Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/271

 

 

 

 

 

 

 

 

 

2022         08          02                                        2022/ШЦТ/271

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав,

Улсын яллагч Ц.Лхамсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д,

Насанд хүрээгүй хохирогч А.Э,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А,

Шүүгдэгч Б.У нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баярсайханы Ууганбаярт холбогдох эрүүгийн 2225000000*** дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

                                              Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.У

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Унь 2022 оны 04 сарын 30-ны өдрөөс 05 сарын 01-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Баруун дэнжийн 3 дугаар гудамжинд насанд хүрээгүй А.Эы нүүрэн тус газар чулуугаар цохиж өшиглөн дух ясны хугарал, дээд эрүүний ясны хугарал, тархи доргилт, хоёр ухархайн дээд доод дотор хананы хугарал, хамрын яс ба хамрын таславчийн хугарал, хамрын таславчийн муруйлт зэрэг гэмтлүүдийг учруулан эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.Ушүүх хуралдаанд: “...2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 20 цаг өнгөрч байхад би хөрш айл Цэрэнбат ахынд орж 0,75 литрийн 1 шил архийг Цэрэнбат ахтай хувааж уусан юм. Тэднийхээс гарч найз Одхүүгийнд алхан очиж 0,75 литрийн нэг шил архийг Одхүү бас нэг танихгүй залуугийн хамт хувааж уусан. Одхүү болон тэднийд байсан залуу нар нь согтчихоор нь би дуусаагүй хагас шил архийг аваад гэр рүүгээ алхсан. Тэгээд би гэр рүүгээ яг орох гээд явж байтал манай гэрийн ойролцоо 3-4 залуучууд зогсож байсан. Тэгтэл нэг нь миний архийг авах гээд шилнээс нь бариад авахаар нь би архиа асгаад гэр рүүгээ зугтаагаад гүйсэн. Тэгтэл нэг нь араас хөөхөөр нь би газраас чулуу аваад түүн рүү шидсэн. Миний араас хөөж байсан тэр залуу яаж байгаа юм бэ гээд хамраа дараад газар суугаад байсан. Тэгтэл нөгөө залуучууд нь намайг барьж авах гээд байхаар нь би хашаа руугаа орсон юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардалд 2,725,000 төгрөг өгсөн. 11 сард хагалгаанд орно гэсэн тэгэхэд 3 сая төгрөг болно гэсэн уг мөнгийг сар болгон 300,000 төгрөгийг 10 сарын хугацаанд өгөхөөр тохиролцсон байгаа...” гэсэн мэдүүлэг,

 

- Насанд хүрээгүй хохирогч А.Э мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд: “...2022 оны 04 дүгээр сарын 30-ны орой 19 цагийн үед би ганцаараа Дэнж баг, Баруун дэнжийн 2 дугаар гудамжинд байх сагсны шийдэн дээр очиж тоглосон юм. Намайг очиход тэнд хүүхдүүд тоглож байсан бөгөөд би тоглож байгаад шөнийн 00 цаг өнгөрч байхад гудамжны таньдаг ах Ц.Б-ийн хамт гэр ойролцоо учир харих гээд хамт алхсан юм. Тэгээд Дэнж баг, Баруун дэнжийн 3 дугаар гудамжинд байх Ц.Б ахын гадаа очсон бөгөөд тэрээр гэр рүүгээ орчихоод гараад, ирье гээд хашаа руугаа орсон. Би харин тэдний хашааных нь гадаа хүлээж байсан юм. Тэгтэл нэг хүн гудамжны доороос орилоод байхаар нь би өөдөөс нь алхаж очсон. Тэр эрэгтэй хүн тэгтэл баруун гартаа шилтэй архи, зүүн гартаа чулуу барьчихсан байсан бөгөөд би шууд архийг нь аваад унагаасан юм. Тэгтэл тэрээр чулуугаараа миний нүүр лүү 1 удаа цохисон. Тэгэхээр нь би доошоо тонгойсон бөгөөд тэрээр миний нүүр лүү 1 удаа өшиглөсөн юм. Тэгтэл Батхөлөг ах гарч ирээд орилход нөгөө намайг зодсон хүн зугтаачихсан юм. Батхөлөг ах ирээд түргэн дуудсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39х/,

