Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/273

 

 

 

 

 

 

 

 

 

    2022         08           08                                   2022/ШЦТ/273

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

 

Нарийн бичгийн даргаТ.Буджав,

Улсын яллагч Г.Анх-Ирээдүй,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Г,

Шүүгдэгч М.У нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өрлүүд овогт Мартын М.Ут холбогдох эрүүгийн 222500000*** дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, М.У

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.У нь Н.Мягмартай бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн Сэлбэ **-** тоотод оршин суух иргэн Бямбаагийн байшингийн цонхны төмөр хамгаалалтыг эвдэн орж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч М.У мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд: ...Би 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн орой харанхуй болж байхад Их залуу самбарын ойролцоо Булган аймгаас ирсэн таксинаас буусан. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн явж байсан. Гэр рүүгээ өгсөж байсан шиг санагдаж байна. Миний амьдарч байгаа гэр Яргуйт баг Овоот хэсэгт байрладаг юм. Тэгээд явж байхдаа Н.М /Болдоо гэж дууддаг гэх/-тай хаана таарснаа мэдэхгүй байгаа бөгөөд бид хоёр Эрдэнэ багт байрлах айлын байшингийн цонхоор ороод хулгай хийж байгаад баригдсан. Би баруун талын хөлд өмссөн түрийтэй гутлынхаа түрийний хэсэгт тухайн айлаас авсан зурагтын удирдлага, үнэртэй ус шиг шингэн зүйлийг хийгээд гарч байгаад баригдсан. 2018 онд санагдаж байна би мотоциклтой явж байгаад машин урдуур ороод машин мөргөөд журмын хашаанд мотоцикпоо хийлгэчихээд унаа олдохгүй байж байтал Н.М /Болдоо гэж дууддаг гэх/ намайг өөрийнхөө мотоциклоор танил техникийн захын ойролцоох журмын хашаанд хүргэж өгч бид хоёр танилцаж байсан юм. Тэгээд тэр цагаас хойш Мягмар Увс аймагт байж байгаад 2021 оны намар Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн нутаг дэвсгэрт нүүж ирсэн цагаас нь хойш гэрээр нь хааяа орж гардаг болсон. Н.М бид хоёр хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан болохоор тухайн айл руу хулгай хийх зорилгоор орсон. Яг хэн нэгэн нь тухайн айлаас хулгай хийе гэсэн санааг гаргаагүй, хоёулаа тухайн айл руу орж хулгай хийх гэж байсан юм. Тухайн айлын цонхны хаалт төмрийг авч цонхоор нь орсон. Надад байсан ажлын бээлийг гартаа өмсөж, дээгүүрээ цайвар өнгийн судалтай хөх өнгийн малгайтай цамц ногоон өнгийн хавар намрын куртик хөх өнгийн жинсэн өмд, 39 размерын түрийтэй гутал өмсөж тухайн айл руу орсон. Би хэргээ хүлээн зөвшөөрч байна. Урьд өмнө нь би мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж 3 жил 6 cap хорих ял авч байсан...цагдаа намайг гавласан бөгөөд миний биеийн нэгжиж гутлын түрийнээс үнэртэй ус, зурагтын удирдлага, куртикны халааднаас жижиг духны гэрэл гаргаж ирсэн. Би тухайн үед гартаа ажлын цагаан хос бээлийтэй байсан... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлэг,

 

