Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 12 өдөр

Дугаар  2022/ШЦТ/282

 

 

 

 

 

 

 

 

 

2022           08            12                                2022/ШЦТ/282

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав,

Улсын яллагч Г.Анх-Ирээдүй,

Шүүгдэгч Ш.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот  танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Бд холбогдох эрүүгийн 222500311***  дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ш.Б

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Б нь 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянталын **-** тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Б.Зыг зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учирсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Ш.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд: “...2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянталын 3-20 тоот найз Пийн гэрт Нараа гэх эмэгтэйгийн хамтаар 3-уулаа байж байтал манай эхнэр Б.З Пийн гэрт ирээд намайг эмэгтэй хүнтэй хамт байна гэж уурлаад хаалга нүдээд байсан. Тэгтэл манай эхнэр Пийн гэрийн цонхны салхивчийг хагалсан. Тэгээд би гэрээс нь гараад яаж байгаа юм бэ, гэж эхнэртээ хэлэхэд манай эхнэр намайг тоохгүй хамт байсан Нараа гэх эмэгтэйг зодсон. Тэгэхлээр нь би эхнэрийгээ араас нь таттал ээмэг нь мултраад унасан, эхнэртэйгээ барьцалдаж аваад нааш цааш нь 2-3 удаа түлхсэн. Тэгтэл манай эхнэр газар унасан. Тэгээд би Пийн гэрээс гарч яваад аавындаа очоод байж байтал манай эхнэр цагдаа дагуулчихсан ирсэн. Өмнө нь би эхнэрээ зодож байгаагүй… Нараа гэх эмэгтэйг Гаукартас гэдэг юм билээ. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15х/,

 

- Хохирогч Б.З мөрдөн шалгах ажиллагаанд: ...2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн манай нөхөр Ш.Б гэртээ ирэхгүй гадуур дэмий тэнээд архи уугаад байсан. 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Уртын гол баг Баянталын 3-20 тоотод амьдардаг нөхрийн найз Пийн гэрт нь Уламбаяр гэх залуугийн хамтаар очоод унтлагын өрөөний цонхон дээр нь очоод хартал манай нөхөр болон П мөн нэг эмэгтэйгийн хамтаар 3-уулаа нэг орон дээр шалдан чармай нүцгэн хэвтэж байсан ба манай нөхөр намайг цонхоор харчихаад Пийн цонхны хөшгийг хаагаад хаалгаа тайлж өгөхгүй болохоор нь би цонхыг тогшиж байгаад хагалсан. Тэгтэл манай нөхөр Пийн гэрээс хувцасаа өмсөж гарч ирээд чи айлын цонх хагалдаг хэн бэ, гэж хэлээд намайг үсдэж аваад газар унагаагаад дээрээс дэвссэн, өшиглөсөн, чихний ар талыг маань сэтэлсэн. Тэгээд хажуунаас Уламбаяр зодооныг салгасан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11х /,

 

- Гэрч С.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “...Тухайн хаягт оршин суух П гэх залуутай би найз нөхдийн холбоотой юм. 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна П миний гар утас руу залгаад манай гэрт хүрээд ир гэсэн. Гэрт нь яваад очиход гэртээ ганцаараа байсан бид хоёр 2,5 литрийн 2 ширхэг савтай Боргио нэртэй пиво уусан. Тэгээд би нэлээн согтчихсон унтаад нэг сэртэл багын найз Ш.Б нь Пийн гэрт ирсэн байсан. Тэгээд бид гурав 0,5 литрийн нэг шил архи хувааж уусан. Дахиад тасраад унтаад өгсөн нэг сэртэл Ш.Бы эхнэр Б.З Пийн гэрт ирчихсэн над руу уурлаад “чи эд нартай уудаг болчихсон юм уу” гээд надтай маргалдсан. Мөн нөхөр Ш.Бтайгаа маргалдаад байсан. Тухайн үед Б.З намайг зодоогүй. Тухайн үед би нэлээн согтуу байсан ямар ч байсан Ш.Б нь эхнэр Б.Зтай маргалдаад байсан. Тухайн өдрөөс хойш нилээн хэд хоногийн дараа Б.З миний фэйсбүүк чат руу "найзыг нь тухайн өдөр Ш.Б зодоод найз нь аавындаа байна" гэсэн чат илгээсэн. Тэгээд би Ш.Быг эхнэр Б.Зыг зодсон талаар мэдсэн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13х/,

 

          - Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн 402 дугаартай: “...1. Б.Зын биед цээж, нуруу, хоёр гарын бугалга, шуу, хоёр хөлийн гуя, шилбэнд маш олон тооны цус хуралт, баруун чихний дэлбээний ар хэсэгт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

 2. Уг цус хуралтууд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, баруун чихний дэлбээний ар хэсэгт язарсан шарх нь чихний дэлбээнээс хүчтэй татаж, зулгаах зэрэг үйлдлүүдэд үүсгэгджээ.

