Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/276

 

 

2022         08           09                                      2022/ШЦТ/276

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Б

Улсын яллагч Г.А,

Шүүгдэгч Б.И нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Иөд холбогдох эрүүгийн 2225000000*** дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.И

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.И нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ЦАХ маркет” худалдааны төвийн лангуун дээрээс Р.Тын өмчлөлийн Самсунг А31 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 390,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.Иийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “...Би гэрээсээ 09 цаг өнгөрч байхад гараад Хүлэг зах орчихоод Цах царкет орсон юм. Тэгээд лангуун дээрээс хөх өнгийн Самсунгийн гар утсыг хулгайлаад Теди төвийн 2 давхарт 50,000 төгрөгөөр зарсан... Би мөнгө олох гэж тухайн гар утсыг авсан. Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би болсон хэргийн талаар өмнө мэдүүлэг өгсөн. Би учруулсан хохирлоо барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...гэсэн мэдүүлэг,

 

          - Хохирогч Р.Т мөрдөн шалгах ажиллагаанд: “... Би Цах маркетад лангуун дээр суудаг юм. Тухай өдөр өөрийн эзэмшлийн Самсунг А31 загварын гар утсаа лангууныхаа буланд цэнэглээд тавьчихсан байсан тэгээд 20-30 минутын дараа гар утасаа авах гэтэл миний утас алга болсон байсан… гэсэн мэдүүлэг /хх-ийн 8, 9х/,

 

- Гэрч Ц.Э  мөрдөн шалгах ажиллагаанд: .... 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 10 цаг 25 минутад цагдаагийн байгууллагад иргэн Р.Таас гаргасан Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ЦАХ маркетаас өөрийн эзэмшлийн гар утсаа алдлаа гэх гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээллийг авч шалгахад Р.Т нь худалдаа наймаа эрхэлдэг лангуу дээрээ цэнэглээд тавьсан байсан самсунг А-31 загварын гар утсаа алдсан байсан. Тухайн үед хойшлуулашгуй ажиллагаа явуулж хяналтын камерын бичлэгийг үзэж шалгахад дээгүүрээ цэнхэр өнгийн куртик, шар ногоон өнгийн өмд өмссөн согтуу гэмээр байдалтай хүн тухайн лангуун дээр цэнэглээд тавьсан байсан гар утсыг аваад гарсан бичлэг байсан. Бичлэг дээр байсан хүнийг шуурхай олохын тулд ЦАХ маркетаас гараад шууд Согоот багийн нутаг дэвсгэрт байх Теди төв ороод хайгаад байхгүй болохоор нь Хүлэг захын ар хэсгээр хайж байгаад олж авсан. Тухайн гар утсыг хулгайлсан этгээд нь Хүлэг захаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг архины хамааралтай Базаргүрийн Б.И байсан. Түүнийг дагуулаад Тэди төв ороод зарсан гэх хүнийг нь асуухад тухайн хүнээ танихгүй гэх мэтээр ярьж байсан. Б.Иийг аваад цагдаагийн байгууллага дээр ирэхэд согтолтын хэмжээ их байсан болохоор явуулсан… Эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан боловч Б.И хэнд зарснаа мэдэхгүй мөн зарсан гэх хүн нь хэлэхдээ би наад хүнээс чинь утас аваагүй гэж ярьсан болохоор гар утсыг олж чадаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16х/,

 

- Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ТХҮ-622/3882 дугаартай шинжээчийн ...Самсунг а31 гар утасны одоогийн зах зээлийн үнэ цэнийг 390,000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо... гэсэн дүгнэлт /хх-ийн 21-24х/,

 

- Шүүгдэгч Б.Иөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хийсэн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36, 37, 49х/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

    

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Иийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.И нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Цах маркетын лангуун дээрээс цэнэглэж байсан Р.Тын А-31 загварын гар утсыг авч явсан үйл баримт болсон байна.

 

Гэм буруугийн талаар:

       Шүүгдэгч Б.И нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Р.Тын “...Би Цах маркетад лангуун дээр суудаг юм. Тухай өдөр өөрийн эзэмшлийн Самсунг А31 загварын гар утсаа лангууныхаа буланд цэнэглээд тавьчихсан байсан тэгээд 20-30 минутын дараа гар утасаа авах гэтэл миний утас алга болсон байсан...” гэсэн, гэрч Ц.Эгийн ...Тухайн үед хойшлуулашгүй ажиллагаа явуулж хяналтын камерын бичлэгийг үзэж шалгахад дээгүүрээ цэнхэр өнгийн куртик, шар ногоон өнгийн өмд өмссөн согтуу гэмээр байдалтай хүн тухайн лангуун дээр цэнэглээд тавьсан байсан гар утсыг аваад гарсан бичлэг байсан. Бичлэг дээр байсан хүнийг шуурхай олохын тулд ЦАХ маркетаас гараад шууд Согоот багийн нутаг дэвсгэрт байх Теди төв ороод хайгаад байхгүй болохоор нь Хүлэг захын ар хэсгээр хайж байгаад олж авсан. Тухайн гар утсыг хулгайлсан этгээд нь Хүлэг захаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг архины хамааралтай Базаргүрийн Б.И байсан... гэсэн мэдүүлгүүд, “Ашид Билгүүн” ХХК-ын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ТХҮ-622/3882 дугаартай дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Иийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Б.Иийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохиролын талаар:

            “Ашид Билгүүн” ХХК-ын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ТХҮ-622/3882 дугаартай дүгнэлтээр хохирогчид 390,000 төгрөгний хохирол учирсан. Хохирогч Р.Тд үнэлгээгээр тогтоосон мөнгийг шүүгдэгч өгсөн ба хохирогч “...гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

 Шүүгдэгч Б.Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Улсын яллагчаас “... Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Иийг хоёр зуун тавин зургаан цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэх саналтай...” гэсэн болно.

 

Шүүгдэгч Б.Иөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Б.Иийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун тавин зургаан цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.И нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Б.Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Базаргүрийн Б.Иийг хоёр зуун тавин зургаан цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И нь хоёр зуун тавин зургаан цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

4. Шүүгдэгч Б.И нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Иөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.НАРМАНДАХ