхийг миний толгойгоор хагалсан гэж бодож байна, би бол машиных нь цонхийг цохиогүй, хагарсан ч гэж бодоогүй, мэдээгүй. Тэгээд цагдаа нар ирсэн чинь Х.Э нь энэ хүүхэн миний хамаг юмыг эвдээд сүйтгэчихлээ гэж хэлсэн ба манай аав Төгсжаргал ирээд юу ч яриагүй. Цагдаа нар одоо яах гэж байна чамд гомдол, санал байгаа юм уу гэхэд Х.Э нь надад гомдол санал байхгүй би өөрөө л төлнө ш дээ гэж хариулсан. Энэ үед манай аав Төгсжаргал нь тэгвэл би охиноо аваад явлаа шүү гэж хэлээд намайг аваад явсан... Х.Э бид хоёр шүүхээр орж гэрлэлтээ цуцлуулсан ч гэсэн хамт амьдарч байсан. Хүүхдүүдтэйгээ уулзахгүй, хүүхдүүд нь аавыгаа санаад хэцүү байсан учраас би хүүхдүүдээ бодоод л энэ хүнийг хүүхдүүдтэйгээ очиж уулзаач гэж л гуйх гэж л уулзсан... Тэр өдөр хүүхдүүдээ аавтай нь уулзуулах гээд гэр лүү нь оруулсан гэтэл хаалгаа онгойлгож өгөхгүй байна гээд ирсэн. Тэгэхээр нь хүүхдүүдээ гэр лүүгээ явуулчихаад очиж хаалгыг нь тогшсон онгойлгож өгөхгүй байсан. Дүүгийнх нь эхнэр надад Х.Эыг нэг эмэгтэйтэй байгаа гэж хэлсэн. Хүүхдүүдтэйгээ уулзахгүй гэртээ оруулахгүй байсан учраас миний уур хүрч хаалганы бариулыг нь татсан чинь уначихсан тэгээд би гарч машинаас дугуйны дорзов аваад бариулны нүх рүү дорзовоо хийж хөшиж онгойлгох гэж оролдсон гэтэл цаанаас Х.Э хүчтэй хаалга онгойлгоод пизда минь яагаад хаалга эвдээд байгаа юм гээд эргүүлээд хаалгаа хаасан. Миний зүүн гарын чигчий хуруу санжаад унах гэж байсан бараг, долоовор дунд хуруу зүсэгдсэн. Тэгээд цагдаа ирсэн, би Онцгой байдалд ажилладаг найзыгаа дуудсан тэр тусламж дуудаж эмнэлэгт очиж гарандаа оёо тавиулсан. Би үнэхээр гомдолтой байна... Би аяга тавагны ком хагалаагүй 2 ширхэг таваг байсныг шидэж хагалсан, даавуунууд байсныг шидсэн, толийг мөн шидэж хагалсан, машинд савар байсан тэрэнгээр машины шилийг хагалсан, хаалгыг эвдсэн нь үнэн. Эд зүйлийг нь эвдсэн нь миний буруу...” гэсэн мэдүүлэг, /1-р хх-ийн 46-47х, шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