- Хохирогч П.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 03 дугаар сарын 11-ний орой 19 цагийн үед би гэр хорооллын гэртээ байж байгаад Зэст багийн 1-14 дүгээр байрны 31 тоотод байх гэртээ ирсэн юм. Миний хувьд байр болон гэр хорооллын байшин хоёрынхоо дунд ирэн очин амьдардаг юм. Тэгтэл 2022 оны 03 дугаар сарын 13-ны өглөө гэрт хүү Чинзориг ирээд “манай хорооллын байшинд хулгай орсон байна, хажуу хөрш айлын хүн мэдэж цагдаад мэдэгдээд, цагдаагаас надад хэллээ” гэж хэлсэн. Тэгээд би эхнэр, хүүгийн хамт гэр хорооллын байшин дээрээ очсон юм. Тэгэхэд байшингийн маань зүүн талын цонхны төмөр хаалтыг эвдээд аваад хаячихсан, салхивч нь онгорхой байсан. Тэгээд гэр дотроо орж үзэхэд хөргөгч онгойлгоод доод талын татуургуудыг нь гаргачихсан, мөн мах гаргаад торонд хийгээд тавьчихсан байсан. Мөн жижиг өрөөнд байсан цоожтой төмөр сейфны цоожийг эвдчихсэн, дотор нь байсан мөнгөн бүс, хуучны зоос, мөнгөн тэмдэгтүүдийг гаргаад уутанд хийчихсэн байсан. Мөн түрийвч, цүнх зэргийг онгойлгоод доторх юмыг нь үзсэн байсан. Мөн жижиг өрөөнд байсан шкафаас хувцаснуудыг гаргачихсан, чемодан дотроос бас хувцаснууд гаргачихсан байсан. Тэгээд дээл, гутал, зарим гайгүй хувцаснуудыг торонд хийгээд тавьчихсан байсан. Мөн манай 50 инчийн Хайсинс нэртэй зурагтыг тавиур дээрээс нь буулгаад хажууд нь бүтээлэг тавьчихсан байсан. Тэгээд л хамаг юмыг ундуй сундуй болгочихсон, жижиг аяны ширээ, плитка зэргийг авч явахад бэлдчихсэн байсан. Мөн байшингийн үүдэнд дэвсдэг хивсийг хумхиад тавьчихсан, бас зурагтын цаасан хайрцгийг дөхүүлээд тавьчихсан байсан юм. Манай 2 давхар руу гарсан бололтой хаалга нь онгойчихсон байсан. Бусдаар гайгүй байсан. Манайхаас Жилайт гэх нэртэй сахлын үнэртэй ус, Хайсинс нэртэй зурагтын удирдлага алга болсон байна. Ер нь юмнуудыг маань авч авах гээд бэлдчихсэн байсан. Манайх нохойтой бөгөөд нохой маань байнгын сул байдаг, хүн рүү дайраад байдаггүй, одоо гөлөглөчихсөн байгаа юм. Харин сайн хуцдаг юм. Надад харуулсан эд зүйлсээс Monel гэсэн бичигтэй хар өнгийн гар чийдэн, Gillette гэсэн бичигтэй сахлын ус, Hisense гэсэн зурагтын удирдлага зэрэг нь манайх мөн байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16х/,

 

- Гэрч И.Хүрэлмөнх мөрдөн шалгах ажиллагаанд: “...2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнийн 01 цаг 40 минутын үед манай зүүн талын айлын нохой хуцаад байсан юм. Хашаа нь том хашаа бөгөөд Бямбаагийнх л байдаг юм. Би босоод башингынхаа 2 давхрын цонхоор хартал тус хашаан дотор нэг хүн гэрэлгүй явж байсан бөгөөд харин байшин дотор нэг хүн байгаа бололтой байшин дотор гэрэл тусаж байсан. Тэгээд би тус айлын хүн Бямбаагийн 99369366 дугаар руу залгатал холбогдохгүй байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө дугаараас цагдаагийн 7035102 дугаар руу залгаж дуудлага өгсөн юм. Би 2022 оны 03 дугаар сарын 13-ны 01 цаг 44 минутад залгаж дуудлага өгсөн. Урд нь Бямбаагийнд хулгай орж байсан юм. Удалгүй цагдаагаас над руу залгаж хаяг асуусан бөгөөд би зааж өгсөн. Ингээд цагдаа нар ирсэн. Миний хувьд Бямбаагийн хашаан дээр очоогүй гэрээсээ л харж байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20х/,

 