 

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд: “...Миний хүү энэ асуудлаас болж нэгдүгээр эмнэлэгт эрүү, нүүрний мэс засалд орсон. Эмчилгээний зардалд 2,725,000 төгрөгийг өгсөн 11 сард дахиж хагалгаанд орно уг хагалгааны мөнгө нь 3,000,000 төгрөг болно гэсэн уг мөнгийг Б.Уболон түүний ээжтэй нь тохиролцоод сар болгон 300,000 төгрөгийг өгч байгаад 11 сард хагалгаанд ороход нь төлж барагдуулна гэж бид тохиролцсон юм. Нөхөр бид 2 хүүхдээ дагуулж хот авч яваад ажлаа хийгээгүй нөхрийнхөө цалинг нэхэмжилмээр байна. Одоо нотлох баримт байхгүй байна...Гомдол санал бол байхгүй...” гэсэн мэдүүлэг,

 

- Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн орой Дэнж баг Баруун дэнжийн 2 дугаар гудамжинд байх сагсны шийдэн дээр хүмүүсийн хамт тоглосон юм. Тэгээд шөнийн 00 цаг өнгөрч байхад би А.Э-ны хамт гэр рүүгээ алхсан бөгөөд манай гадаа ирсэн. Би тэгээд гэр рүү орчихоод ирье гэж хэлээд хашаа руугаа орсон бөгөөд Энхсайхан хашааны гадаа үлдсэн. Би хэсэг хугацааны дараа гэрээс гартал Энхсайхан нь манай хашааны баруун талд доошоо тонгойчихсон байсан бөгөөд урд нь нэг эрэгтэй хүн зогсож байсан. Тэгээд би хөөш гэтэл тэр хүн цаашаа зугтаагаад хашаа руу орчихсон юм. Би араас нь гүйгээд очтол Энхсайханы хамарнаас цус гарчихсан байсан бөгөөд цаашаа зугтаасан хүн нь манай хөрш Ууганаа ах байсан. Тэгээд би түргэн дуудсан бөгөөд ирэхгүй байхаар нь Энхсайханыг гэрт нь хүргэж өгсөн юм. Би яг нүдээр хараагүй, намайг хашаанаас гарч ирэхэд Энхсайхан нь цохиулчихсан хажууд нь Ууганаа ах байсан. Энхсайхан хэлэхдээ Ууганаа ах түүнийг чулуугаар цохисон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44х/,

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6х/,

- Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 7х/,

 

  • Нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 33х/,

 

- Насанд хүрээгүй хохирогч А.Эы Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хэвтсэн тухай өвчний түүх /хх-ийн 16-32х/,

 

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 384 дугаартай “...1. А.Эы биед дух ясны хугарал, дээд эрүүний ясны хугарал, тархи доргилт, хоёр ухархайн дээд доод дотор хананы хугарал, хамрын яс ба хамрын таславчийн хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүр духны хэсэгт зөөлөн эдийн няцрал, нүүрэнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтлүүд нь хатуу зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгсэн байхаар байна.

3. Шинэ гэмтэл ба болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байхаар байна.

4. Дух ясны хугарал нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Дээд эрүүний ясны хугарал нь эрүүл мэндийг удааан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Тархи доргилт, хоёр ухархайн дээд доод дотор хананы хугарал, хамрын яс ба хамрын таславчийн хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүр духны хэсэгт зөөлөн эдийн няцрал. нүүрэнд цус хуралт нь тус бүрдээ 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

6. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 53-55х/,

 

- Шинжээч эмч Ч.Буянзаяа мөрдөн шалгах ажиллагаанд: “...Уг гэмтлүүдээс духны ясны хугарал нь гараас хатуу зүйлээр нэг удаа цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдсэн байхаар байна...Чулуугаар шидэх, цохих зэрэг үйдлүүдэд аль алинд нь үүсэж болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61х/,

 

- Шүүгдэгч Б.Ууганбаярын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 90, 80, 91х/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

    

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ууганбаярт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу хангалттай тогтоогдсон байна. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг нотлох баримтуудыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг нотолсон гэж дүгнэв. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрдүүлэхдээ хохирогч, гэрч, шинжээч, яллагдагчаас мэдүүлэг авахдаа оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал болон мөрдөн шалгах ажиллагааны журам зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй байх тул уг нотлох баримтуудыг үнэлэх боломжтой гэж үзэв.    