3. Шинэ гэмтэл ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байхаар байна.

4. Цээж, нуруу, хоёр гарын бугалга, шуу, хоёр хөлийн гуя, шилбэнд маш олон тооны цус хуралт, баруун чихний дэлбээний ар хэсэгт язарсан шарх нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

            5. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүйгэсэн дүгнэлт /хх-ийн 19-20х/,

 

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 5-7х/,

 

- Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-622/3966 дугаартай “вакум цонх 2 давхар 36,750 төгрөг” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-28х/,

 

- Шүүгдэгч Ш.Бы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 41, 42, 56х/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Б нь эхнэр Б.Зтай маргалдаж улмаар зодож цээж, нуруу, 2 гарын бугалга, шуу, хоёр хөлийн гуя, шилбэнд маш олон тооны цус хуралт, баруун чихний дэлбээний ар хэсэгт язарсан шарх бүхий гэмтэл үүсгэсэн үйл баримт болсон байна.

 

Прокуророос шүүгдэгч Ш.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ш.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Зын “...2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Уртын гол баг Баянталын 3-20 тоотод амьдардаг нөхрийн найз Пийн гэрт нь Уламбаяр гэх залуугийн хамтаар очоод унтлагын өрөөний цонхон дээр нь очоод хартал манай нөхөр болон П мөн нэг эмэгтэйгийн хамтаар 3-уулаа нэг орон дээр шалдан чармай нүцгэн хэвтэж байсан ба манай нөхөр намайг цонхоор харчихаад Пийн цонхны хөшгийг хаагаад хаалгаа тайлж өгөхгүй болохоор нь би цонхыг тогшиж байгаад хагалсан. Тэгтэл манай нөхөр Пийн гэрээс хувцасаа өмсөж гарч ирээд чи айлын цонх хагалдаг хэн бэ гэж хэлээд намайг үсдэж аваад газар унагаагаад дээрээс дэвссэн, өшиглөсөн, чихний ар талыг маань сэтэлсэн. Тэгээд хажуунаас Уламбаяр зодооныг салгасан…” гэсэн, гэрч С.Гын “…2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна П миний гар утас руу залгаад манай гэрт хүрээд ир гэсэн. Гэрт нь яваад очиход гэртээ ганцаараа байсан бид хоёр 2,5 литрийн 2 ширхэг савтай Боргио нэртэй пиво уусан. Тэгээд би нэлээн согтчихсон унтаад нэг сэртэл багын найз Ш.Б нь Пийн гэрт ирсэн байсан. Тэгээд бид гурав 0,5 литрийн нэг шил архи хувааж уусан. Дахиад тасраад унтаад өгсөн нэг сэртэл Ш.Бы эхнэр Б.З Пийн гэрт ирчихсэн над руу уурлаад “чи эд нартай уудаг болчихсон юм уу” гээд надтай маргалдсан. Мөн нөхөр Ш.Бтайгаа маргалдаад байсан... хэд хоногийн дараа Б.З миний фэйсбүүк чат руу "найзыг нь тухайн өдөр Ш.Б зодоод найз нь аавындаа байна" гэсэн чат илгээсэн. Тэгээд би Ш.Быг эхнэр Б.Зыг зодсон талаар мэдсэн…” гэсэн мэдүүлгүүд, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн 402 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ш.Б гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгч Ш.Бг прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Ш.Бы үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Ш.Бы дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирогч Б.З нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ш.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

 Шүүгдэгч Ш.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Улсын яллагчаас “...600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэсэн болно.

 

Шүүгдэгч Ш.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Ш.Бы үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ш.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Ш.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Быг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

          

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Ш.Б нь 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ш.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.НАРМАНДАХ