| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 134/2018/00108/И |
| Дугаар | 2869 |
| Огноо | 2018-12-19 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2869
2018 оны 12 сарын 19 өдөр Дугаар 183/ШШ2018/02869 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М,
Хариуцагч: М нарт холбогдох,
Хамтран ажиллах гэрээний ашгаар авсан ковшны тал хувь болох 17,500,000 /арван долоон сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай үндсэн, үйл ажиллагааны зардлын тал буюу 16,560,750 /арван зургаан сая таван зуун жаран мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоо, хариуцагч М.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алдармаа, хариуцагч Б.М, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Отгонтөгс, нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2016 оны 10 сард найз М.Мтой ярилцаж, тохиролцсоны үндсэн дээр “жоншны бичил уурхайд туслан гүйцэтгэгчээр хамтран ажиллаж, нөхөрлөлийн болон лицензтэй газарт, газрын эзэдтэй нь хувь тохиролцож ажиллах” аман гэрээ хийж ажлыг эхлүүлсэн. Аман гэрээ хийж ярилцахдаа олсон ашгаа 50, 50% тэнцүү хувааж авна гэж тохиролцсон. Миний бие бэлэн мөнгөөр эксковатор түрээсэлж, түлш шатахууны мөнгө зэрэг тухайн ажлыг эхлүүлэх мөнгийг гаргасан. М өөрийн техник болох хөрсөнд явдаг самосваль машин, тээвэр хийх шаланз машинаа гаргаж хамтран ажиллахаар болсон. Ингээд 2016 оны 10 сарын 15-ны өдөр Хан-Уул дүүрэгт байрлах Сонтээг ХХК-иас эксковаторыг 15,0 сая төгрөгөөр түрээслэн авч, Чойр хотоос урагш 60 км зайд Төмөр замын Өлзийт зөрлөгийн урд байх нөхөрлөлийн газарт Мын аав Маар дамжуулан эзэдтэй нь тохиролцон ажиллаж эхэлсэн. 10 хоног ажиллаад 300-гаад тонн жонш олборлож жонш авдаг хувь хүний хашаанд буулгаж тонн тутмыг 30,000 төгрөгөөр өгөхөөр тохиролцож үлдээсэн. Мөнгө нь орж ирээгүй. Ингээд дараагийн газар болох Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт байрлах А лиценз зөвшөөрөлтэй газарт, газрын эзэнтэй тохиролцож ажиллахаар болсон. Аман гэрээ хийхдээ нийт 3000 тонн жонш олборлож, 1000 тонныг зардалд, 1000 тонныг газрын эзэн Болдоод, 1000 тонныг манай тал авна” гэж зөвшөөрцгөөж ажиллаж эхэлсэн. Ингээд 2016 оны 10 сарын 27-ноос эхлэн 2017 оны 2 сар хүртэл 3000 тонн жонш олборлож ялгаж борлуулах ажил өрнөсөн. Энэ хугацаанд М тээврээ хийж ирэн очин, би уурхай дээрх ажилчдаа ажиллуулж, ковшоо унадаг байлаа. М ах Говьсүмбэр аймагт байрлах Хэрлэн энерго ХХК болон Баялаг жонж ХХК-тай гэрээ хийж борлуулалтыг хариуцан ажилладаг байлаа. 1 тонн тутмыг 90-100,000 төгрөгөөр зардаг байсан. Тухайн үед 35,0 сая төгрөгийн үнэ бүхий ХGМА 50 маркийн ковшыг олсон ашгаараа М ахын таньдаг хүнээс зээлээр авч, 37,0 сая төгрөгийг 2 хувааж оноос өмнө төлсөн. Ингээд олборлолт дуусаж 1000-аад тонн зарагдаж, зардал болох түлш, хоол хүнс болон ажилчдын цалин мөн эхэнд гаргасан миний мөнгөнөөс бага багаар өгч 17,500,000 төгрөг өгсөн, мөн 11, 12, 1, 2 саруудад М ах борлуулсан жоншны мөнгөнөөс өөрийн банкны зээл сард дунджаар 3,500,000 төгрөг төлдөг байсан. Цагаан сарын өмнө гэрээ тохижуулах гэж М 5,000,000 төгрөг зарцуулсан. Цагаан сарын дараа олборлолт ялгалт дуусаж жоншоо борлуулах ажил үлдсэн. 