Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2870

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 19 өдөр                   Дугаар 183/ШШ2018/02870                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Оийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А,

Хариуцагч: А нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2,101,778,100 /хоёр тэрбум нэг зуун нэг сая долоон зуун далан найман мянга нэг зуу/ төгрөг гаргуулах, барьцааны гэрээний дагуу Ц.Агийн эзэмшиж буй “Эко скүүл гарден” ХХК-ийн нийт энгийн хувьцааны 10 хувьтай тэнцэх хувьцаа, Ц.Агийн эзэмшиж буй “Эко скүүл гарден” ХХК-ийн нийт энгийн хувьцааны 9 хувьтай тэнцэх хувьцаагаар хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Билэгсайхан, хариуцагч Ц.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Бауиржан, хариуцагчийн өмгөөлөгч В.Батжаргал, нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Эко Скүүл Гарден ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ж.О, Х.Батжаргал, Ц.А, Б.Соёлмаа бид 2010 оны 9 сарын 25-ны өдөр Хувь нийлүүлэгчдийн гэрээг байгуулсан бөгөөд компанийн бусад хувьцаа эзэмшигч нар нь компанийн үйл ажиллагааг эхлүүлэх, дүрэмд заасан үйл ажиллагааг явуулахад шаардлагатай хөрөнгийг гаргах бололцоогүй байсан тул гэрээний 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасны дагуу би Ц.Агийн эзэмшлийн 19 хувийн хувьцаанд ногдох хөрөнгө оруулалт буюу 475,000 ам долларыг түүний нэрийн өмнөөс компанид оруулах, Ц.Атай зээлийн гэрээг байгуулахаар харилцан тохиролцсон юм. Хувь нийлүүлэгчдийн гэрээнд заасны дагуу бид 2010 оны 10 сарын 08-ны өдөр 02 дугаар Зээлийн гэрээг байгуулж гэрээний 1.3, 2.3 дахь хэсэгт заасны дагуу 475,000 ам долларыг сарын 1%-ийн хүүтэй Ц.Ад зээлдүүлж Эко Скүүл Гарден ХХК-д хөрөнгө оруулалт байдлаар оруулсан. Мөн талууд 2010 оны 10 сарын 08-ны өдөр Барьцааны гэрээг байгуулж гэрээний 1.1, 1.2 дахь хэсэгт заасны дагуу Ц.А нь өөрийн эзэмшлийн Эко Скүүл Гарден ХХК-ийн нийт энгийн хувьцааны 19 хувьтай тэнцэх 19 ширхэг хувьцааг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон барьцаалсан бөгөөд хожим Ц.А нь барьцаалсан хувьцаанаас 9 ширхэг хувьцааг хувьцаа эзэмшигч Ц.Ад шилжүүлсэн байна. Би 02 дугаар Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 475,000 ам долларыг Ц.Агийн өмнөөс Эко Скүүл Гарден ХХК-д шилжүүлж зээлийг олгосон бөгөөд талууд 2011 оны 6 сарын 30-ны өдөр, 2011 оны 9 сарын 27-ны өдөр тус тус Тооцооны акт үйлдэж зээлийг бүрэн олгосон болохыг баталгаажуулсан. Зээлийн гэрээний 3.1 дэх хэсэгт гэрээний хугацааг Компанийн үйл ажиллагааны ашгаас эхний ногдол ашиг хуваарилж зээлдэгч Ц.Аг компаниас хувьцааны ашиг хүртэж зээл, зээлийг хүүг төлж барагдуулахыгхүлээсэн боловч зээл олгосноос хойш 7 жил гаруй хугацаа өнгөрөөд байхад Эко Скүүл Гарден ХХК нь нэг ч удаа ашигтай ажиллаагүй, зээлдэгч нь ашигтай ажиллаагүй учраас зээл төлөх боломжгүй гэсээр өнөөдрийг хүрлээ. Х.Батжаргал нь энэ хугацаанд бүхэлд нь компанийн гүйцэтгэх захирлаар, Ц.