Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар    2022/ШЦТ/283

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022         08            15                                  2022/ШЦТ/283

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав,

Улсын яллагч Ц.Лхамсүрэн,

Шүүгдэгч Б.С нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Сд холбогдох эрүүгийн 222500347**** дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.С

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.С нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт Хаан банкны гадна тамхи зарж байсан Д.Чтэй маргалдаж улмаар түүнийг түлхэн унагаж, тархи доргилт гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.С мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр өөрийн найзууд болох Э.Э, Энхтөгс нарын хамт Чингүүний гэрт очиж түүнтэй хамт 0,75 литрийн нэг шил архи хувааж уугаад орой 20 цагийн орчимд хотын төв рүү таксигаар орж ирсэн. Пирамид төвийн автобусны буудал дээр буусан. Энхтөгс Хаан банкны бэлэн мөнгөний машин руу орж дүү рүүгээ мөнгө шилжүүлнэ гээд явсан. Э.Э бид хоёр үлдээд тэнд тамхи зарж байсан эмэгтэй хүнээс нэг хайрцаг тамхи худалдаж аваад зогсож байсан чинь хохирогч яахаараа надаас авдаггүй юм гээд бөгс рүү өшиглөсөн. Тэгэхээр нь нөгөө эмэгтэйг яагаад байгаа юм гээд түлхсэн чинь газарт уначихсан. Энэ үед Э.Э намайг болиулж салгасан. Тэр үед Энхтөгс гарч ирээд бид гурав явсан... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,

 

- Хохирогч Д.Ч мөрдөн шалгах ажиллагаанд: ...2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр орой 20 цагийн орчимд Хаан банкны орчим тамхи зараад зогсож байтал нэг согтуу залуу ирээд тамхи байна уу авъя, гэхээр нь миний дүү согтуу байна эхлээд мөнгөө өгчих гэхэд нөгөө залуу чам шиг алнаас авахгүй гэж хэлээд миний зүүн талын шанаа хэсэг рүү гараараа цохисон. Тэгэхээр нь би түүнийг яаж байгаа юм бэ, над шиг эхтэй л байлгүй гэж хэлээд түүний бөгс рүү нь нэг удаа өшиглөсөн. Гэтэл нөгөө залуу эргэж хараад намайг барьж аваад хөл рүү хавсраад унагасан. Тэгэхээр нь би босож ирээд дахин дайрахад дахин хавсарч унагаад яваад өгсөн... Намайг зодсон залуу надад ямар нэгэн хохирол төлбөр төлөөгүй, урьд нь өгсөн мэдүүлэгтээ 400,000 төгрөг нэхэмжилж байна гэж мэдүүлсэн. Гэхдээ одоо тухайн нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хуулийн байгууллага нь түүнд ямар хариуцлага оногдуулдаг юм, түүнийгээ оногдуулна биз, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13, 15х/,

 

- Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд: ...Найзууд болох Б.С, Э нарын хамт гэр хороололд архи ууж байгаад хотын төв рүү орж ирээд пирамид төвийн гадна машинаас 21-22 цагийн орчимд буусан. Автобусны буудал дээр байхад Б.С автобусны буудал орчим тамхи зарж байсан хүнээс тамхи авахаар, Энхтөгс бэлэн мөнгөний машинаар гүйлгээ хийхээр Хаан банкны бэлэн мөнгөний машин руу явсан. Б.С тамхи зарж байсан хүмүүс дээр очоод нэг хүнээс тамхи авч байсан чинь Б.Сгийн тамхи авч байсан хүний хажууд зогсож байсан эмэгтэй Б.Сг надаас яагаад тамхи авдаггүй юм бэ гээд бөгс рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгтэл Б.С тэр эмэгтэй түлхээд газарт унагасан. Энэ үед Энхтөгс бэлэн мөнгөний машинаас гарч ирсэн. Бид хоёр Б.С дээр очоод түүнийг салгаж аваад явсан. Түүнээс өөрөөр цохиж зодоогүй...гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18х/,

 

- Гэрч Б.Энхтөгс мөрдөн шалгах ажиллагаанд: ...Найзууд болох Б.С, Э.Э нарын хамт гэр хороололд Э.Эын найз Чингүүний гэрт 0,75 граммын нэг шил архи хувааж уугаад орой 21-22 цагийн орчимд хотын төв рүү таксигаар орж ирсэн. Хотын төв рүү орж ирээд Пирамид төвийн хойд талд буугаад би өөрөө Хаан банкны бэлэн мөнгөний машинаар дүү рүүгээ мөнгө шилжүүлэхээр орсон. Энхбадрал Б.С нар үлдсэн. Намайг гарч ирэх үед Энхбадрал сая Сарнай тамхи зарж байсан хүнтэй муудалцаж түлхэж унагасан гэж хэлсэн. Яг ямар үйлдэл болсныг би нүдээрээ хараагүй ...гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21х/,