1000 тонн зарагдсан жоншны мөнгө 80,0-90,000,000 төгрөгийг газрын эзэн Болдоод өгсөн, ингэж өгөхдөө сүүлд зарагдаагүй байсан хамгийн сайн жоншийг зарж өгсөн байсан. Сүүлд нь зарагдаагүй 300-аад тонн жонш байгаа. Ингээд М, М нь газрын эзэн Болдоотой дараагийн газарт хамтран ажиллахаар болсон. Ингээд 2 сараас хойш ажил дуусч, гэртээ харьсан. 4 сарын 19-нд зардлын сүүлийн мөнгө 5,0 сая төгрөг орж ирсэн. Энэ бүх хугацаанд Мын ээж Оюунбилэгийн Хаан банкны /5990212874/ дансаар орлого зарлага хийгддэг байсан. Ингээд 4 сараас хойш холбоо ч бага барьж утас нь холбогдохгүй ковшыг аав хүү 2 ашигладаг байсан. Ингээд өдөр ирэх тусам байдал хэцүү болж өрнөөс өрний хооронд явсаар 2017 оны 6 сард аргаа бараад Баянжаргалан суманд очиж Мтой уулзаж учир байдлаа хэлж ковшоо заръя гэхэд эхэндээ зөвшөөрсөн ч наашаа явж байхад залгаж “үгүй, хуваана гэж яриагүй” гэх утгатай хариу хэлсэн. Ковшны бичиг баримт хэний нэр дээр байгааг мэдээгүй учир би аваад явж чадаагүй. Түүнээс хойш утсаар холбогдсон ч олигтой хариу хэлэлгүй явсаар 8 сард хадам аавтайгаа Дундговиор хайж очиж уулзахад бас зөвшөөрч байснаа буцаад явж байхад 20 саяыг өгөөд ав гэсэн. Тухайн ковшыг тэр цагаас хойш ашиглаж байгаа, 1 сар түрээслүүлэхэд 3,0-5,0 сая төгрөг байдаг. Миний утсыг блоколж, анхнаасаа хуваана гээгүй гэсэн тул 35,0 сая төгрөгөөр авсан ковшны тал хувь 17,500,000 төгрөгийг нараас хувь тэнцүүлэн гаргуулна гэв.
Хариуцагч М.Моос шүүхэд гаргасан хариу тайлбар болон төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэг ангид Б.Отай хамт сурч байсан найз нөхөд юм. 2016 оны 6 сараас Б.О Австрали явах гэсэн ч бүтсэнгүй, 20,0 сая төгрөг бэлэн байна, хамтарч ажиллах ажлын санал байна уу гэж байсан. Тодорхой хамтарч хийчихээр ажил байгаагүй учир тэгсхийгээд өнгөрсөн. Харин 2018 оны 10 сарын үед жоншны бичил уурхайд хамтарч ажиллахаар бид 2 тохиролцож, ажил эхлэх үедээ эксковаторыг түрээслэхээр болж уг түрээсийн мөнгө 15,0 сая төгрөг, тухайн техникийн ашиглахад зарцуулах түлшний өртөг 2,0 сая төгрөгийн зардлыг Б.О гаргаж, би бусад техник хэрэгсэл болох тээвэр хийх нэг шаланз, хөрсөнд ашиглах 2 самосваль, ажилчдын хоол хүнс гэх зардлыг хариуцан хамтарч ажилласан. Эксковаторыг түрээсийн хугацаа дуусан сар ашиглаад буцааж, би өөрөө трилерээр ачиж хүргэж өгсөн. Ажил эхэлсэн даруй дауй ашиг орлого олоогүй, эксковаторын жолоочоос хүртэл 5,0 сая төгрөг зээлж байж үйл ажиллагааг эхлүүлсэн, цаашид ажил үр дүн гарах болов уу гэж найдаж Б.О бид 2 туршлага багатай байсан учраас техник хэрэгсэл, хүн хүч, хүн амьтантай зуучилж танилын хүрээ дутагдаж би аавыгаа энэ ажилд татаж оролцуулж түүний туслалцааг авсан. Ийнхүү ажиллах хугацаандаа Б.