А нь компанийн үүсгэн байгуулсан Улаанбаатар дахь Англи бүрэн дунд сургуулийн ТУЗ-ийн даргаар ажилласан бөгөөд удирдлагын буруу шийдвэр, төлөвлөлтгүй байдлаас компани санхүүгийн хүнд нөхцөл байдалд орж, их хэмжээний алдагдал хүлээж зээл, өр төлбөр нь компанийн хөрөнгө орлогоос хэд дахин хэтэрсэн бөгөөд энэхүү өр төлбөрөө төлж ашигтай ажиллана гэдэг нь ямар ч боломжгүй нөхцөл болоод байна. БДО АУДИТ ХХК-ийн Эко Скүүл Гарден ХХК-ийн 2016 оны санхүүгийн тайланд хийсэн дүгнэлтээр Эко Скүүл Гарден ХХК-ийн өр төлбөр нь компанийн нийт хөрөнгөөс 10,745,643,000 төгрөгөөр давсан болох нь тодорхой болсон ба гүйцэтгэх захирал Х.Батжаргал нь 2017 оны санхүүгийн тайланд аудит хийлгээгүй, аудитын дүгнэлтийг хувьцаа эзэмшигч нарт танилцуулаагүй, компанийн санхүүгийн байдал, хөрөнгө, орлого, өр төлбөрийн харьцаа ямар байгаа нь хувьцаа эзэмшигчид хаалттай байна. Ийм нөхцөлд зээлдүүлэгч би компанийг ашигтай ажиллаж хувьцаа эзэмшигч нарт ногдол ашиг тараамагц зээлдэгч нь зээл, зээлийн хүүг төлж барагдуулна гэж итгэн хүлээх ямар ч боломж, нөхцөл байхгүй болсон тул зээлийн гэрээг шинэчлэн байгуулах, зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн төлбөр, хүүг төлөх хугацаа, графикийг тодорхой болгох талаар зээлдэгчид удаа дараа санал тавьж байсан бөгөөд сүүлд 2018 оны 02 сарын 02-ны өдөр Зээлийн гэрээг өөрчлөн байгуулах саналыг хүргүүлсэн ч ямар нэгэн хариу ирүүлээгүй, зээлийн төлбөрийг ямар хугацаанд, хэрхэн төлж барагдуулах талаар ямар ч санал гаргаагүй. Иймд зээлийн гэрээ байгуулж зээл олгосноос 7 жилийн хойш өнгөрсөн хугацаа, энэхүү хугацаанд 1 ч удаа компани ашигтай ажиллаж зээлийн төлөлт хийгдээгүй байдал, хэзээ хийгдэх нь тодорхойгүй байдал, компанийн санхүүгийн байдал, зээлдэгчийн эд хөрөнгийн байдал, зээлийн гэрээний хугацааг тодорхой тогтоогоогүй байдал зэргийг тус тус харгалзан Ц.А зээлийн төлбөрийг төлөх ямар ч боломжгүй болсон тул 2018 оны 6 сарын 08-ны өдөр зээлийн төлбөрийг 30 хоногийн дотор төлж барагдуулах, барагдуулаагүй тохиолдолд барьцааны зүйлээс шаардлагаа хангуулах тухай мэдэгдлииг хүргүүлсэн ч Ц.А нь уг хугацаанд зээлийн төлбөр, хүүг төлж барагдуулаагүй, уг мэдэгдэлд ямар нэгэн хариу ирүүлээгүй тул 2010 оны 10 сарын 08-ны өдөр байгуулсан 02 дугаар Зээлийн гэрээний үндсэн төлбөрт 475,000 ам доллар, зээлийг бүрэн олгосноос хойш мэдэгдэл хүргүүлсэн 2018 оны 6 сарын 08-ныг хүртэлх 80 сарын хугацааны хүү 380,000 ам доллар, нийт 855,000 ам доллар буюу 2,101,778,100 төгрөгийг гаргуулж өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг Ц.Агийн эзэмшлийн нийт энгийн хувьцааны 10 хувьтай тэнцэх хувьцаа, Ц.Агийн эзэмшлийн нийт энгийн хувьцааны 9 хувьтай тэнцэх хувьцаагаар хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Агаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд Ж.Оээс надад холбогдуулан гаргасан нэхэмжпэл гаргасныг эс зөвшөөрч байна. “Эко скүүл гарден” ХХК-ийг 2010 оны 7 сарын 28-ны өдөр Х.Батжаргал, Б.Соёлмаа нар байгуулсан бөгөөд тус бүр 50, 50% хувьцааг эзэмшдэг, компани нь 1,0 сая төгрөгийн дүрмийн сантай, Хан-Уул дүүрэг, 4 хорооны нутаг дэвсгэрт 10 га газар ашиглах эрхтэй байсан. Улмаар компанийн үйл ажиллагааг илүү өргөн хүрээнд явуулах зорилгоор миний бие Б.Соёлмаагийн эзэмшлийн хувьцаанаас 29% Хувьцаа худалдан авах, эрх шилжүүлэх гэрээний дагуу авсан. Харин нэхэмжлэгч нь хувьцаа эзэмшигч Х.Батжаргалын эзэмшлийн 50% хувьцаанаас 40% хувьцааг, хувьцаа эзэмшигч Б.Соёлмаагийн 50 % хувьцаанаас 11% хувьцааг хувьцаа худалдан авах, эрх шилжүүлэх гэрээний дагуу авч, 2010 оны 9 сарын 25-ны өдөр компанийн хувьцаа эзэмшигч нар хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулж, эзэмших хувьцааны хэмжээг хувь нийлүүлэгчдийн гэрээ болон компанийн дүрэмд Ж.