| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2022/0227/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/236 |
| Огноо | 2022-10-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 2017/ШЦТ/236
2022 10 27 2022/ШЦТ/236
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,
улсын яллагч Э.Гантулга,
шүүгдэгч С.Э******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Э*******т холбогдох эрүүгийн 2215000000257 дугаартай 163/2022/0227/Э индекстэй хэргийг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Х******* овогт С******* Э*******, Булган аймгийн Гурванбулаг суманд ... оны ... дугаар сарын .......-ны өдөр төрсөн, Булган аймгийн Гурванбулаг сумын 1 дүгээр багийн Тогоо гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, 44 настай, эрэгтэй, урьд ял шийтгэлгүй, .......3
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Э******* нь 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын 1 дүгээр багийн нутагт байх өөрийн гэрийн гадаа Г.Б******* хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу архи нэхэж гэр оронд хэрүүл маргаан үүсгэлээ гэх шалтгааны улмаас маргалдаж нүүрэн тус газарт нь гар болон хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000000257 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын 1 дүгээр багийн нутагт байх шүүгдэгч С.Э*******ын гэрт түүний эхнэрийн дүү болох А******* нь эхнэр болон найз Г.Б******* хамт ирж улмаар Г.Болдбаатар нь архи нэхэж, гэр оронд нь хэрүүл маргаан үүсгэсний улмаас шүүгдэгч С.Э******* нь Г.Б******* гэрээсээ авч гарган “айлд ирчхээд айл хүндэлсэнгүй, хүүхдийн дэргэд хэрүүл хийлээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гар болон хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, зүүн дээд, доод зовхи, дээд, доод уруулын салстад цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, дээд уруулын салст, доод уруулын язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
1. Хохирогч Г.Б******* “...тэнд очоод 0.75 литрийн архи бид нар уусан. Тэгээд хэрүүл маргаан болоод байсан яг юунаас болж хэрэлдсэн гэдгийг бол сайн ойлгоогүй тэгсэн Э******* ах гаръя гээд тэгснээ гэрээс холдуулаад дагуулаад “ахын дүү одоо боль” гээд намайг тэврээд явж байснаа шууд унагаад толгой руу 2-3 удаа өшиглөөд авсан. Би юу болж байгааг ч сайн ойлгоогүй тэгэхэд Номин гээд Э******* ахын охин ирж намайг салгаад гэр лүү нь очсон. Тэгэхэд эхнэр нь шанагатай ус гаргаж өгөөд би нүүрээ угаасан. Тэр үед би нүд ийм болчихлоо гэж хэлсэн. Түүний дараа Э******* ах нэг гарч ирээд нэг алга болоод байсан. Би тухайн үед бас элдэв янзын зүйл ярьж байсан яг юу гэж хэлээд байснаа санахгүй байна. Тэгээд намайг нэг хүн араас тэврээд Э******* ирээд дээлнээс ахиж татаж унагаад чирээд нүүр рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгэхэд уруул сэтэрсэн. Тэгээд гэрт нь ороод агсарч байгаад хэрүүл хийж байж байгаад би гэртээ харьсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,
2. Гэрч Г.О “...2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 12 цагийн үед манай дүү эхнэртэйгээ манай хойд айлын залуу Б гэх залуугийн хамт 3-уулаа ирсэн. Тэгсэн Б манай нөхөрт өгсөн дүүгийн архийг харчхаад тэрийг ууя гээд байсан... Тэгснээ архи ууя архи гаргаад ир гээд байсан. Би тэгэхээр нь чи олоод уу манайд архи байхгүй гэхэд чи архиа гаргаад ир 20.000 төгрөгийн архи л байна лээ ш дээ гээд байсан. Тэгэхэд манай нөхөр архийг нь гаргаад өг юуг нь харамлаад байгаа юм гэж хэлсэн. Тэр хооронд Б манай зуух руу нулимаад хүүхэд загнаад байсан. Би тэгэхээр нь архийг нь гаргаад өгчихсөн. Тэгсэн дээрээс нь жоохон уунгуутаа уйлаад би танайхаас архи гуйж уудаг хэн бэ гээд агсраад эхэлсэн. Тэр үед гэрт жоохон хүүхэд байна илүү гэр лүү оръё гэхэд яагаад ч орж өгөхгүй байгаад байсан. Тэгээд манай нөхөр рүү дайраад манай нөхрийг чи муу архины мэдэлгүй арчаагүй пизда гаръя хоёулаа зодолдъё гэсэн. Тэгээд манай хүн дагуулаад гарсан. Тухайн үед бол гэрээс хэн ч дагаж гараагүй. Тэгсэн манай нөхөр удалгүй дээлний энгэр нь урагдаад цус болчихсон орж ирээд хаалгаа түгжсэн тэгэхэд Б гэр лүү орох гээд орилоод байсан. Тэгээд манай дүү эхнэртэйгээ гараад нөгөөхийг чинь хориод болохгүй байхаар нь манай нөхөр гараад явсан. Тэгээд нөхрөө хайчив гэхэд Базаагийнд очсон гэж хэлсэн. Тэр хооронд Б нус шүлсээ манай гэрт хаяад манай нөхрийг адилхан ийм болгоно гээд хэрүүл хийгээд хэл амаар доромжлоод байгаад байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
3. Гэрч Ш.З “...Э******* ахыг чи энэ тэр гээд тэгсэн Э******* ах чи намайг чи гэж байгаа юм уу гэхэд чи гэж байна ах гэхээр битгий давраад байгаарай гэх зэргээр яриад байсан. Тэгээд сүүлдээ Э******* ах гаръя гэрт хэрүүл хийгээд яахав хүүхэд байна гээд дагуулаад гарсан. Тэгэхдээ тэр хоёр нэлээн зайтай очсон байх наана бол юм сонсогдоогүй. Тэгсэн Э******* ах яасан далчиганасан бацаан бэ үгэнд орохгүй юм хэд цохиод авчихлаа чи наад найзыгаа аргадаад гэр лүү нь явуулаадах гээд дээлний энгэр нь урагдчихсан орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,
4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №12861 дугаартай “...Г.Б******* биед тархи доргилт, дух, зүүн дээд, доод зовхи, дээд, доод уруулын салстад цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, дээд уруулын салст, доод уруулын язарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь 2022.09.16-ны өдөр үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,
5. Яллагдагч С.Э*******ын өгсөн “2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын 1 дүгээр багийн Оорцгийн урд талд байрлах манай гэрт эхнэрийнхээ хамтаар байхад гаднаас манай эхнэрийн дүү А******* нь эхнэр болон хохирогч болчхоод байгаа залуугийн хамтаар нийт гурвуулаа 11 цагийн орчим ирсэн. Тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан. Тэгээд надад Золзаяа нь тортой боов, чихэр, архи зэргийг өгсөн. Тэгтэл хохирогч Болдбаатар надаас нөгөө өгсөн архийг нэхээд ууя гээд байсан. Тэгэхээр нь би өгөхгүй байлгаж байгаад явуулсан. Улмаар оройн 19 цагийн орчим манайд Золзаяа, нөхрийнхөө хамтаар мөн Б******* урд талд болж байсан найрнаас ирцгээсэн. Тухайн үед Болдбаатар нь согтуу байсан. Тэгээд надаас архи нэхээд агсам согтуу тавиад 2 цаг орчим болсон. Тэгэхээр нь би нөгөө архийг гаргаж ирээд задлаад 2 хундага уусан. Тэгтэл Болдбаатарт агсам согтуу тавиад болохгүй болохоор нь би гэрээс гаръя гэж дагуулаад Б******* аваад гарсан. Улмаар гэрийн гадаа хоорондоо маргалдаад би шанаа хэсэг рүү нь нэг цохчихсон. Тэгтэл гэр дотор байсан хүмүүс гарч ирээд салгасан. Тэгээд Болдбаатар нь агсам согтуу тавиад байхаар нь би хажуу айл руу яваад орсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Г.Б******* өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 12861 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч С.Э*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн болон шүүгдэгчийн байр суурь зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад С.Э******* нь 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын 1 дүгээр багийн нутагт байх өөрийн гэрийн гадаа Г.Б******* хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “айлд ирчхээд архи нэхэж гэр оронд хэрүүл маргаан үүсгэлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж нүүрэн тус газарт нь гар болон хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, зүүн дээд, доод зовхи, дээд, доод уруулын салстад цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус хуралт, дээд уруулын салст, доод уруулын язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдож байна.
Шүүгдэгч С.Э*******ын гэм буруутай үйлдэл, хохирогч Г.Б******* эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр батлагджээ.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Шүүгдэгч С.Э*******ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, хохирол хор уршиг учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байх бөгөөд шүүгдэгч С.Э******* нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, шүүгдэгчийн зан төлөвшил, архидан согтуурсан зүй бус үйлдэл зэрэг нөхцөл байдлууд нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болжээ.
Шүүгдэгч С.Э*******ын нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна.
Хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч С.Э*******ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Г.Болдбаатар нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, шүүгдэгч С.Э******* нь хохирогчид мөрдөн шалгах ажиллагааны шатанд 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг Хаан банкны дансаар нь шилжүүлсэн, “хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцох шаардлага байхгүй” гэсэн болох нь шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас, хавтаст хэргийн 11 дэх талд авагдсан хохирогчийн дахин өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч С.Э*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.Э*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч С.Э*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч С.Э*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 40-43 дахь талд авагдсан иргэний үнэмлэхийн хуулбар, ял шалгах хуудас, зөрчил шалган шийдвэрлэлтийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч С.Э******* нь Булган аймгийн Гурванбулаг сумын 1 дүгээр багийн нутагт эхнэр, 3 хүүхдийн хамт мал маллан амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч С.Э******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 4/126 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч С.Э*******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч С.Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х******* овогт С******* Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч С.Э******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч С.Э******* нь хохирогч Г.Болдбаатарт 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