| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2018/03622/и |
| Дугаар | 3839 |
| Огноо | 2018-12-19 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 3839
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол, 34-р байрны 33 тоотод оршин суух,Зэвсэгт хүчний 337-р ангид операторч ажилтай, регистр ИЦ92060317, Цэрэн овогтой Дамдинхоролын Гантулгыннэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 6-р хороо, З-р хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж 18-р байр 46 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ПГ91100603, Боржигон овогтой Мягмаржавын Янжинлхамд холбогдох хүүхдийн эцэг тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Гантулга, хариуцагч М.Янжинлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Гантулга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 12-р сард М.Янжинлхамтай танилцаж, 2016 оноос хамт амьдарсан. Гэвч хамтран амьдрахдаа хэрүүл маргаантай байсан тул 2017 оноос тус тусдаа амьдарсан. Ингээд 2017 оны 6-р сарын 1-нд М.Янжинлхам Солонгос яваад, 2017 оны 8-р сарын 16-ны өдөр ирсэн. Ирээд сарын дараа буюу 2017 оны 9-р сарын 16-ны өдөр надад жирэмсэн тухайгаа хэлсэн. Тухайн үед миний хүүхэд биш гээд явуулсан. Хэдэн сартай юм гэж асуухад 3 сартай гэсэн. 2018 оны 01-р сарын дунд үед М.Янжинлхам эцэг эх зодож, хүүхдийнхээ эцгийг олж ир гэсэн шалтгаанаар манайд ирж, 14 хоноод явсан. Над дээр хүрээд ирэхээр нь үнэхээр л миний хүүхэд байх гээд хүлээн зөвшөөрсөн. Бид 2017 оны 5-р сарын 23-нд хамгийн сүүлийн удаа ойртсон. Тэгээд М.Янжинлхам 2018 оны 02-р сарын 23-ны өдөр төрөх байсан чинь төрөхгүй байж байгаад 2018 оны 3-р сарын 13-ны өдөр 1-р төрөхөд ургийн шингэний багадалттай гээд өөрийнхөө таньдаг эмч дээрээ хийсвэр хагалгаа хийлгэж 2400 гр жинтэй, 3 сар дутуу хүү төрүүлсэн. Төрөхөөс гараад шууд манайд ирсэн. Тэгээд тухайн үед өөрийнхөө хүүхэд гэж бодож 3 хоногийн дотор нэр өгсөн. Хүүхэд Эх нялхасын эмнэлэгт хэвтэх болоод очиход эмч нар дутуу төрсөн хүүхэд байна гэж хэлсэн. Эмч нартай нь уулзахад М.Янжинлхам
зарим эмчид худлаа хэлсэн байсан. Нэг эмчид биенийхээ юмыг хамгийн сүүлд 2017 оны 8-р сарын 02-ны өдөр ирсэн гэж хэлсэн, дараагийнх нь 2017 оны 9-р сарын 2-нд ирэх байсан боловч ирээгүй. Энэ үндэслэлээр миний хүүхэд биш гэсэн үндэслэл гарч ирж байгаа. Тэгээд 1-р төрөх 30 долоо хоногтой хүүхдийг хийсвэрт оруулсан нь эргэлзээтэй байсан, эмнэлгээс гараад яаралтай 3 хоногийн дотор нэр өг гээд Ангараг гэдэг нэр өгч, надаар овоглосон. М.Янжинлхам 2017 оны 5-р сард эмнэлгээс гараад гэртээ ч очоогүй, манайд ч ирээгүй сар гаруй алга болсон. Тухайн үед нийтийн байранд амьдарч байсан дүү дээрээ очсон байсан. Мөн жирэмсний хяналтын карт болон ягаан дэвтэр хоёроо надаас нуудаг байсан. Эмнэлэгийн хяналтанд байгаагүй гэсэн боловч Эх нялхсын эмчээс нь асуухад хувийн эмнэлгийн хяналтад байсан гэсэн. Иймд намайг 2018 оны 3-р сарын 13-нд төрсөн Ангарагийн эцэг нь мөн эсэхийг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч М.