- Гэрч Б.Ч мөрдөн шалгах ажиллагаанд: ... 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн үүрийн 03 цагийн үед над руу цагдаагаас залгаж танай аавын гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд би Эрдэнэ багт байх аавын хашаа байшин дээр очиж байшингийн зүүн талын цонхны төмөр хамгаалалт нь газар уначихсан цонхын салхивч нь онгорхой байсан. Тэгээд гадаа хаалганы үүдэнд дэвсдэг хивсийг хуулиад амбаарын хажууд хураасан байсан. Зурагтын цаасан хайрцгыг цонхны доор аваачиж тавьсан байсан. Би байшингийн хаалгыг түлхүүрээр онгойлгоод дотогш ортол хамаг эд хогшилыг ундуй сундуй болгочихсон, онгиччихсон байсан. Тухайлбал Hisense брэндийн 50 инчийн зурагтыг байрнаас нь хөдөлгөөд газар тавьчихсан мөн залгуурыг нь ороочихсон хажууд нь буйдангийн бүтээлэг байсан. Мөн 120х60 см хэмжээтэй аяганы ширээг маань гаргаад тавьчихсан, цахилгаан индүкцэн плитка гаргачихсан, хөргөгчнөөс загасны 5 кг мах, хонины цул 3 кг мах, үхрийн ястай 4 кг мах, 200 грамм борцыг гялгар торонд хийгээд тавьчихсан мөн ээжийн мөнгөн тоногтой суран бүс, хуучны мөнгөн зоос барагцаагаар 200 гаруй ширхгийг нэг уутанд хийгээд тавьсан байсан. Мөн аавын 2 дээлийг шкабаас гаргаад уутанд хийчихсэн, ээжийн хагас түрийтэй элгэн гутлыг уутанд хийсэн байсан. Ер нь дээрх зүйлсийг авч явах гээд уутанд хийгээд бэлдсэн байсан. Бас Сейфны далд цоожийг эвдээд доорх зүйлийг нь гаргасан байсан. 107х10 см хэмжээтэй цонхны хүрээ модыг эвдсэн байсан. 40х150 хэмжээтэй ялааны торыг эвдсэн байсан. Тэгээд би аавын гэрт очиж юу болсон талаар хэлсэн бөгөөд өглөө нь аав ээжийн хамт дахин байшин дээр очсон. Тухайн үед цагдаа нар хулгай хийсэн хоёр хүнийг барьсан гэж ярьж байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 24х/,

 

Гэрч Э.Бм мөрдөн шалгах ажиллагаанд: ... Би 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө 01 цагийн үед найз Батзоригтой уулзаад байтал дуудлага ирлээ гэж хэлсэн. Манай найз Батзориг нь цагдаагийн газарт эрүүгийн мөрдөгчөөр ажилладаг. Батзоригийн машинтай Минжинсор, Бямбадорж, Бат-Эрдэнэ нарын хамт цуг суугаад явсан. Тэгээд цагдаагийн Старекс маркийн машины араас Батзориг дагаж Эрдэнэ багийн Сэлбийн нэг гудманд очоод зогссон. Батзориг машинаас буухдаа энд хулгай орсон гэсэн дуудлагын дагуу ирлээ, хүн зугтааж магадгүй, харж байгаарай гэж хэлээд Бямбадорж Бат-Эрдэнэ нарийн хамт буугаад хашаа руу орсон. Удалгүй 30-40 насны 2 эрэгтэй хүнийг Старекс машин руу суулгаж цагдаа руу авч явсан. Тухайн үед тэр хоёр хүнийг барьлаа гэж хэлж байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 26х/,

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-6х/,

 

- Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 8-11х/,

 

- Орхон аймгийн “Тольдох Оюуны Өгөөж” ХХК үнэлгээний газрын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2200091 дугаартай үнэлгээ /хх-ийн 40-44х/,

 

Орхон аймгийн “Тольдох Оюуны Өгөөж” ХХК үнэлгээний газрын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2200096 дугаартай үнэлгээ /хх-ийн 49-53х/,

 

М.Уын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 117/,

 