 

- Гэрч С.Бмөрдөн шалгах ажиллагаанд: ...2022 оны 05 дугаар сарын 31-ний орой Пирамид төвийн хойд талын автобусны буудал дээр тамхи зардаг Д.Ч, Цэдэнхүү эгч нарын хамт сууж байхад нэг залуу бидэн дээр ирээд тамхи байна уу гэж асуусан. Тэр үед Д.Ч эгч байна гэж хэлэхэд чам шиг алнаас авахгүй гэж хэлээд өмсөж байсан хувцасныхаа халаасыг ухаад байсан. Тэр үед Д.Ч эгч тэр залуугийн бөгс руу хөлөөрөө өшиглөсөн. Тэгтэл нөгөө залуу Д.Ч эгчийн нүүр рүү цохисон уу яасан, тэвэрч аваад газарт унасан. Тэр үед Цэдэнхүү эгч бид хоёр салгах гээд барьж авсан. Тэгтэл Д.Ч эгч босож ирээд тэр залуу руу дайртал нөгөө залуу Д.Ч эгчийг барьж аваад дахин газарт унагаасан. Тэгэхээр нь цагдаа дуудтал тэр залуу зугтаачихсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24х/,

 

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 448 дугаартай дүгнэлтэд: “1. Д.Чийн биед тархи доргилт, зүүн хацар шанаа, баруун өвдөг доор зөөлөн эдэд хоёр тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд нэгэн зэрэг үүссэн байж болно.

4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

5. Тархи доргилт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

6. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 30-31х/,

 

- Б.Сд мөрдөн шалгах ажиллагааны үед хийсэн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Б.Сгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34, 42х, 36х/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Сг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.С нь 2022 оны 05 дугар сарын 31-ний орой Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт Хаан банкны гадна тамхи зарж байсан Д.Чтэй маргалдаж улмаар түүнийг түлхэн унагаж, тархи доргилт бүхий гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Чийн “...миний дүү согтуу байна эхлээд мөнгөө өгчих гэхэд нөгөө залуу чам шиг алнаас авахгүй гэж хэлээд миний зүүн талын шанаа хэсэг рүү гараараа цохисон. Тэгэхээр нь би түүнийг яаж байгаа юм бэ, над шиг эхтэй л байлгүй гэж хэлээд түүний бөгс рүү нь нэг удаа өшиглөсөн. Гэтэл нөгөө залуу эргэж хараад намайг барьж аваад хөл рүү хавсраад унагасан...” гэсэн, гэрч С.Батцэцэгийн “...нэг залуу бидэн дээр ирээд тамхи байна уу гэж асуусан. Тэр үед Д.Ч эгч байна гэж хэлэхэд чам шиг алнаас авахгүй гэж хэлээд өмсөж байсан хувцасныхаа халаасыг ухаад байсан. Тэр үед Д.Ч эгч тэр залуугийн бөгс руу хөлөөрөө өшиглөсөн. Тэгтэл нөгөө залуу Д.Ч эгчийн нүүр рүү цохисон уу яасан, тэвэрч аваад газарт унасан. Тэр үед Цэдэнхүү эгч бид хоёр салгах гээд барьж авсан. Тэттэл Д.Ч эгч босож ирээд тэр залуу руу дайртал нөгөө залуу Д.Ч эгчийг барьж аваад дахин газарт унагаасан...” гэсэн, гэрч Э.Эын ...Б.С автобусны буудал орчим тамхи зарж байсан хүнээс тамхи авахаар...явсан. Б.С тамхи зарж байсан хүмүүс дээр очоод нэг хүнээс тамхи авч байсан чинь Б.Сгийн тамхи авч байсан хүний хажууд зогсож байсан эмэгтэй Б.Сг надаас яагаад тамхи авдаггүй юм бэ гээд бөгс рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгтэл Б.С тэр эмэгтэй түлхээд газарт унагасан...гэсэн мэдүүлгүүд, Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 448 дугаартай дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 448 дугаартай дүгнэлтээр хохирогч Д.Чийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.Сгийн үйлдэл нь идэвхитэй, ухамсартай үйлдэл бөгөөд хүуль бус болох нь илэрхий атал хохирогч Д.Чийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэмт буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл хэсэг, заалтанд заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй тул прокуророос зүйлчилж ирүүлсэн зүйлчилэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

            Шүүгдэгч Б.С нь хохирогч Д.Чт хохирол төлөөгүй боловч, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүгдэгч Б.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэв.

 

Шүүгдэгч: “...Би хотод ажил төрөл хийж байгаа, саяхан гэр маань шатаад жаахан хэцүүхэн байна. Бага торгуулийн ял оногдуулна уу...” гэв.

 

  Шүүгдэгч Б.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Шүүх шүүгдэгч Б.Сгийн хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон гэж үзэв.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Б.С нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Б.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Сд оногдуулсан 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.С нь 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.НАРМАНДАХ