О хамтран ажиллахаас татгалзаж цаашид ажиллахгүй талаар хэлээд 2016 оны 12 сарын 26-нд буцсан. Б.О өөрөө урьд өмнө жонш уул уурхайн салбарт ажиллаж байсан туршлагагүй, хэдийгээр жонш олборлож ялгаж байсан ч жоншны агууламж чанар байдлаас шалтгаалан алдагдалтай ажиллаж байгааг мэдээд шантраад буцсан. Тухайн үед Б.О ажил хүнд юм байна, миний хийх ажил биш байна оруулсан мөнгөө л гаргаж авъя гэхээр бид 20 гаран сая төгрөг өөрсдийн техник эд хөрөнгө, хэрэгслийг борлуулж байж увуулж цувуулж өгсөн. 2017 оны 02 сард золгохоор ирэхдээ дахин мөнгө нэхэж, өр ширэнд ороод хэцүү байна гэж байсан бөгөөд түүнээс хойш байнга хэл амаар доромжилж, би шүүхийн танил тал ихтэй, өөртөө ашигтай шийдүүлж чадна, чи хараарай гэх мэтээр сэтгэл санааны хувьд айлган сүрдүүлж мөнгө нэхэж дарамтлах болсон. Ажиллах хугацаандаа өөрийнх нь түрээсэлсэн 17,0 сая төгрөг, бид нийт 20 гаран сая төгрөг өгсөн учир түүнд цаашид өгөх тооцоо байхгүй, бүрэн дууссан. Харин би О хамтарч ажиллана гэчихээд эхлүүлсэн ажлаа хийж дуусгалгүй хаяж орхисон байдлаас болж олон хүнтэй хамтарч ажиллана гэчихээд дундаас орхивол олон хүнийг хохироож өөрийгөө, өрөөл бусдыг ч алдагдалд оруулах байдалд хүрсэн учир арга буюу аавын хамт гүйцэтгэхийг хичээж 2017 оны 3-4 сарын явцад эхлүүлсэн ажлаа дуусгасан. Бид маш их хэмжээний зардал гаргаж, техник эд хөрөнгөөрөө хохирч маш их хэмжээний алдагдал хүлээсэн. Мөнгө нэхэж дарамталж хэцүү байсан учир аргагүй байдалд орж өөрийн амьжиргаагаа залгуулдаг автомашиныг хямд зарж, 20,0 сая төгрөг бэлнээр өгсөн. 2016 оны 12 сард О ажлаа орхиж явахын өмнөхөн ажил хийх явцад зайлшгүй ковш хэрэгцээтэй байсан тул аав өөрийн танил Даваанямаас зээлээр худалдан авч байсныг мэдэж үндэслэлгүй нэхэмжилсэн байна. Энэхүү ковш Б.От хамааралгүй, зээлээр худалдан авахад Б.О оролцоогүй, төлбөр мөнгөнөөс ч төлөлцөөгүй, ковшийг зээлээр худалдан авч ашиглах явцад ч Б.О удалгүй орхиж явсан. Тэр нэхэмжлэлдээ ковшийн үнийг заръя гэхэд зөвшөөрсөн дараа нь үгүй гэсэн, 20,0 сая өгөөд ав гэх мэтээр бичсэн нь үндэслэлгүй. Харин утсаар ярьж, ирж уулзаж мөнгө нэхэж байхдаа ковшоо зарж борлуулаад мөнгө өг гэж байсныг хүлээн зөвшөөрөхгүй, чамд хамааралгүй гэж хэлсэн. Цаг хугацаа хожих гэсэн зүйлгүй, харин Б.О өөрөө л үндэслэлгүй байнга мөнгө нэхдэг байсан. Б.О жонш олборлоод их хэмжээний ашиг олсон, олсон ашгаараа ковш авсан мэтээр хардаад байгаа ч жонш олборлосноо зарсан ч зарцуулагдах зардал, эрсдэл их байсан учраас алдагдалтай ажиллаж, түүний дарамт шахалтанд аргагүйдэж Б.Оыг ажлаа орхиж явснаас хойш олсон орлогоос түүнд мөнгө шилжүүлж өр төлбөр тооцоо дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Б.Маас шүүхэд гаргасан хариу тайлбар болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О нь гадаад явах гэж хөөцөлдсөн ч бүтсэнгүй, тиймээс хамтран хийх ажил байна уу, мөнгө олох хэрэгтэй гэсэн саналыг хүү М.Мд тавьснаар жоншны бичил уурхайд хамтран ажиллахаар тохиролцсон байсан. Б.