Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2021/0391

 

 

 

 

 

 

 

2021 06 04 128/ШШ2021/0391

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Б овогт М Э /РД: **********/,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Б,

Гомдлын шаардлага: нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн **** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч шүүхэд гаргасан гомдлын шаардлагадаа: М.Э миний бие 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурлын сонгуульд Баянзүрх дүүргийн ** дугаар тойрогт өөрийн нэрийг дэвшүүлж, өрсөлдсөн. Миний бие Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу өөрийн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулж, уг сонгуульд оролцсон. Гэтэл сонгууль дууссанаас хойш 6 сар өнгөрсний дараа буюу 2021 оны 1 дүгээр сард над руу Баянзүрх дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс холбогдож зөрчилд холбогдсон талаар мэдэгдэж, 1 л удаа тайлбар авч, улмаар зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн **** тоот шийтгэлийн хуудас гэх баримтыг ирүүлж, уг баримтын агуулгаас үзэхэд 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгосон гэж ойлгогдохоор байна.

М.Э миний бие УИХ-ын сонгуульд нэр дэвшихээсээ эхлээд сонгуулийн ажиллагаа дуусах хүртэлх хугацаанд 100 хувь өөрийн зардлаар сонгуульд оролцсон ба хууль зөрчөөгүй бөгөөд сонгуулийн зардпын дансыг хоцорч бүртгүүлсэн хэдий ч сонгуулийн зардлын явцын болон эцсийн тайланг цаг хугацаанд нь аваачиж өгсөн.

Хууль болон журамд зааснаар сонгуулийн зардпын явцын болон эцсийн тайланг хэрхэн хүргүүлэх талаар нарийвчлан заагаагүй бөгөөд миний бие 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр явцын тайлангаа Үндэсний аудитын газарт дугаарлан зогсож байгаад өгсөн. Түүнчлэн эцсийн тайлангаа 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Үндэсний аудитын газарт аваачиж өгсөн. Намайг эцсийн тайлан өгөхөд Үндэсний аудитын газрын жижүүр холбогдох ажилтан амарсан байгаа гээд дотогш оруулаагүй бөгөөд би тайлангаа жижүүрт нь хүлээлгэн өгсөн. Гэтэл энэ олон сарын дараа гэнэт ийнхүү шийтгэл оногдуулж байгаад гомдолтой байна. Миний бие Үндэсний аудитын газрын сонгуулийн зардлын тайланг нийтэд мэдээлсэн гэх тайлантай 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тус байгууллагын вэбсайтаар орж танилцахад миний нэр жагсаалтын *** дугаарт бичигдсэн байх бөгөөд тайланг ирүүлээгүй гэсэн тэмдэглэгээтэй байна. 2020 онд зохион байгуулагдсан УИХ-ын сонгууль дэлхий нийтэд тархсан өвчинтэй холбогдуулан халдвар хамгааллын дэглэм улсын хэмжээнд хэрэгжиж байсан тул төрийн байгууллагууд шаардлагагүй тохиолдолд иргэдийг нэвтрүүлэхгүй, үүдэн дээрээс буцаах тохиолдол цөөнгүй гарч байсан. Төрийн байгууллага өөрт өгсөн мэдээллийг эмх замбараагүй хадгалсан, хүлээж авбал зохих ажилтан нь ажлын байран дээрээ байхгүй байсан зэрэг шалтгааны улмаас иргэн хүн хохирох ёсгүй гэж үзэж байна.

Түүнчлэн эрх бүхий албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа нь тодорхой байх ёстой байтал хуулийн ямар зүйл, заалтын дагуу шийтгэж байгаа нь тодорхой бус байгаа бөгөөд зөвхөн нэг удаа мэдүүлэг авсан төдийгөөр, холбогдогчийг хэрэгтэй танилцах, хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломж олголгүйгээр шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хууль бус гэж үзэж байна.

Иймд Баянзүрх дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн **** тоот шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас харахад ойлгомжгүй асуудал их байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдах ёстой. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т Нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ, мөн хуулийн 57.3-т.Нам, эвсэл санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ гэж заасан боловч шуудангаар хүргүүлэх, биечлэн хүргүүлэх талаар дурдаагүй. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зорилтын тухайд Энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино гэж тодорхойлсон байдаг.

Мөн зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хугацааг тоолж эхэлсэн минут, цаг, хоногийг хугацаа тоолоход оруулахгүй гэж заасан. Гэтэл тухайн үед буюу 06 сарын 22-ны өдөр явцын тайланг авахдаа нэр дэвшигч нарыг оочерлуулж байгаад хүлээж авсан байдаг. Эцсийн тайлангаа 07 сарын 22-нд авахдаа ямар ч замбараагүй байдлаар хэн хүлээж авч буй нь тодорхойгүй, хариуцсан ажилтан амарсан.

Гомдол гаргагчийн зүгээс анхнаасаа зөрчил шалгах ажиллагаа процессын зөрчилтэй байсан гэж үзэж байна. Учир нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, нягтлан бодох бүртгэлийн улсын ерөнхий байцаагчийн 2020 оны 10 сарын 22-ны өдрийн 7/6746 дугаартай албан бичигт хуульд заасан эрх бүхий албан тушаалтан, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч нарт дээрх зөрчлийг шийдвэрлүүлэхийг мэдээлсэн байдаг. 2020 оны 11 сарын 10-ны өдөр бүртгэгдсэн атлаа Ц.Б улсын байцаагч мэдээллийг 2020 оны 11 сарын 09-ний өдөр хүлээж авсан процессын алдаа байна. Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.2-т хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана гэж заасан. Үүнээс үзэхэд 2020 оны 10 сарын 29-ний өдрийн дотор зөрчлийн хэргийг нээх ёстой байсан. Ингээд 2020 оны 11 сарын 14-ний өдөр 14 хоног нь дууссан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна гэж заасан байтал эрх бүхий албан тушаалтан 2020 оны 11 сарын 09-ний өдөр хүлээж авсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Бүртгэл хяналтын картад дандаа он сарыг буруу бичсэн.

Мөн зөрчлийн хэрэг нээхдээ холбогдогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн асуудал байдаг. Үндэсний аудитын газраас явуулсан албан бичиг хүртэл алдаатай гарснаас болж эрх бүхий албан тушаалтан явцын тайлан, эцсийн тайлан алийг нь өгөөгүй гэж үзсэн зөрчлөө ялгаж салгаагүй. Гэтэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ, мөн хуулийн 4.15 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Хуульд заасан журам зөрчиж цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд энэ хуульд заасан шийдвэрийн үндэслэл болохгүй гэж тус тус заасан. Үүнээс харахад анхнаасаа процессын зөрчилтэй байсан учраас хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ***** тоот шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү. гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: М.Эээс тус шүүхэд гаргасан гомдлын шаардлагатай танилцаад дор дурьдсан тайлбарыг гаргаж байна.

1. Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн 23 дугаар тойрогт нэр дэвшигч М.Э нь сонгуулийн зардлын эцсийн санхүүгийн тайланг өгөөгүй болохыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд нягтлан бодох бүртгэлийн улсын ерөнхий байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн 7/6746 дугаар албан бичиг, Үндэсний аудитын газрын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2880 дугаар албан бичиг дээр нэр дэвшигчдийн мэдээллийн дагуу Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27, 25 дугаар зүйлийг зөрчсөн болох нь нотлогдсон.

