| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2018/03129/И |
| Дугаар | 2826 |
| Огноо | 2018-12-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2826
|
|
|
|
2018 оны 12 сарын 17 өдөр Дугаар 183/ШШ2018/02826 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн үнэлгээ хүчингүй болгуулах, бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулахыг даалгах тухай,
Нэхэмжлэгч: Б үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн,
Хариуцагч:Нт холбогдох, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхзул, Д.Бейбит, нэхэмжлэгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Түмэндэмбэрэл, нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхийн 2016 оны 4 сарын 08-ны 103/ШШ2016/02864 дүгээр шийдвэрээр 240,678,975 төгрөгийг гаргуулан манайд олгохоор шийдвэрлэснийг Ц.Б нь сайн дураар биелүүлээгүй тул 2016 оны 8 сарын 10-ны өдрийн 183/Ш32016/02194 дүгээр захирамжаар албадан гүйцэтгүүлэх хуудсаар манай барьцааны Төв аймаг, Эрдэнэ сум, 3 баг, Горхи тэрэлжид байрлах 000120508 дугаар гэрчилгээтэй, улсын Ү-1423000087 дугаарт бүртгэлтэй, 16 объект бүхий “Өгөөмөр” хүүхдийн зуслангийн цогцолборт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Уг газарт НШШГГ-аас томилсон дараах хөрөнгийн үнэлгээний газрууд үнэлгээ хийсэн. Үүнд: Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн 1,078,000,000 төгрөгийн үнэлгээнд Ц.Б гомдол гарган Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 сарын 29-ний өдрийн 183/ШШ2017/01906 дугаар шийдвэрээр, Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн 2,379,310,500 төгрөгийн үнэлгээнд Ц.Б гомдол гарган тус шүүхийн 2018 оны 4 сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/00871 дугаар шийдвэрээр тус тус хүчингүй болгосон. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу НШШГГ-ын тогтоолоор Мөнх-Оргил трейд ХХК нь уг үл хөдлөх хөрөнгөд 3 дахь удаагийн үнэлгээг хийж 2018 оны 9 сарын 17-ны өдрийн 38 тоот үнэлгээгээр 4,923,600,000 төгрөгөөр тогтоосон. Уг үнэлгээ болон албадан дуудлага худалдааны талаар 2018 оны 10 сарын 02-ны өдрийн 4/16458 тоот албан бичгийг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч мэдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д зааснаар уг мэдэгдлийг мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхийн дагуу үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй ба уг үнэлгээ нь өмнөх 2 үнэлгээ болон зах зээлийн үнэ ханшаас хэт өндрөөр үнэлэгдсэн нь зах зээлийн бодит ханш биш зөвхөн нэг талын эрх ашгийг хамгаалан тогтоосон гэж үзэхээр тул үнэлгээг хүчингүй болгож, бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулахыг даалгаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Ц.Баас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус шүүхийн шүүгчийн 2016 оны 4 сарын 08-ны өдрийн 2864 тоот захирамжийн дагуу 240,678,975 төгрөгийг “Летфорекс” ХХК-д төлөхөөр болсон. НШШГГ-ын зүгээс шинжээч томилж миний өмчлөлийн Төв аймаг, Эрдэнэ сум, 3 баг, Горхи тэрэлжид байрлах, “Өгөөмөр” хүүхдийн зуслан 16 ширхэг үл хөдлөх хөрөнгө бүхий хүүхдийн зуслангийн цогцолбор 23,000 м2 газрын хамт шинжээчээс 2,379,310,500 төгрөгөөр үнэлсэн талаар 2018 оны 01 сарын 22-ны өдөр хүлээн авсан. Миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө нь одоогийн зах зээлийн ханшаар 6.0 тэрбум төгрөгийн үнэтэй атал шинжээчээс ямар нэг байдлаар үл хөдлөх эд хөрөнгийг биетээр очиж огт үзээгүй, холбогдох эрх бүхий байгууллагаас тодруулаагүй атлаа төлбөр авагчийн талд хэт үйлчлэн үнэлснийг эс зөвшөөрч байх тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчаас шүүхэд болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхийн 2016 оны 4 сарын 08-ны өдрийн 2864 дүгээр шүүгчийн захирамжаар Ц.Баас 240,678,975 төгрөгийг гаргуулж “Летфорекс” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Ц.Бы өмчлөлийн Төв аймгийн Эрдэнэ сум, 3 баг, Горхи тэрэлжид байрлах 16 ширхэг обьект бүхий “Өгөөмөр” хүүхдийн зуслангийн цогцолборыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу битүүмжлэн хураасан. Иргэний хуулийн 177.1-д зааснаар үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг 2016 оны 12 сарын 13-ны өдрийн 3/38364, 2017 оны 01 сарын 03-ны өдрийн 3/290 дугаар албан бичгүүдээр баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч үнийн саналаа ирүүлээгүй байна. 2002 онд батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйл, 37 дугаар зүйлүүдэд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий “Сэлэнгэ” ХХК-ийг шинжээчээр томилж хөрөнгийн үнэлгээг 1,078,000,000 төгрөгөөр үнэлэгдсэнийг төлбөр төлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/01906 дугаар шийдвэрээр үнэлгээг хүчингүй болгосон. Дахин үнэлгээ тогтоолгохоор “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж үл хөдлөх эд хөрөнгийг 2,379,310,500 төгрөгөөр үнэлснийг тус шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон. Үнийн саналаа дахин ирүүлэх талаар мэдэгдэхэд харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177.1-д зааснаар “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилоход 4,923,600,000 төгрөгөөр үнэлснийг 2018 оны 10 сарын 02-ны өдрийн 4/16458 тоот албан бичгээр талуудад мэдэгдсэн. Иймд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ тогтоолгох ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нт холбогдох хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад Ц.Бы нэхэмжлэлтэй хэргийг нэгтгэжээ.
