| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2018/03635/И |
| Дугаар | 00016 |
| Огноо | 2018-12-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 00016
2018 оны 12 сарын 21 өдөр Дугаар 183/ШШ2019/00016 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Зийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Зд холбогдох,
гэрлэлт цуцлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.З, хариуцагч С.З, нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2009 онд С.Зтай танилцаж, 2010 оноос хамтран амьдран эхэлсэн. Хамтран амьдрах хугацаанд 2010 оны 10 сарын 06-нд том хүү З.Х, 2015 оны 4 сарын 10-нд гэрлэлтээ батлуулсан. 2016 оны 11 сарын 26-нд бага хүү З.Билгүүн төрсөн. Бид хамтран амьдрах хугацаанд хэрүүл уруул, хардалт сэрдэлт, гэр бүлийн зан харилцааны хувьд тогтворгүй болж, 2016 оны 9 сараас одоог хүртэл тусдаа амьдарч байна. Тиймээс бидний гэрлэлтийг цуцалж, өгнө үү, хүүхдүүдээ ээжид нь үлдээнэ, сар бүр 2 хүүдээ тэтгэмжид 500,000 төгрөг төлнө, эд хөрөнгийн маргаангүй гэв.
Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. 2 хүүгээ өөрийн асрамждаа авч, сар бүр тэтгэлгэд 500,000 төгрөг өгнө гэснийг зөвшөөрнө, эд хөрөнгийн маргаангүй тул гэрлэлт цуцалж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хүсэлт болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.З нь С.Зд холбогдуулан гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, хариуцагч нь хүлээн зөвшөөрч маргахгүй байна.
Гэрлэгчид нь 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болж, 2015 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гэрлэлтээ батлуулж, Иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлснээр хууль ёсны гэр бүл болсон бөгөөд тэдгээрийн дундаас 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүү З.Х, 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүү З.Билгүүн нар төрсөн болох нь гэрлэгчдийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэжээ.
Гэрлэгчдэд эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг хийсэн боловч амжилтгүй болсон, хэн аль нь гэрлэлтийг хэвээр үргэлжлүүлэх хүсэл сонирхолгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Т.З, С.З нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж заажээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг тэжээн тэтгэх тухайгаа тохиролцож болно гэж заасан ба хариуцагч асрамжийн талаар маргаагүй тул хүү З.Х, хүү З.Билгүүн нарыг эхийнх нь асрамжид үлдээж, 2 хүүхдийн тэтгэлэгт сар бүр 500,000 төгрөг төлөхөөр тохиролцсоныг батлах нь зүйтэй гэж үзлээ.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх нь хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх, хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг хөгжүүлэх, хөгжиж, төлөвшихэд дэмжин туслах, наад захын хэрэгцээт зүйлээр хангах үүрэг хүлээх юм.
С.З нь хүүхдүүдийн цаашдын зардал төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр нь саад болохгүйг болон гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдлаа.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Т.Зийг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байхыг С.Зд даалгав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, тэтгэлэг тогтоосонтой холбоотойгоор хариуцагчаас 50,350 төгрөг гаргуулж, орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан З, З нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү З.Х, 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү З.Б нарыг эхийнх нь асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2 хүүхдийн тэтгэлэгт сар бүр 500,000 /таван зуун мянга/ төгрөг төлөхөөр тохиролцсоныг баталж, эцгээр нь тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Т.Зийг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байхыг С.Зд даалгасугай.
5. С.З нь хүүхдүүдийн цаашдын зардал төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр нь саад болохгүйг болон гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаангүй гэснийг тус тус дурдсугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 50,350 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