Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/279

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022           08            10                                2022/ШЦТ/279

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав,

Улсын яллагч Г.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т,

Шүүгдэгч З.М нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот  танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.М-д холбогдох эрүүгийн 2225000000*** дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, З.М

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.М нь 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 09-нд шилжих шөнө Орхон аймаг  Баян-Өндөр сум  Хүрэнбулаг багийн Баян-Өндөр цогцолбор сургуулийн урд талд иргэн Н.Аыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч З.М мөрдөн шалгах ажиллагаа болно шүүх хуралдаанд: “....Би 2022 оны 06 дугаар сарын 08-наас 09-ний өдөр шилжих шөнө 02 цагийн үед найз болох Өлзийсайхан, Төгөлдөр. Сүлд-Эрдэнэ, Зол-Эрдэнэ нарын хамтаар 1-21 дүгээр байрны урд талын саравчинд пиво уусан. Тухайн үед тэнд бол зодоон болоогүй, харин 4 дүгээр сургуулийн тэнд харих гээд явж байгаад 4-үүлээ Зол-Эрдэнэ байхгүй харьсан байсан бид нар явж байгаад 3 залуутай маргалдсан. Тэгээд хоорондоо зодоон болсон. Би Эрхэмээ гэх залууг нь доороо хийгээд дарсан байсан. Тэгтэл араас миний толгой руу цохих шиг болсон. Эргэж хартал Н.А гэх залуу байсан. Тэгээд би нүүр лүү нь цохисон. Дээр нь сууж байгаад зодсон. Хайрхан гэх дэлгүүрийн тэнд С дээр оччихоод буцаад ирсэн. Тэгтэл Н.А газар атийгаад суусан байсан. /Элгээ тэвэрсэн байдалтай/ тэгээд бид нарын зодоон болон маргаан дуусаад Н.Аыг эмнэлэгт хүргэж өгсөн… Миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 12,000,000 төгрөг өгсөн...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48х/,

 

- Хохирогч Н.А мөрдөн шалгах ажиллагаанд: ...2022 оны 06 дугаар сарын 09-ний шөнө 02 цагийн үед би найз болох Эрхэмбаатар, Т, Цэрэндиваа нарын хамтаар Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4 дүгээр сургуулийн урд байх тоглоомын талбайд 2 том пиво хувааж уугаад сууж байсан. Тэгтэл нэг танихгүй 4 залуу бид нар луу “хөөе” гэж орилж бид нарыг дуудсан. Тэгээд бид нар яваад очтол Мөнхсүлд гэх залуу нь нилээн согтуу манай тайз Төр-Эрдэнийг алгадаад авсан. Тэгээд бид нар хоорондоо маргалдсан. Тэгтэл өндөр нүдний шилтэй залуу нь Эрхэмбаатар гэх манай найзыг доороо унагаагаад авсан. Тэгээд би гүйж очоод тэр залууг нь түлхээд өөрөө тэр залуугийн доор нь ороод унасан. Тэгээд би нэг мэдсэн ухаан алдсан байсан. Тэгээд би хэсэг хугацааны дараа сэрсэн. Манай найзууд намайг аваад эмнэлэг явсан. Тэгээд эмнэлэгт очоод цээжний зураг даруулаад, өвчин намдаах тариа хийлгээд эмнэлгээс гарсан. Тухайн үед тэр залуучууд хамт явж байсан. Тэгээд Сонорхайрханы буудалд очиж хоносон. Миний нэг нүд хөхөрч хавдсан, дух хэсгээр халцарсан, хоёр хавирга хугарсан, нэг талын уушиг унжиж, үхжсэн гэж эмч хэлсэн, хамарны нэг талын мөгөөрс цуурсан. Намайг яг нүдний шилтэй залуу бас нэг найзын хамтаар зодсон гэж манай найз болох Цэрэндиваа нь харсан байсан. Энэ талаар сүүлд надад ярьж байсан. Тухайн үед Цэрэндиваа нь ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл, саруул бид нарыг авахаар ирсэн байсан… Би хэргийн холбогдогч 3.З.Мас эмчилгээний 12,000,000 төгрөгийг бүрэн барагдуулж авсан. Цаашид нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Миний биеийн байдал гайгүй болж байгаа, эмчилгээгээ хийлгэж байгаа. Хэргийг хуулийн дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18, 20х/,

 

        - Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд: ...2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 09-нд шилжих шөнө 02 цагийн үед би манай найз Тулгаа, Төгөлдөр, Өлзий бид 4 тамхи авахаар 4-27 дугаар байр руу явж байсан чинь 4 дүгээр сургуулийн урд талд бас танихгүй 4 залуу байж байсан. Тухайн үед би манай найз Тулгаа, Төгөлдөр, Өлзий бид 4 чанга яриад инээлдээд явж байсан чинь 4 дүгээр сургуулийн урд талд байсан танихгүй 4 залуу бид нар руу яасан гээд орилоод хүрээд ирсэн. Тэгээд урдаас орилоод саагаад байхаар нь Т гэдэг залууг 2 удаа алгадсан. Тэгсэн чинь Тгийн нэг найз над руу дайраад миний баруун нүд рүү маань гараараа нэг удаа цохисон. Тэгээд хоорондоо бид нар харилцан хэрүүл маргаан хийсэн. Тухайн үед хамт явж байсан ч Тулгаагаас зайтай зогсож байсан. Тэгээд харсан чинь Тулгаа Н.Аын дээр нь гараад суучихсан байсан. Би цохиж зодолдож байхыг нь хараагүй ямар ч байсан дээр нь гараад суучихсан байсан... Би Т гэх залууг 2 удаа алгадсан нь үнэн. Алгадсан шалтгаан гэвэл дуудаад орилоод байхаар нь тэр залуучууд дээр очсон. Тэгээд харилцан маргасан. Улмаар би Т гэх залуугийн хацар луу зөөлөн 2 удаа яах гээд байна аа гэсэн хэв маягтай алгадсан. Тэр үед Т гэх хүүхдийн найз нь намайг салгах гэж түлхсэн, би өмнө нь өгсөн мэдүүлэгтээ түлхсэнг нь цохисон гэж буруу хэлсэн байна. Намайг зодсон цохисон зүйл байхгүй. Миний эрүүл мэндэд ямар нэгэн гэмтэл учраагүй тул шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25, 27х/,

       - Гэрч Г.Ц мөрдөн шалгах ажиллагаанд: “…Би 2022 оны 06 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 02 цагийн үед найзууд болох Н.А, Т, Эрхэмбаатар нарын хамтаар Орхон аймаг Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр сургуулийн урд талын сааданд юм яриад сууж байсан. Манай гурван найз пиво ууцгаасан. Харин би пиво уугаагүй, зүгээр л юм яриад сууж байсан. Тэгтэл 4 залуу ирээд хөөе гэж орилох шиг болсон. Тэгээд бид нар хэн бэ? гэж хэлтэл хүрээд ир гээд орилоод байсан. Тэгээд манай гурван найз яваад очсон, би ардаас нь найз нарынхаа хувцас хунарыг аваад очтол манай найз Н.А газарт унчихсан байдалтай дээр нь нэг нүдний шилтэй өндөр залуу гараад суучихсан байсан. Тэр залууг З.М гэж байх шиг байсан. Манай найз Н.Аыг З.М гэх залуу зодсон. Нөгөө залуучууд манай найз нартай хэрүүл маргаан хийгээд байх шиг байсан. Хэрүүл маргаан, зодоон 4-5 минут болсон талаар санаж байна. Би Төр-Эрдэнийн хамтаар зодооныг салгасан. Намайг хэн нэгэн зодоогүй. Би архи дарс уугаагүй учраас бүгдийг санаж байна. Тухайн үед бид нар хоорондоо учир зүгээ олцгоогоод эмнэлэг явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29х/,

 

           Гэрч С.Т мөрдөн шалгах ажиллагаанд:”….:Би 2022 оны 06 дугаар сарын 09-ний шөнө 02 цагийн үед Т, ө, С, Зол гэх эмэгтэй найз нарын хамтаар 1-7 дугаар байрны саравчинд 2 том пиво хувааж уугаад гэр гэр рүүгээ харихаар болоод Зол гэх эмэгтэй найз маань түрүүлээд яваад өгсөн. Тэгээд Т, Ө, С бид дөрөв урт цагаанаар явж байгаад тамхи авах гээд 4 дүгээр сургуулийн урдуур алхаж явсан. Бид нар хоорондоо чанга чанга дуугаар юм яриад явж байтал 4 залуу бид нар дээр гүйгээд ирсэн. Тэгээд нэг нь С рүү "Яасан ах, яасан ах" гээд согтуу дайраад байсан. Тэгсэн С 2 удаа алгадаад авсан. Тэгээд зодоон эхэлсэн. С, Тулгаа 2 дээр 2, 2 залуу ирээд ноцолдоод байсан. Би зодоон хийгээгүй, хараад байж байсан. Тэгээд би Сг салгасан. Тэгээд бөөнөөрөө бужигнаад дуусаны дараа Амараа гэх залуу нь газар хэвтэж байсан. Тэгээд эмнэлэг рүү аваад явсан. Бид нар тухайн үед хоорондоо эвлэрсэн. Амараа гэх залууг манай найз Тулгаа зодсон. Миний харснаар Тулгаа Амараагийн дээр нь гарчихсан байж байсан. Зодоон дууссаны дараа Тулгаа дээгүүрх хувцасаа тайлчихсан байж байсан. Өөр зүйл харж чадаагүй. Би хэн нэгэнтэй зодолдоогүй. Харин намайг нэг нь цохисон. Би тухайн үед уначихсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31х/,

 

         Гэрч С.Т мөрдөн шалгах ажиллагаанд: “…Би 2022 оны 06 дугаар сарын 09-ний шөнө 02 цагийн үед Н.А-тай хамт байсан. Би болон манай найз Цэрэндивээ, Эрхэмбаатар 2 тухайн үед хамт байсан. Бид нар Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4 дүгээр сургуулийн урд байх тоглоомын талбай дээр 2 том пиво хувааж ууж байсан. Тухайн үед Цэрэндиваа нь уугаагүй байсан. Тэгтэл нэг танихгүй 4 залуу хашааны урдуур алхаж байсан. Тэр залуучууд чанга чанга орилоод яваад байсан. Тухайн үед бид нар луу хараад "Хаана байдаг атмаанууд энд суугаад байна аа” гэх мэтээр хэл ам гаргаад байсан. тэгээд удалгүй би тэр хүмүүс рүү "Яасан ахаа” гэж хэлсэн. Тэгтэл тэр залуучууд бид нар луу хүрээд ирсэн. Тэгээд би сайн харахад манай найзын ах болох С гэх нэг залуу над руу ирээд намайг “чи юу юм бэ?” гэх мэтийн утгатай үг хэлээд намайг алгадсан. Тэгээд би "би таныг танина та байж бай” гэхэд намайг ахиад хэд хэдэн удаа алгадсан. Тэгээд манай найз Эрхэмбаатар нь хажуу талаас нөгөө Сг түлхэх шиг болсон. Би яг яасныг нь бол хараагүй, тэгээд тэд нар бид нарыг цохиж зодож эхэлсэн. Хэн нь хэнтэй зодолдоод байгаа нь харагдаагүй, миний анзаарснаар манай найз Амгаланг С гэх залуу унасан байхад нь толгой руу юмуу эсвэл бие рүү нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Бас дээгүүрээ нүцгэлсэн нэг нүдний шилтэй залуу над руу ирээд "Би чамтай зодолдохгүй ээ” гэсэн. Тэгэхээр нь би “Би ч гэсэн чамтай зодолдохгүй найзыгаа ав” гэж хариу хэлсэн. Тэгээд бид нар салсан. Тухайн үед Н.А хэвтээд босож чадахгуй "Би амьсгалж чадахгүй байна” гээд орилоод байсан. Тэгээд С гэх залуу “Хүн ингэж баашилдаг та нар байж бай” гээд байсан. тэгээд удалгүй таксинд суугаад эмнэлэг явсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35х/,

 

          - Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 22-ний өдрийн 494 дугаартай дүгнэлтэд: “...1. Н.Аын биед хавсарсан гэмтэл, гавал тархины битүү гэмтэл, дух ясны шугаман хугарал, баруун хацар ясны хугарал, зүүн 6-7-р хавирганы суганы дунд шугамаар далд зөрөөтэй хугарал, зүүн уушигны уналт, цээжний зүүн хөндийд хий хуралдалт, нүүр, цээж, зүүн гарт зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байж болно.

4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.

5. Дух ясны хугарал, цээжний зүүн хөндийд хий хуралдалт, зүүн уушигны уналт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.12 -д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана, хацар ясны хугарал, хоёр хавирганы хугарал нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

6. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүйгэсэн дүгнэлт /хх-ийн 41, 43х/,

 

- Шүүгдэгч З.Мөнхтулгын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, мөрдөн шөлгөх ажиллагааны үед хийсэн тодорхойлолт /хх-ийн 59, 61, 58х/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх нотлох баримтуудаар З.М нь Н.Атай маргалдаж улмаар Н.Аын биед хавсарсан гэмтэл, гавал тархины битүү гэмтэл, дух ясны шугаман хугарал, баруун хацар ясны хугарал, зүүн 6-7-р хавирганы суганы дунд шугамаар далд зөрөөтэй хугарал, зүүн уушигны уналт, цээжний зүүн хөндийд хий хуралдалт, нүүр, цээж, зүүн гарт зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл үүсгэсэн үйл баримт болсон байна.

 

Прокуророос шүүгдэгч З.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ял оногдуулах саналтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч З.М нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Аын ...2022 оны 06 дугаар сарын 09-ний шөнө 02 цагийн үед би найз болох Э, Ц, Т нарын хамтаар Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4 дүгээр сургуулийн урд байх тоглоомын талбайд 2 том пиво хувааж уугаад сууж байсан. Тэгтэл нэг танихгүй 4 залуу бид нар луу “хөөе” гэж орилж бид нарыг дуудсан. Тэгээд бид нар яваад очтол Мөнхсүлд гэх залуу нь нилээн согтуу манай тайз Төр-Эрдэнийг алгадаад авсан. Тэгээд бид нар хоорондоо маргалдсан. Тэгтэл өндөр нүдний шилтэй залуу нь Эрхэмбаатар гэх манай найзыг доороо унагаагаад авсан. Тэгээд би гүйж очоод тэр залууг нь түлхээд өөрөө тэр залуугийн доор нь ороод унасан. Тэгээд би нэг мэдсэн ухаан алдсан байсан. Тэгээд би хэсэг хугацааны дараа сэрсэн... Миний нэг нүд хөхөрч хавдсан, дух хэсгээр халцарсан, хоёр хавирга хугарсан, нэг талын уушиг унжиж, үхжсэн гэж эмч хэлсэн, хамарны нэг талын мөгөөрс цуурсан...” гэсэн, гэрч Б.С-ий “...Тэгээд харсан чинь Тулгаа Н.Аын дээр нь гараад суучихсан байсан. Би цохиж зодолдож байхыг нь хараагүй ямар ч байсан дээр нь гараад суучихсан байсан...” гэсэн, гэрч Г.Ц-ийн “...би ардаас нь найз нарынхаа хувцас хунарыг аваад очтол манай найз Н.А газарт унчихсан байдалтай дээр нь нэг нүдний шилтэй өндөр залуу гараад суучихсан байсан. Тэр залууг З.М гэж байх шиг байсан. Манай найз Н.Аыг З.М гэх залуу зодсон. Нөгөө залуучууд манай найз нартай хэрүүл маргаан хийгээд байх шиг байсан. Хэрүүл маргаан, зодоон 4-5 минут болсон талаар санаж байна. Би Төр-Эрдэнийн хамтаар зодооныг салгасан. Намайг хэн нэгэн зодоогүй. Би архи дарс уугаагүй учраас бүгдийг санаж байна...” гэсэн, гэрч С.Т-ийн “...Амараа гэх залууг манай найз Тулгаа зодсон. Миний харснаар Тулгаа Амараагийн дээр нь гарчихсан байж байсан. Зодоон дууссаны дараа Тулгаа дээгүүрх хувцасаа тайлчихсан байж байсан...” гэсэн мэдүүлгүүд, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 22-ний өдрийн 494 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч З.М гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгч З.Мд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч З.Мөнхтулгын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч З.М-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хавтаст хэрэгт хохирлын талаар нотлох баримт авагдаагүй боловч шүүгдэгч З.М нь хохирогч Н.Ат 12,000,000 төгрөг өгсөн, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч З.М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

 Шүүгдэгч З.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мөнхтулгыг арван мянга нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10,100,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийн ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэсэн болно.

 

Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч “...улсын яллагчтай тохирсон ялыг оногдуулж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч З.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч З.М үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван мянга нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10,100,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч З.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч З.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Зоригийн Мөнхтулгыг арван мянга нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,100,000 /арван сая нэг зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мд оногдуулсан 10,100,000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

          

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч З.М нь 10,100,000 /арван сая нэг зуун мянга/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч З.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.НАРМАНДАХ