Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 23 өдөр

Дугаар  2022/ШЦТ/286

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022         08          23                                        2022/ШЦТ/286

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав,

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал,

Шүүгдэгч З.М нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот  танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Мт холбогдох эрүүгийн 222500471**** дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, З.М  

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.М нь 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-13 дугаар байрны ** тоотод гэртээ эхнэр П.Ггийн зүүн мөрөн тус газарт хутгалж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч З.М шүүх хуралдаанд: “...2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр П.Г бид хоёр мах идэн сууж байхдаа 0,5 литрийн хэмжээтэй Хараа архийг тал хүртэл нь хуваан уусан бөгөөд би ажлаасаа буугаад 2 хоног гэртээ ирэлгүй гадуур хоносон асуудлаас болж манай эхнэр намайг хардаж бид хоёрын дунд маргаан үүссэн. Тэгээд би архины халуунд болон уурласан уурандаа мах идэж байсан хар иштэй хутгаар эхнэр П.Гг зогсож байхад нь зүүн мөрний ар хэсэгт нь нэг удаа хутгалахад цус гарсан. Тэгээд манай эхнэр цагдаа дуудлага өгсөн... дахин ямар нэгэн асуудал гаргахгүй... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,

 

- Хохирогч П.Г мөрдөн шалгах ажиллагаанд: “...манай нөхөр З.М нь 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ажлаасаа буугаад Эрдэнэт хотод гэртээ ирэх байтал гэртээ ирэхгүй 2 хоног алга болоод 2022 оны 08 дугаар сарын 05-ны өрөөс 06-нд шилжих шөнө согтуу ирсэн. Архи ууж тасраад 2 хоног айлд хоносон байна гэхээр нь шалгааж байгаад хэлүүлэхэд Энхтуул гэх эмэгтэйтэй архи уугаад хоёр хоносон, гэхдээ унтаж хэвтээгүй шүү гэсэн. Би утсыг нь шалгаж үзэхэд Энхтуул гэдэг эмэгтэйтэй 10 гаруй удаа утсаар ярьсан, фэйсбүүкээр чаталсан байсан. Тэгээд хадам ээжийг бөө болохоор засал хийлгэхээр гэртээ аав ээжийг нь дуудахад ээж аавд хэллээ гээд уурлан гал тогоонд байхдаа над руу уурлан халуун сав авч шидэж хагалсан... Аав ээж хоёр сууж байгаад гэртээ харихаар болоод гэрээс гарахад З.М аав ээжийнхээ хамт гарч явсан. Би гэртээ хэсэг сууж байгаад хадам аав ээжийнх рүү явж З.Мтай учир зүйгээ олон гэртээ авч ирэхэд З.М хоёулаа архи ууя гэхээр нь зөвшөөрч 1 шил 0,5 литрийн хэмжээтэй Хараа архи тал хүртэл нь хувааж уугаад сууж байтал гэнэт байраа түрээслээд гадаад явъя гэхээр нь би гайхаад нөгөө эмэгтэйтээгээ их юм ярьж байгаад ирсэн байна, тэр хүүхэн рүүгээ одоо гар утсаар яриад дахиж харьцахгүй шүү гээд хэл гэсэн чинь дугаарыг нь мэдэхгүй гээд байхаар нь би өөрийнхөө утаснаас нөгөө хүүхэн рүү нь залгаж байхад З.М мах, толгой идэж байсан хутгаараа миний зүүн мөрний ар талд нэг удаа хутгалсан... нөхөр бид хоёр одоо хэвийн харилцаатай байгаа. Дахин янз бүрийн асуудал гаргахгүй гэсэн. Миний зүгээс санал, хүсэлт, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17х/,

 

- Гэрч Н.Ү мөрдөн шалгах ажиллагаанд ...З.М ах гэртээ ирээгүй 2 хоног алга болоод гэртээ ирсэн. Тэгээд ээж З.М ах хоёр архи ууж сууж байгаад хоорондоо маргалдахад З.М ах хутгалсан гэж ээж надад хэлсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 19х/,

 

- Хутганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 10-12х/,

 

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 611 дугаартай дүгнэлтэд: “...П.Ггийн биед зүүн мөрний ар хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь үзүүр иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Зүүн мөрний ар хэсэгт шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

5. Шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 21-22х/,

 

- Шүүгдэгч З.Мын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй тухай лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36, 44-45, 48, 47/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч З.М хохирогч  П.Г нар нь согтууруулах ундаа хэрэглэж, улмаар хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн З.М нь мах идэж байсан хутгаараа П.Ггийн зүүн мөрний ар хэсэгт нь хутгалж түүний биед зүүн мөрний ар хэсэгт шарх гэмтэл үүсгэсэн үйл баримт болсон байна.

                                                                                                                                

Прокуророос шүүгдэгч З.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч З.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч П.Ггийн мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 611 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч З.Мыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгч З.Мыг прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч З.Мын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч З.Мын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хавтаст хэрэгт хохирлын талаар нотлох баримт авагдаагүй, хохирогч П.Г нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч З.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

 Шүүгдэгч З.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Улсын яллагчаас “...600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэсэн болно.

 

Шүүх шүүгдэгч З.Мын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал, цалин орлого болон улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч З.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн хуванцар иштэй хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч З.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Зоригтын З.Мыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

          

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч З.Мт оногдуулсан 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч З.М нь 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч З.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.НАРМАНДАХ