Оын уул уурхайн салбарт ажиллаж байсан ямар ч туршлагагүй байж миний хүү аавыгаа дагаж ажиллан ажлын дөртэй болсныг ашиглаж мөнгөө өсгөх байсан байна лээ. Уул уурхайн салбарт хувиараа ажиллахад хүндрэлбэрхшээлтэй, ашиг орлого олох, ашиг орлогогүй алдагдалтай ажиллах ч үе бий. Ажил эхлэх үед түрээсэлсэн эксковаторыг сар ашиглаад буцаасан. Миний хүү М трилерээр ачиж явж эксковаторыг хүргэж байсан. Хамтран ажилласан гэх хүү маань өөрийн эзэмшил болох хөрсөнд явдаг самосваль машин, тээвэр хийх шаланз гаргаж ажлыг гардан хийж гүйцэтгэж байсан, харин О өөрөө ямар ч ажил гүйцэтгэх техник хэрэгсэл байгаагүй. М.М, Б.О нар ажил эхэлсэн үедээ бусдын ямар ч дэмжлэг туслалцаа байхгүй, танилын хүрээ дутмаг байсан учир намайг дээрх ажилд татан оруулж би хүүгийнхээ ажлыг дэмжихийн тулд холбогдох хүмүүст зуучилж гол ажлыг нугалж байсан. Гэтэл зөвхөн өөрийн эрх ашгийг дээгүүр үзэж үндэслэлгүй их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг ойлгохгүй байгаа учир хүлээн зөвшөөрөх боломжгүй. Анх хамтран ажиллаж эхлэхээр эксковаторыг сар бүр ашиглахын тулд Б.О өөрөө түрээсэлж, өөрөө 15,0 төгрөгийн түрээсийг тухайн техник хэрэгслийг ашиглахын тулд шатахууны зардал болох 20 сая төгрөг, нийт 17,0 сая төгрөгийг хамтран ажиллах хугацаандаа гаргасан. Өөрөөр ямар ч үүрэг оролцоо байгаагүй, үр ашигтай ажиллахын тулд хамтын хичээл зүтгэл байж ашиг шимийг хүртэх ёстой байтал удирдан зохион байгуулж оролцдоггүй, хэлбэр төдий оролцдог байсныг би анхааран ажиглаж байсан. Тэр мэргэжлийн бус учир ковш унаж байгаагүй, харин өөрийн сонирхлоор унаж байснаас ажиллах ажиллуулах хэмжээнд ажиллаж байсан гэдгийг мэдэхгүй. Оын яриад байгаа 17,0 төгрөгийг бид аваагүй. Ийнхүү ажиллах хугацаандаа Б.О хамтран ажиллахаас татгалзаж, цаашид ажиллахгүй талаар хэлээд 2017 оны 02 сард ч яваагүй 2016 оны 12 сарын 26-нд буцсан. Өөрөө урьд өмнө жонш уул уурхайн салбарт ажиллаж байсан туршлага байхгүй, жонш олборлож ялгаж ажиллаж байсан ч жоншны агууламж чанар байдлаас шалтгаалан алдагдалтай ажиллаж байгаа гэдгийг мэдээд харин ч ажлаа орхиж хаяж явсан. Өөрөөр хэлбэл миний хүүгийн толгойг эргүүлж ажлаа дуусгалгүй ашиг орлого мууг мэдээд ажлаа орхиод явсан цагаасаа хойш түрээсэлсэн экскавотарт гэх 15,0 сая, түлш шатахуунд зарцуулсан гэх 2,0 сая төгрөгөө хүүгээс өдөр шөнөгүй дарамт шахалт үзүүлснээр мөнгөний ихэнхийг гаргуулж 2016 оны 12 сарын 26-ндӨмнөговь аймгийн Өлзийт сумаас ирж жонш ялгаж байсан ажилчдыг гаргаж өгчихөөд яваад дахиж эргэж ирээгүй. Ажиллах хугацаандаа өөрийнх нь түрээсэлсэн 17,0 төгрөг, бид нийт 20 гаруй сая төгрөг өгсөн учир түүнд цаашид өгөх мөнгөний тооцоо байхгүй, бүрэн дууссан гэж бид үзэж байна. О хүүтэй маань нэг ангийн, хамтран ажиллаж байгаа найз гэж нэгнийхээрээ орж гарч, манай гэр бүлээр орж гарч дотно харилцаатай байснаа ажлаа орхиж явснаас хойш хүүгээс минь үндэслэлгүй их хэмжээний мөнгө төгрөг нэхэж сэтгэл зүйн хувьд маш их дарамтлах болсон. О эхлүүлсэн ажлаа хийж гүйцэтгээгүй хаяж орхисон байдлаас болж бид зардал гаргаж, эд хөрөнгөөрөө хохирч маш их хэмжээний алдагдал хүлээгээд байна. Учир нь ажлаа орхиж явсныхаа дараа хүүг маань сэтгэл зүйн хувьд маш их дарамталж нэхэж байсан учир М.