| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 171/2022/0269/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/299 |
| Огноо | 2022-09-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/299
2022 09 05 2022/ШЦТ/299
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав,
Улсын яллагч Т.Дэлгэрмэнд,
Шүүгдэгч Э.П нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Пд холбогдох эрүүгийн 222500472**** дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Э.П
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.П нь согтуурсан үедээ 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 30-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг **-****тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Хг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, зүүн хацар, дээд уруул, түүний дотор тал, хоёр гарын бугалга, тохой, шуу, цээж, нурууны доод хэсэг, хоёр хөлийн гуя, баруун шилбэний урд хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Э.П мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гэрээсээ гараад Оюундарийн гэр рүү алхаад явж байтал манай эхнэр Оюундарийн гэрийн гадаа гэр рүүгээ ирдэг замын ойролцоо нэг үл таних залуутай юм яриад зогсож байгаа бололтой байсан. Тэгэхээр нь би уурлаад тухайн залуутай барьцалдаж байсан шиг санагдаж байна. Би эхнэрээ дагуулаад гэр рүүгээ орсон. Гэртээ ороод эхнэр бид хоёр хоорондоо маргалдсан. Улмаар би эхнэрийнхээ биед халдан зодсон... Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Цаашид ийм асуудал дахин гаргахгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36х/,
- Хохирогч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 07 дугаар сарын 29-ний орой 20 цаг өнгөрч байх үед найз Оюундарийн гэр болох Уртбулаг баг 11 дүгээр хороололд гэрт нь очсон. Оюундарийн гэр манай гэртэй ойрхон байдаг юм. Би найзтайгаа гэрт нь юм ярьж сууж байгаад 00 цаг өнгөрч байхад гэрээс нь гараад танидаг нэг залуутай гэрийнх нь үүдэнд таараад юм яриад зогсож байтал манай нөхөр Э.П миний өөдөөс ирж байсан. Тэгээд бид хоёр гэрлүүгээ орсон. Гэрт ороод манай нөхөр тухайн залуутай намайг хардаж уурлаж намайг зодсон. Тэгээд би өөрийнхөө гар утсаар ээж аавыгаа дуудаад гэр рүүгээ явсан юм. Манай нөхөр намайг өшиглөж газарт унагаагаад хөлөөрөө 2-3 удаа толгой руу өшиглөсөн мөн 1-2 удаа нүүрэн тус газар гараараа алгадсан тэгтэл миний хамарнаас цус гарсан би айгаад гэрээс гараад зугтаасан тэгтэл манай нөхөр араас гүйж гарч ирээд үснээс зулгааж зогсоогоод гэр рүү хувцаснаас чирч оруулаад дахин намайг толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон удалгүй манай аав ээж хоёр ирсэн. Манай нөхөр энэ оны 5 билүү 6 дугаар сард гэр бүлийн маргаанаас болж нэг удаа алгадаж байсан өөр ямар нэгэн байдлаар зодож байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14х/,
- Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 07 дугаар сарын 29-ний орой ажил тараад манай найз Б.Х, З, Э нар манай гэрт пиво ууж байхад шөнө 00 цагийн орчим Б.Х байхгүй байсан. Тэгээд Б.Хгийн утас руу залгахад нөхөр Э.П нь аваад чамайг ална шүү гичий минь, янхан минь гэж хэлсэн. Цаана нь Б.Х орилоод байсан. Тэгээд би утсаа салгасан. Маргааш нь буюу 2022 оны 07 дугаар сарын 30-ны өглөө 10 цагийн орчим Э.П над руу залгаад өчигдөр танай гэрийн гадаа найз Б.Х чинь нэг залуутай байсан. Тэр хэн юм бэ, гэхээр нь мэдэхгүй, Б.Хг манай гэрээс гараад явсаныг ч мэдээгүй гэж хэлээд утсаа салгасан. Тэгтэл тэр өдөр 16 цагийн орчим Э.Пын найз С гэх эрэгтэй хүн над руу ***** дугаарын утсаар залгаад чамд би хэн гэдгээ харуулна, чи гэртээ архидалт зохион байгуулж айлын амьдрал сүйрүүлсэн, чиний амьдралыг сүйрүүлнэ харж байгаарай гэж хэлсэн. Мөн Э.П над руу мессеж бичиж сүрдүүлсэн. Тухайн мессеж нь намайг Эрдэнэтэд гишгэх газаргүй болгоно гэсэн утга бүхий мессеж байсан...2022 оны 07 дугаар сарын 30-ны орой би Б.Хтай уулзаж болсон асуудлын талаар тодруулах гээд уулзтал Б.Хгийн нүүр нь хавдаж хөхөрсөн, толгойноос нь цус гарсан бололтой цус болчихсон байсан. Тэгээд би яасан гэж асуухад манай нөхөр хүнтэй хардаад намайг зодсон гэж хэлсэн... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17, 19х/,
- Шинжээч эмч Ч.Буянзаяа мөрдөн шалгах ажиллагаанд: “...Б.Хгийн биед 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр үзлэг хийхэд байсан зүүн нүдний зовхи, зүүн хацар, дээд уруул, түүний дотор тал, хоёр гарын бугалга, тохой, шуу, цээж нурууны доод хэсэг, хоёр хөлийн гуя, баруун шилбэний урд хэсэгт цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэргийн заавраар хөнгөн зэрэгт хамаарагдана. 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хийлгэсэн Б.Хгийн КТГ-ийн шинжилгээгээр хамрын ясны хугарал гэмтэл нь батлагдаагүй байсан. Хэрэв хамрын яс хугарсан бол 2-3 хоногт эдгэх боломжгүй. Батлагдаагүй тул дүгнэлт хэсэгт тусгах боломжгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22х/,
- Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 599 дугаартай: “...1. Б.Хгийн биед зүүн нүдний зовхи, зүүн хацар, дээд уруул, түүний дотор тал, хоёр гарын бугалга, тохой, шуу, цээж, нурууны доод хэсэг, хоёр хөлийн гуя, баруун шилбэний урд хэсэгт цус хуралт, хуйх, баруун гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ.
