| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2018/03359/И |
| Дугаар | 00013 |
| Огноо | 2018-12-21 |
| Маргааны төрөл | Зуучлал, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 00013
|
|
|
|
2018 оны 12 сарын 21 өдөр Дугаар 183/ШШ2019/00013 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Н” ХХК,
Хариуцагч: “Э” ХХК нарт холбогдох,
гаалийн зуучлалын гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,652,620 /есөн сая зургаан зуун тавин хоёр мянга зургаан зуун хорь/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түвшинбаяр, хариуцагч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Давааням, хариуцагч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нурболот, нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Б” ХХК нь “Н” ХХК-тай 2013 оны 12 сарын 01-ний өдөр 1ДВ1/21/27 дугаар “Гаалийн зуучлалын гэрээ”-г байгуулж, 2014 оны 4 сараас гаалийн бүрдүүлэлтийг хийж эхэлсэн. Гаалийн зуучлалын гэрээий 5.1-д гаалийн үндсэн мэдүүлгийг 5,500 төгрөг, нэмэлт мэдүүлгийг 3,000 төгрөг байхаар тохиролцсон. Энэхүү гэрээний дагуу 2014 оны 4 сараас 2015 оны 12 сарыг хүртэл хугацаанд “Э” ХХК-ийн импортоор оруулж ирж буй барааны гаалийн бүрдүүлэлтийн нийт 11 удаагийн ажлын төлбөрт 24,292,500 төгрөгийг манайд төлөх ёстой ч 14,639,880 төгрөгийг төлсөн байна. Зуучлуулагчийн зүгээс гаалийн барааны бүрдүүлэлтийн мэдүүлгийн ажлын төлсөн болон төлөөгүй төлбөрийг задалбал: хариуцагч нь 2015 оны 01 сард хийлгэсэн 2739 нэр төрлийн барааны бүрдүүлэлт хийлгэснээс үндсэн 6 мэдүүлэг-5,500=33,000 төгрөг, нэмэлт 2733 мэдүүлэг-3,000=8,199,000 төгрөг, нийт 8,232,000 төгрөг төлөхөөс 4,375,300 төгрөг шилжүүлж, 3,856,700 төгрөг төлөх дутуу, 2015 оны 3 сард 870 нэр төрлийн барааны бүрдүүлэлт хийлгэснээс үндсэн 2 мэдүүлэг-5,500=11,000 төгрөг, нэмэлт 868 мэдүүлэг-3,000=2,604,000 төгрөг, нийт 2,615,000 төгрөг төлөхөөс 1,741,500 төгрөг шилжүүлж, 873,500 төгрөг төлөх дутуу, 2015 оны 4 сард 652 нэр төрлийн барааны бүрдүүлэлт хийлгэснээс үндсэн 1 мэдүүлэг-5,500=5,000 төгрөг, нэмэлт 651 мэдүүлэг-3,000=1,953,000 төгрөг, нийт 1,958,500 төгрөг төлөхөөс 1,307,500 төгрөг шилжүүлж, 651,000 төгрөг төлөх дутуу, 2015 оны 5 сард 43 нэр төрлийн барааны бүрдүүлэлт хийлгэснээс үндсэн 1 мэдүүлэг-5,500=5,000 төгрөг, нэмэлт 42 мэдүүлэг-3,000=126,000 төгрөг, нийт 131,500 төгрөг төлөхөөс 89,500 төгрөг шилжүүлж, 42,000 төгрөг төлөх дутуу, 2015 оны 6 сард 1010 нэр төрлийн барааны бүрдүүлэлт хийлгэснээс үндсэн 2 мэдүүлэг-5,500=11,000 төгрөг, нэмэлт 1008 мэдүүлэг-3,000=3,024,000 төгрөг, нийт 3,035,000 төгрөг төлөхөөс 2,027,000 төгрөг шилжүүлж, 1,008,000 төгрөг төлөх дутуу, 2015 оны 6 сард 11 