Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/300

 

 

 

 

 

 

 

 

 

2022         09          05                                        2022/ШЦТ/300

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав,

улсын яллагч Н.Дүүрэнжаргал,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О,  

шүүгдэгч Б.Г нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гэд холбогдох эрүүгийн 2225004620*** дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Г

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 38а-5 тоотод архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн Г.Хг цохиж өшиглөж, иргэн Ц.Мыг хөрөөгөөр цохиж хоёр хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “...Би тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл маш ихээр хэрэглэсэн байсан учир тухайн өдөр юу болсон талаар санахгүй байна. 2022 оны 07 дугаар сарын 16-ны өглөө цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байрнаас гараад гар утсаа хүлээн аваад ээжтэйгээ холбогдоход чи өчигдөр хүний толгой руу хөрөөгөөр цохидог нь яаж байгаа юм гэхэд би хохирогч  нартай холбогдож гэмтэл учруулсан гэдгээ ойлгосон...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31х/,

 

- Хохирогч Ц.М мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 07 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад Дэнж багт манай эхнэртэй архи согтууруулах ундааны зүйл хувааж уусан Отгоо гэх эгчийг гэрт нь хүргэж өгөхөөр Дэнж багийн Дуурга дэлгүүрийн харалдаа гудмаар ороод очоод Отгоо эгчийг гэр рүү нь оруултал дүү гэх залуу нь зодоод байхаар нь манай эхнэр Г.Х салгах гэтэл эхнэрийг маань хавсарч унагаад гэдсэн дээр нь хөлөөрөө дэвсэхээр нь машинд сууж байсан хүү маань араас нь ортол тэр залуу гэрийнхээ үүдний амбаарт байсан гар хөрөөг аваад манай хүүг цохих гээд дайрахаар нь дундуур нь салгах гэтэл гартаа барьж байсан гар хөрөөгөөр миний толгой руу цохисон. Тэгээд би машинаа асаагаад дуурга дэлгүүрийн ойролцоо байсан хөдөлгөөнт эргүүлд очиж мэдэгдээд цагдаагийн байгууллагад ирсэн... Тухайн залуу хийж байгаа үйлдлээ сайн мэдэхгүй нэлээд согтуу байсан. Харин би эмнэлэг орж толгойдоо 5 оёдол тавиулж боолт хийлгэсэн...Би гомдолтой байна. Хуулийн дагуу шийдүүлмээр байна. Нэхэмжлэх зүйл одоогоор байхгүй, эмчилгээнд зориулан өөрөөсөө 100,000 гаран төгрөг зарцуулсан. Баримт нь байгаа...Би Улаанбаатар хотод Монтиско ХХК-ийн дугай засварчнаар ажилладаг. Би 7 хоногийн хугацаанд нааш цаашаа яваад цалингүй чөлөө авсан. 7 хоногийн цалин болох 378,000 төгрөгийг нэхэмжилж байна. Манай эхнэр мөн зодуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13, 15/,

 

- Хохирогч Г.Х мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр найз эгч Отгонжаргалын хамтаар найз Баясаагийн гэрт нь очиж хууч хөөрч пиво уусан. Би өөрийгөө хянах чадвартай байсан. Отгоо эгч маань Баясаагийнд хонох гэсэн боловч хоёр хүүхэд нь гэртээ харина гээд байхаар нь нөхөр бид хоёр Отгоо эгчийг гэрт нь хүргэж өгөх гэсэн боловч ээж дээрээ согтуу орохгүй гээд төрсөн эгч Бямбагэрэлийн гэрт хүргүүлсэн. Би эгчийнд нь оруулж өгөхөөр ороход урдаас нь согтуу хүн Отгоо эгчийг цохиод авахаар нь миний дүү ингэж болохгүй гэж хэлтэл намайг гараараа толгой руу цохиод авсан. Би газарт унасан. Газарт унасан байхад чирч хөлөөрөө өшиглөсөн. Тухайн үед манай нөхөр Ц.М гаднаас хүүгийн хамтаар орж ирээд мөн л ахын дүү боль гэж хэлтэл чи муу хэн бэ гэж хэлээд нөхрийг хий цохисон. Нөгөө залуу манай нөхрийг хөрөөгөөр цохино гээд байхаар нь тоглож байгаа байх гэж бодоод өнгөрсөн. Тэгтэл манай хүү аавыгаа өмөөрч та болиоч гэж хэлэхэд манай хүү рүү дайраад байсан. Тэгээд манай нөхөр хүүг авч гарах гэтэл манай нөхрийг гар хөрөөгөөр цохих шиг болсон. Манай нөхрийн толгойноос их цус гарч хүү болон нөхөр хоёр түрүүлэн гарч цагдаа дуудна гээд гараад явсан. Удаагүй цагдаатай хамт орж ирсэн. Тухайн гар хөрөө нь цус болсон байсан... Манай нөхөр 5 оёдол тавиулсан. Нөхөр бид хоёрыг зодож байхад тухайн залуугийн ээж буюу Отгоо эгчийн төрсөн эгч Бямбагэрэл байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18х/,

 

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 554 дугаартай ...1. Ц.Мын биед хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мэс заслын оёдолтой тул ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болохыг нарийн тогтоох боломжгүй.

3. Хуйханд шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь магадлуулагчийг ямар ч байрлалд байхад үүссэн байх боломжтой.

5. Хуйханд шарх нь унасан үед үүсэх боломжгүй.

6. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 20-21х/,

 

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 556 дугаартай ...1. Г.Хгийн биед эрүү, зүүн шанаа, цээж, хоёр гарын бугалга, зүүн шуу, зүүн өвдөг, хоёр хөлийн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн одон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүү, зүүн шанаа, цээж, хоёр гарын бугалга, зүүн шуу, зүүн өвдөг, хоёр хөлийн шилбэнд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь магадлуулагчийг ямар ч байрлалд байхад үүссэн байх боломжтой.

5. Эрүү, зүүн шанаа, цээж, хоёр гарын бугалга, зүүн шуу, зүүн өвдөг, хоёр хөлийн шилбэнд цус хуралт нь нэг удаа унах үед үүсэх боломжгүй.

6. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 24-25х/,

 

- Б.Гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60х/,

 

- Хохирлын баримт /хх-ийн 40-49х/, хохирол төлсөн талаарх баримт зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

    

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г нь 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 38а-5 тоотод архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн Г.Хг цохих, өшиглөх зэргээр түүний биед эрүү, зүүн шанаа, цээж, хоёр гарын бугалга, зүүн шуу, зүүн өвдөг, хоёр хөлийн шилбэнд цус хуралт гэмтэл, иргэн Ц.Мыг хөрөөгөөр цохиж түүний эрүүл мэндэд хуйханд шарх гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.

 

Прокуророос шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Х, Ц.М нарын мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 556 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 554 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.Гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгч Б.Гэд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Б.Гийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг  хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Б.Гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч нь хохирогч нарт 480,000 төгрөг төлсөн байх бөгөөд хохирогч Ц.М нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирогч Г.Х нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

 Шүүгдэгч Б.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Улсын яллагчаас “...таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, 500,000 төгрөгийг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэсэн болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч прокуророос санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаа. Улсын яллагч шүүгдэгчийн ахуй амьдралыг бодоод 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан байх гэж бодож байна. Шүүгдэгч болон түүний ар гэр торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болмогц төлнө гэсэн учраас хэсэгчлэн төлүүлэх хугацаа заахгүйгээр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Шүүх шүүгдэгч Б.Гийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авч, торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацааг заах шаардлагагүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Г нь тус шүүхийн  2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 277 дугаар шийтгэх тогтоолоор 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн байх бөгөөд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, уг шийтгэх тогтоолоор оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Баттөрийн Б.Гийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гэд 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 277 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, уг шийтгэх тогтоолоор оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Г нь 500,000 /тааван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүгдэгч Б.Г нь ************************ дугаартай хэрэгт 277 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял шийтгэгдэн цагдан хоригдож байгаа болохыг дурдсугай.

 

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.НАРМАНДАХ