2. Гомдол гаргагч М.Э нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн шүүхэд гаргасан гомдол Зөрчилд шийтгэл оногдуулах тухай акт гомдол гаргагчийн ашиг, сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож хүчингүй болгуулах тухай гомдол гаргасан болохыг дурьдсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д Нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно заалтыг хэрэгжүүлэн ажилласан гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Манайд мэдээлэл ирэхдээ эдгээр хүмүүсийн зөрчил шалгагдаж ирсэн учраас ирсэн албан тоотуудыг үндэслэн зөрчлийн хэрэг нээсэн. Өөр нотлох баримт цуглуулаагүй. Энэ тохиолдолд тайлангаа Үндэсний аудитын газарт өгөөгүй гэдэг үндэслэлээр л зөрчлийн хэрэг үүсгэсэн болохоос энэ хэргийг дахин шалгахгүй тийм эрх бидэнд байхгүй. Гомдол гаргагчийг тайлангаа хугацаандаа ирүүлээгүй гэдгийг Үндэсний аудитын газраас албан тоотоор ирүүлсэн. Үндэсний аудитын газар нотолж шалгаад албан тоот ирүүлсэн гэж ойлгосон. манайх нэмж шалгах шаардлагагүй. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч М.Э нь түүнийг сонгуулийн зардлын эцсийн тайлан ирүүлээгүй үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн ... -д заасныг баримтлан торгох шийтгэл оногдуулсан улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ***** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргажээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зөрчлийн хэргийн болон бусад нотлох баримтууд, талуудын тайлбарт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.22 дахь заалтаар Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан зөрчлийг нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч шалгаж шийдвэрлэхээр харьяалуулсан бөгөөд хариуцагч Ц.Б нь зөрчлийн талаар мэдээлэл хүлээн авч, зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байх үедээ Баянзүрх дүүргийн Төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, 2020 оны 12 дугаар сарын 10-наас тус хэлтсийн бүртгэлийн мэргэжилтнээр томилогдон ажилласан, тэрээр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга буюу нягтлан бодох бүртгэлийн улсын ерөнхий байцаагчийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн А254 дүгээр тушаалаар нягтлан бодох бүртгэлийн улсын ахлах байцаагчийн эрх авсан, өөрөөр хэлбэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.22-т заасан эрх бүхий албан тушаалтан бөгөөд, шийтгэлийн хуудсын хууль зүйн үндэслэлийг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэнэ.

Баянзүрх дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Б нь Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн 23 дугаар тойрогт нэр дэвшсэн М.Эийг сонгуулийн зардлын эцсийн тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ***** дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн ... заасныг баримтлан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Тодруулбал Үндэсний аудитын газар нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланд аудит хийхэд, сонгуулийн зардлын дансны явцын тайлан ирүүлээгүй *** нэр дэвшигч, эцсийн тайлан ирүүлээгүй *** нэр дэвшигч байсан тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4, 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг хэрэгжүүлээгүй нэр дэвшигчдэд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25, 27-д зааснаар хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлүүлэхээр 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн **** тоот албан бичгээр зөрчилд хамаарах нэр дэвшигчдийн мэдээллийг хүргүүлсэн, улмаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд нягтлан бодох бүртгэлийн улсын ерөнхий байцаагч 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 7/*** тоот албан бичгээр харьяалах дүүргийн Төрийн сангийн хэлтэст мэдээллийг хүргүүлж, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн эрхтэй албан тушаалтнуудад үүрэг болгосон, хавсралтын *** дугаарт нэр дэвшигч М.Э эцсийн тайлан ирүүлээгүй хэмээн тэмдэглэгдсэн байдаг.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн * дугаар бүлэгт сонгуулийн зардлын талаар нарийвчлан зохицуулсан, тухайлбал уг бүлгийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Сонгуульд оролцож байгаа ... нэр дэвшигч сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сонгогчдод сурталчлах, тайлбарлан таниулах зорилгоор сонгуулийн сурталчилгааны шууд болон шууд бус зардал гаргана., 49.2-т Сонгуулийн зардал дараах хөрөнгөөс бүрдэнэ: 49.2.1 хандив, 49.2.2 намын өөрийн хөрөнгө, 49.2.3 нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө, 49.3-т Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна., 49.4-т Сонгуулийн зардлын данснаас өөр дансанд сонгуулийн зардал цуглуулах, зарцуулахыг хориглоно., 51 дүгээр зүйлийн 51.1-д Сонгуульд оролцож байгаа ... нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна., 51.3-т ... нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ., 51.4-т ... нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй., 57 дугаар зүйлийн 57.3-т нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ., 58 дугаар зүйлийн 58.2.3-т төрийн аудитын дээд байгууллага сонгуулийн санхүүжилт, түүний зарцуулалтад гарсан зөрчлийн талаар баримт бичиг үйлдэх, бүрдүүлэх, холбогдох байгууллагад хүргүүлэх үүрэгтэй, 58.4-т нэр дэвшигч ... авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ. гэж заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл сонгуулийн сурталчилгааны зардлыг төрийн аудитын байгууллага хянахаар, нэр дэвшигч сонгуулийн байгууллагад нэр дэвшигчээр бүртгүүлсний дараа данс нээж, дансны мэдээллээ сонгуулийн санал хураалтаас өмнө тогтоосон хугацаанд төрийн аудитын байгууллагад бүртгүүлэхээр, зардлын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэхээр, зардлын эцсийн тайланг санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэхээр, төрийн аудитын дээд байгууллага сонгуулийн санхүүжилт, түүний зарцуулалтад гарсан зөрчлийн талаар баримт бичиг үйлдэх, бүрдүүлэх, холбогдох байгууллагад хүргүүлэхээр тодорхой хуульчилсан байна.