М Норд-бенз автомашинаа борлуулж түүнд 20,0 сая төгрөг өгсөн. Миний хүү аргагүй байдалд орж өөрийн амьжиргаагаа залгуулдаг автомашиныг хямд зарж борлуулснаар маш их хэмжээний эрсдэл хүлээж хохироод байгаа учир бид Б.Оаас хохирлоо нэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргана. Ажлаа бүрэн хийж гүйцэтгэн О өөрөө 37,0 сая төгрөг төлж худалдан авсан бол энэ хүний өмч болох байсан байх. Тухайн үед миний хийдэг ажил биш байна, оруулсан мөнгөө гаргаж аваад явлаа гээд О няцаад явсан хүн шүү дээ. О нэхэмжлэлдээ 35,0 сая төгрөгөөр авсан гэх ковшийн үнийг М ах хүнээс зээлээр авч 37,0 сая төгрөгийг 2 хувааж оноос өмнө төлсөн гэжээ. Энэ ковшийг О авсан юм биш, миний танил дүү Давааням надад итгэж, зээлээр 1 ч төгрөгийн урьдчилгаа авалгүйгээр итгэлцлийн үндсэн дээр өгч байсан. О жоншны ашиг орлогоор эксковаторыг авсан гэж байгаа нь үндэслэлгүй, ковш От огт хамааралгүй, ковш бидний өмч тул олсон орлогоос авсан ковшийн тал үнийг авах нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч нараас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон төлөөлөгч өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.О нь өөрийн оруулсан мөнгийг тухайн үед бүрэн хэмжээгээр буцаан аваад зогсохгүй бэлнээр 20,0 сая төгрөг авсан ба ажиллах хугацаандаа энэ ажлыг цааш үргэлжлүүлэх боломжгүй гэдгээ хэлээд ажлаа дундаас нь орхиод явсан. Энэхүү ажлыг хийж байх үед хоол хүнс, ажилчдын цалин, түлш шатахууны зардлыг нар бид хамтран гаргаж байсан ба бэлэн мөнгөгүй үедээ хүнээс зээлж аргацааж байсан үе ч байдаг. Үүнд ажилчдын цалинд 15,293,000 төгрөг, түлш шатахуунд 16,560,750 төгрөг, хоол хүнсний материалд 1,267,750 төгрөг буюу нийт 33,121,500 төгрөгийн зардал гаргасан нь баримтаар тогтоогддог тул уг зардлын тал буюу 16,560,750 төгрөгийг Б.Оаас гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч, өмгөөлөгч нараас сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Миний бие хариуцагч нараас гаргасан сөрөг нэхэмжлэлтай танилцаад 16,560,750 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь баримтуудыг судлаад үзвэл бидний хамтран ажиллах цаг хугацаанд хамаарч байх тул дараах тайлбарыг гаргаж байна. Бид 2016 оны 10 сарын 15-ны өдрөөс 2017 оны 02 сарын сүүл үе хүртэлх хугацаанд хамтарч, жонш олборлох ажпыг хийх явцад техник хэрэгсэлдээ хэрэглэсэн түлш, ажилтнууддаа авч өгсөн хоол хүнс, цалингийн баримтууд байна. Миний хувьд эдгээр баримтуудыг мэднэ. Учир нь эдгээр хэрэглээ, зардлууд нь намайг уурхай дээр М, М нартай хамтран ажиллаж байх үед зарцуулагдсан мөнгө. Энэ зардлыг хариуцагч нар нь анх ажил эхлүүлэхэд өөрөөсөө гаргаж зарцуулсан хөрөнгө биш, хамтарч ажиллах явцад ажлын үр дүнгээс