Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2024/0561

 

 

О.П-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гуравдагч этгээд “М х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С

Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр А/45 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжийн О.П-д холбогдох хэсгийг, Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/57 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн О.П-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 15 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, өмгөөлөгч Д.Б

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал

Хэргийн индекс: 109/2024/0005/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 38 дугаар зүйлийн 38.2.1, 38.3.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалт, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/45 дугаар захирамжийн О.П-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, үлдсэн Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/57 дугаартай захирамжийн О.П-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд “М х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

 

Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/45 тоот, 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/57 тоот захирамжаар нэхэмжлэгч О.П-д газар олгосон гэрчилгээ гаргаж, гэрээ байгуулсан зүйл байхгүй бөгөөд газрын байршил тодорхойлж, цэг зааж гаргасан баримт бичиг байхгүй буюу тухайн нэхэмжлэгчид холбогдох эрх зүйн акт гараагүй байна. Хайрхан сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/40 тоот захирамжийн 1 дүгээр хавсралтаар О.П-д газрыг эзэмших эрх олгосныг тэрээр өөрөө өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулж, газрын албатай газар ашиглах гэрээ байгуулаагүй байна. Үүний дараа бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх үүснэ.

Анхан шатны шүүх нь 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч О.П-ээс Хайрхан сумын Засаг даргын Тамгын газрын дэргэдэх газрын албанд гаргасан өргөдлийг үнэлж дүгнэлгүй шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна.

Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 15 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр гуравдагч этгээд “М х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч О.П-ээс “Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр А/45 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжийн О.П-д холбогдох хэсгийг, Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/57 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн О.П-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2.2. Нэхэмжлэгч О.П-ийн хувьд анх Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн а/40 дүгээр захирамжаар тус сумын Могой багийн Сүүж гэх газарт байрлах 50 га газрыг үр тарианы зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болсон бөгөөд маргаан бүхий Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/45 дугаартай захирамжаар уг газрыг эзэмших эрхийг “М х” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн байна.

2.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч О.П нь өөрийн эзэмшлийн дээрх газрын эзэмших эрхийг “М х” ХХК-д шилжүүлэхийг хүсээгүй, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулаагүй гэж тайлбарлан “О.П, Н.Д нарын 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, тус гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 415 дугаар шийдвэрээр “… Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.2.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээг талууд гаргаж, нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ хавсаргана” гэж заасны дагуу О.П, Н.Д нарын хооронд байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг нотариатчаар гэрчлүүлж бүртгэлийн 978 дугаарт бүртгэсэн нь нотариатын бүртгэлийн дэвтрээр тогтоогддог ба уг бүртгэлийн дэвтэрт О.П-ийн гарын үсэг зурагдаагүй, ... Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 062 дугаар дүгнэлтэд “О.П болон “М х” ХХК-ийн захирал Н.Д нарын хооронд 2015 оны 05 сарын 08-ны өдөр байгуулагдсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-нд зурагдсан гарын үсэг О.П-ийн гэх туршилтын болон чөлөөт загвараар ирүүлсэн гарын үсэгтэй тохирохгүй байна”, ... О.П нь 50 га газрыг эзэмших эрхийг 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Н.Д-д шилжүүлсэн гэрээнд гарын үсгээ зураагүй болох нь тогтоогдож байна” гэж дүгнэн О.П, Н.Д нарын хооронд байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г гэрчилсэн 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн бүртгэлийн 978 дугаартай нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, О.П, Н.Д нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож шийдвэрлэсэн, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 52 дугаар магадлалаар уг шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 5 дугаар тогтоолоор хяналтын журмаар гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

2.4. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/45 дугаартай захирамжаар нэхэмжлэгч О.П-ийн эзэмшлийн газрыг гуравдагч этгээд “М х” ХХК-д шилжүүлэх үндэслэл болсон О.П, Н.Д нарын хооронд 2015 оны 05 сарын 08-ны өдөр байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд нэгэнт тооцсон байгаа энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлээр сумын Засаг даргын захирамжийн О.П-д холбогдох хэсгийг илт хууль бус гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх тул энэ талаар гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

2.5. Нэхэмжлэлийн үлдэх шаардлагын хувьд анхан шатны шүүх “... гуравдагч этгээд “М х” ХХК-д эзэмшүүлсэн Сүүжийн хөндийд байрлалтай нэгж талбарын 6506002064 дугаартай 55.4 га талбай бүхий газрыг эзэмшүүлсэн захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэл болохгүй, ... “М х” ХХК-ийн эзэмшиж буй 55.4 га газрыг байршил, хэмжээ /координат/-ний хувьд иргэн О.П-ийн эзэмших эрх бүхий газар мөн гэж дүгнэх үндэслэл болохгүй” талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.6. Нэгэнт нэхэмжлэгчээс газар эзэмшүүлсэн сумын Засаг даргын захирамжийн дагуу газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ аваагүй, түүнчлэн газрын хэмжээ заагийг газар дээр нь эргэлтийн цэгийг тэмдэгжүүлж, хүлээн аваагүй, кадастрын зураг хийлгэж, мэдээллийн санд бүртгүүлээгүй буюу газар эзэмших эрхээ баталгаажуулаагүй, нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газар бодитоор хаана байрлаж байгаа нь тодорхойгүй байгаа энэ тохиолдолд гуравдагч этгээд “М х” ХХК-д газар эзэмшүүлсэн Хайрхан сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/57 дугаар захирамжийг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

 

Иймд анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 15 дугаар дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “М х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                               З.ГАНЗОРИГ

 

 

                                    ШҮҮГЧ                                               Д.ОЮУМАА

 

 

                                    ШҮҮГЧ                                               Г.БИЛГҮҮН