| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2018/03099/И |
| Дугаар | 00014 |
| Огноо | 2018-12-21 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 00014
2018 оны 12 сарын 21 өдөр Дугаар 183/ШШ2019/00014 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г холбогдох,
Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баярбилэг, хариуцагч В.Г, нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 5 сарын 22-ны өдрийн А/181 тоот шийдвэрээр олгогдсон Сүхбаатар дүүрэг, Сэлбэ 20 хороонд байрлах 649 м2 , 000737364 тоот гэрчилгээний дагуу 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээ авсан. 2018 оны 6 сарын 05-ны өдөр Иргэнд газар эзэмших гэрээ байгуулан, газрын төлбөрөө төлж, кадастрын зургаа баталгаажуулан хашаа, хувийн сууц барихаар холбогдох газруудтай гэрээ байгуулж, үйл ажиллагаа эхэлж байтал өмгөөлөгч гэх Л.Нарандаваа хашаа барьж байсан хүмүүсийг цагдаад баривчлуулна, би хуулийн хүн гэж дарамтлан ёс зүйгүй үйлдэл гаргасан. 2018 оны 6 сарын 08-ны өдөр миний эзэмшлийн газар дээр зөөврийн орон сууц байршуулсан байсан. Уг сууцыг Гын захиалгаар "Томбо” ХХК барьж байгаа гэж мэдэгдсэн. Г.Бы нэр дээр хууль ёсны газар эзэмших гэрчилгээ, газар эзэмших гэрээ, кадастрын зураг хийж баталгаажуулж газрын төлбөр төлөгдсөн байхад яагаад Г миний эзэмшлийн газар гэж маргаан үүсгэж байгааг тодруулахаар 2018 оны 6 сарын 11-ний өдөр СБД-ийн газрын албаны холбогдох хүмүүстэй уулзахад давхцаагүй гэсэн хариуг албадан нүүлгэх арга хэмжээ авах шаардах хуудас өгснийг “Томбо” ХХК-ийн ажилчдын ахлагч Чагнаадоржид хүнд хүлээлгэн өгсөн. Г.Б газраа шалгахад зөөврийн сууц байршсан хэвээр байснаас дахин газрын албанд хандахад В.Гын газрын кадастрын зураглал давхцал нь өөр газар байна гэсэн хариу өгсөн. В.Г нь газраа 2015 онд Май капитал ББСБ-ын барьцаанд тавьсан байна. Хариуцагч нь Г.Бы эзэмших эрхийг ноцтой зөрчиж, хууль бусаар зөөврийн сууцыг зөвшөөрөлгүй байршуулсан тул газрыг чөлөөлж өгнө үү гэв.
Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би энэ газарт 2008 оноос гэр барьж, 3 жил зусланд гараад Газрын албанд 2014 онд хандахад эзмших гэрчилгээ гарсан. Миний газартай Г.Бы газар давхацсанаас гомдол гаргахад миний кадастр зөрүүтэй гарсан байсан. Энэ зун зөөврийн сууц бариулж байтал нэхэмжлэгч гарч ирсэн. Би сууцаа үнэлээд эвлэрэх гэж байгаа бөгөөд сууцыг зөөвөрлөж болох эсэх талаар мэргэжлийн газрын дүгнэлт тайлбар авах зайлшгүй шаардлагатай байгаа гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч В.Год холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ эзэмших эрхийн гэрчилгээ аваад байшин барих гэтэл зөөврийн сууц байршуулсан байсан гэж тайлбарлажээ.
Хариуцагч нь миний газрын кадастр зөрүүтэй гарсан байснаас зөөврийн сууцаа барьсан тул үнэлээд эвлэрэх гэж байгаа, сууцыг зөөвөрлөж болох эсэх талаар мэргэжлийн дүгнэлт тайлбар авах шаардлагатай гэж маргахгүй байна.
Нэхэмжлэгчид Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн А/181 тоот шийдвэрээр Сүхбаатар дүүрэг, Сэлбэ 20 дугаар хороонд байрлах 649 м2 талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай эзэмшихээр гэрээ байгуулж, 000737364 тоот гэрчилгээ олгогджээ.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй болох нь хэрэгт авагдсан баримт болон тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн газраас өөр байрлалд газар эзэмших эрхтэй байснаа хүлээн зөвшөөрсөн, эзэмшил нь хууль ёсных болохоо баримтаар нотлохгүй байх тул нэгж талбарын 18648328520547 дугаартай газрыг В.Гын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Гын хууль бус эзэмшлээс Бы эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, Сэлбэ 20 дугаар хороонд байрлах 649 м2 талбай бүхий нэгж талбарын 18648328520547 дугаартай газрыг албадан чөлөөлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