Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 12

 

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 151/ШШ2019/00012

                                        Төв аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, Номт манзушир өргөө, 1 байр, 29 тоотод оршин суух Монгол овгийн Нанзадын Отгонжаргал /РД:АЯ83010666/

            Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, Номт 9 дүгээр гудамж, 1 тоотод оршин суух Их шавь овгийн Дэлэгпунцагийн Лхагвасүрэн /РД:НЮ84071118/

            Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Отгонжаргал, хариуцагч Д.Лхагвасүрэн, нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Н.Отгонжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 онд Д.Лхагвасүрэнтэй гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлээгүй амьдарч байхдаа 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр охин Л.Намуундарь төрсөн. Эхний жилүүдэд сайн сайхан амьдарч байгаад сүүлдээ нөхөр Д.Лхагвасүрэн амьдралаа дээшлүүлэх, үр хүүхдээ анхаарах талаар санаа тавихаа больж, гэр орондоо ирэхээ больсон, одоо 2 жил болж байна. Энэ хооронд охин, бид хоёрын ахуй амьдралд тус дэм бололгүй өдийн хүрсэн тул хуулийн дагуу охин Л.Намуундарьд тэтгэлэг тогтоож өгнө үү. Удаан хугацаагаар Солонгос улс руу явахаар болсон тул хэргийг яаралтай шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Д.Лхагвасүрэн шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 онд Н.Отгонжаргалтай гэр бүл болж, 2015 онд охинтой болсон. Хөдөө ажиллаж байгаад гэртээ ирэхээр архи уудаг байсан, тэгээд хоёр тийш болсон, хүүхдийн тэтгэлэг өгнө, миний охин Л.Намуундарь мөн. Н.Отгонжаргал өргөдөл гаргасан тул яаралтай шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Н.Отгонжаргал хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Д.Лхагвасүрэн хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

            Талууд гэрлэлтээ бүртгүүлээгүй хамт амьдарч байх хугацаанд 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр охин Л.Намуундарь төрсөн болох нь зохигчдийн тайлбар, Л.Намуундарийн төрсний бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

            Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байх тул хариуцагч Д.Лхагвасүрэнгээс 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин Л.Намуундарьд тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Хүүхдийн тэтгэлэг тогтоохдоо хүн амын амьжиргааны доод түвшинтэй уялдуулан тогтоох бөгөөд 2018 оны байдлаар Төвийн бүс буюу Төв аймагт амьжиргааны доод түвшин 175 600 төгрөг байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар охин Л.Намуундарь 11 нас хүрээгүй тул тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувь буюу 87 800 төгрөгийн хүүхдийн тэтгэлгийг хариуцагч Д.Лхагвасүрэнгээс сар бүр гаргуулан охин Л.Намуундарьд олгож шийдвэрлэлээ. Мөн хуулийн 40.1.2-д зааснаар хүүхэд 11-16 настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн 100 хувиар тооцож тэтгэлэг гаргуулах үндэстэй болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Отгонжаргал нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Д.Лхагвасүрэнгээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 1 хүүхдийн нэг жилийн хүүхдийн тэтгэлэг 1 053 600 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 29 836 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод тус тус оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, Гэр бүлийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

                                                     ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хариуцагч Д.Лхагвасүрэнгээс охин Л.Намуундарьд 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагч Д.Лхагвасүрэн нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь хариуцагчийн сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Отгонжаргал нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Д.Лхагвасүрэнгээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Отгонжаргалд, 29 836 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод тус тус оруулсугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоосон шүүхийн шийдвэрийн хувийг иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Эрдэнцэцэгт даалгасугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              А.ЭНХТӨР