Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/331

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0312/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,

Шүүгдэгч Г.Б  /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт Б овогт Г-ын Б т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218000000362 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б овогт Г-ын Б  /РД: ............ /, ...... оны ........  дүгээр сарын ..... -ний өдөр ........  аймгийн ...  суманд төрсөн, .  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ...... , ...........-ийн хамт ........  аймгийн ......... сумын .....  дугаар багийн ........  дугаар гудамжны ........  тоотод оршин суух хаягтай.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Г.Б  нь 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 15 цагийн үед .......  аймгийн ..... сумын .......  дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ........-ын автомашины зогсоол дээр иргэн Г.О тэй зөвшөөрөлгүй зураг дарсан гэх шалтгаанаар маргалдаж улмаас нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь дээд уруулд шарх, хүзүү хоолойд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:                                

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б  мэдүүлэхдээ: “...Би тухайн өдөр О  гэдэг хүнтэй маргалдсан. Тэгээд миний хоолойг боохоор нь би нэг удаа гараараа цохисон. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. О  эхлээд миний хоолойг боосон болохоор цохисон. Намайг түүнийг цохисны дараа амнаас нь жаахан цус гарсан. гэв.

 

Эрүүгийн 2218000000362 дугаартай хэргээс:

 

Хохирогч Г.О ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 5 дугаар тал/, гэрч Г.С-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр тал/, Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ..... дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 26-27 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргийг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Г.Б ын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Б  нь 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 15 цагийн үед ......  аймгийн ........ сумын ......  дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах .......-ын автомашины зогсоол дээр иргэн Г.О тэй зөвшөөрөлгүй зураг дарсан гэх шалтгаанаар маргалдаж улмаас нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь дээд уруулд шарх, хүзүү хоолойд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:

 

Хохирогч Г.О ийн мөрдөн байцаалтад 2022 оны 09 дүгээр сарын 03, 09 дүгээр сарын 26-ны өдөр  мэдүүлсэн: ...Би 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ...........-аас .........  руу өөрийн эзэмэшлийн ......  улсын дугаартай ......  маркийн тээврийн хэрэгсэлтэй хүн тээвэрлэх гээд зогсож байхад ......... сум дотор такси үйлчилгээ үзүүлдэг ........  улсын дугаартай саарал өнгийн ........  маркийн машин хүн ачаад ........  сум руу явна гээд байхаар нь би өөрийнхөө машиндаа сууж байгаад дотроос .....  улсын дугаартай тээврийн хэрэгслийн зургийг дарахад тэр машинд сууж байсан эмэгтэй болон гадаа зогсож байсан эрэгтэй 2 хүн ирээд миний машины жолоочийн эсрэг талын урд онгорхой цонхон дээр ирээд эмэгтэй нь хандаж чи яагаад бусдын зургийг зөвшөөрөлгүй дараад байгаа юм гэхээр нь би тэр хүнд хандаж та нар яагаад ............. сумаас ....... , .... сумаас ....... сум руу явах тендерт зөвшөөрөлгүй яваад хүн ачаад байгаа юм бэ. Та нар өдөр болгон яагаад өдөр болгон яваад байгаа юм бэ гэхэд бид нар явдаггүй. Танай тендерийн машин тасрахаар дундуур нь орж ачсан гэсэн .Энэ үед машин огт тасраагүй хоёр машин зогсож байсан .Ер нь бид нарыг хариуцдаг Ч  гэх хүн ......  улсын дугаартай саарал өнгийн .....-ыг ......  сум руу явбал зургийг нь дарж баталгаажуулаарай гэж хэлж байсан юм гэдгийг тэр хүнд хэлэхэд ......  улсын дугаартай саарал өнгийн .... маркийн машины эрэгтэй хүн намайг хэл амаар доромжилж чанга чанга дуугарч байсан. Ингээд удаагүй байхад надад дайвар авчирч өгөх хүн авчирч өгчхөөд явсны дараа би .... сум руу машинтайгаа явах гэж байхад намайг хэл амаар доромжлоод байсан эрэгтэй миний талаар ирээд миний гар луу цохиод авахаар нь уурлаад машинаас буухад над руу тулж ирээд миний төмсөг рүү өвдөглөсөн. Тэгэхээр нь би өөрөөсөө холдуулах гэж хоолой руу түлхсэн. Энэ үйлдэл 2-3 удаа давтагдсан. Ингэж байгаад миний нүүр лүү гараараа цохиод авсан. Ингэхэд тухайн залууг барьж аваад цохих гэхэд хажууаас дотор такси үйлчилгээ явуулдаг хоёр эрэгтэй хүн бид хоёрыг салгах үед тухайн надтай маргаан үүсгэсэн эрэгтэйтэй хамт явсан эмэгтэй миний цамцнаас татаад миний фудволкны захыг урчихсан. Үүний дараа би намайг хариуцсан Ч  болсон асуудлын талаар хэлэхэд надад цагдаа дууд гээд би цагдаад хандах болсон. Миний дээд уруул зүүн хэсэгтээ сэтэрч хоёр оёдол тавиулсан. ...Надад хохирол нөхөн төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй. Гэхдээ гомдолтой байна. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5, 7 дахь тал/,

