Шүүх | Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батжаргалын Нармандах |
Хэргийн индекс | 171/2022/0239/Э |
Дугаар | 2022/ШЦТ/268 |
Огноо | 2022-08-01 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/268
2022 08 01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав,
улсын яллагч Т.Дэлгэрмэнд,
шүүгдэгч М.Т нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Төд холбогдох эрүүгийн 2225003370*** дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, М.Т
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Т нь 2022 оны 05 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багт үйл ажиллагаа явуулдаг “Шугар” баарны гадна талд Н.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч М.Т мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд: “...2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 20 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 4-23 дугаар байрны ар талын сааданд танил А.Э түүний хуурай дүү Н.Б нарын хамтаар 3 том пиво уусан. Тэндээсээ салаад би Зэст багийн Шугар бааранд орохоор болоод буцаад А.Эыг дуудсан чинь Н.Бийн хамтаар хүрээд ирсэн. Бид гурав хамт Шугар бааранд ороод 5 ширхэг лаазтай пиво, 1 шил вино захиалан уусан. Баарнаас гараад гадаа үүдэн дээр нь Н.Б над руу дайраад байхаар нь гараараа нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон. Тэр үед Н.Бийг газарт унахаар нь нэг удаа хацар руу нь өшиглөсөн. Тэгээд А.Э бид хоёр салгасан. Би Н.Бэд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 500,000 төгрөг төлсөн...” гэсэн мэдүүлэг,
- Хохирогч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “... 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 18 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах Систем нэртэй тоглоомын газарт тоглохоор ороход хуурай ах А.Э гадаа нь нэг найзтайгаа сууж байсан. Тэр хоёр цүнхэндээ пиво хийчихсэн уугаад байх шиг байсан. Тухайн найзыг нь М.Т гэж байх шиг байсан. Намайг тоглож байхад А.Э ах орж ирээд надтай хамт тоглож байгаад тоглоомын цаг дуусаад гартал үүдэн дээр М.Т хүрээд ирсэн. А.Э ах М.Т гэх найзтайгаа гадаа 2 том пиво уусан. Тэндээсээ 21 цагийн үед А.Э ах бид хоёр салаад А.Э ахын гэр рүү явж байтал найз нь залгаад хүрээд ир гээд байх шиг байсан. А.Э ах надад хандаж хоёулаа манай найз дээр оччихоод ирье гээд Зэст багт байрлах Шугар бааранд очсон. Бааранд М.Т нь нэг шил вино, 3 лаазтай пиво тавьчихсан сууж байсан. А.Э ах бид хоёрт вино хийж өгөхөөр нь би уугаагүй. Харин 1 лааз пивыг нь уусан. М.Т нилээд согтсон бааранд бүжиглээд байсан. А.Э ах бид хоёр тамхи татчихаад орж ирэхэд М.Т ширээн дээр ирээд ширээн дээр байсан зүйлсийг унагаахаар нь ах яагаад юмнуудаа хагалаад байгаа юм, гэж хэлээд нүүр рүү нь 3 удаа алгадсан. Тэгээд бид гурав баарнаас гарсан. Баарны гадна хаалганы зүүн талд М.Т нүүр лүү нэг удаа өшиглөсөн. Тухайн үед миний хамарнаас цус ихээр гараад нүүрээ дараад доош суухад дахин толгойн ар хэсэг, хажуу тал руу гараараа нилээн хэдэн удаа цохисон. М.Төөс арай гэж салаад явлаа гэж хэлтэл хувцаснаас зуураад явуулахгүй, чирээд байсан. Тэр үед нэг танихгүй залуу ирээд салгасан. Би ганцаараа яваад цагдаагийн газарт ирж гомдол гаргасан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11х/,
- Гэрч А.Э мөрдөн шалгах ажиллагаанд: “...Намайг тоглож байхад М.Т ирээд бид хоёр том савтай пиво, нэг шил архи хувааж уугаад сууж байхад Н.Б ирээд бид гурав цуг пиво уусан. Тэгээд М.Төөс салаад Н.Б бид хоёр харих гээд манайх руу явж байхад М.Т залгаад Зэст баг Шугар бааранд хүрээд ирээч гэхээр нь бид хоёр гараад яваад очсон. Бид хоёрыг очиход М.Т гурван ширхэг лаазтай пиво, нэг шил вино ширээн дээр тавьчихсан сууж байсан. Бид хоёр уугаад бүжиглээд сууж байгаад нэг мэдэхэд тэр хоёр маргалдаад гадаа гарах болсон. Гадаа гараад зогсож байхад М.Т Н.Бийн нүүр хэсэгт нь цохиод авах шиг болсон. Тэгээд би дундуур нь ороод салгаад хоёр тийш нь болгоод явуулсан. Гэхдээ би тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэчихсэн байсан болохоор сайн санахгүй байна. Миний мэдэхээр тэр хоёр сүртэй зодолдоогүй. Хоорондоо маргалдаад байхаар нь салгаж явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7х/,
- Шинжээч эмч Ж.Гэрэлмаа мөрдөн шалгах ажиллагаанд: “... Н.Бийн биед 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр үзлэг хийж 446 тоот дүгнэлтийг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гаргасан. Үзлэгээр Н.Бийн биед хамрын нуруунд эмзэглэл ихтэй, хавдартай, ногоон туяатай, дээд уруул дээр 2х0,5 см, зүүн чихний ард 1х1 см зөөлөн эдийн цус хуралттай, зүүн эгэм дээр 3х0,6 см хүзүүний зүүн хажууд 1,5х1,5 см зулгарсан байсан. Үзлэгээр тогтоогдсон дээрх хамрын нурууны хавдар, цус хуралт, эмзэглэл ихтэй байгаа зэрэг нь шинэ гэмтэл болохыг харуулж байгаа юм. Хамрын нуруу хэсэгт мохоо зүйлээр үйлчилсний улмаас цус хурж, эмзэглэл үүссэн байна. Хэрэв хуучин хугаралтай байсан бол ингэж хавдаж, цус хурж, эмзэглэл үүсэхгүй. Би эмнэлгийн бичиг баримтыг нь үзсэн. Н.Бийн амбулаторийн картад 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Эрхэст Оргил эмнэлгийн чих хамар хоолойн эмчийн үзлэгт хамрын ясны шинэ хугарал, таславчийн муруйлт гэж оношлогдсон байгаа. Гэмтэл нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр үүссэн байж болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20х/,
- Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 446 дугаартай дүгнэлтэд: “...1 Н.Бийн биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруу, дээд уруул дээр, цээж, хүзүүнд зөөлөн эдэд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.
4. Гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд нэг зэрэг үүссэн байж болно.
5. Хамрын ясны хугарал, таславчийн муруйлт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.
6. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 14-15х/,
- М.Төд мөрдөн шалгах ажиллагааны үед хийсэн тодорхойлолт /хх-ийн 35х/,
- М.Тийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36, 43х/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Дээрх нотлох баримтуудаар 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Шугар нэртэй баарны гадна М.Т нь Н.Буяннэхийн нүүрэн тус газарт нь өшиглөж, Н.Бийн биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруу, дээд уруул дээр, цээж, хүзүүнд зөөлөн эдэд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.
Прокуророос шүүгдэгч М.Төд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох саналтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Бийн мэдүүлэг, гэрч А.Эын мэдүүлэг, шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 446 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч М.Тийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгч М.Төд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч М.Тийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч М.Тийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хавтаст хэрэгт хохирлын талаар нотлох баримт авагдаагүй боловч шүүгдэгч М.Т нь хохирогч Н.Бийн хохиролд 500,000 төгрөг төлсөн мөн хохирогч Н.Б нь “...М.Төөс 500,000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн. Энэхүү хохирлыг М.Т нь төлж барагдуулсан. Түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч М.Төд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Улсын яллагчаас “...500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэсэн болно.
Шүүгдэгч М.Төд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан хохирол төлбөр төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч М.Тийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Төд оногдуулсан 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч М.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Төд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