нэр төрлийн барааны бүрдүүлэлт хийлгэснээс үндсэн 1 мэдүүлэг-5,500=5,500 төгрөг, нэмэлт 10 мэдүүлэг-3,000=30,000 төгрөг, нийт 35,500 төгрөг төлөөгүй, 2015 оны 7 сард 150 нэр төрлийн барааны бүрдүүлэлт хийлгэснээс үндсэн 1 мэдүүлэг-5,500=5,500 төгрөг, нэмэлт 149 мэдүүлэг-3,000=447,000 төгрөг, нийт 452,500 төгрөг төлөхөөс 303,500 шилжүүлж, 149,000 төгрөг төлөх дутуу, 2015 оны 8 сард 719 нэр төрлийн барааны бүрдүүлэлт хийлгэснээс 1 мэдүүлэг-5,500=5,500 төгрөг, нэмэлт 718 мэдүүлэг-3,000=2,154,000 төгрөг, нийт 2,159,500 төгрөг төлөхөөс 1,441,500 төгрөг шилжүүлж, 718,000 төгрөг төлөх дутуу, 2015 оны 9 сард 894 нэр төрлийн барааны бүрдүүлэлт хийлгэснээс үндсэн 2 мэдүүлэг-5,500=11,000 төгрөг, нэмэлт 892 мэдүүлэг-3,000=2,676,000 төгрөг, нийт 2,687,000 төгрөг төлөхөөс 1,795,000 төгрөг шилжүүлж, 892,000 төгрөг төлөх дутуу, 2015 оны 9 сард 1106 нэр төрлийн барааны бүрдүүлэлт хийлгэснээс үндсэн 2 мэдүүлэг-5,500=11,000 төгрөг, нэмэлт 1104 мэдүүлэг-3,000=3,312,000 төгрөг, нийт 3,323,000 төгрөг төлөхөөс 2,219,000 төгрөг шилжүүлж, 1,104,000 төгрөг төлөх дутуу, 2015 оны 12 сард 223 нэр төрлийн барааны бүрдүүлэлт хийлгэсээс үндсэн 1 мэдүүлэг-5,500=5,500 төгрөг, нэмэлт 222 мэдүүлэг-3,000=666,000 төгрөг, нийт 671,500 төгрөг төлөхөөс 348,580 төгрөг шилжүүлж, 322,920 төгрөг төлөх дутуу байна. “Н” ХХК-иас дээрхи 11 ажлын төлбөрт 25,301,000 төгрөг төлөхөөс 15,648,380 төгрөг төлсөн, одоо 9,652,620 төгрөгт төлөх үлдэгдэлтэй байна. Дээрхи “Э” ХХК-ийн импортоор оруулж ирж буй барааны гаалийн бүрдүүлэлтийн ажил үйлчилгээг зуучлуулагч “Н” ХХК-ийн захиалгаар манай компани гүйцэтгэж байсан ба хариуцагч нар нь хамтран ажиллагч хуулийн этгээдүүд юм. “Н” ХХК нь “Э” ХХК-ийн импортын барааг худалдан борлуулдаг. 2013 оны 12 сарын 01-ний өдрийн 14В1/21/27 дугаар “Гаалийн зуучлалын гэрээ”-ний 3.2.3-т “Төлбөр тооцоог ажлын 5 хоногийн дотор хийж барагдуулна” гэж заасны дагуу дээрхи төлбөрийг манайд шилжүүлэх үүргээ үл биелүүлж байна. “Э” ХХК нь манайтай тодорхой нэр төрлийн гэрээ байгуулаагүй ч талуудын хооронд тодорхой харилцаа үүссэн болох нь тогтоогдох тул Иргэний хуулийн 410.2-т зааснаар тогтсон жишгийн дагуу нэмэлт үйлчилгээг 3,000 төгрөгөөр тооцож нэхэмжилж байна. Манайх “Н” ХХК-д дээрхи төлбөрийг төлөхийг албан бичиг, санхүүгийн нэхэмжлэхээр удаа дараа шаардаж байсан, 2018 оны 4 сарын 27-нд албан бичиг хүргүүлж шаардсан ч тодорхой хариу өгөөгүй, төлбөр төлөөгүй байх тул хариуцагч нарын хэн буруутайгаас нь гаалийн зуучлалын гэрээний үүргийн үлдэгдэл 9,652,620 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч “Н” ХХК-иас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манайх “Б” ХХК-тай 2013 оны 12 сарын 01-ний өдөр “Гаалийн зуучлалын” гэрээ байгуулсан боловч ямар нэгэн үйлчилгээ аваагүй буюу гэрээ бодит байдал дээр хэрэгжээгүй болох нь нэхэмжлэгчийн дансны хуулгаар нотлогдож байна. Уг хуулгаар тус компаниас гаалийн зуучлалын үйлчилгээг “Э” ХХК авч, түүний дагуу 2015 оны 01 сарын 21-нээс 2015 оны 9 сарын 14-ны өдөр хүртэл нийт 10 удаа үйлчилгээний хөлсийг “Б” ХХК-д төлсөн байх тул нэхэмжпэгч нь манайхаас гэрээний үүргийн гүйцэтгэл шаардах эрхгүй, үндэслэлгүй харин гаалийн зуучлалын үйлчилгээ үзүүлсэн “Э” ХХК-иас шаардах нь зүйтэй гэж үзэж байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь 9,652,620 төгрөг гаргуулах шаардлагын 2015 оны 01 сард 2015 оны 4 сард хийлгэсэн гаалийн зуучлалын үйлчилгээний хөлсний төлбөрт 5,381,200 төгрөгийг Иргэний хуулийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа 3 жил гэж заасны дагуу шаардах эрхээ алдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч “Э” ХХК-иас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Б” ХХК болон “Э” ХХК нарын хооронд Гаалийн зуучлалын гэрээ бичгээр байгуулагдаагүй ба талууд харилцан тохиролцож ажилласан. Манай компани тус компаниар тухайн үеийн зах зээлийн ханшийг үндэслэн үндсэн мэдүүлгийг 5,500 төгрөг, нэмэлт мэдүүлгийг 2,000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр тохиролцсон. Гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээний хөлсийг тус компанийн нэхэмжлэхээр цаг тухай бүрд нь төлж байсан. Гэтэл ямар үндэслэлээр нэмэлт мэдүүлгийг 3,000 төгрөгөөр тооцож 9,652,620 төгрөг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Манайх нэхэмжлэгчид төлөх төлбөргүй, тухайн үед тохиролцсон гаалийн зуучлалын хөлсийг бүрэн төлсөн. Талууд бичгээр гэрээ байгуулаагүй, гаалийн нэмэлт мэдүүлгийг 2,000 төгрөг байхаар тохиролцсон ч гэрээг байгуулагдсанд тооцох үндэслэл тогтоогдвол нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой тайлбар гаргах нь зүйтэй байна. Нэхэмжлэлийн 9,652,620 төгрөгөөс 2015 оны 01 сард хийлгэсэн гаалийн зуучлалын үйлчилгээний хөлсний төлбөрт 3,856,700 төгрөг, 2015 оны 3 сард хийлгэсэн гаалийн зуучлалын үйлчилгээний хөлсний төлбөрт 873,500 төгрөг, 2015 оны 4 сард хийлгэсэн гаалийн зуучлалын үйлчилгээний хөлсний төлбөрт 651,000 төгрөг буюу нийт 5,381,200 төгрөгийг Иргэний хуулийн 75.2.1-д зааснаар шаардах эрхээ алдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
“Б” ХХК нь “Н” ХХК болон “Э” ХХК нарт холбогдуулан гаалийн зуучлалын гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,652,620 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ гэрээний дагуу аль буруутайгаас нь гаргуулна гэж тайлбарлав.