Мөн Зөрчлийн тухай хуулийн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг зөрчих 17.1 дүгээр зүйлийн 25-д ... нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ... торгох-оор, 27-д нэр дэвшигч ... хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр ... торгох-оор заажээ.

М.Э нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3, 51 дүгээр зүйлийн 51.1, 51.3, 51.4, 58 дугаар зүйлийн 58.4, 57 дугаар зүйлийн 57.3-т заасан сонгуулийн сурталчилгааны зардлын данс нээлгэх, дансаа бүртгүүлэх, авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэх, санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулах үүргээ хэрэгжүүлсэн болох нь тогтоогдож байна.

Тухайлбал нэр дэвшигч М.Эийн 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан хүсэлтэд хариу өгсөн Үндэсний аудитын газрын 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 01/***  тоот албан бичигт ... хуулийн 58.4-т заасны дагуу явцын тайланг 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн талаар тодорхойлж, хүлээн авсан явцын тайланг хавсаргасан, мөн тэрээр санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулах үүргээ хэрэгжүүлсэн болох нь А ХХК-ийн түүний сонгуулийн зардлын тайланд аудит хийсэн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлт болон хараат бус аудиторын дэлгэрэнгүй тайлан, холбогдох маягтуудын дагуу гаргаж, аудит хянасан нэр дэвшигчийн зардлын тайлан, бүртгэгдсэн дансны хуулгаар тогтоогдож байна.

Харин Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайлангаа төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэх үүргээ хэрэгжүүлсэн эсэхэд маргаан үүсчээ.

М.Э нь сонгуулийн зардлын эцсийн тайланг 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Үндэсний аудитын газарт өгсөн, тодруулбал тайлан өгөхөөр очсон, холбогдох ажилтан амарсан гээд дотогш нэврүүлээгүй, тайлангаа жижүүрт нь үлдээсэн хэмээн тайлбарладаг ч Үндэсний аудитын газрын танхим болон байранд нэвтрэх камерын тэр өдрийн бичлэг хадгалагдаагүй устгагдсан тул нөхөж нотлох боломжгүй байна.

Зөрчлийг шалган шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтан Ц.Б нь нэр дэвшигч М.Эт холбогдох мэдээллийг хүлээн авсан бүртгэл, тэмдэглэлд санхүүгийн тайлан ирүүлээгүй гэснээс биш чухам явцын, эсхүл эцсийн тайлан ирүүлээгүй аль үйлдлийг зөрчил гэж үзсэнээ тусгаагүй, прокурорын зөвшөөрлөөр Сонгуулийн ерөнхий хорооноос авсан нэр дэвшигчийн утасны дугаараар зөрчилд холбогдогчид зөрчлийн талаар мэдэгдэхдээ мөн л явцын, эсхүл эцсийн тайлан ирүүлээгүй аль үйлдлийг зөрчил гэж үзсэнээ тусгаагүй, холбогдогчоос 2021 оны 1 дүгээр сарын 14-нд мэдүүлэг авахдаа сонгуулийн зардлын явцын тайлан өгөөгүй зөрчилд холбогдуулж мэдүүлэг авсан, холбогдогч нь Үндэсний аудитын газар хүргүүлсэн материалаа нотлох баримтаар өгөх-өөр болсон ч тухайн өдөрт нь **** дугаартай шийтгэлийн хуудсаар торгууль оногдуулсан байдаг.

Өөрөөр хэлбэл ямар зөрчилд холбогдуулан шалгаж буйгаа холбогдогчид тодорхой илэрхийлээгүйгээс, холбогдогчоор мэдүүлэг авахдаа явцын тайлан өгөөгүй гэх өөр зөрчилд холбогдуулж төөрөгдүүлснээс, нотлох баримт гаргаж өгөх хугацаа олгоогүйгээс ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдох тайлбар, нотлох баримтаа гаргах түүний эрхийг хангаагүй байна.

Өөр зөрчилд холбогдуулж төөрөгдүүлснээс, нотлох баримт гаргаж өгөх хугацаа олгоогүйгээс ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдох тайлбар, нотлох баримтаа гаргах түүний эрхийг хангаагүй гэж дүгнэсний учир нь, нэр дэвшигч М.Э нь холбогдогчоор явцын тайлан өгөөгүй гэх зөрчилд мэдүүлэг авсны дараа 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Үндэсний аудитын газарт явцын тайланг 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр өгснийг ирүүлээгүй гэж эндүүрэл гарч зөрчлийн хэрэгт шалгаж байна, явцын тайлан бүртгэлээсээ нягталж 6 дугаар сарын 22-ны өдөр тайлан өгсөн, өгөөгүй гэсэн тодорхойлолт гаргаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан, улмаар Үндэсний аудитын газар 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 01/*** тоот албан бичгээр явцын тайлан өгсөн талаар тодорхойлж, явцын тайланг нь түүнд хүргүүлсэн байдаг, мөн түүнчлэн холбогдогчоор асуусан өдрөө буюу 1 дүгээр сарын 14-нд шийтгэлийн хуудсыг бичсэн, гэсэн ч шийтгэлийн хуудсыг түүнд хүргүүлэхээр 1 дүгээр сарын 21-ний өдөр шууданд хийсэн байдаг.

Түүнчлэн шийтгэлийн хуудаст Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн чухам аль хэсэгт зааснаар шийтгэл оногдуулж буйгаа заагаагүй бөгөөд мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.3, 7.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хуулийн аль зүйл, хэсэг, заалтаар шийтгэл оногдуулж буйгаа тодорхой заагаагүй энэ тохиолдолд зөрчилд шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хуульд нийцсэн, гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар хязгаарлаагүй гэж дүгнэх боломжгүй юм.

Нөгөөтэйгүүр тухайн нэр дэвшигч нь сонгуулийн зардлын явцын тайланг хуулиар тогтоосон хугацаанд өгсөн, мөн эцсийн тайланг хуулиар тогтоосон хугацаанд эрх бүхий байгууллагаар баталгаажуулж дүгнэлт гаргуулсан байх тул ийнхүү эцсийн тайлан өгөх үүргээ, мөн хугацааг мэдэж байсан, тайлан өгөх үүргээ хэрэгжүүлэхээр аудитын байгууллагаар баталгаажуулах урьдач нөхцлийг хангаж тайлангаа гаргаж аудитын дүгнэлт гаргуулснаас үзэхэд тайланг тогтоосон хугацаанд төрийн аудитын байгууллагад өгөөгүй зөрчил тогтоогдсон гэж дүгнэх боломжгүй байна. Энэ байдлыг эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1.1, 7.2 дугаар зүйлийн 2-т заасан зөрчлийг нотлох, гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох, тухайн хүн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэхийг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүйтэй холбоотой гэж үзлээ.

Иймд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрхийг хангаагүй буюу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, зөрчлийг тогтоогоогүй, шийтгэлийн хуудас хуульд нийцсэн байх шаардлагыг хангаагүй үндэслэлээр гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1.1, 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан М.Эийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн **** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс 70200 төгрөг гаргуулан гомдол гаргагч М.Эт олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА