Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2019/ДШМ/036

 

Г.Ц, Д.А, О.М, Г.Б,

Г.Д нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор В.Дэлгэрмаа

Хохирогч Р.Г

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул

Шүүгдэгч Г.Ц, Д.А, О.М, Г.Б, Г.Д

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Пүрэвдаваа, Л.Батбаяр, Ц.Мөнгөндавалгаа

Нарийн бичгийн дарга Н.Гантулга нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Р.Г, шүүгдэгч Г.Ц, Д.А, Г.Б, Г.Д, О.М, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа, Л.Батбаяр, Т.Пүрэвдаваа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Ц, Д.А, Г.М, Г.Б, Г.Д нарт холбогдох эрүүгийн 18140000000349 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, Г.Б, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

2. Монгол улсын иргэн, Г.Д, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

3. Монгол улсын иргэн, Д.А, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянхонгор аймгийн сум дундын шүүхийн 1994 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 188 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

1997 оны 12 дугаар сарын 23-нд 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар,

1998 оны 07 дугаар сарын 09-нд 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж уг оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлд зааснаар 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2005 оны 06 дугаар сарын 23-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,

2008 оны 04 дүгээр сарын 18-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар,

2014 оны 03 дугаар сарын 26-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 200 000 төгрөг хурааж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, регистрийн дугаар ВК72072019

4. Монгол улсын иргэн, О.М, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, улсаас авсан гавьяа шагналгүй,

1999 оны 02 дугаар сарын 26-нд 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

2002 оны 11 дүгээр сарын 18-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

2005 оны 12 дугаар сарын 22-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, регистрийн дугаар ВК80060515,

5. Монгол улсын иргэн, Г.Ц, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

Г.Б, Г.Д, Г.Ц, Д.А, О.М нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 31-нээс 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Асгамба 3 дугаар багийн нутаг Хуурай гэх газраас Р.Гын эзэмшлийн 32 тооны буюу олон тооны адууг хулгайлж бусдад 23.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/                   

 Баянхонгор аймгийн Прокурорын газраас Г.Б, Г.Д, Г.Ц, Д.А, О.М нарт Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Г.Б, Боржигон овогт Г.Д, Д.А, Боржигон овогт О.М, Сартуул овогт Г.Ц нарыг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Г.Бг гурван жил зургаан сарын / 03 жил 06 сар / хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Боржигон овогт Г.Дг хоёр жил зургаан сарын / 02 жил 06 сар / хугацаагаар хорих ялаар, Шүүгдэгч Мянгат овогт Д.Аийг гурван жил зургаан сарын / 03 жил 06 сар / хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Боржигон овогт О.Мыг хоёр жил зургаан сарын / 02 жил 06 сар / хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Сартуул овогт Г.Цыг гурван жил зургаан сарын / 03 жил 06 сар / хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Г.Бд оногдуулсан гурван жил зургаан сарын / 03 жил 06 сар / хугацаагаар хорих ялыг, Г.Дд оногдуулсан хоёр жил зургаан сарын / 02 жил 06 сар / хугацаагаар хорих ялыг, Д.Ад оногдуулсан гурван жил зургаан сарын / 03 жил 06 сар / хугацаагаар хорих ялыг, О. Мад оногдуулсан хоёр жил зургаан сарын / 02 жил 06 сар / хугацаагаар хорих ялыг, Г. Цт оногдуулсан гурван жил зургаан сарын / 03 жил 06 сар / хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэргийн учир Г.Б, Г.Д, Д.А, Г.Ц нарын цагдан хоригдсон арван найм / 18 /, О.Мын цагдан хоригдсон гуч / 30 / хоногийг эдлэх ялд нь тус бүр оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар Г.Б, Г.Д, Д.А, О.М, Г.Ц нарт тус бүр нэг жил зургаан сарын / 01 жил 06 сар / хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг тус тус хүлээлгэж хэрэгжүүлэхийг нээлттэй хорих байгууллагад даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар Д.А, О.М нараас тус бүр гурван сая хоёр зуун тавин долоон мянган / 3.257.000 / төгрөгийг гаргуулж хохирогч Р.Гт 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дотор олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хохирогч Р.Гын нэхэмжилсэн хоёр сая дөрвөн зуун дөчин хоёр мянга зургаан зуун жаран гурван / 2.442.663 / төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, энэ хэргийн учир шүүгдэгч Г.Б, Г.Д, Г.Ц нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Г.Бн эзэмшлийн таван тооны ямаа, Г.Дгийн эзэмшлийн таван тооны ямаа, Г.Цын эзэмшлийн таван тооны хонийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолын, Г.Бн эзэмшлийн таван тооны ямаа, Г.Дгийн эзэмшлийн таван тооны ямаа, Г.Цын эзэмшлийн таван тооны хонийг битүүмжилсэн заалтыг тус тус хүчингүй болгож эзэмшигч Г.Б, Г.Д, Г.Ц нарт буцаан олгож, шүүгдэгч Д.Аийн эзэмшлийн таван тооны ямаа, О.Мын эзэмшлийн таван тооны ямааг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолын шүүгдэгч Д.Аийн эзэмшлийн таван тооны ямаа, О.Мын эзэмшлийн таван тооны ямааг битүүмжилсэн заалтыг хэвээр үлдээж хохирлыг нөхөн төлөх зорилгоор худалдан борлуулахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Г.Бн эзэмшлийн улаан өнгийн мустанг мотоцикль буюу түүний үнэ нэг зуун мянган / 100.000 / төгрөгийг, Д.Аийн эзэмшлийн улаан өнгийн мустанг мотоцикль буюу түүний үнэ нэг зуун мянган / 100.000 / төгрөгийг, Г.Цын эзэмшлийн улаан өнгийн мустанг мотоцикль буюу түүний үнэ хоёр зуун мянган / 200.000 / төгрөгийг тус тус Г.Б, Д.А, Г.Ц нараас гаргуулж улсын төсөвт шилжүүлэх, ялтан Г.Дгийн эзэмшлийн цэнхэр өнгийн мотоциклийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг мотоциклыг эзэмшигч Г.Дд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар Г.Б, Г.Д, Д.А, О.М, Г.Ц нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тэдний эдлэх ялыг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Хохирогч Р.Г гаргасан давж заалдах гомдолдоо:.

... Ц, А, М, Б, Д нар манай адууг 2018 оны 10 дугаар сард бүлэглэж хулгай хийсэн бөгөөд энэ хугацаанаас хойш 6 сар гаран болж миний хувьд их хэмжээний хохирол учирсан байхад шүүхээс хохирол төлөх хугацааг маш удаашруулж 2019 оны 7 дугаар сард төлөхөөр тогтоож байгаад гомдолтой, мөн шүүхээс шийдвэр уншиж сонсгохдоо адууны үнэлгээ 15.700.000 төгрөг, шатахууны зардал 585.951 төгрөг, 244.000 төгрөгийг гаргуулж шийдсэн атлаа 244.000 төгрөгийг тооцоонд оруулаагүй нэг шүүгдэгчээс 3.257.000 төгрөг гаргуулж шийдсэн нь буруу байна. Тиймээс энэ 244.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлөх хугацааг наашлуулах хүсэлтэй байна гэжээ.

Шүүгдэгч О.М гаргасан давж заалдах гомдолдоо:

...Мөрдөн шалгах ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулаагүй. Цагдаа, прокурор, шүүхээс дуудсан цагт биечлэн байж анхнаасаа үнэн зөв мэдүүлгийг үг үсгийн зөрүүгүйгээр мэдүүлж байсан. Би уг адууг өгч авалцахад байлцсан, туулцсан нь үнэн. Энэ үнэнээ буруу явдал байсан байна гэдгийг ойлгоод буруу үйлдэлд оролцжээ, миний буруу гэдгээ үнэнээр нь өчиж, тухайн үед болсон байдал, адуу өгч авалцахыг тавиул мал өгч байна, авч байна гэж бодож ойлгож явсан. Нөгөөтэйгүүр Д.А бид 2 миний алдсан адууг эрээд Цынд очиход тэр 2 тавиул малын тухай яриад л утсаар холбогдоод яваад байсан. Би мотоцикль унаж чаддаггүй тул Д.Аийг гуйж эрэлд явсан. Тэр дагуу мөн л Аийн мотоцикльтой явж хамт очиж тавиул адууг тосож авалцсан юм. Энэ үйлдэлдээ 2 жил 6 сарын ял авснаа бодит үнэнд нийцэхгүй ялын энэрэнгүй зарчим үйлчлэхгүй хомроглон ял оногдуулж байна гэж бодож гомдлоо гаргалаа.

 Үнэхээр миний бие буруутай бол нотлох баримтаар нотолж, хэрэгт хамааралтай эсэхийг, тал бүрээс нь нягтлан үзэх шаардлагатай байсныг хайхрахгүй хандаж шийдлээ гэж үзэж байна. Бүлэглэн хийсэн гэх хүмүүсийг би танихгүй. /Г.Б, Г.Д, Г.Цыг зүс танина. Энэ 3 хүн л хоорондоо ярьж Ад уг адууг өгсөн авсан. А нь тавиул мал маллаж амьдардаг тул би хулгайнх, хулгай хийж байна гэж бодоогүй, ойлгоогүй юм. Би адуу өгч авалцахад үг хэл үйлдлээрээ ердөө оролцоогүй. Энэ байдлыг Г.Б, Г.Д, Г.Ц, Д.А нар гэрчилдэг, хэлдэг, ярьдаг юм. Гэвч хамт тууж явсан гэдэг үйлдэлд тохироогүй хүндэдсэн шийтгэл оногдууллаа гэж гомдож байна.

Миний үйлдэл тууж явсан нь гэмт хэрэг биш өнөөгийн амьдралд бие биедээ мал туулцах, холдсон малыг ойртуулж өгөх нь ердийн малч бидний амьдрал юм. Иймийн учир миний бие хохирол гомдлыг хүлээн зөвшөөрөөгүй юм. Иймд та бүхэн хавтаст хэрэгтэй танилцан үзэж, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан миний үйлдлийг сайтар хянан үзэж надад оногдуулсан ялыг хүчингүй болгож миний гэх хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Г.Ц гаргасан давж заалдах гомдолдоо: ...Би Баянхонгор аймгийн Галуут суманд мал маллан эхнэр, ээжийн хамт амьдардаг байсан. Эхнэр маань 4 сартай жирэмсэн, ээж маань 50 гаруй настай бөгөөд 2005 оноос сэтгэцийн өвчтэй болж түүнээс хойш намайг хоригдох хүртэл миний асрамжинд байсан. Одоо эхнэр маань ээжийг асарч малаа маллан хоёулаа амьдарч байгаа ба намайг хоригдсон үеэс эхлэн ээжийн маань өвчин хүндэрч намайг хайгаад яваад байх болсон гэсэн. Би ар гэр, эхнэр, ээждээ маш их санаа зовж байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг эдлээд гараад ирэх хугацаанд би өөрийн гэсэн бүх зүйлээ алдаж болзошгүй нөхцөл байдалд хүрээд байна. Намайг шүүхээс өндөр ял шийтгэл авсан гэдгийг сонссон надаас авал авах хүмүүс амьжиргааны эх үүсвэр болсон малнаас зөвшөөрөлгүй 10, 20-р нь авч явсан байна, мөн хадам талаас охиноо дөнгөж айлын болгож өгчихөөд олон жил хадам ээжийг нь асруулж, малыг нь маллуулж ганцааранг нь амьдруулж чадахгүй учир салгаж авна гээд байгаа, мөн сэтгэцийн өвчтэй ээжийг минь эхнэрээс минь өөр харж хандах хүн байхгүй. Эдгээр нөхцөл байдлаас шалтгаалан миний хувьд 1 өдөр ч сэтгэл амар байж чадахгүй шаналж байна. Би өөрийн хийсэн хэрэгтээ үнэхээр их харамсаж байна. Хохирогчид өөрийн учруулсан хохирол 3.257.000 төгрөгийг төлсөн, хохирогч нь надад санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа шүүхэд бичгээр илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Д.А гаргасан давж заалдах гомдолдоо:

... анхан шатны шүүхээс надад 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэсэн. Уг хорих ялыг өндөр байна гэж үзэж байгаа учраас давж заалдах шатны шүүхэд хорих ялыг багасгуулахаар тухайн гомдлыг гаргаж байгаа болно. Давж заалдах шатны шүүхэд ялыг хөнгөрүүлэх эрх хэмжээ байгаа учир хэргийн нөхцөл байдал, хувийн байдал, ар гэрийн байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж надад итгэл хүлээлгэж, төрийн хайр халамжийг хүртээж энэрэнгүй шийдвэр гаргаж өгнө гэдэгт итгэж байна.

Би залуу насандаа алдаж явсан үе байсан ч дахин амьдралдаа алдахгүй байхын төлөө амьдарсаар ирсэн. Би өөрийн гэсэн гэр орон байхгүй намайг гэх ах дүү хамаатан садан байхгүй хэцүүхэн амьдарч байх үедээ эхнэртэйгээ учирч айлд хүргэн болж ороод 2 хүүхдийн аав болсон. Амьдрал ахуйгаа авч явахын тулд айлын малыг хөлсөөр авч маллан нилээдгүй жилийг өнгөрүүлжээ. Айлын тавиул мал авч маллах бус хулгайн малыг авснаас болж өнөөдөр энэ хэрэгт холбогдсон, хорих ял сонсоод сууж байгаадаа үнэхээр их харамсаж байна. Өөрийн хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Хохирлоо төлөх гээд эхнэрээр зээл хөөцөлдүүлж байгаа ба хохирол төлөгдчих юм бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх буюу өмгөөлөгч нарын анхан шатны шүүх хуралд хэлж байсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг хэрэглэх боломжтой болов уу хэмээн горьдлого тээж байна.

Шүүхээс надад итгэл хүлээлгэж ял шийтгэлийг багасгаж өгөөсэй гэж хүсэж байна. Би итгэл алдахгүй ял шийтгэлээ эдэлж ирээд дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж сайн эцэг, сайн хань байхын төлөө ариун шударга хөдөлмөрөөр ажиллаж хөдөлмөрлөх болно. Манайх айлын тавиул мал маллаж амьдрал ахуйгаа залгуулдаг ба тавиул мал маллаж хөлснөөс өөр орлогогүй учир эхнэр маань малаа маллаж, 2 хүүхэд сумын сургуульд суралцдаг. Ар гэрт минь миний нөмөр нөөлөг их байдаг учир эхнэр, хүүхдүүдийг минь бодолцож надад энэрэнгүй хандахыг хүсэж байна гэжээ.

Шүүгдэгч Д.А, Г.Ц нарын өмгөөлөгч Т.Пүрэвдаваа гаргасан давж заалдах гомдолдоо:

...Миний үйлчлүүлэгчийн зүгээс өөрийн гэм буруугаа хүлээж байгаа хэдий ч анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Ц, Д.А нарт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх тээврийн хэрэгсэл буюу мотоциклийн үнийг эзэмшигчид нь буцаан олгуулах зорилгоор тус гомдлыг гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно гэжээ. Тиймээс шүүгдэгч Г.Ц Д.А нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар гэмт хэргийн улмаас учруулсан өөрт ногдох хохирлыг шүүгдэгч Г.Ц нөхөн төлж хор уршгийг арилгасан. Д.Аийн гэмт хэргийн улмаас учруусан өөрт ногдох хохирлыг төлөхөө илэрхийлсэн болон тэдгээрийн хувийн байдлыг харгалзан тэдгээрийн анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх тээврийн хэрэгсэл буюу мотоциклийн үнийг эзэмшигчээс нь гаргуулж улсын төсввт шилжүүлэхээр заасан нь холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн үйлдэл болсон. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх тээврийн хэрэгсэл буюу мотоциклийн үнийг эзэмшигчээс нь гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр анхан шатны шүүх шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д заасан заалтуудыг баримталж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар эүйлийн 3,4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулахаар эаасан. Харин гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр заасан байгаа юм. Мөн хураан авсан эд зүйл нь хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, нийтийн аюулгүй байдапд сөргөөр нөлөөлөх бодит үндэслэл бий болсон, эсхүл түргэн муудах, гэмтэх, устах, эсхүл хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл чанар нь муудах хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг эзэмшигчид нь буцааж өгөх боломжгүй тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3. 1.4-т заасан арга хэмжээг авахаар байгаа юм. Гэтэл анхан шатны шүүх дээрх хуулийн заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болон үнийг улсын төсөвт шилжүүлэх хуулийн заалт байхгүй байхад шүүгдэгч нарын тухайн тээврийн хэрэгсэл буюу мотоциклийг үнэлгээчний үнэлсэн үнийн дүнгээр мөнгө гаргуулж улсын орлого болгож байгаа нь шүүгдэгч нарын өмчлөх, эзэмших эрхэд ноцтой халдсан нэг хэлбэр болжээ.

Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 19-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч Г.Ц, Д А нарт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь олгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Г.Б, Г.Д нарын өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа гаргасан давж заалдах гомдолдоо:

...Г.Б, Г.Д нар нь хохирогчид хохиролыг төлж бусдад төлөх төлбөргүй болсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасан хорих ялын доод хэмжээ хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж хөнгөрүүлэхээр заасан байхад анхан шатны шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа дээрх зүйл, заалтаар ялыг хөнгөрүүлж оногдуулаагүй.

Г.Б, Г.Д нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Хувийн байдлыг хувьд нэг айлын хүүхдүүд буюу төрсөн ах, дүү хоёр. Хоёулаа ам бүл 4, бага насны 2, 2 хүүхдүүдтэй. Хэрэг хянан шийдвэрлэх явцад аав нь нас барсан. Өндөр настай ээж нь ганцаараа хоёр хүүгээ ялаа эдэлж дуусахыг хүлээж байгаа зэрэг нөхцөл байдлаас Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлж шийдэж болохоор байхад анхан шатны шүүх хуулийг бүрэн хэрэглээгүй байна гэж үзлээ.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 19-ний 71 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Г.Б, Г.Д нарт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Прокурор В.Дэлгэрмаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Хохирогч Р.Г, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул нар шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Г.Д, Г.Б нар нь нэг нутгийн, манай малыг сайн мэдэх саахалт айлын малчид байж манай малыг хулгайч нарт хүргэж өгч, бүлэглэн хулгайлсанд маш их гомдолтой байна. Эдгээр хүмүүс бага ял авсан, миний хохирлыг буруу тооцож шийдвэрлэсэн тул зөрүүг нь гаргаж өгнө үү гэв.

 Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Пүрэвдаваа, Ц.Мөнгөндавалгаа нар шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоог харгалзалгүйгээр ялыг ялгамжгүй оногдуулсан, тээврийн хэрэгсэлд бодитой дүгнэлт хийж шийдвэрлээгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэцгээв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Ц, Д.А нар болон тэдгээрийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа, шүүгдэгч Г.Б, Г.Д нарын өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа, шүүгдэгч О.М, хохирогч Р.Г нарын гаргасан гомдолд үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:

Прокуророос Г.Б, Г.Д, Г.Ц, Д.А, О.М нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэхдээ хохирогч Р.Гын ижил сүрэгтээ гүйж ирсэн 2 тооны морь, 1 тооны унаганы үнэлгээг 1.750.000 төгрөгөөр тогтоосон Энх нахиа ХХК-ийн шинжээчийн 361 тоот дүгнэлт, 29 тооны адууны үнэлгээг 23 100 000 төгрөгөөр тогтоосон Номгон аудит ХХК-ийн шинжээчийн 19/03 тоот дүгнэлт зэргийг зайлшгүй шаардлагатай нотлох баримтад оруулсан хэдий ч нийт адууны хохирлыг 23 100 000 төгрөгөөр бичсэн нь 29 тооны адуугаар нийт адууны хохирлыг тооцсон гэж үзэх үндэслэлтэй болсоныг анхан шатны шүүх анхаараагүй хэргийг шийдвэрлэжээ.

Энэ нь прокурорын яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2-т заасан хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Мөн анхан шатны шүүх нэгдүгээр хавтаст хэргийн 168-169,191-192 дугаар талд тус тус авагдсан “Энх нахиа” ХХК-ийн шинжээчийн 333, 361 тоот дүгнэлтүүдийг үнэлж, хохирлыг тооцохдоо тооцооны алдаа гаргасан, хохирогч Р.Г нь хулгайд алдсан адуунаас олдоогүй 20 адууны үнэ 15 900 000 төгрөг, адуугаа эрж хайны бензин тосны 954614 төгрөг, телевизид зар өгсөний 65000 төгрөг, замын зардалд 209000 төгрөг нийт 18 928614 төгрөгийн хохирол нэхэмжилсэнээс 2 442 663 төгрөгийн нотлох баримтыг ямар учраас үнэлээгүй болохоо дүгнэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон, олдоогүй 20 тооны адууны 15700 000 төгрөг, эрж хайсны 829951 төгрөгийн нийлбэр 16 529 951 төгрөг болж байхад 16 285 951 төгрөгөөр тооцон тооцооны алдаа гарган шүүгдэгч нэг бүрт хувааж улмаар Г.Б, Г.Д, Г.Ц нарыг учруулсан хохирлоо төлсөн гэж дүгнэн Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд оруулан тооцсон зэргээр хохирогч Р.Гын эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэжээ.

Нөгөө талаар хохирогч Р.Г анхан шатны шүүхийн шүүхийн хэлэлцүүлэгт нийт 18 728 614 төгрөг нэхэмжилснээс 16 285 951 төгрөгийг шүүх хангаж, 2442663 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийтгэх тогтоолын тодорхойлох, тогтоох хэсэгт тус тус заасан байх боловч энэ талаар шүүх хуралдаанд уншин сонсгоогүй болох нь шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгээр тогтоогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8-д заасны дагуу шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг нь гардуулсан шийдвэрийнхээ тогтоох хэсгээс зөрүүтэй болж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх бөгөөд энэ талаар хохирогч Р.Гын гаргасан гомдол үндэслэлтэй байна.

Мөн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч нэг бүрийн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гүйцэтгэсэн үүргийг нь харгалзан ялыг ялгамжтай оногдуулах, Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг зөв тооцож ялыг ялгамжтай оногдуулаагүй Эрүүгийн хуулийн 3.7, 6.5, 6.6 дугаар зүйлүүдийг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 71 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Ц, Д.А, Г.М, Г.Б, Г.Д нарт холбогдох эрүүгийн 18140000000349 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорын газарт буцаах зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн

39.9 дүгээр зүйлийн 1.3-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 71 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Ц, Д.А, Г.М, Г.Б, Г.Д нарт холбогдох эрүүгийн 18140000000349 дугаартай хэргийг Баянхонгор аймгийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Г.Ц, Д.А, Г.М, Г.Б, Г.Д нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М. МӨНХДАВАА

                                    ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

                                                              Б. БОЛОР-ЭРДЭНЭ