Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2024/0537

 

Т.Э-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч Т.Э

Нэхэмжлэлийн шаардлага: и-баримтын тохирлоос зохих мөнгөн дүнг удаа дараа хожсон боловч миний хонжвор бүхий сугалааг цуцалсан нь үндэслэлгүй тул хүчингүй болгож 901 800 төгрөгийн урамшууллыг олгож өгнө үү

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 504 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, Э.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал

Хэргийн индекс: 128/2024/0311/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.Э-аас Татварын ерөнхий газарт холбогдуулан “и-баримтын тохирлоос зохих мөнгөн дүнг удаа дараа хожсон боловч миний хонжвор бүхий сугалааг цуцалсан нь үндэслэлгүй тул хүчингүй болгож 901 800 төгрөгийн урамшууллыг олгож өгнө үү” гэж маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 504 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 15 дугаар зүйлийн 15.2.2, 17 дугаар зүйлийн 17.3.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Э-аас Татварын ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

Би өөрийн хэрэглэсэн дугаар 9003****-ийг төлбөрийн санхүүгийн боломж өөрийн байдлаас хамаарч хэдэн ч төгрөгөөр төлөх эрхтэй бөгөөд 1 төгрөгийн үндэсний мөнгөн тэмдэгтээр төлөлт хийсэн улмаар одоо хэрэгжиж хэвшсэн татварын цахим системээр дамжуулан сугалааны дугаар төлсөн үнийн дүн бүхий баримтыг өөрийн системд бүртгүүлсэн. Тухайн үед нэг төгрөгөөр төлсөн ч төлбөрийн дүнгээс хасагдан тооцогдож улмаар 0,02 төгрөгийн буцаан олголт бүхий баримт ирж байсан. Энэ хугацаанд тухайн “С” ХХК болон хэрэглэгч миний хувьд ямар ч асуудал байгаагүй тул энэ төлөлтийг хийсэн болно. Энэ төлөлтийн хориглосон зохицуулалт хуулийн нэг ч заалт байхгүй. Түүнчлэн анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа ч би үүнийг хангалттай тайлбар хийж бичгээр гаргасан мөн татварын ерөнхий газарт яагаад сугалааны тохирол дээр цуцалсан гэж харуулах төлөвтэй байгаа гэдгийг тайлбарлаж байсан бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэн явж байх процессын явцад өнөөх “цуцалсан” төлөв “санхүүжилт татсан” төлөвтэй болсон. Энэ талаар тайлбар гаргуулах хүсэлт 05 дугаар сарын 15-ны өдөр би өгсөн боловч хурал дээр тайлбар сонсъё гээд хурал явагдсан. Хэдий тийм боловч анхан шатны шүүхэд төлөөлж ирсэн 2 мэргэжилтэн үүнд тайлбар хийж чадаагүй нь Татварын ерөнхий газар өөрөө хууль зөрчсөнийг харуулж байна. Энэ тухай хурлын шийдвэрт ч дурдаагүй байна. Эцсийн бүлэгт яг тодорхой аан энэнээс болоод миний мөнгө олгогдохгүй байгаа гэж үнэнээр дэнсэлсэн шийдвэрийн заалтыг би олж харахгүй байгаа бөгөөд Татварын ерөнхий газар яагаад шүүх хурлын явцад “цуцалсан” гэсэн журамд байхгүй төлөв явж байснаа одоо болохоор “санхүүжилт татсан” төлөвт (энэ нь тухайн хүний буруутай үйл ажиллагаанаас болсон гэсэн үг) шилжсэний учрыг олохгүй байгаа тул дахин нэхэмжилж тус шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2.1. Нэхэмжлэгч Т.Э-аас Татварын ерөнхий газарт холбогдуулан “и-баримтын тохирлоос зохих мөнгөн дүнг удаа дараа хожсон боловч миний хонжвор бүхий сугалааг цуцалсан нь үндэслэлгүй тул хүчингүй болгож 901 800 төгрөгийн урамшууллыг олгож өгнө үү” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх “... Т.Э нь “С” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу утасны төлбөрөө 1, 10, 100 төгрөгүүдээр олон тасалж буюу 1 секундэд 4 удаа 1 төгрөгөөр шилжүүлэх байдлаар нийт 11 000 удаагийн давтамжтайгаар сугалаанд оролцох төлбөрийн баримтыг авч оролцсоноор 901 800 төгрөг хожсон болох нь тогтоогдож байна, ... аливаа “сугалаа” нь тухайн сугалаанд оролцогчдын хувьд шударга байх, тэгш хандах зарчмын хүрээнд явагдах учиртай, нэхэмжлэгчийн дээрх үйлдэл нь сугалаанд оролцогч бусад этгээдийн хувьд “тэгш бус” байдлыг үүсгэсэн, энэ талаар төрийн үйл ажиллагаа “шударга ёс”-ны зарчимд нийцсэн байх шаардлагыг зөрчсөн...” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

2.2. Учир нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д “бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан бол тухай бүрд” албан татвар ногдуулахаар хуульчилсан бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д ““борлуулалт” гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг” ойлгохоор тайлбарласан.

2.3. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Т.Э-ын хувьд “С” ХХК-иас авсан үйлчилгээний тухайн сарын төлбөрийг ийнхүү бага мөнгөн дүнгээр олон дахин төлж, төлөлтийн тоогоор ийнхүү төлбөрийн баримтыг авч НӨАТ-ын сугалаанд оролцож хонжвор хожих нь дээрх хуулийн зохицуулалтын зорилгод нийцэхгүй байна. Учир нь дээрх хуульд борлуулсан тухай бүрд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар хуульчилсан байгааг гар утасны төлбөрийн хувьд тухайн нэг сарын үйлчилгээний төлбөр нь нэг удаагийн борлуулалт гэж үзэх бөгөөд Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй” гэж заасны дагуу борлуулалт тухай бүрд баримтыг хэвлэж өгөхөөр байна.

2.4. Түүнчлэн татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий хариуцагч байгууллагын хувьд нэхэмжлэгчийн олон удаагийн үйлчилгээг суутган төлөгчөөс авсан мэтээр баримтыг бүртгэлийн системд илгээж, тохирлоор таарсан урамшууллыг олгохоос татгалзсан нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д заасан “шударга байх” зарчимд нийцсэн гэж үзлээ.

 

            Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 504 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж  хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Д.ОЮУМАА

 

 

ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН