Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 00022

 

                                                  

                                       

 

 

 

                                            

 

 

2018 оны 12 сарын 24 өдөр                   Дугаар 183/ШШ2019/00022                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ХХҮЕГ-т холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин, олговорт 28.916.861 /хорин найман сая есөн зуун арван зургаан мянга найман зуун жаран нэг/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03-р сарын 13-ны өдрийн 128/ШШ2017/0175 тоот шийдвэрээр намайг ажлаас чөлөөлсөн Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 сарын 19-ний өдрийн Б/81 тоот тушаалыг хүчингүй болгож, эрхэлж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг /олгосон тэтгэмжийн зөрүүгээр/ хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргад даалган шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхийн 2017 оны 9 сарын 18-ны өдрийн 291 тоот тогтоолоор өмнө эрхэлж байсан ажил албан тушаалтай нь дүйцэхүйц ажил албан тушаалд гэснийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийu хэвээр үлдээн шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч байгууллага намайг одоо хүртэл ажилд эргүүлэн тогтоох шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, Захиргааны хэргийн анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч биелүүлэхгүй байгаа тул ажлаас халагдснаас хойш өнөөдрийг хүртэл хугацааны цалин хөлсөө гаргуулахаар шаардлага гаргаж, өмнө гаргасан шаардлагаа өөрчлөн, нэмэгдүүлж байна. 2016 оны 9 сарын 19-ний өдрөөс 2017 оны 3 сарын 13-ны өдөр буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 7.510.482 төгрөг, 2017 оны 3 сарын 13-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 25.809.831 төгрөг авахаар тооцогдож байна. Миний дундаж цалин хөлсийг НХХ-ийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тооцох журмын дагуу бодоход 1.341.155 төгрөг болж байгаа бөгөөд 1 өдрийн цалин 59.607 төгрөг болно. 2016 оны 9 сарын 19-ний өдрөөс 2017 оны 3 сарын 13-ны өдөр хүртэл ажилгүй байсан хоног 126, 2017 оны 3 сарын 13-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 04-нийг хүртэл ажилгүй байсан хоног 433 болж байгаа бөгөөд нийт ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 33.320.031 төгрөг байхааса ажлаас халагдсаны тэтгэмжид авсан 4.403.170 төгрөг хасагдаж, 28.916.861 төгрөг болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалин, олговорт 28.916.861 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24.1.4, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 29.3, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны А/129 дүгээр тушаалын 2 дугаар хавсралт “Дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дүрэм”-ын 3.1-д заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд томилох хууль, журамтай. Д.Бгийн нэхэмжлэлтэй манай газарт холбогдох хэргийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 сарын 13-ны өдрийн 128/ШШ2017/0175 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 сарын 18-ны өдрийн 357 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 9 сарын 18-ны өдрийн 291 дугаар тогтоолууд одоо хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд шүүхийн эцсийн шийдвэрт Д.Бг томилох эрх бүхий этгээд нь Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т заасны дагуу сонгон шалгаруулж авах эрхтэй байхаар зааж анхан шатны шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсэн. Дээрхи шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээр НШШГ-аас 2018 оны 02 сарын 20-ны өдөр албан мэдэгдэл манайд ирүүлсний дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга, төрийн албаны салбар зөвлөлийн дарга Г.Өнөрбаярт 2018 оны 3 сарын 19-ний өдөр 1/268 албан тоот хүргүүлж Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад томилогдох удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтыг УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 17 дугаар зүйлийг үндэслэн нийтэд зарлан зохион байгуулж өгөхийг хүссэн. Иймд манай газар төрийн хууль тогтоомж, шүүхийн шийдвэрийг хуулийн дагуу биелүүлж ажилласан бөгөөд шүүхийн шийдвэрт томилох эрх бүхий этгээдэд сонгон шалгаруулж ажилд томилох эрхийг олгосон тул нэхэмжлэгчийн ажилд томилоогүй, шүүхийн шийдвэр биелүүлээгүй гэх шаардлага үндэслэлгүй байна. Ажилгүй байсан хугацааны цалин олговрыг тухайн үед олгосон тэтгэмжийн зөрүүгээр гэж шийдвэрт заасны дагуу 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмж, шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны олговорт зөрүү гараагүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Д.Б нь Хт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин, олговорт 28.916.861 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ шийдвэрийн дагуу урьд эрхэлж байсан ажилд аваагүй тул ажилгүй хугацааны цалин олговрыг гаргуулна гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ шүүхийн шийдвэрийг хуулийн дагуу биелүүлж, сонгон шалгаруулалтыг нийтэд зарлан зохион байгуулахыг албан тоотоор хүргүүлсэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд томилох эрхтэй, ажилд томилоогүй, шийдвэр биелүүлээгүй гэх шаардлага үндэслэлгүй, ажилгүй байсан хугацааны цалин тухайн үед олгосон тэтгэмжид зөрүү гараагүй  гэж маргалаа.

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны 291 тоот тогтоол гарснаар Д.Бг Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2017/0175 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч нь эгүүлэн авах үүрэгтэй” гэж заасан байна.

 

Ажил олгогч нь хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх, цалин хөлсөө авах эрх нь зөрчигдсөн байх бөгөөд зохигч энэ талаар маргахгүй тул нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин, олговроо хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно” гэжээ.

 

Иймд 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны олговрыг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тооцох журмын дагуу нэхэмжлэгчийн 2016 оны 7-9 дүгээрд сард олгогдсон цалин олговрын дунджийг /1,005,392+1,085,892+1,932,181/ тооцоход 1,341,155 төгрөг болох тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан 21 сарын хугацааны цалин, олговорт 28,164,255 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2017/0175 дугаар шийдвэрээр Д.Баасүрэнгийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг /олгосон тэтгэмжийн зөрүүгээр/ хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байхад нэхэмжлэгч нь шийдвэрлэгдсэн асуудлаар дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болголоо.

 

Хариуцагчийн татгалзалын үндэслэлийг шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэхгүй бөгөөд түүнчлэн баримтаар нотлогдохгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр шимтгэл төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийх үүрэгтэйг дурдав. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 302,534 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 298,771 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажилгүй байсан 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин олговорт 28,164,255 /хорин найман сая нэг зуун жаран дөрвөн мянга хоёр зуун тавин тав/ төгрөгийг Х-с гаргуулж, Б-д  олгож, шаардлагаас үлдэх 752,606 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийх үүрэгтэйг дурдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 302,534 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 298,771 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

   4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.   

  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