Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2498

 

 

Д.О, Э.Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Б.Нармандах, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/02580 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.О, Э.Б нарын хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, Э.Бд холбогдуулан явуулж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ё, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.О, Э.Б нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Ц.Ч нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу Д.Оаас “Т ББСБ”-д олгох 95 896 637 төгрөгийг гаргуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахдаа Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хын гудамж 27 тоот хаягт байрлах 264,99 м.кв үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур 569 847 312 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна. Уг барилга нь зах зээлийн дундаж үнэ 1 тэрбум төгрөгийн үнэтэй бөгөөд төлбөр төлөгч биш Э.Б миний өмчлөлийн байрыг надад мэдэгдэлгүй хураан авч зах зээлийн үнээс доогуур үнэлж, тус үнэлгээг огт танилцуулахгүй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаад гомдолтой байгаа учраас шийдвэр гүйцэтгэгч Ц.Чгийн шийдвэр гүйцэтгэлээр тогтоосон үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.5, 37.3 дах хэсэгт заасны дагуу Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж 27 тоот хаягт байрлах 264,99 м.кв үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур 569 847 312 төгрөгөөр үнэлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Оаас 96 215 353 төгрөгийг гаргуулж "Т ББСБ" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж 27 тоот хаягт байрлах, цэцэрлэгийн зориулалттай барилга, эзэмших эрхийн гэрчилгээтэй 189 га газрын хамт битүүмжлэн хураасан. Үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээ тогтоолгосон. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлэгдсэн үнэлгээг /2002 он/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч, хамтран өмчлөгч, төлбөр авагчид 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 3/16052 тоот албан бичгээр мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан. Шинжээчийн тогтоосон үнэлгээний 70 хувиар дуудлага худалдааны доод үнийг тогтоон 398 893 119 төгрөгөөр 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй. Шийдвэр гүйцэтгэх ажилгаатай холбогдуулан болон эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлыг үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 2 хоногийн дотор шүүхэд гаргах үүрэгтэй гэж заасан хугацааг хэтрүүлсэн байна. Төлбөр төлөгч  Д.Оын  үүргийн  гүйцэтгэлд барьцаалсан  үл  хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн барьцаалж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад уг орон сууцанд Э.Б байсан. Иймд нэмэгдүүлсэн шаардлагадаа төлбөр төлөгч биш байтал төлбөр төлөгчөөр татан оролцуулаагүй хамтран өмчлөгч нь Э.Б болохоор Э.Бд мэдэгдсэн. 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх шүүгчийн захирамж гарсан учраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа зогссон. Э.Бийг төлбөр төлөгчөөр татан оролцуулаагүй. Хамтран өмчлөгч учраас өөрийнх нь эрх ашиг зөрчигдөж болзошгүй гэж, өөрт нь хамаатай учраас мэдэгдэх ажиллагааг хуулийн дагуу ажиллагааг явуулсан. Хэрвээ эрх зөрчигдөж байна гэж үзэж байсан бол шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байхад гомдол гаргах байсан гэжээ.

 

Гуравдагч этгээд “Т ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгчийн захирамжийн дагуу хариуцагч Д.О нь сайн дураар үүргээ биелүүлээгүй учир бид албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд хүсэлт гаргасан. 2 удаа гүйцэтгэгч мэдэгдэл өгөх гэсэн боловч Д.Отай тааралдахгүй байсан. Д.О  нь  шийдвэр гүйцэтгэх албанд  зах зээлийн үнээ мэдэхгүй байгаа тул шинжээч томилж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Хамтран эзэмшигч Э.Б болохоор 1 тэрбумаар үнэлснийг манай талаас хэт өндөр үнэлгээ гэж үзсэн. Иймд 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Үүний дагуу хөндлөнгийн  шинжээч 569  847 312 төгрөгөөр үнэлсэн. Эхний дуудлага худалдаагаар 70% буюу 398 893 118 төгрөг, хоёр дахь дуудлага худалдаагаар 50% буюу 284 923 656 төгрөгөөр тус тус дуудсан боловч худалдан борлогдоогүй. Нэхэмжлэгч ямар нэгэн байдлаар элдэв шалтаг ярьж цаг хугацаа хожиж байгаа зорилго агуулж байна гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, /2002 он/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 34 дүгээр зүйлийн 34.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.О. Э.Б нарын Н албанд холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 3 хороолол, Х гудамжны 27 тоот, 3 давхар, цэцэрлэгийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг, Э.Бд холбогдуулан явуулж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулахыг тус тус хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нары улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: В.Болд нь 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр “СПО” ХХК-ныхаа барилгын ажилд мөнгө хэрэгтэй байна гээд Э.Б болон Д.О бидний өмчлөлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж 27 тоот хаягт байрлах 264,99 м.кв байрыг барьцаалуулан “Т ББСБ”-с 80 000 000 төгрөгийн зээл авахуулсан. Дараа нь уг гэрээгээ шинэчлэн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүү, алдангийг нэмж 86 400 000 төгрөгөөр зээлийн гэрээ хийлгэсэн бөгөөд В.Болд мөн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцож гэрээг байгуулсан атал “Т ББСБ” нь В.Быг хариуцагчаар татаж зээлийн төлбөрийг нэхэмжлээгүй, дан ганц Д.Оад холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг аваад В.Бод хэлэхэд энэ нэхэмжлэлийг нь зөвшөөрчих би удахгүй төлнө. “Т” ББСБ-тай ярьсан гэж итгүүлж Д.О намайг нэхэмжлэлийг зөвшөөрүүлэн шүүхээс эвлэрэлийг баталсан захирамж гаргуулсан.  Гэтэл өнөөдрийг болтол В.Б шүүхийн шийдвэр биелүүлэх газарт төлбөрийг төлөөгүй бөгөөд “Т” ББСБ болон В.Б нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч Ц.Ч нь БГД-ийн 10 дугаар хороо 3 дугаар хороолол Хасбаатарын гудамж 27 тоот хаягт байрлах 264,99 м.кв зах зээлийн дунджаар нэг тэрбум төгрөгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур 569 847 312 төгрөгөөр үнэлэн 2017 оны 6 дугаар сарын 02-ний өдөр дуудлага худалдаанд оруулах болсныг бидэнд 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдсэн. Уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Дээрх үндэслэлүүдээр   бидний   эрхийг  зөрчсөн   байхад  шүүх нэхэмжлэлийг хангаагүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Д.О, Э.Б нар нь хариуцагч Н албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, Э.Бд холбогдуулан явуулж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг /хх.1/ хариуцагч талаас эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ. /хх.22/

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 01197 дугаар захирамжаар Д.О нь “Т” ХХК-д 95 896 637 төгрөг төлөхийг зөвшөөрч, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /хх.25/ Уг хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийн дагуу олгогдсон гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 17290071 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэгч Ц.Чд шийдвэр гүйцэтгэхийг зөвшөөрч /хх.27/, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 190/01 дугаар тогтоолоор Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, Х гудамж, 27 тоот, улсын бүртгэлийн Ү-2205017674 дугаарт бүртгэгдсэн цэцэрлэгийн зориулалттай 3 давхар үл хөдлөх эд хөрөнгийг 189 м.кв газрын хамт битүүмжилж, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 190/03 тоот тогтоолоор хураасан. /хх.34,39/ Уг ажиллагаанд Д.О нь хөндлөнгийн шинжээч томилуулж, зах зээлийн үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасан /хх.45/ байх ба хамтран өмчлөгч Э.Бат-Эрдэнийн зүгээс 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 1 тэрбум төгрөгөөр үнэлсэн /хх.47/ байна.

 

“Т” ББСБ ХХК-ийн зүгээс 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Н албанд хамтын өмчлөгч Э.Бат-Эрдэнийн 1 тэрбум төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнээс өндөр байх тул хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлт /хх.49/ гаргасны дагуу 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 162 дугаар тогтоолоор шинжээч томилоход хөндлөнгийн шинжээч “Бэсгэ” ХХК нь улсын бүртгэлийн Ү-2205017674 дугаарт бүртгэгдсэн цэцэрлэгийн зориулалттай 3 давхар үл хөдлөх эд хөрөнгийг 569 847 312 төгрөгөөр үнэлжээ. /хх.51-56/

 

Талууд үнийн саналаар тохиролцоогүй тул Н алба нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгон, Н албанаас 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 3/16052 дугаар албан тоотоор Д.О, Э.Б нарт мэдэгдэл гарган хөндлөнгийн шинжээч “Б” ХХК-ийн тогтоосон үнийн дүнгийн 70 хувиар тооцон 398 893 119 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон, 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр анхны дуудлага худалдааг зарласан байна. /хх.62-63/

 

Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч Д.Оад холбогдон гарсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцын үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлээр төлбөр төлөгч иргэнээс төлбөр гаргуулах дарааллыг тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт “төлбөрийг төлбөр төлөгчийн банк, банк бус хадгаламжийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх ба хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөс гаргуулах”, 53.2 дах хэсэгт “төлбөрийг төлбөр төлөгч ямар эд хөрөнгөө төлбөрт өгөх тухай хүсэлтээ тавих эрх эдлэх”, 53.3 дах хэсэгт “...эхний ээлжинд бэлэн мөнгө, эсхүл банк, банк бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон бусад үнэт зүйлээс төлбөр гаргуулна” гэж тус тус заасан.

 

Төлбөр гаргуулахтай холбоотой дээрх ажиллагааг явуулсан боловч төлбөр төлөгч иргэний эд хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн өмчлөлийн бусад эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулах талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.6 дах хэсэгт заасан бөгөөд уг хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй байвал төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх эд хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулахаар мөн хуулийн 53.7 дах хэсэгт заасан. Төлбөр төлөгч Д.Оаас төлбөр гаргуулахтай холбоотой хуульд заасан дээрх ажиллагааг дарааллын дагуу хийгээгүй атлаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тал биш Э.Бийн дундаа хамтран өмчлөх хөрөнгөөс төлбөрийг гаргуулахаар хийсэн ажиллагаа нь хуульд нийцээгүй.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйлийг шүүхийн шийдвэр гарган, эсхүл мөн хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар гэрээгээр тохиролцсон тохиолдолд худалдан борлуулах учиртай. Шүүхийн шийдвэрийн дагуу албадан гүйцэтгэж буй зээлийн гэрээний дагуу 95 896 637 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 318 716 төгрөг гаргуулах төлбөрийн үүрэгтэй холбоотойгоор Д.О, Э.Б нарын дундын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205017674 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, Х гудамжны 27 тоот, 3 давхар, цэцэрлэгийн зориулалттай барилгыг болон эзэмших эрхийн №000607004 дугаар гэрчилгээтэй, 189 м.кв газар буюу үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж үүргийг гүйцэтгэх талаар шүүхийн шийдвэр байхгүй, талууд шүүхээс гадуур худалдахаар тохиролцсоны дагуу ажиллагаа хийгдсэн гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй.

 

Барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах талаар шүүхийн шийдвэр гараагүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад бусдын эд хөрөнгийг худалдан борлуулахдаа хуульд заасан дараалал, журмыг баримтлах ёстой. Гэтэл шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх баримт бичигт заагдаагүй төлбөр төлөгчийн бусадтай дундаа хамтран өмчлөх хөрөнгөөс төлбөр гаргуулахдаа зөвхөн төлбөр төлөгчид ногдох хэсгийг тодорхойлж уг ногдох хэсгээр бус, үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь дуудлага худалдаанд оруулсан нь ажиллагаа нэхэмжлэгч Э.Бийн эрхийг зөрчсөн байна. Иймд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хураасан болон дуудлага худалдаанд оруулахтай холбоотой үнэлгээ хийлгэсэн ажиллагааг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/02580 дугаар тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 34 дүгээр зүйлийн 34.3 дах хэсэгт заасныг үндэслэн Д.О, Э.Б нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-220501767 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамжны 27 тоот, 3 давхар, цэцэрлэгийн зориулалттай барилгыг болон эзэмших эрхийн №00060700 дугаар гэрчилгээтэй, 189 м.кв газрыг битүүмжлэн хурааж, дуудлага худалдаанд оруулахтай холбоотой үнэлгээ хийлгэсэн ажиллагааг хүчингүй болгосугай” гэж, 2 дах заалтын “...үлдээсүгэй” гэснийг “...үлдээж, хариуцагчаас 140 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.О, Э.Бд олгосугай” гэж тус тус  өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Оын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД

 

                     ШҮҮГЧ                                       Б.НАРМАНДАХ

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