- Шүүгдэгч М.Уын иргэний үнэмлэхийн лавлагаа, мөрдөн шалгах ажиллагааны үед хийсэн тодорхойлолт зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Уыг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч М.У нь Н.Мягмартай 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн Сэлбэ 2б-4 тоотод оршин суух иргэн П.Бгийн байшингийн цонхны төмөр хамгаалалтыг эвдэн орж эд зүйлийг нь авах гэж байхад хажуу айлын иргэн И.Хүрэлмөнх нь цагдаагийн байгууллагад мэдэгдэж, улмаар цагдаагийн албан хаагчид ирж барьсан үйл баримт болсон байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Прокурорын 2022 оны 05 сарын 06-ны өдрийн 2225000000239 дугаар тогтоолоор яллагдагч Н.Мягмарын хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа учраас түүнд холбогдох хэргийг шүүгдэгч М.Ут холбогдох хэргээс тусгаарласан байх бөгөөд хэргийг тусгаарласан нь үндэслэлтэй, шүүгдэгч М.Ут холбогдох хэргийг шүүх шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.У нь Н.М бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүгдэгчийн өөрийнх нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч П.Бгийн “...2022 оны 03 дугаар сарын 13-ны өглөө гэрт хүү Чинзориг ирээд “манай хорооллын байшинд хулгай орсон байна, хажуу хөрш айлын хүн мэдэж цагдаад мэдэгдээд, цагдаагаас надад хэллээ” гэж хэлсэн. Тэгээд би эхнэр, хүүгийн хамт гэр хорооллын байшин дээрээ очсон юм. Тэгэхэд байшингийн маань зүүн талын цонхны төмөр хаалтыг эвдээд аваад хаячихсан, салхивч нь онгорхой байсан. Тэгээд гэр дотроо орж үзэхэд хөргөгч онгойлгоод доод талын татуургуудыг нь гаргачихсан, мөн мах гаргаад торонд хийгээд тавьчихсан байсан. Мөн жижиг өрөөнд байсан цоожтой төмөр сейфны цоожийг эвдчихсэн, дотор нь байсан мөнгөн бүс, хуучны зоос, мөнгөн тэмдэгтүүдийг гаргаад уутанд хийчихсэн байсан. Мөн түрийвч, цүнх зэргийг онгойлгоод доторх юмыг нь үзсэн байсан. Мөн жижиг өрөөнд байсан шкафаас хувцаснуудыг гаргачихсан, чемодан дотроос бас хувцаснууд гаргачихсан байсан. Тэгээд дээл, гутал, зарим гайгүй хувцаснуудыг торонд хийгээд тавьчихсан байсан. Мөн манай 50 инчийн Хайсинс нэртэй зурагтыг тавиур дээрээс нь буулгаад хажууд нь бүтээлэг тавьчихсан байсан. Тэгээд л хамаг юмыг ундуй сундуй болгочихсон, жижиг аяны ширээ, плитка зэргийг авч явахад бэлдчихсэн байсан. Мөн байшингийн үүдэнд дэвсдэг хивсийг хумхиад тавьчихсан, бас зурагтын цаасан хайрцгийг дөхүүлээд тавьчихсан байсан юм. Манай 2 давхар руу гарсан бололтой хаалга нь онгойчихсон байсан...” гэсэн, гэрч И.Х-ийн “...2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнийн 01 цаг 40 минутын үед манай зүүн талын айлын нохой хуцаад байсан юм. Хашаа нь том хашаа бөгөөд Бямбаагийнх л байдаг юм. Би босоод башингынхаа 2 давхрын цонхоор хартал тус хашаан дотор нэг хүн гэрэлгүй явж байсан бөгөөд харин байшин дотор нэг хүн байгаа бололтой байшин дотор гэрэл тусаж байсан. Тэгээд би тус айлын хүн Бямбаагийн 99369366 дугаар руу залгатал холбогдохгүй байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө дугаараас цагдаагийн 7035102 дугаар руу залгаж дуудлага өгсөн юм...” гэсэн, гэрч Б.Ч-ийн ... 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн үүрийн 03 цагийн үед над руу цагдаагаас залгаж танай аавын гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд би Эрдэнэ багт байх аавын хашаа байшин дээр очиж байшингийн зүүн талын цонхны төмөр хамгаалалт нь газар уначихсан цонхын салхивч нь онгорхой байсан. Тэгээд гадаа хаалганы үүдэнд дэвсдэг хивсийг хуулиад амбаарын хажууд хураасан байсан. Зурагтын цаасан хайрцгыг цонхны доор аваачиж тавьсан байсан. Би байшингийн хаалгыг түлхүүрээр онгойлгоод дотогш ортол хамаг эд хогшилыг ундуй сундуй болгочихсон, онгиччихсон байсан... гэсэн, гэрч Э.Балжиннямын ... Би 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө 01 цагийн үед найз Батзоригтой уулзаад байтал дуудлага ирлээ гэж хэлсэн. Манай найз Батзориг нь цагдаагийн газарт эрүүгийн мөрдөгчөөр ажилладаг. Батзоригийн машинтай Минжинсор, Бямбадорж, Бат-Эрдэнэ нарын хамт цуг суугаад явсан. Тэгээд цагдаагийн Старекс маркийн машины араас Батзориг дагаж Эрдэнэ багийн Сэлбийн нэг гудманд очоод зогссон. Батзориг машинаас буухдаа энд хулгай орсон гэсэн дуудлагын дагуу ирлээ, хүн зугтааж магадгүй, харж байгаарай гэж хэлээд Бямбадорж Бат-Эрдэнэ нарийн хамт буугаад хашаа руу орсон. Удалгүй 30-40 насны 2 эрэгтэй хүнийг Старекс машин руу суулгаж цагдаа руу авч явсан... гэсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж ойлгохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч М.Уын хохирогч П.Бгийн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлахаар завдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасанг гэмт хэргийн шинжийг хангаж байна.  