Хариуцагч “Н” ХХК нь гэрээ байгуулсан ч үйлчилгээ аваагүй, гэрээ хэрэгжээгүй тул хариуцахгүй гэж, хариуцагч “Э” ХХК нь гэрээ бичгээр байгуулагдаагүй ч нэмэлт мэдүүлгийг 2,000 төгрөгөөр тохиролцож ажиллаад хөлсийг тус компанийн нэхэмжлэхээр тухай бүрд нь төлсөн гэж маргав.
Нэхэмжлэгч нь “Н” ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Гаалийн зуучлалын гэрээг байгуулж, зуучлагч нь бүрдүүлэлтийн үйл ажиллагааг хийж гүйцэтгэх, зуучлуулагч нь үндсэн мэдүүлгийг 5,500 төгрөг, нэмэлт мэдүүлгийг 3,000 төгрөгөөр хийхээр тохиролцсон байгаа боловч гэрээ хэрэгжсэн гэж үзэх баримтыг нэхэмжлэгчээс шүүхэд хэрэгт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул хангах үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1-д хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцлийн үндсэн дээр эрх зүйн харилцаа үүснэ гэж, 187 дугаар зүйлийн 187.1-д үүрэг нь хэлцлийн үндсэн дээр үүссэн эрх зүйн харилцаанаас үүсэхээр зохицуулсан байна.
“Б” ХХК нь “Э” ХХК-тай хэлцэл хийж, гаалийн бүрдүүлэлтийг хийхээр харилцан тохиролцож гүйцэтгэсэн байх бөгөөд энэ талаар талууд маргахгүй байна.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй зарчимд нийцсэн, хүсэл зоригоо илэрхийлснээр хэлцэл хүчин төгөлдөр болжээ.
Хэлцлийн агуулга, нөхцлөөс үзэхэд талуудын хооронд зуучлалын эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зааснаар зуучлалын гэрээгээр зуучлагч “Б” ХХК нь олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, Гаалийн байгууллагад мэдүүлэг гаргаж өгөх үүргийг, зуучлуулагч “Э” ХХК нь хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулжээ.
“Б” ХХК нь “Н” ХХК-ийн хүсэлтээр түүнтэй байгуулсан гэрээний жишгээр нэмэлт мэдүүлгийг 3,000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн гэж тайлбарлах ч гэрчийн мэдүүлгээр “Номин тав” ХХК-ийн хүсэлтээр гаалийн бүрдүүлэлтийн мэдүүлгийг гаргасан байх бөгөөд “Э” ХХК-иас ирүүлсэн Нэхэмжлэх баримтуудаар нэмэлт мэдүүлгийг 2,000 төгрөгөөр тооцож төлсөн байна.
Нэхэмжлэгчийн Голомт банк дахь дансанд “Э” ХХК нь хөлсийг төлж байсныг нотлохоор 2015.01.01-2015.12.31-ний өдрийг хүртэлх хугацааны хуулгыг хавсаргасан байх бөгөөд 14,639,880 төгрөг төлсөн талаар маргахгүй байна.
Харин “Б” ХХК-д дээрх хугацааны 11 удаагийн 8397 нэмэлт мэдүүлгийг 3,000 төгрөгөөр тооцож, “Э” ХХК-ийг 24,292,500 төгрөг төлөх үүрэгтэйг баримтаар нотлохгүй буюу зөрүү 9,652,620 төгрөгийг төлөх үндэслэл тогтоогдохгүй байна.
“Б” ХХК нь “Э” ХХК-ийн бараанд “Номин тав” ХХК-ийн хүсэлтээр гаалийн бүрдүүлэлт хийхдээ түүнтэй байгуулсан гэрээний жишгээр бус харин “Н” ХХК-тай байгуулсан хэрэгжээгүй гэрээний жишиг үнээр нэхэмжилсэн нь шаардлагын үндэслэлээ нотолж чадахгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 169,400 төгрөгийг орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 410.2-т заасныг баримтлан “Н” ХХК болон “Э” ХХК нараас гаалийн зуучлалын гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,652,620 /есөн сая зургаан зуун тавин хоёр мянга зургаан зуун хорь/ төгрөг гаргуулах тухай “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 169,400 төгрөгийг орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