- Хохирогч Х.А мөрдөн шалгах ажиллагаанд: ...2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг *-*-***тоотод манай гэрт ээжийг гэрт байхгүй үед Х.Э ах бид хоёр гэртээ унтаж байтал хаалга хүчтэй цохихоор нь би босоод хаалгаа чагнатал Т.Д эгч дуугарахаар нь би хаалгаа онгойлгоогүй. Тэгтэл Т.Д эгч хаалга хүчтэй өшиглөж хаалганы бариулыг салгаад явчихсан байсан. Т.Д эгчийг явсан хойгуур цагдаа нар ирж салж унасан хаалганы бариулыг цуглуулж тавьчихаад яваад өгсөн. Би цагдаа нарын араас гарч цагдаа дээр өргөдөл бичиж өгөх гээд цагдаа дээр иртэл Х.Э ах залгаад Т.Д дахиад гэрийн гадна  ирчихээд хаалга эвдлээд байна гэхээр нь цагдаа дуудчихаад шууд гэрийн гадна очтол Т.Д эгчийн гарнаас нь цус гарчихсан цагдаа нар ирчихсэн байж байсан. Тэгээд Т.Д эгч намайг хэл амаар доромжилж, миний бөгс рүү өшиглөсөн. Тэгээд цагдаа нар боль гэж хэлээд явсан. Би цагдаад өргөдөл гаргасан. Манай хаалганы гадна талд энд тэндгүй хонхойсон. Бариулны эргэн тойронд урагдсан. Хаалганы цоож эвдэрсэн. Хаалга цоожлогддог хэсгээрээ хөшигдөж, ангайж, завсар зай гарсан. Мөн хаалга бүрэн гүйцэд цоожлогдохгүй, хаалганы завсраар гэр доторх зүйл харагдаж байгаа. Хаалганы бариул, цоожийг сольсон хүн хурдан хаалгаа соль, удахгүй хаалганы бариул, цоож нь унана, гэр оронд чинь хулгай орно даруй соль гэж хэлсэн...Т.Д нь манай гэрийн хаалгыг 2 удаа эвдэж байгаа. Цоожны бариул, цоож зэргийг комоор нь солиулсан. 80,000 төгрөгөөс 90,000 төгрөг болсон санагдаж байна. Одоо уг хаалгаа солиулаагүй. Т.Дт гаргасан эд хөрөнгө болон эвдрэл гэмтлийн мөнгө төлүүлэхгүй, өөрийн зүгээс гомдолгүй... гэсэн мэдүүлэг, хүсэлт /1-р хх-ийн 128, 2-р хх-ийн 17, 68х/,

 

- Хохирогч Я.Х мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд ...надад 340,000 төгрөгийн бодит хохирол учирсан боловч хохирол төлбөрийг барагдуулж аваагүй. Т.Дээс 340,000 төгрөгийн хохирлыг барагдуулж аваагүй байгаа. Цаашид 340,000 төгрөгийг нэхэмжлэхгүй. Учир нь хэргээ түргэн шуурхай шийдүүлмээр байна. Нааш цаашаагаа яваад байх сонирхол алга. Би Карача брендийн аяга тавагны комыг 120,000 төгрөгөөр худалдан авч байсан. Цайвар цэнхэр өнгийн цэцэгтэй цоохор өнгийн таваг байсан. Би Саранчимэг гэх хүнээс авахдаа нэг бүрээр нь үзэж тоолж авч байсан. Нийт 24 ширхэг байсан. Тухайн аяга тавагны ком нь гадуураа бор өнгийн цаасан хайрцагтай байсан. Тухайн аяга тавагны комыг хагарсан үед нь хайрцагтай нь задалж үзээгүй. Хагарсан гэхээр нь тэр чигээр нь Зэст багийн 1-3 дугаар байрны хогийн саванд шидсэн. Ширхэгээр нь зардаг талаар Саранчимэг болон бусад хүн асууж байгаагүй... Зураг дээр байгаа бор өнгийн хайрцагтай байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 15х/,

 

         - Иргэний нэхэмжлэгч Я.Х мөрдөн шалгах ажиллагаанд: ...2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр миний хүү Х.Э нь миний эзэмшлийн **-***Соната-6 загварын тээврийн хэрэгслийг унаад гарсан юм. Тэгээд Медипас дээр шинжилгээ өгөөд гарч ирээд машиндаа суугаад хөдлөх гэж байтал салсан эхнэл Т.Д гэх эмэгтэй машины хаалгыг нь онгойлгоод дотор байсан Карача брендийн 24 ширхэг аяга тавагны комыг хагалж дахин ашиглах боломжгүй болгосон. Ор хөнжлийн даавуу толь зэрэг зүйлийг авч шидэн хагалаад газарт гаргаж шидээд байхаар нь миний хүү аяга тавагны комыг машины багаажинд хийх гэсэн боловч дүүрэн байхаар нь буцаад Т.Дт өгсөн гэж надад хэлсэн...Т.Д уурлаад машины урд шилийг хог малтдаг савраар цохиж хагалсан байсан...Би аяга тавагны комонд их дуртай болохоор... Төгөл худалдааны төвийн 2 давхарт гэр ахуй хувцас зардаг Саранчимэг  гэх эмэгтэйн гэр болох Согоот багийн 6-16 дугаар байранд очиж авч байсан. Би Саранчимэг гэх эмэгтэйн эгч ээж нарыг нь таньдаг болохоор Саранчимэгээс 120,000 төгрөгөөр авсан. Уг аяга тавагны комын мөнгийг төлөөгүй зээлээр авсан... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 16-17, 163х/,

 

         - Гэрч Х.Э мөрдөн шалгах ажиллагаанд: ...2021 оны 11 дүгээр сраын 17-ны өдөр би ээж Я.Хын **-***улсын дугаартай Соната-6 загварын тээврийн хэрэгслийг аваад Медипас орж шинжилгээ өгчихөөд машинаа асаагаад эргээд байж байтал машины арын хаалгыг онгойлгоод Т.Д суух гэсэн ба тухайн үед арын суудал дээр ор хөнжлийн даавуу хураалгаастай, аяга тавагны ком, толь зэрэг зүйлс байсан. Тэгсэн Т.Д суудал дээр байсан аяга тавагны комыг 2 удаа газарт шидсэн. Мөн даавуу болон бусад эд зүйлийг авч газар шидэхээр нь би Т.Дт наадах чинь ээжийн юм гэж хэлээд машинаас бууж аяга тавагны комыг арын багаж руу хийх гэтэл багтахгүй байхаар нь Т.Дт буцаагаад өгсөн. Газраар тараасан дэвсгэр даавуу болон бусад эд зүйлийг хураан машины арын суудал руу хийж байтал машины ар талд нэг машин ирж зогсоод наадах руу чинь орж өвчтэй хүн авах гээд байна холдооч гэсэн...Т.Д миний толгой руу цохиод машин дотор хагалсан шилний үзүүртэй хэсгийг миний хоолойнд тулгаад яв пида минь гээд араас намайг цохиод, үснээс зулгаагаад байхаар нь Медипас эмнэлгээс доош уруудаж байгаад нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн машины зогсоол руу ороод зогсонгуутаа машинаасаа буугаад... цагдаа дуудсан...Цагдаа нар надаас юу болсон талаар асуухад бүх зүйлийг тайлбарлаж өгсөн... Т.Д нь ээж Я.Хын машины урд талын салхины шилийг машины арын суудал дээр байсан модон иштэй төмөр сарвуугаар цохиж хагалсан. Би бол Т.Дтэй ойртоогүй цохиж зодоогүй. Т.Дийн аав Мягмарцэрэн гэх хүн ирээд надтай уулзсаны дараа та хоёр салаад хэр удаж байгаа билээ гэхээр нь 4 сар гаран болж байна гэхэд Мягмарцэрэн Т.Дт хандан та хоёр ямар ч хамаагүй болсон юм байна шүү дээ, одоо хоёулаа явъя гээд яваад өгсөн...2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр дүү Х.Агийн хамт *-*-***тоотод унтаж байтал гэнэт хаалга хүчтэй цохиж эхэлсэн, тэгээд манай дүү босоод хаалганы цонхоор харахад манай эхнэр Т.Д байсан болохоор хаалгаа онгойлгоогүй. Тэгээд байж байтал манай эхнэр Т.Д юу гэж хэлээд байгааг нь мэдэхгүй орцонд орилж байгаад хаалгыг нэг зүйлээр эвдээд хаалганы бариулыг эвдэлсэн. Тэгээд Т.Д яваад өгсөн. Манай дүү Х.А гэрийн хаалганы унасан бариулны зургийг аваад Т.Дт өргөдөл гаргахаар цагдаа руу явсан. Дүүг явсан хойгуур Т.Д буцаж ирээд бас орилж, хаалганы бариул улам эвдэж эхэлсэн. Тэгээд би хаалгаа онгойлгоод буцаагаад хаасан. Гэрийн гадна цагдаа нар ирсэн байсан. Би ч хаалгаа онгойлгоогүй, цагдаа нар ч орж ирээгүй орцон дотроо байсан... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 25-27, 96х/,

 

         - Гэрч Х.А мөрдөн шалгах ажиллагаанд: ...Би яваад очтол манай ээж Я.Хын эзэмшлийн **-***улсын дугаартай Соната-6 загварын тээврийн хэрэгслийн салхины шил хагарсан, аяга таваг мөн хагарсан байдалтай байж байсан. Би тэгэхээр нь машины салхины шилний хагарсан байдлын зургийг аваад, гадаа хагалсан байсан аяга таваг, толь болон машины арын суудлын шалавч дээр хагарсан аяга, тавагны зургыг дарсан. Бүх аяга таваг нь ээж Я.Хын зарах гэж байсан карача брендийн 24 ширхэг аяга таваг байсан. Уг аяга таваг нь бүгд шинэ байсан болохоор цагаан өнгийн дөрвөлжин зөөлөвч хүртэл байж байсан... Би эд зүйлийн эвдэрсэн байдлын зургыг аваад явсан. Ах Х.Э машинаа унаад ээж Я.Х руу явсан. Ээж Я.Х нь надад хэлэхдээ хагарсан аяга тавгыг хайрцагтай чигээр нь хаясан гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 29-30/,

 

- Гэрч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд: ...2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хөдөлгөөнт эргүүлд 24 цаг үүрэг гүйцэтгэж байх үед өдөр 13 цагийн үед миний таблет дээр 102-оос Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн гадна хэрүүл маргаан хийгээд байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн ба ахлах ахлагч Н.Гантулгын хамт очиход Эрдэнбулган Т.Д гэх хоёр хүн **-***улсын дугаартай Соната-6 загварын тээврийн хэрэгслийн гадна хэрэлдэн зогсож байсан ба би очин өөрийн цол албан тушаалаа хэлээд юу болсон талаар асуухад Х.Э нь би энэ Т.Д гэх эмэгтэйгээс саяхан шүүхээр ороод салсан юм, Мэдипас эмнэлгийн гадаа таарсан. Тэгсэн чинь Т.Д чамтай ярих юм байна гэхээр нь би машиндаа суулгаад явж байтал миний араас нүүр нүдгүй цохиод яг машины араас орох шахлаа, тэгээд Нэгдсэн эмнэлгийн хашаа руу орж ирээд зогссон. Тэгээд хашаан дотор ороод зогсож байтал Т.Д над руу дайраад байхаар нь би зугтаатал миний машины цонхийг хагалчихлаа гэсэн. Намайг дуудлага дээр очсон цагаас хойш Т.Д гэх эмэгтэй Х.Э гэх эрэгтэй рүү орилж чарлаад хараагаад байсан. Би тухайн үед Т.Д гэх эмэгтэйд та бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн байна гэхэд яадаг юм. Энэ муу намайг энэнээс илүү зодож байгаа гэж хариулсан. Тухайн үед ойр орчимд хагарсан зүйл байхыг хараагүй. Х.Э гэх эрэгтэй надад эд зүйл хагарсан, шидсэн талаар юу ч хэлээгүй. Х.Э, Т.Д хоёроос та хоёр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үү гэхэд үгүй гэж хоёулаа хариулсан. Тэгэхээр нь би доошоо цагдаа руу та хоёрын авч явж шалгана гэхэд Т.Д гэх эмэгтэй би аавыгаа дуудсан байгаа, би цагдаа руу очвол өөрийнхөө аавын хамт очно гэж хэлсэн. Удалгүй Т.Д гэх эмэгтэйн аав ирээд Х.Этай уулзаад Т.Д гэх эмэгтэйг түүний аав нь чи одоо болиоч та хоёр ямар ч хамааралгүй хүмүүс шүү дээ яах гээд хэрүүл маргаан үүсгээд байгаа юм бэ гэж хэлээд Т.Дийг аваад явсан... Х.Э гомдол санал байхгүй гээд явсан. Т.Д гэх эмэгтэй өөрийгөө Х.Эд цохиулсан болон зодуулсан талаар нэг ч үг хэлээгүй... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 19-20х/,

 

- Гэрч Н.Г мөрдөн шалгах ажиллагаанд: ...Юу болсон талаар Х.Эаас асуухад миний салсан эхнэр Т.Д миний машины урд талын салхины шилийг хагалаад хаячихлаа гэж хэлсэн ба араас нь бас аяга таваг хагалсан гэж хэлсэн. Тэр үед Учралсайхан машины цаад талд байсан. Тэгээд би машины  шилийг юугаар хагалсан юм бэ гэхэд Х.Э нь машиныхаа ар талын суудлаас төмөр савар гаргаж ирээд энүүгээр наад Т.Д гэх эмэгтэй чинь цохиод хагалсан гэж хэлсэн. Машины ойр орчим 2 ширхэг таваг хагарсан байдалтай байсан. Машины арын суудал дээр юм ачсан байх шиг байсан. Баахан л баглаа боодолтой юм байсан. Яг юу гэдгийг мэдэхгүй. Х.Э нь хайрцагтай аяга таваг аваад хагалчихлаа гэж хэлээгүй. Машины доторх зүйлийг сайн хараагүй. Х.Э хэлэхдээ бол энэ миний машин биш, миний ээжийн машин салхины шил нь хагарчихлаа гээд байсан. Т.Д гэх шар үстэй эмэгтэй би энэ салхины шилийг хагалсан, би энэнээс ч илүүг хийж чадна, чи хүүхдүүдтэйгээ уулздаггүй биз дээ гээд уурлаад орилоод байсан. Тэр үед Х.Э хэлэхдээ чи миний хүүхдүүдтэй уулзуулдаггүй биз дээ гээд байсан. Удалгүй Т.Дийн аав гэх эрэгтэй ирээд Х.Этай уулзаад охин Т.Дийг нэгэнт л салсан байж Х.Эы юу хийж явах чамд ерөөсөө хамаагүй шүү гэж загнасан. Х.Э нь өөрөө гомдол санал байхгүй гээд байсан ба Т.Дийг түүний аав аваад явсан... Х.Э нь салхины шилийг өөрөө янзална гээд байсан...Миний харснаар эрээн алаг өнгөтэй 2  ширхэг таваг хагарсан байх шиг байсан... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 22-23х/,

 

- Гэрч С.Ч мөрдөн шалгах ажиллагаанд: ...Манай гэр бүлийн болон таньдаг хүмүүс намайг Саранчимэг гэж дууддаг. Я.Х эгч нь 2 сарын өмнө байх надаас Карача брендийн 24 ширхэгтэй аяга тавагны комыг 120,000 төгрөгөөр, ор хөнжлийн даавуу 2 хосыг 400,000 төгрөгөөр, хүүхдийн куртик хувцас 80,000 төгрөгөөр тус тус зээлээр авч нийт 600,000 төгрөгийн өртэй байгаа. Мөнгөө төлж дуусаагүй...Я.Х гэх хүнд зарсан аяга тавагны комыг ширхэгээр нь зардаггүй комоор нь л зардаг. Цаанаасаа ирэхдээ комоор хайрцагтай нь явуулдаг. Одоо уг ком байхгүй, ачаа тээврийн зардал өндөр байгаа учраас ирээгүй байгаа... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 165х, 2х-ийн 27-28х/,

 

- Гэрч Г.О мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би хувиараа барилгын наймаа болон бүргэд хаалга зарж борлуулаад 10 жил болж байна. Бүргэд хаалганы цоож бариул, жийргэвч резинийг сольж болно. Харин хаалганы хавтас тусдаа зарагдах боломжгүй. Цогцоор нь зардаг, цаанаасаа тоноглогдож ирдэг. Надад үзүүлсэн хаалганы зургийг харахад хаалгыг бүхэлд нь солих шаардлагатай, одоогоор Орхон аймаг болон Монголд засварлах үйлчилгээ байхгүй...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 22-23х/,

 

  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 63х/,

 

- Бэйкэр тилли Далайван АудитХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 02/02-62 дугаартай, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 02/02-62 дугаартай  дүгнэлт /1-р хх-ийн 103-110, 133х/,

 

- Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ТХҮ-621/2428 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 39-40х/,

 

- Хохирогч Я.Хын өргөдөл, гэрэл зураг /1-р хх-ийн 6-8/

 

- Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 123-125х/,

 

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 7-12х/,

 

- Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 22/07/25 дугаартай үнэлгээний тайлан /2-р хх-ийн 31-40х/

 

- Т.Дийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

    

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Дийг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Д нь Х.Эыг иргэн Я.Хын эзэмшлийн **-***Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явж байхад нь хэрүүл маргаан хийж түүний машинд байсан Я.Хын эзэмшлийн карача брендийн 24 ширхэгтэй аяга тавагны ком, толийг хагалсан, машин дотор байсан ор дэрний даавуу зэргийг гаргаж шидэж, тээврийн хэрэгсэл дотор байсан саврыг авч тээврийн хэрэгслийн салхины шилийг  хагалсан. Мөн Х.Эыг хүүхдүүдэдээ хаалга онгойлгож өгсөнгүй, хүүхдүүдтэйгээ уулзсангүй гэж Х.Агийн гэрийн хаалгыг машины дорцовоор эвдсэн үйл баримт болсон байна.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Д нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Я.Хын хохирогч болон иргэний нэхэмжлэгчээр мэдүүлсэн “...2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр миний хүү Х.Э нь миний эзэмшлийн **-***Соната-6 загварын тээврийн хэрэгслийг унаад гарсан юм. Тэгээд Медипас дээр шинжилгээ өгөөд гарч ирээд машиндаа суугаад хөдлөх гэж байтал салсан эхнэр Т.Д гэх эмэгтэй машины хаалгыг нь онгойлгоод дотор байсан Карача брендийн 24 ширхэг аяга тавагны комыг хагалж дахин ашиглах боломжгүй болгосон. Өр хөнжлийн даавуу толь зэрэг зүйлийг авч шидэн хагалаад газарт гаргаж шидээд байхаар нь миний хүү аяга тавагны комыг машины багаажинд хийх гэсэн боловч дүүрэн байхаар нь буцаад Т.Дт өгсөн гэж надад хэлсэн...Т.Д уурлаад машины урд шилийг хог малтдаг савраар цохиж хагалсан байсан...Би аяга тавагны комонд их дуртай болохоор... Төгөл худалдааны төвийн 2 давхарт гэр ахуй хувцас зардаг Саранчимэг  гэх эмэгтэйн гэр болох Согоот багийн 6-16 дугаар байранд очиж авч байсан. Би Саранчимэг гэх эмэгтэйн эгч ээж нарыг нь таньдаг болохоор Саранчимэгээс 120,000 төгрөгөөр авсан...” гэсэн,

хохирогч Х.Агийн “...2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг *-*-***тоотод манай гэрт ээжийг байхгүй үед Х.Э ах бид хоёр гэртээ унтаж байтал хаалга хүчтэй цохихоор нь би босоод хаалгаа чагнатал Т.Д эгч дуугарахаар нь би хаалгаа онгойлгоогүй. Тэгтэл Т.Д эгч хаалга хүчтэй өшиглөж хаалганы бариулыг салгаад явчихсан байсан. Т.Д эгчийг явсан хойгуур цагдаа нар ирж салж унасан хаалганы бариулыг цуглуулж тавьчихаад яваад өгсөн. Би цагдаа нарын араас гарч цагдаа дээр өргөдөл бичиж өгөх гээд цагдаа дээр иртэл Х.Э ах залгаад Т.Д дахиад гэрийн гадна  ирчихээд хаалга эвдлээд байна гэхээр нь цагдаа дуудчихаад шууд гэрийн гадна очтол Т.Д эгчийн гарнаас нь цус гарчихсан цагдаа нар ирчихсэн байж байсан... хаалганы гадна талд энд тэндгүй хонхойсон. Бариулны эргэн тойронд урагдсан. Хаалганы цоож эвдэрсэн. Хаалга цоожлогддог хэсгээрээ хөшигдөж, ангайж, завсар зай гарсан. Мөн хаалга бүрэн гүйцэд цоожлогдохгүй, хаалганы завсраар гэр доторх зүйл харагдаж байгаа. Хаалганы бариул, цоожийг сольсон хүн хурдан хаалгаа соль, удахгүй хаалганы бариул, цоож нь унана, гэр оронд чинь хулгай орно даруй соль гэж хэлсэн...” гэсэн,