Янжинлхам шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Гантулга бид хоёр 2015 оноос хамт амьдарч байгаад Д.Гантулга 2017 оны 1-р сард Солонгос явсан, гэтэл өөр хүнтэй болсон байсан. Тэгээд би уулзаагүй, харин өөрөө над руу залгахаар нь уулзаад эвлэрсэн. Ингээд 2017 оны 6-р сарын 02-ны өдөр би Солонгос яваад 2017 оны 8-р сарын 16-ны өдөр буцаж ирхэд Д.Гантулга над руу мессеж болон чат бичсэн, би уулзахгүй гэсэн, гэтэл хувцсаа ирж ав гэсэн, тэгээд намайг очиход гэрээсээгаргаагүй, 2 хоносон, энэ хугацаанд бид ярилцаад эвлэрсэн. Гэвч бид дхрихд салсан. Би жирэмсний хяналтад хувийн эмнэлэгт орсон. Би өөрөө төрөх боломжгүй ургийн шингэн бага, хүүхэд бүтэх аюултай байсан тул хийсвэр хагалгаа хийлгэсэн. Эмнэлэгт 10 хоног хэвтээд гарсан. Тухайн үед хүүхдийн нэрийг 14 хоногийн дотор авах ёстой гээд нэрийг нь Гантулгын Ангараг гэж авсан. Түүний дараа өрхийн эмчид хүүхдээ үзүүлэхэд шарлалт өндөр байсан тул Эх нялхасын эмнэлэгт сар гаруй хэвтсэн. Тухайн үед Д.Гантулга хүүхдийн эцэг мөн эсэх дээрээ шинжилгээ хийлгэсэн гэсэн, гэхдээ хүүхэд бид хоёроос шинжилгээ аваагүй байж шинжилгээ хийлгэх боломжгүй гэхэд хувийн эмнэлгээр хийлгэсэн гэсэн. Тэгэхээр нь би шинжилгээг чинь хүлээн зөвшөөрөхгүй, хуулийн дагуу шүүхээр шийдүүлнэ гэсэн. Д.Гантулга танил талаа ашиглаж, хуурамч бичиг баримт гаргаж ирсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Гантулга нь М.Янжинлхамд холбогдох эцэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Д.Гантулга, М.Янжинлхам нар нь 2015 онд танилцаж, 2016 оноос гэр бүл болох зорилгоор хамтран амьдарч байсан, харин зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2017 оноос тусдаа амьдарсан байна.
М.Янжинлхам нь 2018 оны 3-р сарын 13-ны өдөр хүү Ангарагыг төрүүлж, захиргааны журмаар хүүхдийн эцгийг Гантулгаар тогтоож, төрсний 1107610048 дугаарт Гантулгын Ангарагт төрсний гэрчилгээ /хх 11/ олгогджээ.
Хэдийгээр Д.Гантулга захиргааны журмаар хүүхдийн эцгээр тогтоогдсон ч хүүхдийн төрсөн хугацаа, дутуу төрсөн байдал зэргээс хүүхдийн эцэг мөн эсэхт эргэлзэж, шүүхийн журмаар тогтоолгохыг хүссэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд талуудын хүсэлтээр шинжээч томилж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12-р сарын 11-ний өдрийн 11603 тоот дүгнэлтээр Д.Гантулга нь Г.Ангарагын биологийн эцэг байх боломжгүй нь тогтоогдсон /хх 19-20/ байна.
Иймд 2018 оны 3-р сарын 13-ны өдөр төрсөн Ангарагын эцэг Д.Гантулга биш болохыг тогтоох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23-р зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2018 оны 03-р сарын 13-нд төрсөн Гантулгын Ангарагын эцэг нь Дамдинхоролын Гантулга биш болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч М.Янжинлхамаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Гантулгад олгосугай.
3. Шийдвэрийг зохигч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА