Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/278

 

 

 

 

 

 

 

 

 

2022           08            10                                2022/ШЦТ/278

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав,

улсын яллагч Г.Анх-Ирээдүй,

хохирогч Т.Т,

шүүгдэгч Г.Т нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Тт холбогдох эрүүгийн 222500000*** дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г.Т

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Т нь 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-5 дугаар байрны хойд талын хорооллын доторх зам дээр Тоёота Кровн маркийн **-**улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. 10.2. жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө. 10.14 бусдад саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй...гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Т.Тийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан мөн Т.Тийн эзэмшлийн Ниссан Венатта маркийн **-**улсын дугаартай авто машиныг мөргөж, 590,000 төгрөгийн хор уршиг учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Г.Т мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд.: “...2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн үед гэрээсээ эхнэр Соёлмаа, охин Энхриймаа нарын хамт гарч орцны үүдэнд зам дээр байршуулсан байсан өөрийн **-**улсын дугаартай Тоёота Кроун загварын машиндаа суусан. Би өөрөө жолооны ард суусан бөгөөд эхнэр хажуу талын суудалд, охин арын суудалд суусан. Тэгээд би хөдлөх гээд ухрах араандаа хийж хөдлөхөд ард түг хийх чимээ гарсан. Би машинаа зогсоогоод буусан. Тэгтэл миний машины баруун хойд хэсэгт явган хүний зам дээр нэг залуу хэвтэж байсан. Уг нь ухрахаасаа өмнө толинд хартал тухайн мөргүүлсэн залуу миний машины хажууд зогсож байсан. Ингээд миний эхнэр түргэн болон цагдаа дуудсан... Би тэр залуугийн хамт эмнэлэг явсан... Согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Жолооч болоод 10 гаруй жил болж байна... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлбөр төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,

 

- Хохирогч Т.Т мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “...2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр орцны гадна байрлуулсан байсан өөрийн **-**улсын дугаартай Ваннете загварын машиныг асааж үзчихээд буугаад нөгөө талын урд хаалгыг онгойлгох гээд машины урдуур 1-2 удаа алхтал миний урд байсан Кроун маркийн машин гэнэт ухраад намайг мөргөсөн. Тэгээд би хоёр машины хооронд хавчуулагдсан бөгөөд тэр машиныг би өөрөө түлхэн гарсан. Тус машины жолооч миний эмчилгээнд гарсан зардлыг төлж гаргаад явж байгаа. Би цаашид гарах зардлыг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-20х/,

 

- Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “... 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 12 цагт байрны гадна би нөхөр Түмэндэмбэрэл болон бага насны 2 хүүхдийн хамт гадаа сууж байсан. Манай нөхөр орцны урд зам дээр байрлуулсан байсан **-**улсын дугаартай цагаан машинаа шалгах гээд машин дээр очсон. Харин бид нар машин дээр сууж байсан. Тэгтэл манай машины урд байрлуулсан байсан цагаан өнгийн Кроун машин хүчтэй ухраад манай нөхрийг мөргөчихсөн. Ингэхдээ манай нөхөр тус Кроун болон өөрийн машины завсар хавчуулагдсан... Би нөхөр дээрээ очтол манай нөхөр газар хэвтсэн байсан тул тус байсан машинаас эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гарч ирээд эмэгтэй нь түргэн дуудсан. Ингээд түргэн ирж нөхөр болон тус машины жолооч залуу хамт явсан. Би араас нь тусдаа явсан. Эмнэлэгт үзүүлэх үед манай нөхрийн зүүн хөлний өвдөгний үеэх хавдаж тойг нь мултарсан байна гэж хэлсэн. Мөн холбоосны гэмтэлтэй байна гэж хэлсэн. Ингээд өвчин намдаах тариа хийж тойгыг нь засан оруулж гипс тавьсан... Манай машинд эвдрэл учирсан байсан. Урд гупер болон гэрэл хонхойсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22х/,

 

- Гэрч Т.С мөрдөн шалгах ажиллагаанд: “... 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 12 цагт 20 минутын үед би гэрээсээ нөхөр Г.Т, охин 15 настай Энхриймаа нарийн хамт гарч орцны урд байрлуулсан **-**улсын дугаартай Тоёота Кроун 207 загварын цагаан өнгийн машиндаа суусан юм... Нөхөр хойшоо ухарсан бөгөөд тэгэхэд түг гэх чимээ гарсан. Тэгэхээр нь би хойшоо гартал нэг эрэгтэй машины ард зогсож байсан. Тэгээд буугаад хартал тэр залуу машины баруун хойд хэсэгт явган хүний зам дээр хэвтэж байсан. Ингээд би өөрийн дугаараас түргэн болон цагдаа дуусан. Түргэн ирээд залууг эхнэр хүүхдийн хамт авч явсан. Мөн манай нөхөр хамт явсан. Осол болсноос хойш манайх машинаа хөдөлгөөгүй. Анх бид нарыг гэрээс гарч ирэх үед тэр мөргүүлсэн залуу нь эхнэр хоёр хүүхдийн хамт орцны гадна сууж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24х/,

 

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 234 дугаартай “...1. Т.Тийн биенээс авсан цусанд этилийн спирт илэрсэнгүй..” гэсэн дүгнэлт /хх-ийн 31-32х/,

 

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 235 дугаартай “...1. Г.Тын биенээс авсан цусанд этилийн спирт илэрсэнгүй.." гэсэн дүгнэлт /хх-ийн 37-38х/,

 

- Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 117 дугаартай ...үнэлгээний дүн 590,000...гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 43-45х/,

 

- Авто тээврийн үндэсний төвТӨҮГ-ын Орхон аймгийн Авто тээврийн төвийн техникийн хяналтын үзлэг /хх-ийн 52-59х/,

 

- 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 13-14х/,

 

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 544 дугаартай “...1. Т.Тийн биед зүүн хөлний дунд чөмөгийн ясны хоёр талын үений гадаргуугийн шахагдсан хугарал, зүүн хөлсний тойгны ясны дотор доод эрмэг гадаргуугийн цөмөрсөн хугарал, тойг ясны мултарал, зүүн ясны өвдөгний үеийн хаван, өвдөгний үеийн урд чагтан холбоосны урагдал, тойгны шөрмөсийн урагдал, өвдөгний үеийн тойгны дотор талын даруулган холбоосны урагдал гэмтэл, зүүн хөлний өвдөгний үе шилбэнд няцрал цус хуралт тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Зүүн хөлний дунд чөмөгний ясны хоёр талын үений гадаргуугийн шахагдсан хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн хөлний тойгны ясны дотор доод эрмэгийн гадаргууд цөмөрсөн хугарал, тойг ясны мултрал, зүүн хөлний өвдөгний үеийн хаван, өвдөгний үеийн урд чагтан холбоосын урагдал, өвдөгний үеийн тойгны дотор талын даруулган холбоосны урагдал гэмтэл, зүүн хөлний өвдөгний үе, шилбэнд зөөлөн эдийн няцрал цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх нь эдгэрэл, эмчилгээний үр дүнгээс хамаарна..” гэсэн дүгнэлт /хх-ийн 64-66х/,

 

- Тоёота Кроун маркийн **-**улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 82х/

 

- Г.Тын жолооний үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 83, 84, 85, 86х/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5х, 6-8х/,

 

- Жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 10, 88х/,

 

- Хүний биеэс биологийн дээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 11-12х/,

 

 - Г.Тын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт /хх-ийн 88, 100х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Т нь 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн 2-5 дугаар байрны урд **-**улсын дугаартай Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийж байхад хохирогч Т.Т өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн урдуур гаргахад нь мөргөсөн, хохирогч Т.Т нь 2 машины дунд хавчуулагдаж түүний биед зүүн хөлний дунд чөмөгийн ясны хоёр талын үений гадаргуугийн шахагдсан хугарал, зүүн хөлний тойгны ясны дотор доод эрмэг гадаргуугийн цөмөрсөн хугарал, тойг ясны мултрал, зүүн ясны өвдөгний үеийн хаван, өвдөгний үеийн урд чагтан холбоосны урагдал, тойгны шөрмөсийн урагдал, өвдөгний үеийн тойгны дотор талын даруулган холбоосны урагдал гэмтэл, зүүн хөлний өвдөгний үе шилбэнд няцрал цус хуралт бүхий гэмтэл учруулсан, Т.Түмэндэмбэрэлийн машинд 590,000 төгрөгний хохирол учруулсан үйл баримт болсон байна.

 

Прокуророос шүүгдэгч Г.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Т нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Т, гэрч Б.Б, гэрч Т.Соёлмаа нарын мэдүүлгүүд, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гаргасан 544 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн магадлагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Г.Тын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгч Г.Тт прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Г.Тын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг  хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Г.Тын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

   Хохирол, хор уршигийн талаар:

   Хавтаст хэрэгт хохирлын талаар нотлох баримт авагдаагүй боловч шүүгдэгч Г.Т нь хохирогчид учирсан эмчилгээний болон тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг төлсөн болох нь хохирогч Т.Тийн мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд хохирогч Т.Т нь “...одоо нэхэмжлэх зүйлгүй, цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ...” гэсэн тул шүүгдэгчийг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогчийн хөл эдгээгүй, хор уршиг арилаагүй байх тул хохирогч уг гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

 Шүүгдэгч Г.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Улсын яллагчаас “...таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...” гэсэн болно.

Шүүгдэгч Г.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Г.Тын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

       Шүүгдэгч Г.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Г.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ганболдын Г.Тыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Г.Тт 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Т.Т нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Г.Таас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.НАРМАНДАХ