бий болсон ашгаас шаардлагатай зүйлд зарцуулсан зарцуулалт юм. Анх ажил эхлүүлэхэд шаардлагатай байсан хэрэглээ буюу эксковатор түрээслэх, техникийн түлш худалдан авах зэрэг төлбөрийг би хувиасаа гаргаж байсан. Ажлын явцад эдгээр оруулсан мөнгөө би буцааж авснаа хүлээн зөвшөөрч, маргаагүй. Харин хамт ажиллачихаад, ажилласны үр дүнд бий болсон ашгаасаа зарцуулсан мөнгийг М бид 2 адилхан харилцан ярилцаж, зарцуулж байсан атлаа 33,121,500 төгрөгийн зарцуулалтыг хариуцагч нар нь өөрийн хөрөнгөөс зарцуулсан мэт тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Хэрвээ энэ мөнгөний 50%-ийг надаас нэхэмжилнэ гэвэл тухайн ажилд өөрийн санал санаачилга, идэвхи зүтгэлээр хөлсөө гаргаж ажиллаж байсны хувьд надад ч бас энэ мөнгөний 50%-ийг зарцуулах эрх байгаа. Тиймээс энэ зарцуулалт нь бидний ажлын ашгаас зарцуулагдсан учир бидний хэн аль нь нөгөөгөөсөө нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Харин хариуцагч нар нь энэ илт ойлгомжтой мөнгийг өөрсдийнхөө халааснаас гаргаж, ажил эхлүүлэхэд хөрөнгө оруулсан мэт эсхүл ажлын явцад ерсдөөсөө гаргасан хөрөнгө мэт шүүхэд мэдүүлж, надаас нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Б.О нь М.М, Б.М нарт холбогдуулан хамтран ажиллах гэрээний ашгаар авсан ковшны тал хувь болох 17,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь үйл ажиллагааны зардлын тал хувь болох 16,560,750 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ хамтран ажиллахаар тохиролцон ажиллаж ашгаар ковш худалдан авсан тул тал үнийг гаргуулна гэж тайлбарлаж байна.
Хариуцагч нар нь нэхэмжлэгч ковш авахад мөнгө оруулаагүй, зээлээр авахад төлбөрөөс хийгээгүй, ковшийг О авсан юм биш, танил хүнээс урьдчилгаагүй зээлээр авсан тул От хамааралгүй гэж тайлбарлан хамтын үйл ажиллагаанд гарсан зардлын тал хувийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргалаа.
Б.О, М.М нар нь 2016 оны 10 сараас жоншны бичил уурхайд туслан гүйцэтгэгчээр хамтран ажиллаж, нөхөрлөлийн болон лицензтэй газарт, газрын эзэдтэй нь хувь тохиролцож ажиллахаар хэлцэл хийсэн байна.
Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д үүрэг нь хэлцлийн үндсэн дээр үүссэн эрх зүйн харилцаанаас үүснэ гэж, 39 дүгээр зүйлд иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдлийг хэлцэл гэж, 40 дүгээр зүйлийн 40.1-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж, 41 дүгээр зүйлийн 41.1-д хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа шууд утгыг анхаарна гэжээ.
Нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 195.1-д зааснаар гаргасан хамтран ажиллах саналыг М.М хүлээн авсныг мөн хуулийн 196.1.5-д зааснаар гэрээг байгуулсанд тооцох бөгөөд хэлцлээр талууд олсон ашгаа 50, 50% тэнцүү хуваах, Б.О нь эксковатор түрээсэлж, түлш шатахууны мөнгө зэрэг ажлыг эхлүүлэх мөнгийг гаргах, М.М нь өөрийн техник болох самосваль машин, шалаанз машин болон ажилчдын хоол хүнс зэрэг зардлыг гаргахаар тохиролцсон байна.
Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлж гэрээ хүчин төгөлдөр болжээ.
Тухайн тохиолдолд хуулийн этгээд байгуулахгүйгээр жоншны бичил уурхайд туслан гүйцэтгэгчээр ажиллахаар тохиролцсон, ашиг олох зорилгыг хэрэгжүүлэх шинжийг агуулж байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д хамтран ажиллах гэрээгээр 2 буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүргийг хүлээхээр зохицуулсан гэрээний эрх зүйн харилцаа үүсчээ.
Хэлцлийн дагуу Б.О нь эксковатор түрээслэх, түлш шатахууны төлбөрт 17,000,000 төгрөгийг гаргасан, М.М нь өөрийн техникүүдийг гаргасан байх тул хамтран ажиллах үүрэг үүссэн ба талууд туршлага багатай байснаас Б.Мыг техник хэрэгсэл, хүн хүч зэрэгт зуучлуулах үүрэгтэйгээр оролцуулан хэлцлийн дагуу 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сар хүртэл ажилласан болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь ковшийг зээлээр 35,0 сая төгрөгөөр зээлээр худалдан авч 3000 тонн жонш олборлосон, 1000 тонныг зардалд тооцож, 1000 тонныг газрын эзэнд өгч, 1000 тонныг өөрсдөө авахаар тохирсноор ажлаа хийж дуусгасан гэж, хариуцагч нар нь ковшийг 35,0 сая төгрөгөөр тохирч зээлээр худалдан авч, 37,500,000 төгрөг төлсөн, нэхэмжлэгч өөрөө ажлаа орхиж явсан ковшийн мөнгөнөөс төлөөгүй гэж маргав.
Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1-д гэрээнд хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг шууд заагаагүй тохиолдолд гэрээний талууд хамтын ажиллагаанаас хохирол учруулахааргүй бол хэдийд ч хамтран ажиллах гэрээнээс гарч болно гэж заасан байна.
Нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээнээс гарснаар хохирол учирсан гэж үзэх байдал тогтоогдохгүй байх тул тэрээр хамтран ажиллах гэрээнээс гарч, талуудын өөрсдөө авахаар тохирсон 1000 тонн жоншийг тонн тутмыг 30,000 төгрөгөөр тооцон ашгийг 30,000,000 төгрөг гэж дүгнэх үндэслэлтэй бөгөөд тухайн ашгаас өөрт ногдох хэсгээ ковшийн үнээр тодорхойлон нэхэмжлэгч шаардаж байгааг буруутгах боломжгүй.
Харин тухайн гэрээнд Б.О, М,М, М.М нар оролцсон байх тул нэхэмжлэгч нь тал хувийг шаардаж байгаа нь үндэслэлгүй тул түүнд ногдох хэсгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргах хууль зүйн үндэслэлтэй юм.
Иймд дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 479 дүгээр зүйлийн 479.1-д зааснаар М.М, Б.М нараас хувь тэнцүүлэн хамтран ажиллах гэрээний үүрэгт нийт 12,500,000 төгрөг гаргуулан, Б.От олгож, шаардлагаас үлдэх 5,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болголоо.
Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тодорхойлсноор хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар гаргуулна гэж тайлбарлах боловч талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь хүчин төгөлдөр байгаа, М.М гэрээний дагуу ажилчдын хоол хүнс зэрэг зардлыг гаргах үүрэг хүлээсэн нь түүний тайлбараар нотлогдож байх тул гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн зардлыг нэхэмжлэгчээс шаардах эрхгүй тул үйл ажиллагааны зардлын тал буюу 16,560,750 төгрөг гаргуулахыг хүссэн Б.М, М.М нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 247,015 төгрөг, хариуцагчаас 240,753 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 214,950 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 115.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 479 дүгээр зүйлийн 479.1-д заасныг баримтлан М ,М нараас хувь тэнцүүлэн хамтран ажиллах гэрээний үүрэгт нийт 12,500,000 /арван хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан, От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар Б.Оаас үйл ажиллагааны зардлын тал буюу 16,560,750 төгрөг гаргуулахыг хүссэн Б.М, М.М нарын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 247,015 төгрөг, хариуцагчаас төлсөн 240,753 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 214,950 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