3. Зүүн нүдний зовхи, зүүн хацар, дээд уруул, түүний дотор тал, хоёр гарын бугалга, тохой, шуу, цээж, нурууний доод хэсэг, хоёр хөлийн гуя, баруун шилбэний урд хэсэгт цус хуралт эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Хуйх баруун гуянд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 25-27х/,
- Э.Пын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43х/,
- Э.Пын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37х/,
- Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 39-40х/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Дээрх нотлох баримтуудаар Э.П нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр Б.Хг бусадтай хардаж улмаар Б.Хгийн биед зүүн нүдний зовхи, зүүн хацар, дээд уруул, түүний дотор тал, хоёр гарын бугалга, тохой, шуу, цээж, нурууны доод хэсэг, хоёр хөлийн гуя, баруун шилбэний урд хэсэгт цус хуралт, хуйх, баруун гуянд зулгаралт гэмтэл үүсгэсэн үйл баримт болсон байна.
Прокуророос шүүгдэгч Э.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.П нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч Б.Хгийн “...Манай нөхөр намайг өшиглөж газарт унагаагаад хөлөөрөө 2-3 удаа толгой руу өшиглөсөн мөн 1-2 удаа нүүрэн тус газар гараараа алгадсан тэгтэл миний хамарнаас цус гарсан би айгаад гэрээс гараад зугтаасан тэгтэл манай нөхөр араас гүйж гарч ирээд үснээс зулгааж зогсоогоод гэр рүү хувцаснаас чирч оруулаад дахин намайг толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Оюундарийн “...Тэгээд Б.Хгийн утас руу залгахад нөхөр Э.П нь аваад чамайг ална шүү гичий минь, янхан минь гэж хэлсэн. Цаана нь Б.Х орилоод байсан...2022 оны 07 дугаар сарын 30-ны орой би Б.Хтай уулзаж болсон асуудлын талаар тодруулах гээд уулзтал Б.Хгийн нүүр нь хавдаж хөхөрсөн, толгойноос нь цус гарсан бололтой цус болчихсон байсан. Тэгээд би яасан гэж асуухад манай нөхөр хүнтэй хардаад намайг зодсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, шинжээч эмч Ч.Буянзаяагийн “...Б.Хгийн биед 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр үзлэг хийхэд байсан зүүн нүдний зовхи, зүүн хацар, дээд уруул, түүний дотор тал, хоёр гарын бугалга, тохой, шуу, цээж нурууны доод хэсэг, хоёр хөлийн гуя, баруун шилбэний урд хэсэгт цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэргийн заавраар хөнгөн зэрэгт хамаарагдана. 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хийлгэсэн Б.Хгийн КТГ-ийн шинжилгээгээр хамрын ясны хугарал гэмтэл нь батлагдаагүй байсан. Хэрэв хамрын яс хугарсан бол 2-3 хоногт эдгэх боломжгүй. Батлагдаагүй тул дүгнэлт хэсэгт тусгах боломжгүй...” гэсэн мэдүүлгүүд болон Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 599 дугаартай шинжээчийн дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Пын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Э.Пын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохиролын талаар:
Хавтаст хэрэгт хохирлын талаар нотлох баримт авагдаагүй ба хохирогч Б.Х нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч Э.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Улсын яллагчаас “... Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Пыг 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэсэн болно.
Шүүх шүүгдэгч Э.Пын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв..
Шүүгдэгч Э.П нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Пыг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П нь 550,000 /таван зуун тавин/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Э.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
зз
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