Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/245

 

 

 

 

 

 

 

 

2022         06          29                                        2022/ШЦТ/245

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                  

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав,

Улсын яллагч Г.Анх-Ирээдүй,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Тулга /цахим/,

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Бд холбогдох эрүүгийн 212500355**** дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ц.Б  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Дэнж багийн Баруун дэнжийн 10-14 тоотод суух иргэн Г.Цгийн эзэмшлийн амбаарт буюу тусгайлан хамгаалсан агуулахын хаалгыг эвдэлж нэвтрэн бүтэн ямааны махыг хууль бусаар, нууцаар хулгайлан авч 162,500 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багт үйл ажиллагаа явуулах “Тамир” хүнсний дэлгүүрт 2021 оны 11 сарын 21-ний өдөр хууль бусаар нэвтэрч хүнсний бүтээгдэхүүн, архи зэргийг хулгайлан авч 795,386 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдаанд: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “... Өдрийг нь сайн санахгүй байна. Анхны цас орсон өдөр шиг санагдаж байна. 2021 оны 10 дугаар сарын эхээр би хөдөөнөөс Эрдэнэтэд орж ирээд ...ямааг нь гаргаж өгсөн айлд буюу Г.Ц гэдэг эгчийнд очтол гэр нь эзгүй байхаар нь цоожтой амбаарын хаалгыг нь татаж онгойлгоод ямааны махыг нь аваад Хүлэг хүнсний захын махны лангуу дээр 50,000 төгрөгөөр өгчихсөн юм. Тэгээд тэр мөнгөөрөө зах дээр архи авч ууж байгаад орой нь хөдөө гэртээ харьсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41х/,

 

- Хохирогч Г.Ц мөрдөн шалгах ажиллагаанд: “...Миний бие 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Булган аймгийн Орхон сумын Халиун багаас 170,000 төгрөгөөр эр ямаа худалдаж авсан юм. Тэгээд худалдаж авсан ямаагаа гаргаж чадахгүй байсан болохоор зүс таних Эрдэнээ гэдэг залуугаар ямаагаа гаргуулчихаад ямааны махаа загсаах гээд хуучин байшиндаа хийгээд үүдийг нь цоожилчихсон юм. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 03-ны өглөө гэрээсээ гарч яваад өдөр 17:00 цагийн орчимд гэртээ иртэл мах хийсэн байсан байшингийн модон хаалга эвдэрч онгойсон байдалтай болчихсон байхаар нь ороод хартал ямааны мах маань бүтнээрээ алга болчихсон байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Хөрш айлын хүнээсээ сурагласан чинь өдөр нэг залуу танайд ирээд ямааны махыг чинь аваад гарсан би зургийг нь дарчихсан гээд гар утаснаасаа ямааны мах авч явсан хүний зургийг нь үзүүлсэн юм...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 18-20х/,

 

- Гэрч С.У мөрдөн шалгах ажиллагаанд: “...Одоо өдрийг нь сайн санахгүй байна. 2021 оны 10 дугаар сарын эхээр манай хөрш айл болох Дэнж багийн 10-146 тоотод оршин суух Г.Ц гэх айлд нэг өдөр архи дарс ууж, гадны хүмүүс ирсэн байгаа харагдсан. Маргааш өдөр нь гэртээ байж байтал гадаа юм дуугараад байхаар нь гараад хартал манай хөрш айлынхаас нэг залуу мах аваад гарч явахаар нь тэр залуугаас “чи юун хүн билээ, энэ айл эзгүй байна” гэхэд “энэ миний мах юм. Айлын эзэд нь ирэхээр нь эзэн нь махаа авсан гэж хэлээрэй” гэхээр нь сэжиг төрөөд тэр залууг араас нь зургийг нь дарсан юм. Тэгээд байж байтал удалгүй манай хөрш айлын Г.Ц гэх эмэгтэй ирээд манай амбаарыг эвдээд махыг маань аваад явчихсан байна гэхээр нь би махыг чинь аваад явсан залуугийн зургийг нь утсан дээрээ дарчихсан гээд Г.Цд зургийг нь харуулсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26х/,

 

- Хэргийн газар үзлэг хийсэн тухай ...”хэрэг болсон гэх газар нь Орхон аймаг Баян-Өндөр сум Баруун дэнж 10-14 тоот улбар шар өнгийн хашааны хаалгатай ба хаалгаар ороход хашааны зүүн хойд буланд модон амаар байх, амбаарны хаалга ертөнцийн зүгээр зүүн тийш харсан байх ба онгорхой байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл /хх-ийн 15-16х/,

 

-Ашид билгүүн” ХХК-ийн ТХҮ-621/2111 дугаартай “... ямааны мах 1 кг 6,500 төгрөг нийт 162,500 төгрөг ... гэсэн хохирлын үнэлгээ /хх-ийн 35-36х/,

 

- Хохирогч Г.Д мөрдөн шалгах ажиллагаанд: “... Хулгай орох үед юу алдагдсаныг сайн мэдэхгүй байсан. Тэрнээс хойш нэг бүрчлэн бараагаа бүртгэсэн. Хар чингис 0.75 литр 1 ширхэг, 0.5 литр 1 ширхэг, Ауруг 0.75 литр 1 ширхэг, 0.5 литр 1 ширхэг, зөөлөн хараа 6 ширхэг, жимстэй ундаа 2 ширхэг, Монгол стандарт 2 ширхэг, Сүүн ёслол 0.75 1 ширхэг, Алоё 1 ширхэг, Рэт булл 6 ширхэг, Экс 0.75 литр 1 ширхэг, 0.5 литр 3 ширхэг, Ерөөл 0.3 литр 1 ширхэг, Экс соррег 3 ширхэг, Боргио 1 ширхэг, Сэрүүн 5 ширхэг, Сүү 3 ширхэг, Голд Чингис 0.75 литр 2 ширхэг, 0.5 литр 2 ширхэг, Соёрхол 0.75 литр 2 ширхэг 0.5 литр 1 ширхэг, Вогtе 1 ширхэг, Nomad 1 литр 2 ширхэг, 0.75 литр 1 ширхэг Аlpengold 1 шоклад 3 ширхэг, элэгний нухаш 2 ширхэг, цэнхэр тагтай тос мечта 1 ширхэг, үхрийн мах 23 кг зэрэг алдагдаж нийт 640,000 төгрөгний эд зүйл хулгайд алдагдсан байна... 2021 оны 11 дүгээр сарын 21 ний өдөр 10 цаг өнгөрч байхад эхнэр Бүрэнсайханы хамт Булаг багт үйл ажиллага аявуулах “Тамир” 8 нэрийн хүнсний дэлгүүрийн гадна хаалгаа онгойлгоод орох гэтэл үүдэн хэсгийн тамбарын жижиг цонхыг хагалан дотор талын бүргэд хаалгыг доогуур нь хөшөөд хулгай орчихсон байсан. Мах гурил авч гарсан бололтой тамбар хэсэгт хэрчсэн гурил мах унагачихсан байсан. Тэгэхээр нь өөрсдөө орж үзэлгүй цагдаагийн байгууллагад хандсан. 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр би дэлгүүр дээрээ юм хийж байхад Таван эрдэнэ зах дээр мах нядалдаг Лайтай гэх залуу Эрдэнэ гэх хүнтэй цуг ирээд миний ажилд тусалсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 117-119х/,

 

- Гэрч Ч.О мөрдөн шалгах ажиллагаанд: “...Булаг багт үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрт Ц.Б-ийн хамт би 2 хонь янзалж өгсөн. Ц.Б болохоор жижиг цонх хаалга хоёрыг нь янзалж өгсөн... Тэгээд гэртээ ирээд байж байхад араас Эрдэнээ 1 шил архи барьчихсан Дорлиг өглөө гээд орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 121-122х/,

 

- Хэргийн газар үзлэг хийсэн тухай ...”хэрэг учрал болсон гэх газар нь Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багийн 24-13б тоот хашаанд ертөнцийн зүгээр баруун тал руу буюу төв зам тал руу харуулан барьсан “Тамир” нэртэй хүнсний дэлгүүр байна...” гэх тэмдэглэл /хх-ийн 110-114х/,

 

 - “Ашид билгүүн” ХХК-ийн ТХҮ-621/2386 дугаартай “...дэлгүүрээс алдагдсан гэх бараа нь 2021 оны 11 дүгээр сарын байдлаар нийт үнэ 795,386 төгрөг гэсэн хохирлын үнэлгээ /хх-ийн 134-136х/,

 

 -Шүүгдэгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “... 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Булаг багт байрлах Тамир хүнсний дэлгүүрээс архи болон хүнсний бүтээгдэхүүн, мах зэргийг би өөрөө ганцаараа хулгай хийсэн. Би хулгай удаа хийсэн эд зүйлээ өөрөө аваад хороололд ууж идээд дуусгасан. Ямар нэгэн машин техник ашиглаагүй. Хамтран оролцож хулгай хийсэн хүн байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 147х/,

 

- Шүүгдэгч Ц.Б-ий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, мөрдөн шалгах ажиллагааны үед хийсэн тодорхойлолт /хх-ийн 53-54, 72х/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Б гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгч Ц.Бд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Ц.Б үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг  хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Ц.Б дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалтын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

   Хохирогч нар нь гомдол саналгүй, хохирол төлбөрөө авсан гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

 Шүүгдэгч Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч нар ялын талаар саналгүй...” гэсэн болно.

 

  Шүүгдэгч Ц.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Ц.Б-ий үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй түүний хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 110 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

       Шүүгдэгч Ц.Б нь энэ хэргийн улмаас түүний эд хөрөнгө битүүмжлээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийн цагдан хоригдсон 110 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.НАРМАНДАХ