 

Гэрч Г.С-ийн мөрдөн байцаалтад 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр мэдүүлсэн: ...хар машины хүн машины зогсоол дээр ирж зогсонгуутаа миний машины зургийг дарчхаад би чиний зургийг дарсан. Одоо автотээвэрт өгнө гэсэн. Тэгээд машинаас бууж ирээд надтай маргалдаад хэрүүл хийж байхад манай нөхөр ирээд юу болоод байна гэж хэлэхэд тэр хүн манай нөхөрт танай авгай өдөр болгон .... руу хүн аваад хоёр удаа явдаг муу сайн таксины гуйлгачид гээд хэл амаар доромжлоод миний хажуугаар өнгөрөхдөө намайг мөрлөөд өнгөрөхөөр нь хүүе ээ ёооё гээд хэлсэн чинь тэр залуу машиндаа ороод суусан. Намайг ёооё гэж хэлснийг манай нөхөр сонсчхоод намайг мөрлөсөн машины жолооч дээр очоод гар руу нь зөөлхөн алгадаад чи эмэгтэй хүний биед гар хүрдэг хэн бэ гэсэн чинь тэр хүн машинаас бууж ирээд манай нөхөр Б ыг боогоод газар унагаагаад чирээд тавихгүй байхад тэр залууг болиулах гээд фудволкноос нь зулгаагаад байж байхад хажуугаас хүн ирээд салгатал манай нөхөр босож ирээд нэг удаа цохисон чинь уруулаас нь цус гарчихсан байсан. Өөр ямар нэгэн зүйл болоогүй. Энэ үед тэр залуу би та нарыг цагдаад өгнө. Эхнэр нь фудволк ураад хүн хулгайгаар ачаад нөхөр нь хүн зодоод байна гэж хэлээд орилж байхад би фудволкыг нь харахад урагдаагүй зах нь сунасан байсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ....  дугаартай ...Г.Б ын биед хоёр өвдгөнд зулгаралт, хүзүү хоолойнд улайлт тогтоогдлоо. Дээрх зулгаралт, улайлт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Г.Б ын биед тогтоогдсон уг зулгаралт, улайлт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 865 дугаартай ...Г.О ийн биед дээд уруулд шарх, хүзүү хоолойд зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Г.О ийн биед тогтоогдсон гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Г.О ийн биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

 

Г.Б ын 2022 оны 09 дүгээр сарын 16, 09 дүгээр сарын 22-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: ...Хар өнгийн Соната маркийн тээврийн хэрэгслээс нэг танихгүй залуу машин дотроосоо манай эхнэрийн машины зургийг дараад байсан. Эхлээд манай эхнэр очиж уулзаад .......  явах гурван хүн миний машинд байна. Та энэ хүмүүсийг авах уу гэж асуухад тэр залуу манай эхнэрийг хэл амаар доромжилсон. Ингээд би араас нь очиход танай машиныг явуулахгүй. Одоо автотээвэр рүү мэдэгдэнэ гэж хэлж байсан. Ингээд би тухайн залууд хандаж манай эхнэрийн машинд байгаа хүмүүсийг аваад яв гэж хэлээд гар руу нь нэг удаа зөөлөн цохисон. Энэ үед тэр залуу машинаас бууж ирээд миний хүзүүнээс гараараа боож унагаасан. Би тухайн үед босож ирээд тэр залуугийн нүүр лүү цохисон. Ингээд бид хоёр заамдалцаж байтал цагдаа ирээд салгасан. Манай эхнэрийг тэр хүн цохиж зодоогүй. Хэл амаар доромжлоод байсан болохоор нь уурандаа түүнийг цохисон. ...Би О д хохирол нөхөн төлөөгүй. Учир нь тэр надаас хохирлын мөнгө нэхэмжлээгүй. гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 37, 39 дэх тал/ зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.Б  нь 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ........  аймгийн ........  дугаар багт байрлах ......-ын автомашины зогсоол дээр иргэн Г.О тэй маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Г.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгч Г.Б  нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Б ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэлээ.

 

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Г.О ийн эрүүл мэндэд учирсан дээд уруулд шарх, хүзүү хоолойд зулгаралт бүхий хөнгөн хохирол нь тус Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

 

Иймд шүүгдэгч Г.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгч, хохиргч  нарын зан харилцаа ёс суртахууны хэм хэмжээ зөрчсөний улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч хохирол нэхэмжлээгүй тул энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.   

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч саналдаа: Шүүгдэгч Г.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.Б  нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч Г.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч Г.Б  нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хувийн байдалтай байна.

Шүүгдэгч нь хөдөлмөрийн чадвар 60%-ийн алдалттай болох нь хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтоогдож байх тул нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахгүйгээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Г.Б т ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлж байгаа байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б т 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 4 сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээгээр хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Г-ын Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б т оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Б  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ИДЭР