О 1.275.000 ам долларын үнэ бүхий 51%, Ц.А 725.000 ам долларын үнэ бүхий 29%, Х.Батжаргал 250.000 ам долларын үнэ бүхий 10%, Б.Соёлмаа 250.000 ам долларын үнэ бүхий 10% хувьцаа эзэмшихээр тохиролцсон. Хувь нийлүүлэгчдийн гэрээний зорилго нь гэрээний 3 дугаар зүйлд заасан компани нь сургууль, цэцэрлэгт хүрээлэн, барилга, худалдаа үйлчилгээ, хөрөнгө оруулалт, хуулиар хориглоогүй үйл ажиллагаа явуулах зорилгыг хэрэгжүүлэхэд компанийн хувь нийлүүлэгчдийн бүтцэд өөрчлөлт орсноор үйл ажиллагааг явуулахад шаардлагатай хөрөнгийг талууд хувь тэнцүүлэн оруулах, ингэхдээ эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, ажиллах чадвар болон мөнгөн илэрхийллээр тодорхойлон үнэлэх боломжтой бусад эрхээ /зохиогчийн эрх, ноу-хау, лиценз/ үнэлэн хөрөнгө оруулалтыг гэрээний 2 дугаар зүйлд заасан хэлбэрээр тус тус хийхээр тохиролцсон. Компанийн үйл ажиллагаа явуулах эхний ээлжийн хөрөнгө оруулалт буюу эөрийн хөрөнгийн санхүүжилтийг Ж.О хариуцаж, түүний хийж буй санхүүжилт нь талуудын хувь тэнцүүлэн хийвэл зохих хөрөнгө оруулалтыг орлохуйц байх бөгөөд үүнтэй холбоотой харилцааг талууд тус бүр тусгайлан гэрээ байгуулах замаар зохицуулахаар гэрээнд заасан. Дээрх гэрээний 2.2 дахь хэсэгт хувьцаа эзэмшигч миний бие 29% хувьцааны 19%-д ногдох хөрөнгө оруулалт болох 475.000 ам долларыг мөнгөн хэлбэрээр, 10%-д ногдох хөрөнгө оруулалт болох 250.000 ам долларт ноу-хау болон ТЭЗҮ-г үнэлж оруулсан болохыг дурьдаад 19%-д ногдох мөнгөн хөрөнгийг зээл болон хөрөнгө оруулалтын гэрээгээр зохицуулахаар гэрээний 2.4-т зааж өгсөн. Улмаар Ж.О нь надтай 2010 оны 10 сарын 08-ны Зээлийн гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийг үндэслэн байгуулсан ч гэрээний дагуу 475.000 ам долларыг шилжүүлээгүй тул Иргэний хуулийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдаагүй юм. Харин Ж.О нь бусад хувьцаа эзэмшигч нарын өмнөөс эхний ээлжийн санхүүжилтийг хийж, бусад хувьцаа эзэмшигч нар гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж, “Эко скүүл гарден” ХХК нь тодорхой хөрөнгө орлоготой болоод байгаа билээ. Ж.Оээс нэхэмжилсэн миний өмнөөс төлсөн 475.000 ам сам долларыг төлөхөд татгалзахгүй ба уг санхүүжилтийг хийснээр би 10% хувьцаа эзэмшиж байна. Би 2013 оны 01 сарын 11-ний Хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр өөрийн эзэмшлийн 29%, хувьцааны 19%-ийг Ц.Ад шилжүүлсэн нь хууль ёсны үйлдэл ба хувьцаа эзэмшигч Ж.О болон бусад хувьцаа эзэмшигч нар хүлээн зөвшөөрсөн, хувьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Агаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “Эко скүүл гарден” ХХК-ийн үйл ажиллагаанд 2010 оны 10 сараас эхлэн оролцох болсон шалтгаан нь хувьцаа эзэмшигч Ц.А, Х.Батжаргал, Ж.О нарын хүсэлт байсан. Манай компанийн зорилго нь сургууль байгуулах, барилга барих, хөрөнгө оруулалт хийх, хуулиар хориглоогүй үйл ажиллагаа явуулах бөгөөд энэхүү үүргийг хэрэгжүүлэхэд сургууль байгуулах мэдлэг дутагдалтай байгаа тул сургууль байгуулах үйл ажиллагаанд тусалж дэмжин ажиллаад сургууль байгуулагдсаны дараа компанид хувьцаа эзэмшүүлэх талаар санал байсан. Би дээрх хүсэлтийн дагуу “Эко скүүл гарден ХХК-ийн үйл ажиллагаанд биечлэн оролцсоны үндсэн дээр 2012 онд Англи хэлний бүрэн дунд боловсролын Бритиш сургууль байгуулагдаж, “Эко Скүүл гарден” ХХК-ийн орон сууцны барилга баригдаж ашиглалтад орсон. Миний бие “Эко Скүүл гарден” ХХК-ийн зорилгод нийцсэн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлсний үндсэн дээр Ц.Агаас 2013 оны 01 сарын 11-ний өдөр хувьцаа худалдах ба худалдан авах гэрээгээр 19% хувьцааг, Б.Соёлмаагаас 2014 оны 12 сарын 04-ний өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2014 оны 12 сарын 03-ны өдрийн хувь нийлүүлэгчдийн тогтоолоор тус компанийн 5% хувьцааг авч 24% эзэмшиж байна. Хувьцааг шилжүүлэн авахад Ц.А, Б.Соёлмаа нарын хувьцаа нь аливаа этгээдэд барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, эрхийн зөрчилгүй байсан, энэ талаар хувьцаа эзэмшигч нар зөвшөөрч компанийн шинэчилсэн дүрмийг байгуулан хүчин төгөлдөр байгаа тул Ц.Агийн үүргийг миний хувьцаагаар хангуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд гэрээ байгуулсан талаар Ц.А маргаагүй, Хүү тооцож байгаа зээлийн гэрээний хувьд гэрээг бичгээр байгуулна гэж заасан. Үндсэн зээлийг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгосон. Талуудын хооронд байгуулсан гэрээн дээр хугацаа тогтоогоогүй. Компанийг ашигтай ажиллуулаад ногдол ашиг хуваарилах ёстой. Ямар тохиолдолд ногдол ашгаас төлөх нөхцөл заасан. Гэрээ байгуулснаас хойш 7 жилийн хугацаанд 1 ч эргэн төлөлт хийгээгүй. 2016 онд Ж.О Эко скүл гарден ХХК-ийн санхүүгийн дүгнэлт гаргуулахад 10 тэрбумын алдагдалтай ажиллаж байсан. Ц.А, Ц.А нар Эко скүл гарден ХХК-ийн нэр дээр тусгай зөвшөөрөлтэй, сургуулийн ТУЗ-ийн дарга өдөр тутмын үйл ажиллагааг эхэлж явуулж байгаа. Шүүх дээр нийгмийн даатгалаас 700.000.000 төгрөгийн акт тогтоосон. Батжаргал хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийгээгүй, компанийг алдагдалд оруулсан үндэслэлээр маргаан үүсээд явж байгаа. Одоогийн байдлаар гэрээний 7 дугаар зүйлд заасан ямар ч нөхцөлд ашигтай ажиллах боломжгүй, гэрээг цуцлах нөхцөл бүрдсэн. Иргэний хуульд заасны дагуу хугацаагүй гэрээг 30 хоногийн өмнө мэдэгдэнэ гэдгээр 6 сарын 02-ны өдөр мэдэгдсэн. 2018 оны 2 сард зээлийн гэрээний эргэн төлөлт бүрдэхгүй боллоо, эргэн төлөлтийг хэрхэн шийдвэрлэх талаар арга хэмжээ аваач гэсэн ч тухайн үед авч байгаагүй. Гэрээг 2018 оны 6 сарын 02-ны өдөр цуцалсан учраас 8 сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Хүүг мэдэгдэл өгөхөөс өмнө 5 сар хүртэл тооцон үндсэн төлбөрийн хамт нэхэмжилж байна. Зээлийн гэрээг эргэн төлөхгүй бол барьцаа хөрөнгөөр гаргуулна гэсэн. Ц.Агийн хувьд энэ хугацаанд хувьцааг авсан ч Барьцааны гэрээний 1.5-д барьцааны зүйл барьцаалуулагчаас өөр этгээдэд шилжвэл барьцааны эрх  хүчин төгөлдөр хэвээр үйлчилнэ гэж заасан тул барьцааны эрх хэвээр хадгалагдана. Ц.Агаас 9%, Ц.Агаас 10%-ийн барьцаагаар хангуулах шаардлага гаргаж байна. Компанийн эрх шилжүүлэх гэрээний 2.1, 12 сарын 07-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээний 2.1-д компанийн эрх шилжүүлэгч нь эрх шилжүүлэхдээ гадаад дотоодын байгууллага аж ахуйн нэгж байгууллага иргэдтэй байгуулсан гэрээний биелэлтийг дүгнэж цаашид хэрэгжүүлэх гэрээ хэлэлцээр болон бусад бичиг баримтыг эрх хүлээн авагчид танилцуулж хүлээлгэн өгнө гэсэн. Ц.А нь хувьцааг шилжүүлж авахдаа барьцаатай эсэхийг мэдээгүй, Ж.О хувьцаа эзэмшигчийн хувьд санхүүгийн тайлан авах гэхээр өгдөггүй, ногдол ашиг хуваарилахгүй гэсэн тогтоол гаргасан гэж байгаа ч Ж.О захиралд ийм эрх байхгүй. Иргэний эрх зүйн харилцаа талуудын чөлөөт харилцаан дээр явагдана. Хэн нэгэн этгээдэд зээл өгснийхөө төлөө нөгөө хүн 7 жилийн хугацаанд мөнгийг ашиглаад компаниа үүсгэн байгуулаад хөгжүүлээд том сургууль бариад хажууд нь орон сууцны хороолол бариад хөрөнгө оруулалт хийгээд магадгүй алдаатайгаас болоод 2016 оны байдлаар 10 тэрбумын алдагдалтай байсан. Нөгөөх нь Ж.Оийн зээлсэн мөнгийг ашигласан. Миний мөнгийг буцааж өгөхгүй гэдэг нь санхүүгийн дүгнэлтээр тогтоогдсон. Ногдол ашгаа ашигтай ажиллуулж байж авна гэсэн нөхцөл зааснаас зээлийг эргэн төлөх хугацааг гэрээнд тогтоогоогүй. Зээлийг эргэн төлөхгүй гэж байгаа нь компанийг нэмэх баланстай ажиллуулахгүй байх харилцаа харагдаж байна. 6 сарын 02-ны өдөр мэдэгдлээ өгсөн, Иргэний хуульд заасан эрхээ эдлээд гэрээг дуусгавар болгосон. Зээлийн гэрээний хүүг 1% ба бүх мөнгийг шилжүүлсэн 2011 оноос хүү тооцсон. Гэрээнд заасан эрхээ эдэлж, Иргэний хуулийн 283.1-д зааснаар зээлийг буцаан шаардаж, 282.1-д зааснаар ашигласан хугацааны хүү, 153.1-д заасны дагуу барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч нарын төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээ байгуулахдаа Эко скүл гарден ХХК-ийн эхний ээлжийн хөрөнгө оруулалтыг Ж.Оээс гарга, үүнтэй холбоотой зээлийн гэрээ болон хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар тохирч, Хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулсан. Үүний дагуу 2010 оны 10 сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. 475 ам долларыг Ц.Агийн өмнөөс Ж.О Эко скүл гарден ХХК-д төлөх ёстой байсан дээр маргахгүй. Зээлийн гэрээ Иргэний хуульд заасан холбогдох зүйл заалтад нийцэхгүй байгаа учраас хүү тооцох боломжгүй, гэрээний дагуу зээлийг төлөх хугацаа болоогүй. Зээлийн гэрээний 3.1-д 2010 оны 10 сарын 8-ны өдрөөс эхлэн компанийн ашгаас хэрхэн хуваарилж зээл, зээлийн хүүг төлөхөөр тодорхой нөхцөлтэй байгуулсан нь ногдол ашиг хуваарилж эхэлсэн үеэс зээлийн хүүг төлж явах тохирсон. Зээлийн гэрээний 7.2-т заасан зээлдэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчөөгүй, 7.2.2-т заасан аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болон зохих ёсоор биелүүлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байдал үүсээгүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ц.А тус компанид 24% хувьцаа эзэмшиж байгаа, хувьцааг шилжүүлэн авахад ямар нэг үүрэг хүлээгээгүй. Хувьцаа шилжүүлж байгаа этгээдүүдээс шилжүүлж байгаа хувьцаа барьцааны үүргийг ногдуулсан гэсэн мэдэгдлийг хүргүүлээгүй талаарх баримтыг гаргаж өгсөн. Хувьцааг барьцаалсан талаар ямар нэг үүрэг ногдуулаагүй. Гагцхүү шаардлага гаргах эрх үүсээгүй байна. Иргэний хуулийн 77-д гэрээг хугацаатай болон хугацаагүй байгуулж болно гэж, 71.2-т хугацааг зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлж болно гэж заасан.  Гэрээний 3.1-д компанийн үйл ажиллагаанаас эхний ашгийг хуваарилж эхэлснээс тооцохоор талуудын тохиролцсон. Ж.О Эко скүүл гарден ХХК-ийн 51% хувьцаа эзэмшиж байгаа. Соёлмаа Батжаргал 2 компанийн хувьцаа эзэмшигч байсан. Гэхдээ мөнгөө оруулъя, зээлсэн мөнгөө хүүтэй хамт компанийн эрх ашгийг хуваарилсан үеэс тооцож эхэл гэж болзол тавьж хугацаагаа тодорхойлсон. Эко скүүл гарден ХХК алдагдалтай ажилласан үйл ажиллагаа нь хариуцагч нартай ямар ч хамааралгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа 2010 оны 10 сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний үүргээ хэрхэн ямар байдлаар зөрчиж байна гэдгээс үүдээд гэрээний шаардлага гаргах ёстой. Гэрээнд заасан үндэслэлээр гэрээг цуцлах гэрээг дуусгавар болгох асуудал яригдана. Ашигтай ажиллах нь зөвхөн Ц.Атай холбоотой л биш, нийт хувьцаа эзэмшигч нартай холбоотой асуудал. Компани ашигтай ажиллахгүй учраас Ц.А үүргээ биелүүлэхгүй байна гэж гэрээнээс татгалзах эрх байхгүй. Нэгэнт гэрээ хүчин төгөлдөр байгаа. Гэрээг үндэслэж нэхэмжлэл гаргаж байгаа бол гэрээний заалтыг чанга баримтлах ёстой. Гэрээнд заасан нөхцөл байдал бий болоогүй учраас шаардлага гаргах эрх үүсээгүй, Ц.Ад хэдний өдөр хэдэн төгрөг хүлээлгэж өгсөн,  Эко скүүл гарден ХХК-д оруулсан гэж байгаа 2.500.000 ам долларыг хэдийд өгсөн нь тодорхойгүй. Талуудад хүлээсэн үүрэг байгаа, компани хэвийн үйл ажиллагаа явуулж, ногдол ашиг хуваарилаагүй гэдгийг тодорхойлсон баримт ирсэн. Талуудын хүсэл сонирхлоо илэрхийлээд байгуулсан зээлийн гэрээний 3.1, 3.4, 4.2.2, 5 гэсэн заалтуудад хугацаа ярьсан. Зээлийн гэрээний заалт ойлгомжгүй алдаатай байвал үгийн шууд утгыг анхаарна гэж зааснаас харахад гэрээ 2010 оны 10 сарын 08-ны өдрөөс эхэлнэ, ногдол ашиг хуваарилах тодорхой нөхцөлтэй байгуулсныг нэхэмжлэгч зөвшөөрсөн. Компани ногдол ашиг хуваарилж эхэлсэн үеэс хугацаа тоолно гэж тодорхойлсон. Гэрээг нэг болохоор цуцална, нэг болохоор дуусгавар болгоно гэж байгаа ч гэрээний үүргийг Ц.А ноцтой зөрчиж, гэрээг цуцалж байна гэж хараад байна, үүрэг зөрчөөгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Ж.О нь Ц.А, Ц.А нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, 2,101,778,100 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал нь зээл олгосноос хойш 7 жил гаруй хугацаанд компани ашигтай ажиллаагүй, удирдлагын буруу шийдвэр, төлөвлөлтгүй байдлаас санхүүгийн хүнд байдалд орж, зээл, өр төлбөр нь компанийн хөрөнгө орлогоос хэд дахин хэтэрсэн, ашигтай ажиллах болон хувьцаа эзэмшигч нарт ногдол ашиг тараамагц зээлдэгч нь зээл, зээлийн хүүг төлөх боломжгүй болсон үндэслэлээр гэрээг цуцалж, зээлийг хүүгийн хамт гаргуулна гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас хугацаагүй гэрээ байгуулсан үндэслэлээр Иргэний хуулийн 283.1-д зааснаар зээлийг буцаан шаардаж, 282.1-д зааснаар хүү тооцож, 153.1-д зааснаар барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч Ц.А нь зээлийн гэрээ байгуулсан ч зээлийг шилжүүлээгүй тул Иргэний хуулийн 282.4-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдаагүй, 10% хувьцааны 475,000 ам доллар төлөхөд татгалзахгүй ба гэрээгээр хувьцаагаа нэхэмжлэгч зөвшөөрсөн тул Ц.Ад шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй, хувьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй гэж, хариуцагч Ц.А нь хувьцаа шилжүүлэн авахад барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, эрхийн зөрчилгүй байсан, хувьцаа эзэмшигч нар хүлээн зөвшөөрсөн, компанийн шинэчилсэн дүрэм хүчин төгөлдөр байгаа тул Ц.Агийн үүргийг миний хувьцаагаар хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна

 

Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас Компани ногдол ашиг хуваарилж эхэлсэн үеэс хугацаа тоолно гэж тодорхойлсон тул шаардах эрх үүсэхгүй, гэрээгээр хүлээсэн ноцтой зөрчилгүй, үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй нөхцөл байдал үүсээгүй тул цуцлах үндэслэл болохгүй гэж тайлбарлалаа.

 

“Эко скүүл гарден” ХХК-ийг үүсгэн байгуулагч, тус бүр 50 хувийн хувьцаа эзэмшигч Х.Батжаргал, Б.Соёлмаа нар нь 2010 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Хувь нийлүүлэгчдийн гэрээг байгуулж, Ж.О 1,275,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 51 хувь, Ц.А 725,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 29 хувь эзэмшихээр тохиролцжээ.

 

Уг гэрээний 3 дугаар зүйлд зааснаар компани нь сургууль, цэцэрлэгт хүрээлэн, барилга, худалдаа үйлчилгээ, хөрөнгө оруулалт, хуулиар хориглоогүй үйл ажиллагаа явуулах үндсэн зорилгыг хэрэгжүүлэх, 4 дүгээр зүйлд зааснаар санхүүжилтийг компани өөрийн хүчин чармайлтаар эргэлтийн хөрөнгөө бүрдүүлэх, хэрэв хангалттай хөрөнгө татах чадваргүй бол талууд өөрсдийн эзэмшиж буй хувь нийлүүлсэн харьцаатай хувь тэнцүүлэн шууд зээлийн хэлбэрээр тухайн хөрөнгөөр хангахаар тохиролцсон байна.

