Шүүх | Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батжаргалын Нармандах |
Хэргийн индекс | 171/2022/0236/Э |
Дугаар | 2022/ШЦТ/261 |
Огноо | 2022-07-27 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/261
2022 07 27 2022/ШЦТ/261
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав,
Улсын яллагч Ц.Лхамсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дн,
Шүүгдэгч О.Э нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Эод холбогдох эрүүгийн 21250035**** дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, О.Э
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Э нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэр “Их хаадын цуваа” хотхоны 7 дугаар байрны орцноос “Алтон” загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч М.Б 800,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч О.Э мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “...Би тухайн өдөр ганцаараа Орхон аймгийн Төв болох Уурхайчин багийн нутагт үйл ажиллагаа явуулах Даниста худалдааны төвийн хажууд байх дэлгүүрээс 1 шил архи “Чанар” нэртэй архийг 6,000 төгрөгөөр худалдаж аваад 5 дугаар сургуулийн ар талд ганцаараа уучихсан... Их хаадын цуваа байр руу орсон. Ороод би хаясан тамхины иш олж татаад 7 давхарт нь нэг унадаг дугуй цоожгүй байхаар нь тухайн орцноос аваад цахилгаан шатаар доош буусан. Тэгээд тухайн дугуйг аваад би хойшоо засмал замаар явж байхад нэг танихгүй хүн наад дугуйгаа зарах уу гэхээр нь би зарна гэж хэлээд тэр хүнд 20,000 төгрөгөөр зарсан. Тэгээд би мөнгөөрөө архи авч ганцаараа уугаад нилээн муудаад нэг орцонд ороод унтсан... Би согтуу байсан болохоор архины мөнгө олох гэж дугуй авсан... Тамхи татах гэж тамхины иш хайж яваад 7 давхарт гарсан гэтэл дугуй байхаар нь авчихсан юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... Би хохирол төлбөрөө төлнө, самарт явж ирээд төлнө...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48х/,
-Хохирогч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг Их хаадын цуваа 7А-702 тоот орцноосоо өөрийн эзэмшлийн “Алтон” загварын дугуйгаа хулгайд алдсан тул цагдаагийн байгууллагад хандах болсон. Би тухайн дугуйгаа 2019 онд Улаанбаатар хотын “Алтон” гэх дугуйны дэлгүүрээс 1,200,000 төгрөгөөр авч байсан. Миний дугуйны баруун талын төмөр дөрөө нь сэтэрсэн, дугуйн рүлний зүүн гар талдаа гар утас тогтоогчтой, хар өнгийн 29 инчийн дугуйтай, уулын төрлийн дугуй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16х/,
-Гэрч О.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би Алтон дугуйны брэндийг мэднэ, унадаг дугуй худалдаалдаг компани байх. Алтон загварын дугуйны үнэлгээ их өндөр байдаг. Дугуйны размераас шалтгаалан 700,000-1,500,000 төгрөгийн хооронд байдаг. Манайх Алтон загварын дугуй зардаггүй, Эрдэнэтээс хүмүүс захиалж авдаг байх ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39х/,
- Далайван Аудит ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 02/02-45 дугаартай “...Алтон маркийн дугуйны үнэлгээг 800,000 төгрөгөөр тогтоов...” гэсэн үнэлгээ /хх-ийн 64-68х/,
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-12хх/,
- О.Эод мөрдөн шалгах ажиллагааны үед хийсэн тодорхойлолт /хх-ийн 73х/,
- О.Эын эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74х/,
- О.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа, Яргуйт багт оршин суудаг тухай тодорхойлолт /хх-ийн 78х/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Эыг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч О.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян- Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэр “Их хаадын цуваа” хотхоны 7 дугаар байрны орцноос “Алтон” загварын унадаг дугуйг авсан үйл баримт болсон байна.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Э нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч М.Бын “...2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг Их хаадын цуваа 7А-702 тоот орцноосоо өөрийн эзэмшлийн “Алтон” загварын дугуйгаа хулгайд алдсан тул цагдаагийн байгууллагад хандах болсон. Би тухайн дугуйгаа 2019 онд Улаанбаатар хотын “Алтон” гэх дугуйны дэлгүүрээс 1,200,000 төгрөгөөр авч байсан. Миний дугуйны баруун талын төмөр дөрөө нь сэтэрсэн, дугуйн рүлний зүүн гар талдаа гар утас тогтоогчтой, хар өнгийн 29 инчийн дугуйтай, уулын төрлийн дугуй байсан...” гэсэн мэдүүлгүүд, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, “Далайван Аудит” ХХК-ын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 02/02-45 дугаартай үнэлгээ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Эын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч О.Эын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохиролын талаар:
“Далайван Аудит” ХХК-ын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 02/02-45 дугаартай үнэлгээгээр хохирогч М.Бт 800,000 төгрөгний хохирол учирсан. Хохирогч М.Б “хохирол нэхэмжилнэ” гэсэн тул шүүгдэгч О.Эоос 800,000 төгрөгийг гаргуулан хохирогч М.Бт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч О.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Улсын яллагчаас “... Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эыг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэсэн болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.
Шүүгдэгч О.Эод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч О.Эын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тухайн гэмт хэргийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлдсэн байх тул тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сдиг 1 ширхгийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Отгоны О.Эод хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э нь тэнссэн хугацаанд дээрх хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч О.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сди бичлэг 1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч О.Эоос 800,000 төгрөгийг гаргуулан хохирогч М.Б-д олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Эод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