         гэрч Х.Эы ...2021 оны 11 дүгээр сраын 17-ны өдөр би ээж Я.Хын **-***улсын дугаартай Соната-6 загварын тээврийн хэрэгслийг аваад Медипас орж шинжилгээ өгчихөөд машинаа асаагаад эргээд байж байтал машины арын хаалгыг онгойлгоод Т.Д суух гэсэн ба тухайн үед арын суудал дээр ор хөнжлийн даавуу хураалгаастай, аяга тавагны ком, толь зэрэг зүйлс байсан. Тэгсэн Т.Д суудал дээр байсан аяга тавагны комыг 2 удаа газарт шидсэн. Мөн даавуу болон бусад эд зүйлийг авч газар шидэхээр нь би Т.Дт наадах чинь ээжийн юм гэж хэлээд машинаас бууж аяга тавагны комыг арын багааж руу хийх гэтэл багтахгүй байхаар нь Т.Дт буцаагаад өгсөн. Газраар тараасан дэвсгэр даавуу болон бусад эд зүйлийг хураан машины арын суудал руу хийж байтал машины ар талд нэг машин ирж зогсоод наадах руу чинь орж өвчтэй хүн авах гээд байна холдооч гэсэн... Медипас эмнэлгээс доош уруудаж байгаад нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн машины зогсоол руу ороод зогсонгуутаа машинаасаа буугаад... цагдаа дуудсан... Т.Д нь ээж Я.Хын машины урд талын салхины шилийг машины арын суудал дээр байсан модон иштэй төмөр сарвуугаар цохиж хагалсан... 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр дүү Х.Агийн хамт *-*-***тоотод унтаж байтал гэнэт хаалга хүчтэй цохиж эхэлсэн, тэгээд манай дүү босоод хаалганы цонхоор харахад манай эхнэр Т.Д байсан болохоор хаалгаа онгойлгоогүй. Тэгээд байж байтал манай эхнэр Т.Д юу гэж хэлээд байгааг нь мэдэхгүй орцонд орилж байгаад хаалгыг нэг зүйлээр эвдээд хаалганы бариулыг эвдэлсэн... гэсэн,

   гэрч С.Чимгээгийн ...Я.Х эгч нь 2 сарын өмнө байх надаас Карача брендийн 24 ширхэгтэй аяга тавагны комыг 120,000 төгрөгөөр, ор хөнжлийн даавуу 2 хосыг 400,000 төгрөгөөр, хүүхдийн куртик хувцас 80,000 төгрөгөөр тус тус зээлээр авч нийт 600,000 төгрөгийн өртэй байгаа... гэсэн,

гэрч Г.Отгонбаатарын “...Би хувиараа барилгын наймаа болон бүргэд хаалга зарж борлуулаад 10 жил болж байна. Бүргэд хаалганы цоож бариул, жийргэвч резинийг сольж болно. Харин хаалганы хавтас тусдаа зарагдах боломжгүй. Цогцоор нь зардаг, цаанаасаа тоноглогдож ирдэг. Надад үзүүлсэн хаалганы зургийг харахад хаалгыг бүхэлд нь солих шаардлагатай...” гэсэн мэдүүлгүүд болон Бэйкэр тилли Далайван АудитХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 02/02-62 дугаартай, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 02/02-62 дугаартай  дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ТХҮ-621/2428 дугаартай дүгнэлт, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай  тэмдэглэл, Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 22/07/25 дугаартай үнэлгээний тайлан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...хаалганы цоожийг эвдэлсэн, хаалгыг эвдэлж ашиглах боломжгүй болгосон нь нотлох баримтаар нотлогдоогүй, 24 ширхэг карача брендийн аяга таваг хагарсан гэх боловч карача брендийнх нь нотлогдоогүй, мөн 24 ширхэг байсан эсэх нь нотлогдоогүй, шүүгдэгч 3 ширхэг таваг л хагалсан гэдэг. Гэтэл 24 ширхэг аяга тавагны ком байсан, 24-үүлээ хагарсан гэсэн нотлох баримт байхгүй... гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаагүй, зөрчлийн шинжтэй үйлдэл гаргасан. Гэм буруу нь нотлогдоогүй учраас мөрдөн байцаалтад буцаах эсвэл цагаатгаж өгнө үү...” гэж, шүүгдэгч “...3 ширхэг аяга хагалсан, хайрцагтай зүйл байсан эсэхийг хараагүй, 3 ширхэг таваг л байсан...” гэж мэтгэлцэх боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох 1-р хавтаст хэргийн 7-10 дугаар хуудсанд байгаа гэрэл зургийн үзүүлэлтээс харахад “kara...” гэсэн бичигтэй таваг хагарсан, хохирогчоос шүүх хуралдаанд зураг дээрх эвдэрч урагдсан бор өнгийн хайрцагийг харуулахад аяга тавагны хайрцаг мөн гэх мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд “...Тэгэхээр нь би машин дотор сул тавьсан байсан 3 ширхэг хөх алаг өнгөтэй жижиг тавагны 1 ширхэгийг нь барьж байгаад машины арын суудлын шалан дээр шидээд хагалсан бас нууц амрагых нь зургийг урсан... Х.Э нь наад тавгаа битгий хагал гэж хэлээд машиныхаа арын суудал дээр байсан битүү скочирдсон хайрцагтай зүйлийг багаж руугаа хийсэн... тэгээд Х.Э нь өөрөө машинаасаа буугаад тойроод явчихаар нь би машин дотор байсан 2 ширхэг жижиг тавгыг машинаас гаргаж шидээд хагалсан... тархи толгойгоор юм мөргүүлээд байсан. Тэр үед Х.Э нь өөрийнхөө машины цонхийг миний толгойгоор хагалсан гэж бодож байна, би бол машиных нь цонхийг цохиогүй, хагарсан ч гэж бодоогүй, мэдээгүй...” гэсэн, шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт “...Би аяга тавагны ком хагалаагүй 2 ширхэг таваг байсныг шидэж хагалсан, даавуунууд байсныг шидсэн, толийг мөн шидэж хагалсан, машинд савар байсан түүгээр машины шилийг хагалсан...хаалгыг дугуй янзалдаг дорцовоор хөшсөн...гэсэн, гэрч Х.Эы “...Т.Д суудал дээр байсан аяга тавагны комыг 2 удаа газарт шидсэн. Мөн даавуу болон бусад эд зүйлийг авч газар шидэхээр нь би Т.Дт наадах чинь ээжийн юм гэж хэлээд машинаас бууж аяга тавагны комыг арын багааж руу хийх гэтэл багтахгүй байхаар нь Т.Дт буцаагаад өгсөн... машины урд талын салхины шилийг машины арын суудал дээр байсан модон иштэй төмөр сарвуугаар цохиж хагалсан...” гэсэн мэдүүлэг, хаалганы гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Г.Отгонбаатарын мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр үгүйсгэгдэж байна гэж шүүх дүгнэв.    

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Т.Дийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг  хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Т.Дийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

   Хохирогч Х.А, Я.Х нар нь “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж нэхэмжлэлээсээ татгалзсан тул шүүгдэгч Т.Дийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

 Шүүгдэгч Т.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Улсын яллагчаас ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгний торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...450,000 төгрөгний торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Т.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

 

Шүүх шүүгдэгч Т.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал, 3 хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 480,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлсийг харгалзан уг ялыг 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Т.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт шинжээчийн 2022 оны 07 сарын 25-ны өдөр 22/07/25 дугаартай дүгнэлтийг гаргах зардалд Орхон аймгийн Прокурорын газар нь 300,000 төгрөгийг төлсөн /2хх-ийн 53х/ байх тул уг зардлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс гаргуулан улсын орлого буюу Төрийн сангийн ******************* тоот дансанд олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Т.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Төгсжаргалын Т.Дийг дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 480,000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дт оногдуулсан 480,000 төгрөгийн торгох ялыг 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Т.Д нь 480,000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгийн торгох ялыг 8 /найм/ сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

         5. Шүүгдэгч Т.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дээс 300,000 /гурван зуун мянган/ төгрөгийг гаргуулан улсын орлого буюу Төрийн сангийн ****************** тоот дансанд оруулсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.НАРМАНДАХ