 

Хувь нийлүүлэгчдийн гэрээний 4 дүгээр зүйлд заасны дагуу Ж.О нь 475,000 ам долларыг сарын 1%-ийн хүүтэй зээлэхээр тохиролцон, Ц.Атай 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 02 дугаар Зээлийн гэрээг байгуулжээ.

 

Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээнд гарын үсэг зурж, гэрээний үнэн зөвийг нотариатч гэрчилснээр гэрээ хүчин төгөлдөр болжээ. 

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасан байна.

 

Дээрх зохицуулалтуудаар зээлийн гэрээний дагуу хариуцагчид үүрэг үүсэх нөхцөл нь зээлдэгчийн өмчлөлд зээлдүүлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг бодитой шилжүүлсэн байх, зээлдэгч нь мөнгөн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласан байхыг шаардана.

 

Гэрээний 5.1.1-д зээлдэгч зээлийн мөнгийг шилжүүлэн өгөхийг шаардах эрхтэй гэж тохиролцсон ч хэргийн үйл баримтаар Ж.О нь Ц.Ад зээлийн мөнгөн хөрөнгө болох 475,000 ам долларыг шилжүүлсэн гэж үзэх байдал тогтоогдохгүй, хариуцагч нь уг мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгөхийг шаардаагүй, хүлээн аваагүй, бодитоор ашиглаагүй байна.

 

Ж.О нь 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2011 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хооронд нийт 2,500,000 ам долларыг “Эко скүүл гарден” ХХК-д хөрөнгө оруулалт хэлбэрээр шилжүүлсэн болох нь 2011 оны 6 дугаар сарын 30-ны болон 2011 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Тооцооны актаар тогтоогдож байна.

 

Ийнхүү компанид шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг зээлдэгч нь зээлдүүлэгчид зээлийг шилжүүлж, зээлийг ашигласан гэж үзэхгүй, 2010 оноос хойш гэрээний дагуу хүү төлж байгаагүйгээр гэрээ хэрэгжсэн гэж үзэх боломжгүй тул Ц.Ад зээлийн гэрээний дагуу үүрэг үүсэхгүй буюу нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй юм.

 

Түүнчлэн компани ашигтай ажиллаагүй, удирдлагын буруу шийдвэр, төлөвлөлтгүй байдлаас их хэмжээний алдагдал хүлээж зээл, өр төлбөр нь компанийн хөрөнгө орлогоос хэд дахин хэтэрсэн гэж, өөрөөр хэлбэл зээлийн гэрээнд заагдаагүй үндэслэлээр зээлийн гэрээг цуцлах эсхүл Иргэний хуулийн 283.1-д зааснаар зээлийг буцаан шаардахаар гаргасан нэхэмжлэгч талын шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Ц.А нь “Эко скүүл гарден” ХХК-д өөрийн эзэмшдэг хувьцаанаас 29 хувийн хувьцаанаас 19 хувийн хувьцааг Ц.Ад 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр худалдсан, тус компанид Ц.А 24 хувийн хувьцаа эзэмшигч болохыг Ж.О нь хүлээн зөвшөөрч компанийн дүрэмд 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гарын үсэг зурсан байдлаар нотлогдож байх тул түүний эзэмшлийн хувьцаагаар бусдын үүргийг хангуулахаар гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж үзэхээр юм.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 281.1, 282.1, 283.1, 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 10,737,041 төгрөгийг орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн  281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 283 дугаар зүйлийн 283.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасныг баримтлан А, А нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 2,101,778,100 /хоёр тэрбум нэг зуун нэг сая долоон зуун далан найман мянга нэг зуу/ төгрөг гаргуулах, “Эко скүүл гарден” ХХК-ийн Ц.Агийн эзэмшлийн хувьцааны 10 хувьтай тэнцэх хувьцаа, Ц.Агийн эзэмшлийн хувьцааны 9 хувьтай тэнцэх хувьцаагаар хангуулахыг хүссэн Оийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,737,041 төгрөгийг орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