Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2019/ДШМ/035

 

Г.Хт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Хохирогч Г.А

Шүүгдэгч Г.Х

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Н.Гантулга нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/104 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлоор Г.Хт холбогдох эрүүгийн 1914000000044 дугаар хэргийг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Г.Х, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2008 оны 4 дүгээр сарын 16-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 -д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, мөн 2018 оны 4 дүгээр сарын 11-нд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж байсан,

Г.Х нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9-3-19 тоотод байх иргэн Г.Аийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд 2019 оны 01 сарын 19-ний өдөр хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 580.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Г.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Г.Хыг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г Хт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн мөн хуулийн 6 9 дүгээр зүйлийн 1-д зааснаар Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 11-ний өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г Хт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г Хт оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Г.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг цагдан хорьж. эдлэх ялыг 2019 оны 04 сарын 16-ны өдрөөс эхлэн тооцож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Г.Хын эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Х нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Х гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие Г.Х нь Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн. Номгон 1-р баг 91-12 тоотод оршин суудаг. Би 2019 оны 1 сарын 19-ний өдөр “Мөсний баярт”-т оролцох зорилготой өөрийн төрсөн эгч болох Г.Аийнд очиж дээл авахаар очсон. Гэтэл эзэн байгаагүй тэгээд эгч рүү залгаж дээл авах талаар хэлэх гэтэл утсаа аваад цаанаа яриад надтай ярьж чадалгүй тасарсан. Тийм учраас хэлж чадалгүй хүргэн ахын дээлийг авч өмсөж явсан. Би хүргэн ахындаа байнга очиж хонож өнжиж өөрийн гэр шиг байдаг. Тийм болохоор надад хулгай хийх сэдэл огт байгаагүй. Ахтайгаа дээл хувцасаа сольж өмсөж сурсан болохоор тэр зангаараа дээлийг нь баярт өмсөж явсан. Би тухайн үед “Мөсний баяр” дээр очоод тарсны дараа хүмүүстэй архи ууж хэтрүүлсний улмаас таксины жолоочид найз нартайгаа архи уух нэрийдлээр ахынхаа дээлийг өгч, мөнгө авсан нь миний хамгийн том алдаа байсан. Зөвшөөрөлгүй дээлийг авч өмсөж явсандаа маш их харамсаж байна. Би эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Хүү минь одоо 3 настай, нялх, эхнэр маань хөл хүнд байгаа тул та бүхэн миний хэргийг шүүн тунгааж ялыг минь хөнгөнөөр шийдэж өгөхийг хүсэж байна. Би өөрийн хийсэн зүйлдээ маш их харамсаж гэмшиж байгаагаа илэрхийлж байна. Тийм учраас цаашид архи дарснаас хол байж эхнэр, хүүхдүүдийнхээ төлөө хичээнгүйлэн амьдарч хэрэгт төвөгт дахин орооцолдохгүй ахиж ийм алдаа гаргахгүй гэдгээ амлаж байна гэжээ.

Шүүгдэгч Г.Хын өмгөөлөгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо:

... Г.Х 2019 оны 01 сарын 29-ний өдөр өөрийн төрсөн эгч Г.Аийн гэрээс түүнийг эзгүйд ногоон өнгийн хурган дээлийг авсан байдаг. Ингэхдээ хэрэг болсон өдөр мөсний баярт оролцож явахдаа дээлээ зузаан болгох зорилгоор эгч Г.Аийн гэрт очиход гэр нь зэнгүй байсан. Амбаартаа түлхүүрээ үлдээдэг газар түлхүүр нь байхгүй байсан. Зун нь хүргэн ахтайгаа уг байшинг барилцаж байхдаа гал тогооны цонх нь хүчтэй дарахаар онгойдог талаар сайн мэдэж байсан болохоор тэр цонхоор орж дээлийг авсан гэх... хохирогч Г.Аийн... Г.Х миний дүү, амралтын өдөр манай гэрт эхнэр хүүхэдтэйгээ ирж хонодог. Хэрэг болдог өдөр манай гэрээс хурган дээл алга болсон байхаар нь хулгай орлоо гэж цагдаад мэдэгдсний дараа дүү Г.Хыг авсан болохыг мэдсэн... одоо дээлээ олсон гомдол саналгүй гэх мэдүүлгээр Г.Х өөрийн эгч Г.Аийн гэрээс уг дээлийг авсан. Эгчийнхээ гэрт орж, гарч, хонож явдаг байсан. Уг өдөр дээл авах гэж эгч рүүгээ залгасан боловч утсаа авчихаад цаанаа хүмүүстэй юм яриад таслаад байхаар нь гэрт нь очоод түлхүүр зүүдэг газарт түлхүүр байхгүй болохоор хүчтэй түлхээд онгойдог цонхоор нь орж авсан талаар мэдүүлсэн байгаа.

Г.Хын уг үйлдэл нь нэг талаас орон байранд нэвтэрч байгаа мэт боловч нөгөө талаас харвал өөрийн төрсөн эгчийндээ онгорхой цонхоор нь орж, дээл байдаг газраас нь дээлийг авсан. Өөр бусдаар хаалга, цонхыг эвдэж, гэр доторх эд зүйлийг эрж, хайж аваагүй зэрэг нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулаагүй байна гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Г.Хыг гэм буруутайд тооцсон зүйл анги нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/104 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

Өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Г.Хын үйлдэл нь орон байранд нэвтэрч байгаа мэт боловч хаалга, цонхыг эвдэж, гэр доторх эд зүйлийг эрж, хайж аваагүй зэрэг нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулаагүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Х түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлуудад үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад;

Шүүгдэгч Г.Х нь 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 15 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9-3-19 тоот хашаанд байрлах хүргэн ах Г.Аийн хувийн сууцны цонхыг татаж онгойлгон ороод авдар дотор байсан эрэгтэй хүний хурган дотортой дээл, зурагтын өмнө цэнэглэж байсан гар утас зэргийг нууцаар, хууль бусаар орон байранд нэвтэрч хулгайлан авсан үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь 1914000000044 тоот эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.А, гэрч Л.Ариунжаргал, Э.Нямлхагва, Д.Бат-Очир, гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн шүүгдэгч Г.Хын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зүйлчлэн тогтоосоны дагуу гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хуульд заасан ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн уг зүйлд заасан хорих ялын хамгийн доод хэмжээгээр хорих ял оногдуулсан нь гэмт үйлдлийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй юм.

Шүүгдэгч Г.Х нь Г.Аийн хувийн сууцны цонхоор, нууц аргаар хууль бусаар орон байранд нь нэвтэрч эд зүйл хулгайлан авсан, хулгайн эд зүйлээ захиран зарцуулсан зэрэг гэмт үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн гэм буруугийн санаатай гэмт хэрэг бөгөөд хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулаагүй гэж үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн өмгөөлөгч *******гийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

 зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/104 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Х, өмгөөлөгч ******* нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хын 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 49 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М. МӨНХДАВАА

                                ШҮҮГЧИД Г. УЛАМБАЯР

                                                            Б. БОЛОР-ЭРДЭНЭ