 

Шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр шүүгдэгч Б.Унь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба гэр рүүгээ явж байх замдаа насанд хүрээгүй А.Эы нүүр рүү нь чулуугаар цохиж А.Эы биед дух ясны хугарал, дээд эрүүний ясны хугарал, тархи доргилт, хоёр ухархайн дээд доод дотор хананы хугарал, хамрын яс ба хамрын таславчийн хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүр духны хэсэгт зөөлөн эдийн няцрал, нүүрэнд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.

 

Гэм буруугийн талаар:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч: Яллах дүгнэлтийн хавсралтад тусгасан нотлох баримтуудыг яллах талын нотлох баримтаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалж, шүүгдэгч Б.Ууганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Д гэм буруугийн талаар маргаагүй.

 

Шүүгдэгч Б.Унь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй охирогч А.Эы “...нэг хүн гудамжны доороос орилоод байхаар нь би өөдөөс нь алхаж очсон. Тэр эрэгтэй хүн тэгтэл баруун гартаа шилтэй архи, зүүн гартаа чулуу барьчихсан байсан бөгөөд би шууд архийг нь аваад унагаасан юм. Тэгтэл тэрээр чулуугаараа миний нүүр лүү 1 удаа цохисон. Тэгэхээр нь би доошоо тонгойсон бөгөөд тэрээр миний нүүр лүү 1 удаа өшиглөсөн юм. Тэгтэл Батхөлөг ах гарч ирээд орилход нөгөө намайг зодсон хүн зугтаачихсан юм...” гэсэн, гэрч Ц.Батхөлөгийн  “...Би хэсэг хугацааны дараа гэрээс гартал Энхсайхан нь манай хашааны баруун талд доошоо тонгойчихсон байсан бөгөөд урд нь нэг эрэгтэй хүн зогсож байсан. Тэгээд би хөөш гэтэл тэр хүн цаашаа зугтаагаад хашаа руу орчихсон юм. Би араас нь гүйгээд очтол Энхсайханы хамарнаас цус гарчихсан байсан бөгөөд цаашаа зугтаасан хүн нь манай хөрш Ууганаа ах байсан...” гэсэн мэдүүлгүүд, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 384 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.У-ын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Шүүгдэгч Б.У-ын гаргаж буй үйлдэл нь хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах боломжтой, хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж түүнийг хүсч үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд шүүгдэгч Б.Ууганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршигийн талаар:

Хохирогч А.Э нь 11 сард халгалгаанд орох бөгөөд уг хагалгааны төлбөрт 3,000,000 төгрөгийг шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар сар болгон 300,000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон энэ талаар маргаагүй учраас шүүхээс шүүгдэгч Б.Ууганбаяраас 3,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчид олгож, хор уршиг арилаагүй учраас уг гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдахаар шийдвэрлэсэн. Шүүгдэгч Б.Унь хохирол төлбөрийг төлөхөөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг ажлын 5 хоногоор завсарлуулж, 3,000,000 төгрөгийг хохирогчид төлсөн тул түүнийг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүгдэгч Б.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ууганбаярыг 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д : “...торгуулийн ял оногдуулж, уг ялыг хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Б.У-рт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан учруулсан хохирлоо нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Б.У-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бага буюу 7-10 насны хүүхдүүд түүний асрамжид байдаг зэрэг түүний хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10,500,000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Б.Унь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг чулууг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Б.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уг-ыг арван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,500,000 /арван сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

                    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-д оногдуулсан 10,500,000 /арван сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Унь 10,500,000 /арван сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 3 /гурван/ жилийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Унь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг чулууг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7. Хохирогч А.Э болон түүний хууль ёсны төлөөлөгч Д.А нь уг гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Ууганбаяраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ууганбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.НАРМАНДАХ