Тус шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 103/ШШ2016/02864 дугаар шүүгчийн захирамжаар 240,678,975 төгрөгийг Ц.Б нь “Летфорекс ББСБ” ХХК-д төлөхөөр зохигч эвлэрснийг баталсан байна.
Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс 813 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн Н нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Төв аймаг, Эрдэнэ сум 3 дугаар баг, Горхи тэрэлжид байрлах, “Өгөөмөр” хүүхдийн зуслан 16 ширхэг үл хөдлөх хөрөнгө бүхий хүүхдийн зуслангийн цогцолбор, 23,0 га газрыг үнэлүүлжээ.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дээрх үл хөдлөх эд хөрөнгөд 2 удаа үнэлгээ хийлгэсэн байх бөгөөд төлбөр төлөгч, төлбөр авагч нарын саналыг авалгүй хийсэн үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.
Н нь үнийн саналаа дахин ирүүлэх талаар мэдэгдэхэд харилцан тохиролцоогүй үндэслэлээр Иргэний хуулийн 177.1-д зааснаар “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилж, Ц.Бы эзэмшлийн газар болон өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 4,923,600,000 төгрөгөөр үнэлжээ.
Дээрх үнэлгээг “Х” ХХК нь хэт дээгүүр үнэлсэн гэж, Ц.Б нь хэт доогуур үнэлсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд тус шүүхэд гомдол гаргасан байна.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч болон өмчлөгч нараас авах ажиллагааг гүйцэтгэхээр зохицуулжээ.
Хариуцагч нь төлбөр төлөгч Ц.Баас үл хөдлөх эд хөрөнгийн саналыг авсан, тэрээр 6,0 тэрбум төгрөгөөр үнэлэх санал гаргасан байх тул өөрийнх нь үнэлгээнээс хэт доогуур үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй юм.
Зүй нь дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч болон өмчлөгч нараас авах ажиллагааг Н нь гүйцэтгэсний дараа үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэх ажиллагааг хийх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2.-т заасанд нийцнэ.
Гэтэл төлбөр авагч “Х” ХХК-ийн үнийн саналыг авсан гэж үзэх байдал хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байх тул “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 38/Ш дугаар үнэлгээг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Хариуцагчаас 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 4/16458 тоот албан бичгээр “Х” ХХК-д барьцаа хөрөнгийг 4,923,600,000 төгрөгөөр үнэлснийг мэдэгдсэнээ санал авсан гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй байна. Учир нь тухайн барьцаа хөрөнгийг төлбөр авагчаас үнэлж байгаа хэлбэрийг санал гэж ойлгох бөгөөд харин үнэлгээний дүнг мэдэгдсэнийг санал гэж үзэхгүй.
Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг, 5 дугаар зүйлийн 5.1-д Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн гэж тодорхойлсон байна.
Төв аймаг, Эрдэнэ сум 3 дугаар баг, Горхи тэрэлжид байрлах 23,0 га газрыг БОАЖЯ-с олгосон 2007 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 539 дугаар гэрчилгээгээр 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл ашиглуулахаар “Өгөөмөр” зусланд олгосон талаар шинжээч дүгнэлтдээ дурдсан атлаа газрыг ашиглах эрхийн хугацаа сунгагдсан эсэх нь тодорхойгүй байхад тухайн газрын өмчлөх эрхийн үнэлгээг зах зээлийн жишиг үнийн аргад тулгуурлан төрийн өмчлөлийн газрыг 4,923,600,000 төгрөгөөр худалдах зах зээлийн үнэлгээг тогтоож байгаа нь хуульд нийцэхгүй байгааг дурдах нь зүйтэй.
“Х” ХХК-ийн хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч байгууллагын эрх хэмжээнд хамаарах тул шүүх бүрэлдэхүүнтэй шинжээч томилохыг даалган шийдвэрлэх боломжгүй тул хэрэгсэхгүй болголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,000 /70,200+70,200/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 140,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.7.-т зааснаар Төв аймаг, Эрдэнэ сум 3 дугаар баг, Горхи тэрэлжид байрлах, “Өгөөмөр” хүүхдийн зуслан 16 ширхэг үл хөдлөх хөрөнгө бүхий хүүхдийн зуслангийн цогцолбор, 23,0 га газрыг 4,923,600,000 төгрөгөөр үнэлсэн “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгосугай.
2. 6 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