 

Иймд шүүгдэгч М.Уыг бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.

 

Шүүгдэгч М.У, Н.М нар нь хохирогч П.Бгийн орон байранд нэвтэрэхдээ цонхыг нь эвдэж орсон, сейфний цоожийг нь эвдсэн уг хохирлыг хохирогч нэхэмжилсэн. Тольдох оюуны өгөөж ХХК-ний үнэлгээгээр цонхны төмөр хаалт 135,000 төгрөг, цонхны хүрээ мод 40,500 төгрөг, цонхны ялааны тор вакум цонхны 162,000 төгрөг, сейфний далд цоож 108,000 төгрөг нийт 445,500 төгрөгөөр үнэлсэн бөгөөд уг хохирлыг М.У, Н.М нараас хувь тэнцүүлэн гаргуулах үндэслэлтэй тул М.Уаас 222,750 төгрөгийг гаргуулж хохирогч П.Бд олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

 Шүүгдэгч М.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэсэн болно.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, улсын яллагчийн санал болгосон ялаас доогуур ял оногдуулана уу...” гэв.

 

  Шүүгдэгч М.Ут эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч М.Уын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.Уын 2022 оны 03 сарын 13-ны өдрөөс 15-ны өдөр хүртэл хойшлуулшгүйгээр баривчилсан 2 хоног, 2022 оны 05 сарын 05-ны өдрөөс 2022 оны 06 сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 31 хоног, 2022 оны 07 сарын 29-ний өдрөөс 2022 оны 08 сарын 08-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 10 хоног нийт 43 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

       Шүүгдэгч М.У нь энэ хэргийн улмаас түүний эд хөрөнгө битүүмжлээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ут оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч М.У нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Уын цагдан хоригдсон 43 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч М.Уаас 222,750 төгрөг гаргуулан хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Сэлбийн 2б-4 тоотод оршин суух Бархас овогт Пүрэв-Очирын Бямбаад олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ут авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.НАРМАНДАХ