Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2024/0367/З |
Дугаар | 221/МА2024/0494 |
Огноо | 2024-07-30 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2024/0494
2024 оны 07 сарын 30 өдөр | Дугаар 221/МА2024/0494 | Улаанбаатар хот
|
М ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 496 дугаар шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Хгийн давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдааны даргалагч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Гомдол гаргагч М ХХК
Хариуцагч ШӨХТГрын улсын байцаагч Б.С
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э Ж.Н
Хариуцагч Б.С
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай
Хэргийн индекс: 128/2024/0367/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 496 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 12., Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус баримтлан М ХХК-аас гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газрын улсын байцаагч Б.Сын 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 0002376 дугаартай шийтгэлийн хуудас, зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
2.1. ...Анхан шатны шүүх нь "... гэрээ нь талуудын хүсэл сонирхлын үндсэн дээр талбайн хэмжээний өөрчлөлттэй холбоотой нөхцөлийг хэн аль нь хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцож байгуулсан байх тул гомдол гаргагч "М" ХХК-ийг хэрэглэгчийг хууран мэхлэх замаар гэрээ байгуулсан, худал мэдээлэл өгсөн гэж үзэхгүй" гэж үзсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Учир нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй гэж мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.9 дэх хэсэгт "Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно. гэж тус тус заасан. "М ХХК анх иргэн Д.Оээс орон сууцны захиалга авч гэрээ байгуулахдаа Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн гэж үзэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулан шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй юм. Энэ нь "М ХХК нь барилгын зураг төсөл нь эрх бүхий байгууллагаар эцэслэн батлагдаагүй байхад буюу 2021 оны 02 дугаар сард гүйцэтгэх захирал Г.Бын баталсан "Орон сууцны талбай төлөвлөлт баталгаажуулалт" гэх урьдчилан тооцсон зураг төслөөр өөрсдийн цахим хуудас болох "M" гэх фэйсбүүк хаягнаас 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн зар сурталчилгаа явуулж тухайн талбай тооцсон зураг төслөөр иргэдээс захиалга авсан нь хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтаар тогтоогдсон.
2.1. Анхан шатны шүүхээс "Хууль тогтоогч Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлд Барилгын тухай хууль зөрчсөн зөрчилд шийтгэл ногдуулах үндэслэлийг тодорхой заасан, М ХХК уг зөрчлийг гаргасан эсэхийг харьяалах албан тушаалтан шалган тогтоогоогүй байхад эрх бүхий байгууллагаас батлаагүй барилгын зургаар хэрэглэгчийг хууран мэхэлсэн гэж гомдол гаргагчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй" гэж дүгнэсэн байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацаанд Барилгын хөгжлийн төвөөс М ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Барилгын хөгжлийн төвөөр зураг төслийг эцэслэн батлуулсан магадлалын дүгнэлтийн мэдээллийг Барилга хөгжлийн төвийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2/562 дугаар албан бичгээр ирүүлсэн байдаг. Гэтэл М ХХК нь иргэн Д.Оээс барилгын зургийн магадлал гараагүй байхад буюу 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулан орон сууцны захиалга авсан нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөл, барилгын болон эрүүл ахуй, ариун цэврийн норм, фармакопей, жор, түүнчлэн хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхтэй. гэж заасныг зөрчиж байхад анхан шатны шүүх зөвхөн Барилгын тухай зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс М ХХК нь орон сууцны захиалга авахдаа Барилга хөгжлийн төвийн магадлалын дүгнэлтийг гаргуулсны дараа хэрэглэгчдэд мэдээллийг хүргэж, захиалга аваагүйгээс хэрэглэгчийн эрх ашиг хөндөгдөж байгаа үйл баримтад үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, Барилгын тухай хуулийн зөрчлийн харьяалал, талууд өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр гэрээ байгуулсан нь Иргэний хуулиар зохицуулагдана гэсэн үндэслэлээр үгүйсгэсэн нь хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоогоогүй гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхээс "М ХХК-д шийтгэл оногдуулсан улсын байцаагчийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 0002376 дугаартай шийтгэлийн хуудас, зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2024/0496 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхилоо.
1. М ХХК-аас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 0002376 тоот шийтгэлийн хуудас, 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн албан даалгаврыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдол гаргажээ.
2. Анхан шатны шүүх ... Хэрэгт авагдсан баримтаар гомдол гаргагч М ХХК нь хууль болон гэрээнд заасан чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилга барьсны улмаас иргэн Д.Оийн эрхийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй ... Түүнчлэн иргэн Д.Оийн эрхэд бодит хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдоогүй байхад М ХХК-д шийтгэл ногдуулсан 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 0002376 дугаартай шийтгэлийн хуудас хуульд нийцээгүй байна ... Хууль тогтоогч Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлд Барилгын тухай хууль зөрчсөн зөрчилд шийтгэл ногдуулах үндэслэлийг тодорхой заасан. М ХХК уг зөрчлийг гаргасан эсэхийг харьяалах албан тушаалтан шалган тогтоогоогүй байхад эрх бүхий байгууллагаас батлаагүй барилгын зургаар хэрэглэгчийг хууран мэхэлсэн гэж гомдол гаргагчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй. гэж дүгнэж, нэхэмжлэлийг хангаж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
2.1. Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, эсхүл хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулсан, эсхүл хууль, гэрээнд заасан чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан бараа хэрэглэх, ажил, үйлчилгээгээр хангуулах эрхийг зөрчсөн бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж заасан.
2.2. Улсын байцаагч нь М ХХК болон иргэн Д.О нарын хооронд байгуулсан Орон сууц захиалах гэрээ-нд тусгасан талбайн хэмжээ бодит байдалд илүү байгаатай холбоотой гэрээний талуудын хооронд маргаан үүссэнтэй холбоотой иргэн Д.Оийн гомдлоор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, батлагдаагүй зураг төслийн дагуу зар сурталчилгаа явуулжээ.
2.3. Хэрэгт авагдсан гэрээ болон бусад баримтуудаас үзэхэд Барилгын зураг төсөл батлагдаж, магадлалын ерөнхий дүгнэлт гарсны дараа барилгаа борлуулах зар сурталчилгааг явуулах талаар зохицуулаагүй, мөн иргэн Д.Оийн худалдан авсан орон сууцны талбайн хэмжээ бодит байдалд гэрээнд тусгагдсанаас илүү байгааг зориуд хууран мэхлэх, төөрөгдүүлэх замаар худалдсан, хэрэглэгчийг хохироосон гэрээ байгуулсан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй, гэрээний талууд маргаанаа иргэний шүүхээр шийдвэрлүүлж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах боломжтой, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
3. Хариуцагч нь шийтгэлийн хуудас гаргаж, Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн албан даалгавраар нэхэмжлэгч М ХХК-ийг ... 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн иргэн Д.Отэй хийсэн орон сууц захиалгын гэрээний 6.1-д Батлагдсан орон сууцны ажлын зургийн дагуу анхны зохион байгуулалтын зурагт заасан хэмжээг үндэслэн орон сууцны талбайн хэмжээг тодорхойлно..., 6.2-т Гэрээнд талуудын бичгээр үйлдсэн харилцан тохиролцоогоор нэмэлт өөрчлөлт оруулж болно. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийг хийх талаа нөгөө талдаа 7-оос доошгүй хоногийн өмнө мэдэгдэнэ. гэж заасныг биелүүлээгүй нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, ... түүнчлэн хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил үйлчилгээгээр хангуулах эрхтэй, 12 дугаар зүйлийн 12.9-д Бараа, ажил үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно гэж Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д Газрын зөвшөөрөл, техникийн нөхцөл олгоогүй, зураг төсөл нь боловсруулагдаж дуусаагүй орон сууцны барилгад иргэдээс хөрөнгө төвлөрүүлэхийг хориглоно гэж заасныг тус тус зөрчсөн байна гэж Шийтгэлийн хуудсаар хариуцлага ногдуулсан зөрчлөөс хэтрүүлэн дүгнэжээ.
3.1. Мөн даалгавраар ... гэрээний 3.2 дахь хэсгийн биелэлтийг бүрэн хангуулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулах бичиг баримтыг хүлээлгэн өгөхийг даалгаж шийдвэрлэсэн нь гэрээний талуудын хоорондын маргааныг шийдвэрлэж, Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрх бүхий албан тушаалтны бүрэн эрхийг хэтрүүлсэн, иргэний гэрээний талуудын чөлөөт байдал, гэрээний талаарх маргаанаа зохих журмаар шийдвэрлүүлэх эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.
4. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2024/0496 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Б.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Хгийндавж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